Ээжийн минь хүсэл намайг "Аварга" болгосон юм
Монгол Улсын гавьяат багш Д.Гоошоохүүг “Өглөөний зочин” буландаа урилаа. Сүмогийн 68 дахь их аварга Д.Давгадорж, Монгол Улсын аварга Д.Сумъяабазар, гавьяат тамирчин Б.Сэр-Од гээд спортын тэнгэрт од болон гялалзаж яваа олон залуус энэ л багшийн гараар орж, ухаанаар нь хүмүүжсэн билээ. Харахад том биетэй, гүдэсхэн нэгэн хэрнээ алдаж гишгэсэн шавийнхаа талаар ярихдаа нулимс унаган харамсах түүний ухаарлын учиг зангидсан ярилцлагаас та бүхэн нэгийг бодогдуулж, хоёрыг тунгаах биз ээ.

-Аав тань жолооч, ээж тань сувилагч. Та ингэхэд яаж яваад тамирчин болчихсон юм бэ?

-Би дунд сургуулийн дөрөвдүгээр ангиа сайн дүнтэй төгсч, Сэлбийн пионерын зусланд амрах эрхтэй болсон юм. Тэнд л анх сагсанбөмбөг гэдэг зүйлтэй танилцаж, ах, эгч нарын тоглохыг бишрэн харсан даа. Аз болоход, намар нь хөлбөмбөгийн спортын мастер Зориг, волейболын спортын мастер Оюун нар аавын байшинг хөлсөлж, манайманай хашаанд амьдардаг боллоо. Би Зориг ахыг дагаж, хөлбөмбөг үзэж, ааваараа хашаан дотроо сагсанбөмбөгийн шийд зоолгож тоглодог болсон.

-Тамирчин хүний хам­гийн том бахархал нь ялалт. Харин хамгийн хэцүү зүйл нь ялагдал байдаг болов уу?

-Миний бодлоор спорт гэдэг зүйл хүн төрөлхтнийг нийгэмшүүлэхэд их нөлөөлсөн. Учир нь хүмүүсийг эхлээд зан заншлаар хүмүүжүүлдэг байжээ. Хүү нь эцгийнхээ, дүү нь ахынхаа үгэнд захирагдахгүй болохын цагт шашинаар, бүр юунд ч дийлдэхгүй болохоор нь хууль цаазаар барьж эхэлсэн байна.
Харин хүн төрөлхтнийг нийгэмшүүлэхэд нөлөөлсөн дөрөв дэх хүчин зүйл нь спорт. Учир нь хүн гэдэг амьтан амьдралынхаа туршид баярлаж, гуниглаж, тэр бүхний ард тайвшралыг олох учиртай. Ялалт эрч хүч хайрлаж, бахархал төрүүлдэг бол ялагдал ялахын төлөөх тэмцлийг авч ирдэг. Тиймдээ ч ялагдал бол ирээдүйн ялалтын эхлэл юм.

-Ялалтын эхлэл гэж хүлээж авдаггүй хүмүүс ч бас байдаг шүү дээ?

-Би Цагаан сарын өмнө болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын залуучуудын багийг ахалж явсан юм. Сугалаагаар Хятад, Монгол, Тайвань гурав нэг зоонд таарсан. Манайх Хятадад хожигдоод, Тайванийг хожсон. Гэтэл Хятад Тайваньд буугаад өгчихсөн. Ингээд манайх зооноос гарч чадаагүй. Энэ мэт өөрөөс шалтгаалахгүй хүчин зүйлээс болж тоглоомоо үргэлжлүүлж чадахгүй болох үед үнэхээр их бухимддаг.

Хүүхэд байхад ялагдахаараа уйлаад шар хөдөлдөг байлаа. Одоо бол чухам юунаас болж хожигдов гэдгийг ухаж ойлгохыг хичээдэг болжээ. Сая л гэхэд манайд сэтгэл зүйч зайлшгүй хэрэгтэй юм байна гэдгийг олж авлаа. Нөгөө талаас мэргэжлийн эмч хэрэгтэй байна. Энэ бол тамирчны хамраас цус гарахад тогтоодгоор хязгаарлагддаггүй, тухайн хүн ямар уураг, энергиэ алдаж байгааг мэдэрч, хэрхэн нөхөх вэ гэдгийг шинжлэх ухааны үндэслэлээр харж чаддаг хүн байх ёстой.

-Хувь хүний нийгмээс олж авсан хүмүүжил нь ч бас амжилтанд их нөлөөлдөг юм шиг ээ?

-Хүн хүмүүжлийг гурван зүйлээр маш хүчтэй олж авдаг. Нэгд нүдээрээ сайхан зүйлсийг үзэж, баясах учиртай. Хоёрт чихээрээ үргэлж сайн сайхныг сонсож, бахархах хэрэгтэй. Гурав амаараа сайн сайхныг ярьж, үйлдэх хэрэгтэй. Хүн төрөлхтний дотроос эртний еврейчүүдийг би хүүхдээ хүмүүжүүлэх хамгийн сайн арга барилтай улс юм гэж боддог. Тэд хүүхдийнхээ хажууд хэрэлддэггүй, хүн муулдаггүй, худал хэлдэггүй, муу муухайг үзүүлдэггүй. Өөрөөр хэлбэл, тэд хүүхдүүддээ зөвхөн сайн сайхныг харуулж, сонсгож, мэдрүүлж өсгөдөг.

-Багш хүн бусдыг хүмүүжүүлэхийн тулд өөрийгөө хүмүүжүүлэх үүргийг давхар үүрдэг?

-Өөрөөрөө үлгэрлэх учиртай. Тэр дундаа биеийн тамирын багш бол өөрөө үзүүлэх ёстой. Үлгэрлэл багадахаар л хүмүүс эдийн засгийн талаас нь олж хараад байдаг болчихож байгаа юм шиг санагддаг шүү.

-Та өөрийгөө болон шавь нараа сайн хүмүүжүүлж чадсан уу?

-Хүмүүжлээр доголдсон хүүхэд гэж байдгаас хүмүүждэггүй хүүхэд гэж байдаггүй гэдэг байх аа. Надад сайн шавь ч бий, муу шавь ч бий. Багш хүн сайн явааг нь миний шавь, муу явааг нь минийх биш гэж хэлж болохгүй. Шавь минь муу явбал магадгүй миний л хүмүүжүүлж чадаагүйн гай. Тиймээс би шавь нараа зовж явбал тусалж, сайн явбал баярладаг. Би амьдралдаа ганцхан анги төгөссөн юм. Манай ангийн нэгэн хөвгүүн Солонгост амьдарч байхдаа хүн амины хэрэгт холбогдсон л доо. Гэвч тэр маань хожим ангийнхаа хүүхдээр дамжуулж надад үнэн болсон явдлыг учирласан байна лээ. Би хязгааргүй их баярласан.

-Шавь нараа алдаж гишгэхэд их эмзэглэдэг үү?

-Тэгэлгүй яах вэ. Гэхдээ би нэг зүйлийг бардам хэлж чадна. Би шавь нараа заавал алдар нэртэй, баян тансаг амьдар гэхгүй. Хамгийн гол нь гэр бүлийн амьдрал нь тогтвортой, бусдын тусыг мартахгүй л явбал онц байна гэж хэлнэ.

-Тэгвэл таныг хэн хүмүүжүүлсэн юм бэ?

-Францын агуу удирдагч Наполеоныг хэн ийм хүчирхэг болгосон юм бэ гэж эрдэмтэд судалж үзжээ. Гэтэл тэр хүнийг эмэг эх нь тийм болгосон гэдэг юм билээ. Учир нь тэрбээр “Францын агуу их удирдагч Наполеон миний хүү, босч цайгаа уу” гэж өглөө бүр дуудаж сэрээдэг байж л дээ.
Харин намайг ээж минь “аварга хүү” гэж дууддаг байлаа. Би ээждээ аварга хүү нь байх юмсан гэж хүссэн. Анх дүүргийн мэргэжлийн аваргаар шалгараад, улаан туузаа ээждээ үзүүлсэн юм.

Гэтэл ээж маань “Энэ Улаанбаатарын аваргын тууз уу” гэж асуусан. Дараа жил нь нийслэлийн мэргэжлийн аварга боллоо. Цагаан туузаа ээждээ үзүүлсэн ч бас л санаанд нь хүрсэнгүй. Нэг жилийн дараа би мэргэжлийн улсын аварга болсон. Өөрөөр хэлбэл, ээжийгээ сэтгэлд нь хүртэл баярлуулахсан гэсэн хүсэл минь намайг аварга болгосон юм.

-Та ээжийгээ баярлуулж чаджээ?

-Би үүнээс ч илүү зүйлээр ээжийгээ баярлуулсан гэж боддог. Учир нь би ээжийгээ амьд сэрүүн ахуйд архинаас гарсан. Намайг Монгол Улсын гавьяат багш цол хүртэхэд ээж минь даанч байгаагүй л дээ.

-Өгсөж, уруудаж л байдаг нь хүний амьдралын жам. Гэвч уруудаж доройтохын цагт хүмүүсийн чанар илүү танигддаг даа?

-Хүн сөхрөөд л өндийх хэрэгтэй. Би сөхрөөд л боссон. Архи уугаад эхлэхээр хамт олон үгүй болдог л доо. Архи уудаг хүн их гомдомтгой ч болдог. Тухайн үед би хүнд бэртэл аваад, эмнэлэгт удаан хэвтэж, хийх зүйлгүй тун хэцүү нөхцөл байдалд байсан. Өр зээлтэй ч байсан.

Тэр үед “Хүн өөрөө өөрийгөө л алдаг юм байна” гэж бодсон. Хэчнээн гомдоллож тунирхаад ч ээж, эхнэр хоёроос минь өөр ирэх хүн үгүй болсон. Ингээд хэвтэрт байхдаа өөрийгөө ганцаардал дэмийрлээс аврахын тулд нэг юм хийх хэрэгтэй болсон юм. Би шүлэг зохиож чадахгүй учир сагсан бөмбөгийн заах аргын “Залалт” гэдэг ном бичсэн. Надаас өөр аавын хүү бичсэн ч намайг амьд сэрүүнд давтаж чадахааргүй хэмжээнд хүртэл л бичье гэж хичээсэн. Санасандаа ч хүрсэн. Хүн сөхрөөд босч ирэхдээ маш том хожиж босч ирэх ёстой. Би архинаас гарсан. Олон жил татсан тамхиа хаясан. Жин 110 кг байснаас хассан.

-Таны гэргий Монгол Улсын гавьяат хуульч Б.Сарантуяа. Таныг тийнхүү доройтож явах үед ид мандаж байсан нэгэн. Гэвч таныг орхиод явчихаагүйд нь их баярладаг уу?

-Бурхан хүнд сайхан хань, үр хүүхэд заяадаг юм байна. Багш хүнд бол сайхан шавь нар заяадаг юм байна. Намайг архинд орчихсон байхад манай хүний найзууд “Энэ нөхөр л чиний амьдралыг муухай болгоод байна. Энэ хүнээс л сал” гэж зөвлөхийг би олон сонссон. Гэтэл миний хань хариуд нь
“Танихгүй архичинтай зууралдсанаас таньдаг архичинтайгаа хорвоог туулъя даа” гэж хариулсан юм.

Хүн амьдралынхаа ханийг зөв сонгож чадвал өөрийнхөө талыг оллоо гэсэн үг гэдэг дээ. Би ханиараа үнэхээр их бахархдаг. Энэ хүн хажуугаас минь тулж байсны ачаар би одоо хүчирхэг эр хүн болж чадсан. Гэргий минь одоо надад “Би чамайг ийм мундаг болгосон шүү” гэдэг юм. “Чи яаж намайг мундаг болгосон юм бэ?” гэхээр “Чи гэртээ хог хаядаггүй. Хаан шиг хоолны дээжийг хүртдэг. Архинд орж явахад чинь би миний хоёр хүүхдийн эцэг гэж чамайг хүлээдэг байсан” гэдэг. Бүгд үнэн. Одоо би Үндэсний олон нийтийн радио телевизийн Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна. Аав, ээжээс заяасан нэрнийхээ өмнө Монгол Улсын гавьяат багш хэмээх эрхэм цолыг дуудуулж чадлаа.

-Хүчирхэг аав, ээжийн хүүхдүүд ч бас хүчирхэг улс болж өссөн биз?

-Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн гуай “Эхийн хайр энүүхэнд байдаг. Харин эцгийн хайр тээр тэнд байдаг юм” гэж хэлсэн дээ. Би эцэг хүн зантгар байх ёстой гэж боддог. Тиймдээ ч хүүхдүүдийнхээ ухамсарт найдаж, хэлснээр нь нисч бууж яваагүй. Хамгийн гол нь биеэ дааж амьдар гэдгийг сануулдаг. Саяхан би нэгэн сэтгэл зүйчийн ярилцлагыг уншлаа. Гэтэл тэнд “Хуримын бөгжөө өөрсдөө авсан гэр бүл бат бөх байдаг. Ээж, ааваараа авахуулсан нь хэрэлдээд салдаг” гэж бичсэн байна. Энэ үг надад их үнэн санагдсан.

-Амьдралаа босгохын тулд хүнд юу эрхэм бэ?

-Хамгийн түрүүнд боловсрол эзэмших хэрэгтэй. Дараа нь тогтвор суурьшилтай ажилтай болох учиртай. Түүний дараа сайхан орон гэрээ босгох хэрэгтэй. Би сургуулийнхаа байранд бүтэн найман жил амьдарсан юм шүү дээ. Анх өөрийн байшинтай болмогцоо нэг сайхан хашхирч билээ.

-Сэтгэлийн хөдөлгөөн ихтэй юм аа даа?

-Спортын хүн ихэнхдээ сэтгэлийн хөдлөлөөр амжилт гаргадаг шүү. Би архинаас гарахдаа өөрөө өөртэйгээ л ярьсан. “Гурван жил болж байж биенээс хор нь гардаг юм шүү. Чи сайн байна, овоо шүү” гэж өөрийгөө зоригжуулдаг байлаа. Өөрийгөө хайрлаж чаддаггүй хүн бусдыг хайрлаж чаддаггүй. Хүмүүс “Ямар эм хэрэглэсэн юм бэ” гэж надаас их асуудаг. Би ямар ч эм хэрэглээгүй. Үнэндээ миний дотор амьдарч буй бурхан л намайг архинаас гаргасан юм.

-Спорт бол тэмцэл. Харин амьдрал?

-Амьдрал ч бас тэмцэл. Би тэмцсээр ирсэн. Хүн өөрийгөө ямар байлгах нь өөрөөс нь л шалтгаалдаг. Би өөрийгөө муухай болгож явсан л хүн. Хамгийн гол нь дутагдлаа олж хараад, засахын төлөө тэмцэх учиртай. Архинд орсон хүн түүнээс гарна гэдэг амаргүй шүү. Гэхдээ би чадсан. Өөрөөр хэлбэл, өөрийгөө ялсан. Эцсийн дүнд баян, ядуу хоёр юугаараа ялгаатай вэ? Баян хүн сэтгэдэг, ажилсаг байдаг. Харин залхуу хүн ядуу байдаг. Би өөрийнхөө баялгийг бүтээхийн төлөө зүтгэж чадсан өөрөө өөртөө баатар хүн. Би одоо нэг зүйлтэй тэмцэнэ. Үхэлтэй тэмцэнэ. Энэ удаа ялж чадахгүйгээ ч мэднэ.
 
Өглөөний сонин
Ц.Баттуяа
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Нам 2015-05-07 12:18:27
    Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Нам 4 жилийн өмнө хэвлэлийн хурал хийж хувьцааг баталгаажуулах зорилгоор Таван толгойн асуудлаар дараах санлыг гаргаж байжээ 1. Ард түмэ...
    202.21.106.115
    Мэдэгдсэн Хариулах