“Монголия была первой" буюу "Монгол анхдагч нь байсан юм" номын нээлт боллоо

Аугаа их эх орны дайны ялалтын 70 жилийн ойд зориулан Ю.Кручкины бичсэн “Монголия была первой...” түүхэн баримтат ном, Монгол Улсын ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгээс эмхэтгэн гаргасан “Монголын ард түмэн: Бүхнийг фронтод, Бүгдийг ялалтын төлөө” баримт, гэрэл зургийн цомог,  “Монголия была первой” баримтат киноны нээлт өнөөдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд боллоо.

Нээлтийн ёслолд ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов, номын зохиогч Ю.Кручкин, цомгийг бүтээхэд оролцсон хүмүүс хүрэлцэн ирсэн юм.

Уг ёслолыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хэлсэн үгэндээ “Өнөөдөр та бүхэн гурван арга хэмжээний талаар мэдээлэл сонсохоор ирээд байна. Энэ жил ОХУ Эх орны дайны ялалтын 70 жилийн ойг холбоотон байсан орнуудынхаа хамт тэмдэглэж байна. Үүнд Монгол Улсын Ерөнхийлөгч оролцоно. Мөн ажлын айлчлал хийнэ. Энэ ойн босгон дээр өнөөдөр гурван чухал үйл явдал болж байна.  

Нэгдүгээрт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, ГХЯ, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн хамтран “Монголын ард түмэн: Бүхнийг фронтод, Бүгдийг ялалтын төлөө” гэсэн ховор содон архивын түүхэн баримтуудаас бүрдсэн цомгийг өлгийдөн авах үйл явдалд та бүхэн оролцож байна. Энэ цомогт Монгол Улс Эх орны дайны үед ЗХУ-ын хамгийн анхны холбоотон улс болсон. Фашистын Герман ЗХУ-д халдан довтолсон 1941 оны 6 дугаар сарын 22-ны өдөр БНМАУ нь ЗХУ-ын холбоотон гэдгээ албан ёсоор зарласан. Монголчууд дайны эхний өдрөөс дайны сүүлийн өдөр хүртэл дөрвөн жил гаруй ЗХУ-тай байнга хамт байж, найдвартай ар тал болж байсан. Дайны туршид амралтын өдөр байгаагүй. Өдөрт 10-12 цаг ажиллаж, чадах чинээрээ тусалсан. Тэгэхээр ялалтын 70 жилийн ой бол бидний хамтын баяр юм.

Дайны жилүүдэд монголчууд хагас сая тонн мах, хагас сая агт морьд, дулаан хувцас, малгай, бээлий, хүрэм бэлэглэснээс гадна Монголын ард түмний хөрөнгөөр “Хувьсгалт Монгол” танкийн цуваа, “Монгол ард” нисэх онгоцны эскадриль байгуулж өгч байсан. Цөөн тоогоор ч гэсэн монголчууд дайнд оролцож байсан.

Хоёрдугаарт, Аюур гэдэг монгол нэртэй Ю.Кручкины бичсэн “Монголия была первой...” буюу “Монгол анхдагч нь байсан юм” гэсэн ном хэвлэлтээс гарлаа. Энэ номд тухайн үед ЗХУ-д сурч байсан цэргийн сургуулийн оюутнуудаас гадна Монголд амьдарч байсан оросуудаас 5000 орчим хүн дайнд явж оролцож байсан тухай бичсэн байна. Аюур өнгөрсөн оны есдүгээр сарын 2-нд ОХУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалын өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай ном бичиж танилцуулж байсан.

Гуравдугаарт, “Монгол анхдагч нь байсан” буюу “Монголия была первой” баримтат киног анх удаа үзүүлэх гэж байна. Ю.Кручкин, Г.Денисов, В.Майборода, А.Коваленко нарын  бүтээсэн энэ киног МҮОНТВ-ээр тавдугаар сарын 9-нд гаргана. Та бүхэнд баярлалаа” гэлээ.

Үүний дараа ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал, доктор С.Чулуун, доктор н.Хишигт нар “Монголын ард түмэн: Бүхнийг фронтод, Бүгдийг ялалтын төлөө” цомгийг, Ю.Кручкин “Монголия была первой...” түүхэн баримтат номоо хэрхэн бүтээсэн талаар танилцуулав.

Ёслолын үеэр ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов Эх орны дайны жилүүдэд монголчууд ЗХУ-д хэрхэн тусалсан талаар түүхийн шинэ баримтуудад түшиглэн ярьсан юм. Тэрээр монголчуудын үзүүлсэн тусламжийн талаар судалгааны шинэ баримтуудад тулгуурлан хэд хэдэн зүйлийг онцлон хэллээ.

Нэгд, Эх орны дайн эхэлснээс ганцхан цагийн дараа БНМАУ 1936 оны Харилцан туслалцах протоколд тулгуурлан ЗХУ-д туслахаа илэрхийлсэн.

Хоёрт, Дайн эхэлснээс нэг хоногийн дараа БНМАУ-ын удирдагч маршал Х.Чойбалсан И.Сталинд цахилгаан утас илгээж БНМАУ ЗХУ-ын талд тууштай зогсохоо илэрхийлсэн.

Гуравт, Дайны эхний өдрүүдэд Монголд аж төрж байсан ЗХУ-ын харъяат иргэдээс 300 хүн сайн дураараа цэрэгт мордож дайнд оролцсон. Монголын нутгаас нийтдээ ЗХУ-ын харъяат 5000 орчим хүн дайнд мордож байлдаан, тулалдаануудад оролцсон.

Дөрөвт, Дайн дууссанаас хойш 70 жил өнгөрөөд буй өнөө үед Монгол Улсын БХЯ-наас гаргасан тоогоор Эх орны их дайнд оролцсон 342 ахмад дайчин Монголд амьд сэрүүн аж төрж байна.

Тавд, Монголчууд дайн үеэр хагас сая агт морьдоор тусалсан. Дэлхийн өөр хаанаас ч ийм тусламж авч чадахгүй байсан. Мөн 500 мянган тонн мах нийлүүлсэн. Тэр үед 800 мянга орчим хүн амтай байсан БНМАУ дэлхийн тэргүүлэх зэргийн баян гүрэн байсан АНУ-ын тусламжийг харьцуулж үзэж болох юм. Дайнд оролцож байсан 5 агт тутмын нэг нь монгол морь байсан. Зөвлөлтийн цэргүүдийн өмсч байсан 5-6 шинель бүрийн нэг нь Монголынх байсан.

Зургаад, Фашистын танкийн хуягийг нэвтэлж байсан сумыг бэхжүүлж үйлдвэрлэдэг вольфрамыг Монголоос нийлүүлж байв.

Долоод, Монголын цэргийн насны бүх эрчүүд таван дивизийг бүрдүүлж байсан. Тэднээс Зөвлөлтийн дайчидтай хамтран Зүүн хойд Хятадыг Японы Квантуны армиас чөлөөлөх дайнд оролцсон.

Мөн монголчууд дайны цагийн байдалд шилжиж хатуу дэг журмын дор ажиллаж байсан. Улсын төсвийнхөө 50 хувийг цэргийн хэрэгцээд зориулж байлаа. Хоёр орны найрамдал ингэж бэхжиж ирсэн юм гэлээ.

Эх сурвалж: president.mn


 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • nom 2015-05-07 10:09:06
    orosiig muuldag nuhduuded ene nomnoos ogmoor yum, daanch nogooduul ni unshij bas chadahgui dee. mongolchuud yalaltiin toloo orosuudad tuslasaniig bas oilgohgui ...
  • Иргэн 2015-05-07 07:40:29
    Ю.Кручкинд баяр хүргэе. Монголыг гэсэн халуун сэтгэлтэй энэ хүнд монголчууд бид баярлан талархахаас өөр юм хэрэггүй. Өөр юм ч хүсээгүй хүн.
  • 1958.mn 2015-05-07 05:36:44
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
  • zochin 2015-05-07 05:06:01
    urid n ene talaar ogt dursaj baigaagui humuus shuu dee, odoo yu bolson yum bol doo.