УИХ-ын дарга З.Энхболдод Өмнөговь аймгийн иргэд талархал илэрхийлэв

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.05.08/ Өмнөговь аймгийн иргэдийн төлөөллийг Төрийн ордонд хүлээн авч уулзав.

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын иргэд УИХ-ын даргыг цаг гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийлэн, тус сумын цэнгэг усны ундрага болсон Балгасын улаан нуурыг уул уурхайн үйлдвэрлэлд ашиглуулахгүй байх асуудалд анхаарал хандуулж, шийдвэрлүүлэх хүсэлтэй ирснээ танилцууллаа. Өмнөговь аймгийн Ханхонгор сумын иргэдийн төлөөлөл уг асуудлаар үдээс өмнө Тавантолгойн ордыг ашиглах асуудалтай холбоотой дүгнэлт гаргах Ажлын хэсгийн гишүүдтэй уулзсан байна.

Ханхонгор сумын иргэн И.Оюун хэлэхдээ, өнөөдрийн байдлаар нутгийн иргэд тайван аж төрж байгаа хэдий ч ус ундныхаа асуудалд байнга санаа зовж, Балгасын улаан нуурыг уул уурхайн үйлдвэрлэлд ашиглах вий гэсэн түгшүүртэй байдаг. Энэ нуурыг уул уурхайн үйлдвэрлэлд ашиглах юм бол нуур орчмын айл өрхүүдийн аж амьдрал доройтох төдийгүй Өмнөговь аймгийн экосистемд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй талаар мэргэжилтнүүд анхааруулдаг. Тавантолгойн ордыг ашиглах гэрээ байгуулах гэж байгаа талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр сонссон. Тус ордыг ашиглах гэрээнд Балгасын улаан нуурыг уул уурхайн үйлдвэрлэлд ашиглуулах заалт орсон байсан. Харин уг гэрээнд УИХ-ын дарга Та анхаарал хандуулж, Монгол ард түмний эрх ашгийг хамгаалж байгаад талархал илэрхийлье гэлээ.

УИХ-ын дарга З.Энхболд "Энэ асуудлаар Өмнөговь аймгийн ИТХ-аас шийдвэр гарсныг та бүхэн мэдэж байгаа нь лавтай. 2014 оны намрын чуулганы завсарлагааны хугацаанд Өмнөговь аймагт ажиллах үеэр Балгасын улаан нуурыг уул уурхайн үйлдвэрлэлд ашиглуулахгүй байх шийдвэр гарсан талаар надад аймгийн удирдлагууд танилцуулж байсан. Аймгийн ИТХ-аас гаргасан шийдвэртэй Ханхонгор сумын иргэд санал нэг байгаа гэж ойлгож болох уу?" хэмээн тодруулан асуусан юм.

Дээрх шийдвэрийг Ханхонгор сумын иргэд бүрэн дэмжиж байгааг УИХ-ын даргатай уулзаж буй иргэд баталсан. Түүнчлэн Тавантолгойн ордыг ашиглах асуудал улс орны хувьд чухал хэдий ч байгаль орчин, тухайн бүс нутгийнхаа экосистемийн аюулгүй байдал, нутгийн ард иргэдийн аж төрлийг анхаарч, тус ордыг ашиглах тохиолдолд Балгасын улаан нуурыг үйлдвэрлэлд ашиглуулахгүй байх тал дээр ажиллаж өгнө үү гэдэг Ханхонгор сумын нийт иргэдийн хүсэлтийг УИХ-ын даргад уламжиллаа.

УИХ-ын дарга З.Энхболд нүүрсийг усаар биш элсээр угаадаг технологи байдаг хэмээн танилцуулаад, Тавантолгойн ордыг ашиглахдаа нүүрс угаах бол энэ технологийг ашиглуулах шаардлагыг тавина. Энэ тохиолдолд уурхайн үйлдвэрлэлд ус ашиглахгүй болохыг хэллээ.

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын иргэд УИХ-ын даргатай уулзаж, санал солилцсондоо сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлснээр уулзалт өндөрлөв хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2015-05-10 02:42:17
    АН мөнгө олж болох зүйлрүү л зүтгэнэ, улс орон байгал дэлхий энэ намынханд огт сонин биш
  • Мөнхбаатар 2015-05-08 14:55:43
    Энхболдын рекламны клипэнд тоглоо юу.
    • Тиймээ  2015-05-09 09:22:57
      Хэлэх уг алга чааваас... таарсан таар шуудайнууд