"Од"
Ижий минь намайг гомдоогоод байхаар
Өвсний хүүхэд авна гээд газарт шингэчихсэн юм
Ижий минь намайг гомдоогоод байхаар
Шувууны хүүхэд авна гээд тэнгэрт нисчихсэн юм...
Энэ л мөртүүдээр анх түүнтэй “танилцаж” билээ. Тэр цагаас хойш яруу найрагч Д.Баттогтохын эгэлийн эгэл хэр нь утга, уянга хосолсон, сэтгэл гижигдсэн шүлгүүдэд эргэлт буцалтгүй дурлачихсан.
 
Уйтгарлаж, гуниглах бүрт аялагддаг дуу адил ээжийгээ санах бүрт зүрх рүү “харвадаг’’ цорын ганц шүлэг. Тэр цагаас хойш арав гаруй жил өнгөрсөн ч энэ л шүлгээр сэтгэлээ “эмчилдэг” минь хэвээрээ. Түүнд хүний сэтгэлийн шаналлыг анагаах увидастай шүлэг энэ мэт олон. Монголын утга зохиолын тэнгэрээс 26-хан насандаа харвасан тэрбээр угаас ч өөрөө сэтгэлийг анагаагч нэгэн байсан гэлтэй.
 
Д.Баттогтохыг  яруу найрагтай танилцуулж, найргийн ур дүй суулгасан “Уран өд” дугуйлангийн багш Д.Мандахсан шавийнхаа тухай “Баттогтох маань долгиолог хар үстэй, дугуй цагаан царайтай, хацрынх нь ягаан туяа мөрөн дээр нь унасан хөөрхөн хүү байлаа. Өмсөж зүүсэн нь ч, биеэ авч яваа байдал нь ч их цэмцгэр. Даруухан ч үеийнхнээ бодвол хэрсүү. Ижийдээ дэндүү хайртай хүүхэд байсан даа.
 
“Уран өд” дугуйлан бол Баттогтохын анх үндэслэж ургасан аглаг хээрийн дэнж юм. Дугуйланд явдаг хүүхдүүд:
 
“Уужим тэнгэрт пуужин нь өндөр
Уран өдтэй шүлэг нь өндөр Баттогтох гэдэгсэн” хэмээн хуучлав. Тэрээр дугуйландаа ч “од” байжээ.
 
Тэрээр их сургуульд сурч байхдаа Д.Мандахсан багшдаа их олон захидал бичсэн гэдэг. Түүнийгээ нэлээд хожим бүгдийг нь нийлүүлж байгаад багшдаа өгсөн гэнэ билээ. Үг, өгүүлбэр бүрт нь хоосон, хиймэл зүйл огт үгүй, дотоод сэтгэлийн үнэн, нууцаа бүрэн шингээсэн захидлуудыг нь унших бүртээ багш нь өнөө хэр нь нулимс унагасаар л сууна. Түүний шүлгүүдэд ч бас хий хоосон чамирхал, худал хуурмагийн сүүдэр ч тусдаггүй учраас л тэрээр хүн бүрийн сэтгэлд шүлгээрээ гийсэн од болон үлдсэн болов уу.
 
Аав Дорждамба нь Аймгийн намын хороонд насаараа ажилласан нэгэн. Харин ээж нь түүнийг багад бурхны оронд одсон нь Д.Баттогтох найрагчид амьдралын үнэ цэнийг эрт мэдрүүлжээ.
Оюутан цагийнх нь андууд түүнийг “Хөөрхөн Тогтохоо, хөл Тогтохоо, хөгийн Тогтохоо” хэмээн өхөөрддөг байжээ. Тэрээр судас, цусны өвчтэй байснаас бага зэрэг доголж явна. Гэвч аль болох доголохгүйг хичээдэг байсан учир түүнийг “хөл” хэмээн хочилдог байжээ. Харин үе тэнгийнхэн нь хааяа нэг цугларч, гашуун ундаа хувааж уун “халуурах” үед Д.Баттогтох биеэ бариад, шууд л больчихдог байсан аж. Тиймээс найзууд нь түүнийг "хөгийн” хэмээн нэрлэсэн байна.
 
Хүний үгийг сонсох, тэвчих, биеэ барих гэдэг нь гайхалтай. Хүлээцтэй гэдэг нь жигтэйхэн. Ямар ч ааш араншинтай хүнтэй эвдрэлцэхгүй, хүнийг эвгүй байдалд оруулна гэж үгүй. Цаг үргэлжид сайхан ааштай, инээмсэглэж явдаг тэр л дүр төрхөөрөө залуу насны андуудынхаа сэтгэлд мөнхрөн үлджээ. Ингээд бодохоор тэрээр их сургуульдаа ч бас “од" байжээ.    
 
Түүний насан багын найз, нэг ангийн охин, нэг дугуйлангийн найрагч Д.Ганчимэг "Хүүхдүүд дөрвөн улирал хичээлд суудаг байхад Тогтохоо хоёр улирал л суудаг байлаа. Амьдралынхаа бараг тэн хагасыг хэвтэрт өнгөрөөсөн юм шүү дээ. Ихэнхдээ хэвтэрт байдаг учраас өөрийгөө сатааруулах, завгүй байлгах талаар их анхаарна. Төвд, Манж, Хятад, Англи, Орос хэлийг бие даан сурсан. Хуучин монгол бичгийг ч сайн мэднэ. Тиймдээ ч бага ангиасаа л тасралтгүй онц сурсан. Тэрээр дээд сургуулиа хүртэл эмнэлгийн орон дээрээс онц төгссөн юм шүү дээ” хэмээн дурслаа.
 
Д.Баттогтохын биеийн эрүүл мэнд сайнгүй байсан учир сургуулиа төгсөөд мэргэжлээрээ ажиллаж чадаагүй аж. Тиймээс эмчилгээний мөнгө гэрийнхнээсээ авахгүйн тулд хүнсний механикч мэргэжлээ ашиглан, эгчийнхээ ажиллуулдаг ундааны цехэд тусалдаг байжээ. Тэр цагаас л түүнийг “Ундааны цехийн хөөрхөн Тогтохоо” гэдэг болсон байна. Харин энэ үед яруу найрагч Ц.Буянзаяа түүнтэй үй зайгүй нөхөрлөж, сүүдэр мэт дагаж явах болжээ. Тэрбээр 1988 оноос амьдралынх нь сүүлчийн өдрийг хүртэл хамт байсан дотны анд нь. Тиймдээ ч тэрбээр андынхаа талаар “Түүнтэй анх танилцахад нэлээд боловсорчихсон, арай өөр түвшний сэтгэлгээтэй, хүн бүртэй нийтэч нэгэн байлаа. Өвчиндөө шаналж, түүртэх, өвдөж шаналж байгаадаа өөртөө эсвэл өөр нэгэнд, амьдралд гоморхдоггүй. Амьдралын үнэ цэнийг дэндүү эрт таньсан болоод ч тэр үү, “Энэ өвчин намайг удаан амьдруулахгүй” гэдгийг мэддэг байсан юм. Гэвч өөрийгөө боловсруулах, дайчлах талаар үнэхээр гайхалтай. Гуниггүй, гэгээлэг, сайхан сэтгэлээр дүүрэн нэгэн байсан даа. Тэр чигээрээ л бурхан болсон. Мэс засал хийлгээд өвчнөө эдгээж болох байсан ч тэр хүсээгүй. Амьдралтай омог бардам салах ёс гүйцэтгэсэн юм.  Цэл залуухнаараа байсан болохоор амьдралын талаар тогтсон үзэл баримтлал, ямар хүн болох нь бүрэн танигдаагүй. Гэвч шүлгэндээ л тод үлдсэн дээ” хэмээн дурслаа.
 
Д.Баттогтох утга зохиолын хүрээнийхний унших ёстой бүхнийг эх хэлээр нь уншжээ. Түүний хамгийн их хайрлаж, хүндэтгэдэг хүн  нь  яруу найрагч Ж.Болд-Эрдэнэ байв. Ганцхан насны зөрүүтэй ч хайрлаж, хүндэтгэдэг сэтгэлээ илэрхийлж түүнийг “Ах аа” хэмээн дууддаг байсан гэдэг. Ж.Болд-Эрдэнэ ч түүнийг яруу найрагч, хувь хүнийх нь хувьд ч хайрлан хүндэтгэдэг байв. Тиймдээ ч тэрбээр Д.Баттогтохыг бурхан болсныг дуулаад “Монголын яруу найргийн тэнгэрээс нэгэн од өдрөөр харвалаа” хэмээн харуулсан юм. Өөрөөр хэлбэл, тэрээр утга зохиолын ертөнцийн “од” байжээ.
 
Д.Баттогтохыг хүмүүс богинохон амьдралынхаа туршид хайр дурлалаар цалгиж, халгиж явсан мэтээр ойлгодог. Үнэн хэрэгтээ, тэрбээр амьдралдаа цорын ганц бүсгүйд л гүн дурлажээ. Өөрөөр хэлбэл, амьдралынх нь сүүлчийн өдрүүдэд түүнийг асарч байсан Өсөхөө хэмээх сувилагч бүсгүй түүний амьдралын цорын ганц хайр байсан гэнэ. Гэвч тэдний хувьд сэтгэлийн ариун хайраас өөр ямар нэгэн харилцаа үүссэнгүй, үүсэх ч боломжгүй байж. Амьдралынх нь цорын ганц хайр болох нутаг нэгт бүсгүй Өсөхөөгийн хувьд ч бас л тэрээр их л ойрхон хэрнээ өөрийн болгож өмчлөөд, тэврээд энхрийлж болдоггүй “холын од” байжээ.
 
Ийнхүү үхэлтэй нүүр тулах хүртлээ үзгээ тавилгүй бичиж, хайрлаж дурлаж, бусдыг энэрэн хүндэтгэсээр явсан тэрээр 1994 оны гунигт өдөр бурхны орноо одсон билээ. Он цаг улирч, хүмүүс хэзээ нэгэн цагт өөрийнх нь хувьд хамгаас үнэ цэнтэй байсан нэгнийг мартагнасаар... гэвч Д.Баттогтохын сайхан сэтгэл шигээ гэгээлэг мөртүүд эзнээ цаг ямагт “амьд” хэмээн сануулсаар өнөөдрийг хүрчээ.
 
Цаашид ч түүний чин сэтгэлийн гүнээс урссан хамгийн үнэн шүлгүүд хүмүүсийн          сэтгэлд “эгшиглэсээр”, эзнээ яг л ийм хүн байсныг сануулсаар байна гэдэгт эргэлзэхгүй байна. Тэр бол Монголын яруу найргийн тэнгэрт төдийгүй шүлгийг нь олж уншсан бүхний сэтгэлд одоо ч тодоос тодоор гялалзсаар байгаа од билээ.
...Хол явах юмсан
Нутгийн бүсгүйчүүдээс ирсэн
Нулимсан дусалтай захидлуудыг уншиж өөрийгөө мэдрэх юмсан... гунигт амьдралаас хагацаж ядан эмзэглэх хүмүүсийн түүн рүү илгээх нулимсан дусалтай “захидлууд”-ыг тэрээр өдөр бүр тэнгэрийн орноос уншиж суугаа биз ээ. Түүний амьд ахуйдаа тэрлэсэн чин сэтгэлийн үгс зүрх сэтгэлийг чинь анагааж л байгаа бол тэр таны нулимсан дусалтай захидлыг уншжээ гэж итгээрэй.
 
Өглөөний сонин
Ц.Баттуяа
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ZAYA 2017-11-17 07:56:01
    ULZITUGSIN UZEHIN HYAZGAARAAS ANH ENE NAIRAGCHIN TUHAI UNSHIJ MEDSEN DEE DENDUU ZALUUHNAARAA HUUHDEEREE SHAHAM ODJEE
  • иргэн 2015-05-08 05:55:43
    "Ижий минь намайг гомдоогоод байхаар Өвсний хүүхэд авна гээд газарт шингэчихсэн юм" Ижий нь хүүхдээ гомдоогоод байсан гэсэн санаа л гараад байх юм аа.