Нягтлан бодох бүртгэл, Аудитын тухай шинэчилсэн найруулгын хэлэлцүүлэг эхэллээ
УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхлээд байна. Хуралдаанаар Нягтлан бодох бүртгэлийн тухай, Аудитын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэхээр Хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга  С.Баярцогт танилцуулж байна. 

Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль 1993 онд анх батлагдан гарснаас хойш 2002, 2003, 2006 болон 2011 онд нийт 6 удаа удаа нэмэлт өөрчлөлт орсноор өнөөг хүртэл мөрдөгдөж байна. Энэ хуулийг анх батлан гаргахдаа улс орноо төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн харилцаанаас  зах зээлийн харилцаанд шилжүүлэх төр засгийн бодлогын дагуу аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодох бүртгэлийг олон улсын нийтлэг жишигт нийцүүлэх, бүртгэлийг Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын дагуу хөтөлдөг болгох асуудлыг хуульчлан зах зээлийн үеийн бүртгэлийн шинэ тогтолцоог бий болгон төлөвшүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлэх зорилгыг удирдамж болгосон. 

Хуулийн энэхүү үзэл баримтлалыг хэрэгжүүлэх зорилгоор зохион байгуулалтын арга хэмжээг удаа дараа авч хэрэгжүүлж ирсэн боловч нягтлан бодох бүртгэлд Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт нэвтрүүлэх ажил бүрэн хэрэгжиж дуусаагүй байна. Гэтэл олон улсын стандартыг нэвтрүүлсэн гэж тооцож байгаа аж ахуйн нэгж, байгууллагын хувьд хүртэл санхүүгийн тайлангийн үзүүлэлтүүдийг хүлээн зөвшөөрөх, хэмжих, үнэлэх арга хандлага нь олон улсын стандартын шалгуурт нийцээгүй байх тохиолдол гарсаар байна.

Иймээс Нягтлан бодох бүртгэл, аудитын тогтолцоог орчин үеийн шаардлага, олон улсын жишигт нийцүүлэн боловсронгуй болгох, аж ахуйн нэгж байгууллагын бүртгэл аудитын үйл ажиллагаанд олон улсын стандартыг мөрдөх, санхүүгийн тайланг хэрэглэгчид болох аж ахуйн нэгж байгууллагын гишүүд, хувьцаа эзэмшигчид, банк санхүүгийн байгууллагын болон төрийн санхүүжилтийг аж ахуйн нэгж байгууллагын санхүү, эдийн засгийн бодитой мэдээлэлд тулгуурлан хийдэг тогтолцоо бүрдүүлэх зэрэг олон асуудлыг тусган Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг шинэчлэх шаардлагатай болоод байна. Хуулийн төсөл нь 6 бүлэг, 28 зүйлтэй. 
Чуулган үргэлжилж байна.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.