УИХ-ын дарга З.Энхболд Болгар Улсын Ерөнхийлөгч Росен Плевнелиевт бараалхав

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.05.11/ Бүгд Найрамдах Болгар Улсын Ерөнхийлөгч Росен Плевнелиевт бараалхав.

Уулзалтын эхэнд ноён Росен Плевнелиев “Болгар, Монгол хоёр улс олон талаараа төстэй бөгөөд хоёр талын хамтын гүн гүнзгий найрсаг харилцаатай улс билээ. Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн хүрээнд хийж буй айлчлалын үеэр УИХ-ын дарга тантай уулзаж буйд баяртай байна. Би өчигдөр Болгар Улсад суралцаж байсан монгол иргэдтэй уулзалт хийсэн. Тэнд УИХ-ын гишүүд, эмч, багш гээд маш олон төрлийн мэргэжилтэй монгол иргэд байсан. Болгар Улсад боловсрол эзэмшсэн эдгээр иргэд хоёр улсын хөгжил, харилцаа, хамтын ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна.

Болгар Улс, Монгол Улсын хооронд харилцан ойлголцол, хамтын ажиллагааны бат бөх суурь байдаг. Энэ хамтын ажиллагаагаа цаашид ч өргөжүүлэх сонирхолтой байна. Монгол Улс бол бүс нутагтаа ардчиллыг хөгжүүлсэн туршлагаараа үлгэр дуурайлал болохуйц улс мөн. Танай улсын иргэд өөрсдийн сонгосон ардчиллын замдаа сэтгэл хангалуун байдаг нь надад анзаарагдсан. Танай улсын ардчиллыг тайван замаар хөгжүүлсэн туршлагаас суралцах хэрэгтэй гэж бодож байна.

УИХ-ын дарга Та үргэлж манай улсын хүндэт зочин байх бөгөөд Бүгд Найрамдах Болгар Улсад айлчлан ирэхийг урья.

Монгол Улсын эдийн засгийн үзүүлэлт өсөлттэй байгаа бөгөөд Болгар Улсын хувьд эдийн засгийн чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сонирхолтой байна. Тухайлбал, бид эрчим хүч үйлдвэрлэх /нар, салхи, нүүрснээс эрчим хүч гаргах/ тэргүүн туршлагаасаа хуваалцахад бэлэн байна” гэлээ.

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд Бүгд Найрамдах Болгар Улсын Ерөнхийлөгч Росен Плевнелиевийг Монгол Улсад тавтай зочлохыг уриад, өнгөрсөн 65 жилийн хугацаанд олон арван монгол залуус Болгар Улсад боловсрол эзэмшиж, мэргэжил дээшлүүлсэн, мөн Болгар Улсын дэмжлэгтэйгээр хэд хэдэн үйлдвэр байгуулагдсан нь хоёр талын харилцаанд чухал хөшүүрэг болж ирснийг дурдлаа. Цаашид Монгол Улс, Бүгд Найрамдах Болгар Улс хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх бололцоо их байна.

Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд парламент хоорондын харилцаа чухал үүрэгтэйн зэрэгцээ хоёр улсын хууль тогтоох байгууллага, тэдгээрийн Тамгын газар хоорондын шууд харилцааг дэмжих нь чухал болохыг онцлон тэмдэглэлээ.

УИХ-ын дарга З.Энхболд Болгар Улсын Ардын Их Хурал дахь Болгар-Монголын парламентын бүлэг шинэчлэгдэн байгуулагдсанд баяртай байна гэв. Цаашид парламент дахь бүлэг хоорондын харилцааг тогтмолжуулж, туршлага, мэдээлэл солилцох, харилцан айлчлал зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллахын төлөө байгаагаа илэрхийллээ. Мөн тэрээр Монгол, Болгарын худалдаа, эдийн засгийн уламжлалт хамтын ажиллагааг сэргээж, ялангуяа хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, дэд бүтэц зэрэг салбарт хамтран ажиллах боломж өргөн байгааг онцлоод энэ удаагийн айлчлалаар улс төр, хөдөө аж ахуй, боловсрол, шинжлэх ухааны салбарын харилцаанд ахиц гаргах баримт бичгүүд байгуулж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн юм.

Түүнчлэн хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, бусад салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд Улсын Их Хурлын зүгээс бүх талын дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэв. 

Болгар Улс тэргүүлж байх хугацаанд буюу 2012 оны 11 дүгээр сарын 21-нд Монгол Улс ЕАБХАБ-ын бүрэн эрхт гишүүнээр элссэн. Монгол Улс ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн 2015 оны намрын чуулганыг 09 дүгээр сард зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байгааг дуулгалаа.

Ийнхүү уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга З.Энхболд Бүгд Найрамдах Болгар Улсын Ерөнхийлөгч Росен Плевнелиевийн Монгол Улсад хийж буй төрийн айлчлалд амжилт хүсэв хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-05-11 08:45:35
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.184.181
    Мэдэгдсэн Хариулах