T.Бат-Очир: Их урт амьдрал туулж, хангалтай ихийг үзлээ
1945 оны чөлөөлөх дайнд оролцож явсан, 94 настай ахмад дайчин, бэлтгэл дэд хурандаа Т.Бат-Очир гуайтай уулзаж ярилцав.

Та ингэхэд урагшаа Хятадын аль муж, хот хүртэл тулалдсан хүн бэ?

-Өвөө нь 1945 оны чөлөөлөх дайнд оролцохдоо Холбооны тусгай хорооны холбооны засварын даргаар бага дэслэгч цолтойгоор оролцож явсан хүн. Бидний үүрэг бол байлдааны үеэр гэмтэж хэмхэрсэн холбооны техник хэрэгслийг засварлан урагшаа Долнуур хот хүртэл явсан. Долнуур дээр радио станц байсныг мөн л засч ажилд оруулж байсан. Манай холбооны хороо гурав хуваагдсан юм. Нэг хэсэг нь радио станцтай командлагчийн холбоо болж явсан. Нөгөө хэсэг нь командлагчийг ар талтай холбох үүрэг гүйцэтгэж байсан.

-Тантай цуг мөр зэрэгцэн тэмцэж явсан хүмүүсээс өнөөдөр амьд сэрүүн хэдэн хүн байгаа вэ?

-Өө хөөрхий хорвоогийн жамаар унаад дуусч байна. Одоо ер нь гурван хүн л үлдсэн. Халзан гээд жолооч байна. Нэг радист байдаг юм. Би нэрийг нь мартжээ. Тэгээд би байна даа.

-Та энэ жил хэдэн нас сүүдэр зооглож байна?

-Өвөө нь календарын насаар 95, жинхэнэ насаараа бол 94-тэй. Ардын хувьсгалтай чацуу, 1921 онд төрсөн хүн байгаа юм.

-Та аль аймаг, хошууны хүн бэ?

-Өвөө нь хуучны Засагт хан аймаг буюу одоогийн Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат хүн. Тэр үедээ Завхан аймгийн Эрдэнэ сум гэж байхад нь 1940 онд цэрэгт татагдаж байлаа.

-Цэргийн албанд хэдэн жил зүтгэсэн бол. Хэдэн онд бэлтгэл дэд хурандаа цолтой гавьяаныхаа амралтад гарсан бэ?

-Өвөө нь цэргийн албанд 46 жил зүтгэсэн хүн. Холбооны инженер хийж байгаад л тэтгэвэртээ суусан.
1986 онд тэтгэвэртээ гарсан гэхээр дараа жил 30 жил болох гэж байгаа юм байна. Мөн ч олон жил өнгөрч дээ.

-Аль ангиас тэтгэвэрт гарсан бэ. Одоо ангийн чинь зүгээс эргэж тойрдог уу?

-Аа би 013 буюу Сонсголонгын наана байгаа ангиас тэтгэвэрт гарсан хүн. Зөвхөн тэр ангид сүүлийн 25 жил алба хаасан. Хөөрхий минь өвгөн намайг марталгүй байнга л эргэж тойрч, тус дэм үзүүлж байдаг юм. Ангиас гадна Жанжин штаб байнгын холбоотой байж эргэж тойрч, баяр ёслолоор хүлээн авч гарын бэлэг өгдөг.

-Таны энгэр дээр Д.Сүхбаатарын одон, Байлдааны гавьяаны улаан тугийн одон, Алтангадас одон гээд бүх л одон, медаль байна. Д.Сүхбаатарын одонг хэдэн онд авч байв?

-Өвөө нь Сүхбаатарын одонгоор 1972 онд шагнуулсан. Миний энэ одонгийн номер нь 975 байгаа юм. Монгол Улсдаа 975 дахь хүн нь болж Сүхбаатарын одон хүртсэн гэсэн үг л дээ. Байлдааны гавьяаны Улаан тугийн одонг бол 1966 онд хүртсэн.

-Олон жилийн дараа бодож байхад 1945 оны чөлөөлөх дайны үеэс ямархуу дүр зураг таны сэтгэлд мөнхөрч үлдсэн бол?

-Тэр үед “дайснаас нэгийг хороовол солио, хоёрыг хороовол хожоо” гэж л тэмцэж явсан санагддаг. Биеэ хамгаалах нүх, шуудуу л маш их ухдаг байсан нь сайн санагддаг.
1941 онд Герман ЗХУ-д довтолсноос хойш дөрвөн жил Монголын ардын арми дайны байдалтай, нэг ёсондоо байлдааны бэлэн байдалд байсан юм. Байлдааны бэлтгэлийг өдөр, шөнөгүй хийж байсан юм. Урагшаа Хятад руу ороод жигтэйхэн ядуу гуйлгачин шахуу олон тосгон, суурингаар дайрч байсан нь санаанд үлджээ.

-Та хэдэн хүүхэдтэй вэ. Таны мэргэжлийг өвлөж, цэрэг, армиар яваа хүн бий юу?

-Өвөө нь дөрвөн хүүхэдтэй. Хамгийн том хүү маань Завхан аймгийн цэргийн хэлтэс, холбооны ангид алба хааж байсан хошууч цолтой хүн байсан. Өнгөрсөн жил бурхан болчихсон доо, хөөрхий минь.

-Та бас яруу найраг бичдэг гэсэн үү?

-Өвөө нь эр цэргийн хамгийн их хүндэтгэл болсон жанжин тугийн тухай дөрвөн шүлэг бичсэн. Тэр шүлгээр минь дуу хийчихсэн, одоо цэргүүд дуулдаг юм билээ.

-Өнөөдөр та хэдэн төгрөгийн тэтгэвэр авдаг вэ. Амьдрал ахуйд нь хүрэлцэж байна уу?

-Өө төрийнхөө хишгийг харамгүй хүртлээ. Нас 95 хүрлээ. Хорвоогийн баяр, жаргал, уйтгар зовлонг хангалттай үзэж, тууллаа. Тэтгэвэр боломжийн авдаг. Гэхдээ өвөө нь тэр талын юмыг өөрөө нэг их зохицуулдаггүй, сайн мэдэхгүй. Үр хүүхдүүд, ач зээ нарынхаа буянд сайн сайхан л амьдарч явна. Хорвоод үзэж харах, эдэлж туулах бүхнийг хангалттай үзлээ, харлаа. Улс орон маань сайхан хөгжихийг үзлээ. Сайхан байна аа хүүхдүүд минь.
 
Өглөөний сонин
Д.Энхтүвшин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.