XVI байрны засварын мөнгийг хэн төлөх вэ
Нийслэлийн онцгой комиссын шийдвэрээр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны 16 дугаар байрны оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж, байрыг цагдаагийн хамгаалалтад аваад багагүй хугацаа өнгөрлөө. Өнгөрсөн хугацаанд Мэргэжлийн хяналтын ерөнхий газар дүгнэлтээ гаргаж, тус байрыг”Нураах шаардлагагүй”  гэж үзсэн. Улсын байцаагчдын гаргасан дүгнэлтээр, 16 дугаар байр нь газар хөдлөлтийн долоон баллын эрчимтэй бүсэд байрладаг. Тус барилгын хажууханд анх 1998 онд үйлчилгээний барилгын зориулалтаар 0.02 га газрыг “Хэмнэл орчлон” ХЭАА-д гурван жилийн хугацаагаар ашиглуулж байжээ.
 
Гэвч захирамжийг дагасан гэрчилгээ, гэрээ зэрэг нь огт байдаггүй аж. 2008 оны долдугаар сард нийслэлийн Засаг даргын захирамжаар тус газрыг “Эн Эс Ар” компани эрх шилжүүлэн авч, гарааж барих болсон байна. Дөрвөн сарын дараа “Би Жи Би Жи” эрх шилжүүлэн авч орон сууц, үйлчилгээний барилга барих зориулалтаар хотын даргын захирамжийн дагуу эзэмшиж байхдаа анх дагалдах эрх, гэрчилгээ аваагүй байна. Энэ захирамж 2014 оны хоёрдугаар сард үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар олгосон газар болон хувирч эрх, гэрчилгээ, гэрээ зэрэг нь баталгаажжээ. Ийнхүү шат шатаар барилгын зориулалт болон газар олголт өөрчлөгдөх явцад Нийслэлийн Барилга хот байгуулалтын газар, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Барилгын хөгжлийн төв, Барилга хот байгуулалтын яамнаас холбогдох хууль, тогтоомж зөрчиж “Би Жи Би Жи’’-д тал зассаар байсан нь эцэстээ өнөөдрийн балагтай байдалд хүрчээ.
 
Уг нь барилга барих зураг төсөл, эх загвар зургийг нь бүгдээрээ л баталцгааж тамга дарцгаасан байдаг. Энэ бүхний эцэст 16 дугаар байрны хажууд барилгын хууль, стандарт зөрчиж газар шорооны ажил эхлүүлснээр тус байрны суурьт доргилт өгч, тодорхой хэмжээгээр хазайлт үүссэн байх талтай. Яг энэ талаар Мэргэжлийн хяналт, Онцгой байдлын албанаас удаа дараа шаардлага хүргүүлсэн боловч “Би Жи Бй Жи”-гийнхэн хүний урманд тоож үзээгүй. Тэд ч нүхээ ухсаар 16 дугаар байрныхан ч ухсан нүхэнд нь унаж үхчихэлгүй шиг гэлдэрсээр өнөөдөртэй золгожээ. Сүүлдээ иргэдийн тэвчээр барагдаж “16 дугаар байранд цууралт үүссэн, гэнэт хазайснаас болж цонхнууд хагарсан” гэсэн ташаа мэдээлэл ч тарааж үзэв. Энэ талаар албаныхан айл бүрээр орж шалгаад, хэмжилт хийхэд огт тийм зүйл байгаагүй хэмээн батлаад байгаа. Сүүлдээ Оросууд барилгыг анхнаасаа дөрвөн см налуу барьчихсан болж таараад байгаа. Тиймээс улсын байцаагчид 16 дугаар байрны хажууд ухсан газрыг битүүлж, хөрсийг нь хүчитгэн бэхжүүлэхэд л хангалттай гэж үзээд байгаа.
 
Гэтэл байрныхаа асуудлыг шийдэгдэхийг хүлээж буй 48 өрхийн 250 орчим хүн зочид буудлаар хоног төөрүүлж яваа. Тэднийг байрнаас нь нүүлгэснээс хойш бараг 20 орчим хоночхоод байгаа. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дүгнэлт гарснаас хойш ч долоо хоног өнгөрчихлөө. Энэ талаар Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа А.Батмөнхөөс тодруулахад “16 дугаар байрнаас гурван метрийн зайд бохирын хоёр худаг байдаг. Энэхүү худгийн орчимд хөрсний шилжилт хөдөлгөөн үүсэх эрсдэлтэй бөгөөд энэ нь байрны сууринд нөлөөлж болзошгүй. Тиймээс ухсан нүхийг битүүлж, хөрсийг хүчитгэн бэхжүүлээд оршин суугчдыг буцааж оруулж болно” хэмээв. Гэхдээ тэр нүхийг зүгээр булаад орхиж болохгүй, тусгай зориулалтын аргаар хөрсийг нь бэхжүүлэх шаардлагатай гэнэ. Хэрхэн бэхжүүлэх талаар зураг төсөл, төлөвлөгөөг нь ч гаргачихсан байгаа гэж албаны эх сурвалж мэдээллээ.
 
 Энэхүү асуудлыг Нийслэлийн  Худалдан
авах ажиллагааны газар хариуцаж байгаа бөгөөд дээрх ажлыг ямар компаниар гүйцэтгүүлэхээ өнөөдөр шийдэх учиртай. Хэрэв энэ асуудлыг шийдчихвэл хөрсийг хүчитгэн бэхжүүлэх болон цутгалтын ажлыг долоо хоногийн дотор хийгээд дуусгачих боломжтой гээд байгаа.  Уг урсгал засвар болон оршин суугчдын зочид буудалд хоноглох мөнгийг Нийслэлийн Нөөцийн сангаас гаргаж буй. Тэд бүх ажил дууссаны дараа энэ ажилд зарцуулсан бүх зардлаа анх энэхүү үйл явдлын гол буруутнаар “тодроод” байсан “Би Жи Би Жи” ХХК-иар гаргуулна хэмээн мэдэгдэж байгаа. Иргэд ч “Эн Эс Ар” болон “Би Жи Би Жи” компаниудаар бүх зардлыг төлүүлэх саналтай байгаа. Гэтэл Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дүгнэлтээр тус компани буруугүй нь тогтоогдож, Оросууд л халамцуу, согтуудаа дөрвөн см хазайлгаад барьчихсан болж таараад байгаа. Тэгэхээр 16 дугаар байртай холбоотойгоор гарсан бүх зардлыг хэн Нийслэлийн Нөөцийн санд эргүүлэн төлөх вэ гэдэг нь тодорхойгүй үлдэж байна. Манайхан мөн ч сайн аргалж, бужигнуулж гаршиж дээ.
 
Өглөөний сонин
Ц.Баттуяа
 
   
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ЧАДВАРГҮЙ НИЙСЛЭЛИЙН УДИРДЛАГА 2015-05-06 09:09:12
    ЧАДВАРГҮЙ МЭРГЭЖИЛТНҮҮДТЭЙ НИЙСЛЭЛ БОЛЬЖ ҮЗ ХУДЛАА БИЧИГ ЦААСТАЙ ЗУУРАЛДХААС ӨӨР ЧАДАХ МЭДЭХ ЗҮЙЛ ЮУ Ч БАЙХГҮЙ \
  • зочин 2015-05-06 01:58:49
    2014 онд Үйлчилгээтэй орон сууц болгож зөвшөөрөл өгсөн Батүүл төлөх ёстой байх аа
  • ? 2015-05-06 01:09:38
    Мэдээж зүйлийг ингэж асууж байх ямар шаардлагатай юм бэ?
  • 1958.mn 2015-05-06 00:46:57
    . +Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!