1072
Тавантолгой өнөөдөр яг л “хэрүүлийн алим” шиг байна. Түүний дотор иргэн бүрийн гэгдэж буй хувьцаа, эднийгээ хэрхэх тухай асуудал бас л аян шалтаг нэмж буй.Саналын эрхгүй, УИХ-ын дарга З.Энхболдын өгүүлж буйгаар 20 жилийн дараа 2500 төгрөг ноогдох 1072 хувьцаа. Уул нь үнэт цаас, гэвч өнөөдөр үүнийг үнэ цэнгүй болгох, үнэ хүрэхгүй гэж ойлгуулах гэсэн оролдлогууд хаа сайгүй явж байна. Байгалийн, газрын хэвлийн баялгаасаа тэгш шударгаар хувь хүртэх гэсэн монголчуудын анхны оролдлого уг нь энэ хувьцаа юм. Засгийн газрын 2010 оны 39, 2011 оны 98 дугаар тогтоолын дагуу иргэд, аж ахуйн нэгжүүдэд адил тэгш хуваарилсан. “Энержи Ресурс” корпораци болон “Шинхуа” компанийн консорциумтай байгуулахаар боловсруулсан гэрээгээ батлуулахаар УИХ-д өргөн барьсан материалууд­­даа Засгийн газрын хав­­сар­­гасан танил­­­цуулгад, хувьцааны 14 016 955 275 ширхэг буюу 93.44 хувь нь төрийн мэдэлд, 974 547 054 ширхэг буюу 6.5 хувь нь нийт 971 217 иргэнд, 8 497 671 ширхэг буюу 0.06 хувь 553 үндэсний аж ахуйн нэгжид байгаа гэсэн байна.

Уул нь бүх иргэнд хувьцаа хуваарилсан хэдий ч 1 503 984 хүн 1 583 628 456 ширхэг хувьцаагаа төрд 1.0 сая хүртэл төгрөгөөр буцаан зарсан байгаа юм. “Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн халамжийн төв” ХХК-ийн албан сайтад доор хүснэгтээр үзүүлсэн бүртгэл байна.

Хувьцаа тараах зарчмаар нийгмийн баялгийг хуваарилах энэ арга өнөөдөртөө хүн төрөлхтний бодож олоод буй арай дөнгүүр арга юм. Бас ч гэж шалгагдаж, туршигдсан “бэлэн хоол”. Гэтэл үүнийг манай улс зүгээр л хуулж аваад хэрэглэчих нь битгий хэл зүглүүлээ ч үгүй байгаагийн илрэл нь Тавантолгойн 1072 болоод байна. Яг мэргэжлийн хүмүүс энэ хувьцааг албажиж, үнэт цаас болоогүй, хөрөнгийн биржид бүртгэгдээгүй, зүгээр л “улс төрийн шийдвэр” болж цаасан дээр бичигдсэн хоосон тоо гэдгийг сануулж буй. “Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн халамжийн төв” ХХК хувьцааг 535 гэсэн цифрээр кодлоод бүртгэчихсэн байхад... гэж мэтгэх хэн нэгэн гарч мэдэх юм. Гэвч хөрөнгийн зах зээлийн арилжаа, наймаа бодитоороо хийгдэж байдаг “хар зах” гэж нэрлэж болох Монголын хөрөнгийн биржид “Эрдэнэс Тавантолгой” гэдэг хувьцаат компани, эдний үнэт цаасыг бэлгэдсэн симбол огт байхгүй. Биржийн www.mse.mn сайтаас яаж ч хайгаад гарч ирэхгүй. Монгол Улсын Үндсэн хуулиар Тавантолгойн нүүрс бол ард түмний өмч. Өөрөөр хэлбэл, “ард түмэн”-д өмч хөрөнгө нь аль хэдийнээ хуваарилагдчихсан. Одоо Бат, Болд, Дорж, Дулмаа нарт, Монгол Улсын иргэн, дугаар хорооны оршин суугч, дугаар хороо ч үгүй оршин суугчид яаж бодитойгоор хүртээх вэ гэдэг асуудал л шийдлээ хүлээгээд байгаа юм.

Баялаг бүхий улс орнуудад шууд хуваарилалтын, тогтворжуулалтын гэх мэт сангууд байгуулсан туршлага бий. Зөв авч явбал муугүй технологи. Ийм сангуудын үйл ажиллагааг зөвхөн бэлэн мөнгө тараах бус, хөрөнгө оруулалтын, бүтээн байгуулалтын давхар функцтэйгээр явуулж, үр дүнд хүрсэн туршлага цөөн биш. Манай улс энэ туршлагыг хуулбарлаж, “Хүний хөгжлийн” гэх гоё нэртэй сан байгуулсан боловч өнөөх нь буруу менежментээр ажиллаад, сонгуулийн амлалт биелүүлэх улс төрийн хэрэгсэл болон хувирч, улмаар өр ширний хүүдий болоод дууссан. Үндсэндээ манай улсад баялгаас орж ирж буй орлогыг зөв зохистойгоор, үр ашигтайгаар зарцуулах, мөн нийтэд хүртээлтэй байлгах механизм өнөөг хүртэл ор тас байхгүй байгаа юм. Ийм механизмгүй юм чинь Тавантолгойг эрх барьж байгаа улстөрийн хүчнүүд, фракцууд, эдийн засаг-бизнесийн бүлэглэлүүд булаалдаж, эцэст нь хэсэг бусаг нь идэж завших бол үнэндээ “хууль ёсны, шударга, ариун” үйл хэрэг гэж хэлж болно.

Дэлхийн хүн амын ердөө гурван хувь нь нийт хөрөнгийн 80 хувийг эзэмшдэг гэсэн судалгааг олон улсын байгууллага гаргажээ. Энэ ойгүй баян гурван хувийн ард жагсдаг 10 хувь нийт хөрөнгийн 15 хувийг эзэмшдэг бол хүн төрөлхтний 60 хувийг эзэлдэг дундчууд дэлхийн нийт хөрөнгийн ердөө 5.0 хувийг л эзэмшдэг байна. Бусдад нь ямар ч хөрөнгө байхгүй. Үгээгүй гэсэн үг л дээ. Эдгээр тоо хөрөнгө баялгийн хуваарилалт дэлхий нийтээр тулгамдаж байдаг асуудал шиг харагдуулж магадгүй. Гэтэл бас тийм биш. Скандинавын орнуудад хамгийн баян хүний орлого ядуу хүмүүсийнхээс 9 дахин илүү байдаг. Үүнээс илүү гардаггүй. Гаргадаггүй. Тийм механизмтай. Тэгтэл Монголын орлого багатай хэсгийнхний болон уул уурхайн эздийн орлогын хоорондох зөрөө 250 дахин их байгааг Эдийн засаг, хөгжлийн хамтын ажиллагааны байгууллага (OECD) “Орлогын тэгш бус байдал” судалгааныхаа тайланд дурдсан байна. Үндэсний статистикийн хорооноос 2013 онд хийсэн судалгаагаараа манай улсын хамгийн чинээлэг 20 хувийн хэрэглээ нь нийт хүн амын 60 хувийг эзэлж буй орлого багатай бүлгийнхний хэрэглээнээс 5,7 пунктээр илүү байгааг тогтоосон байдаг. Нарийвчилбал, Монголын хамгийн өндөр орлоготой нэг хүний сарын дундаж хэрэглээ хамгийн бага орлоготой хүнийхээс 8.3 дахин өндөр байж. Хоёр жилийн өмнөх энэ харьцаа өнөөдөр яаж өөрчлөгдсөнийг багцаалж болно.

Эдгээр тоон үзүүлэл­­­­түүдээс Монголын нийгмийн тэгш бус байдал хэт их болж, баян, ядуугийн хоорондын ангал асар өргөссөн нь тодорхой харагдаж байна. Энэ бол маш аюултай нөхцөл байдал юм. Нийгмийн орлого хэт төвлөрөх нь ардчилалд аюултай гэж Нобелийн шагналт эдийн засагч, профессор Пол Кругман бичсэн байдаг. Баячуудын орлого нэмэгдэх тусам улстөрийн нөлөө нь улам нэмэгдэнэ, тэр хэрээр улстөрийн шийдвэрүүд хүн амын дийлэнх, олонхийн талд биш цөөн тооны улстөрд нөлөөтэй, мөнгөтэй эрхмүүдийн талд гардаг нь ерөөсөө түүхээр нотлогдчихсон зүйл.
Колумбын Их сургуулийн профессор, Нобелийн хүндэт шагналт Жозеф Стиглиц ашиг сонирхлын нэг буюу хэсэг бүлгийн гарт улстөрийн эрх мэдэл төвлөрвөл тэд өөрсдийн эрх ашигт нийцсэн бодлогыг илүүтэй хэрэгжүүлж, нийгмийн нийтлэг эрх ашиг хохирч, хөгжил хойш хаягддаг хэмээн бичжээ.

Байгалийн баялгаар баян улс орнууд эдийн засгийн хувьд хоцрогдож, хямардгийн учрыг тэр үндсэн гурван шалтгаанаар тайлбарласан,

1. Баялгийн үнэр, амтыг авмагц төрийн өндөр тушаалтнууд түүнийг олж авахын тулд хоорондоо тэм­цэлддэг. Энэ тэмцэл, зөрчлийг нь гадаадын компаниуд ч өдөөж өгдөг.Учир нь тэр баялгийг хямд олж авахын тулд үйлдвэрлэлд хөрөнгө оруулснаас албан тушаалтныг хахуульдсан нь хямд тусдаг.

2. Байгалийн баялгийн үнэ тогтворгүй байдаг. Нөхцөл байдал таатай байхад зээлдүүлэгчид зээл олгох дуртай ч түүхий эдийн үнэ буурах хандлагатай болмогц мөнгөө буцааж авахыг эрмэлздэг.

3. Нүүрс, зэс болон байгалийн бусад баялаг үнэхээр орлогын эх үүсвэр мөн ч ажлын шинэ байр бий болгодоггүй, эдийн засгийн бусад салбаруудыг шахдаг. Жишээ нь, баялаг борлуулж олсон мөнгө нь валютын ханшийг өсгөж, “голланд өвчин” үүсгэнэ.

Стиглицийн тайлбарт дур­­дагд­сан нөхцөл шалтгаанууд бидэнд өнөөдөр хэтэрхий танил байгааг анзаарч байгаа байх. Манайд өнөөдөр тохиол­­дож байгаа “Тавантолгойн синдром” тэгэхээр шинэ юм биш байх нь. Үнэндээ Тавантолгойг яаж олборлох вэ, хэн зөөж тээвэрлээд, хэрхэн борлуулж орлого олох вэ гэсэн “бодлого” өнөөдрийн энэ их хэл ам, хэрүүл тэмцлийн хаана нь ч байхгүй. Орж ирэх мөнгийг хэн нь их, хэн нь бага идэх вэ гэсэн юм л яриад байгаа юм шүү дээ. Яагаад гэвэл, манайд нийгмийн баялгийг хуваарилах механизм байхгүй, 1072 хувьцаа ч байхгүй.
 
Өглөөний сонин
Д.Энхболдбаатар
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2015-05-07 00:51:48
    Hoyr tolgoin asuudal ch barag irgenii dain ruu hutulj baih shig bana doo
    103.229.122.220
    Мэдэгдсэн Хариулах