Д.Нямсүрэн: Мотоцикль үргүйдэлд хүргэж байна
Монголчуудад тэр дундаа хөдөөгийн иргэдийн эрүүл мэнд, амь насанд халгаатай унаа хятад мотоцикль болоод байна. Энэхүү хоёр дугуйтын ослоор өнгөрсөн онд гэхэд 112 хүн амиа алдаж, 191 хүн гэмтэж бэртсэн тоон үзүүлэлт гарчээ. Зөвхөн осол, гэмтэл ч гэлтгүй хүний эрүүл мэндэд олон сөрөг нөлөө үзүүлдэг, бүр үргүйдлийн шалтгаан ч болдог гэх. Энэ талаар Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Бөөрний мэс заслын тасгийн эрхлэгч, гавьяат эмч Д.Нямсүрэнтэй ярилцлаа.
 
-Малчид сүүлийн жилүүдэд ажил амьдралаа хөнгөвчлөхөөр морио мотоциклиор солих боллоо. Гэтэл энэ унаа  олон хүний амийг авч оддог болжээ?

-Мотоцикль талын монголчууд бидэнд ажлаа хурдан, шуурхай бүтээж, шийдэх боломжийг олгосон унаа. 1990-ээд онд нэлээд хүнд даацын, унасан ч хамгаалалт сайтай Оросын “Иж планета” мотоциклийг манайхан унадаг байсан. Монголын уур амьсгал, замд нь тохируулж үйлдвэрлэсэн болохоор тэр. 6000 гаруй төгрөгөөр л авдаг байсан байх. Харин сүүлийн үед шатахуун бага зарцуулдаг, хөнгөн авсаархан гээд хятад мотоциклийг унадаг болжээ. Гэвч сайны хажуугаар саар гэгчээр сүүлийн үед хүний алтан амь эрсдэх, тахир дутуу болох нь ихэслээ. Он гараад мотоциклийн осол аваараар 20 гаруй хүн хорвоогийн мөнх бусыг үзчихсэн гэнэ. Миний таньдаг хоёр ч хүн бурхан болчихсон. Харин Засгийн газраас мэргэжлийн газруудад чиг үүрэг өгсөн гэж дууллаа. Хятад мотоциклийг оруулж ирэхийг хязгаарлах, анхаарах нь зүйтэй гэж шийдвэрлэж. Гурван саяулаа болохын төлөө зүтгэж байгаа энэ улс оронд хүн хэрэгтэй. Жилд зөвхөн мотоциклийн ослоор хөдөлмөрийн чадвартай, нөхөн үржихүйн насныхан зуу зуугаараа үхчихвэл хэн үлдэж улсаа хөгжүүлэх вэ.

-Хятад мотоцикль ослоос гадна үргүйдлийн шалтгаан болж байна гэв үү?

-Үргүйдлээс гадна олон өвчний суурь болдог унаа. Зам харилцаа хөгжөөгүй орон нутагт охид, залуус унахаар байнгын доргилттой явна. Доргио, чичиргээг дагасан олон хүндрэл гардаг. Гар нь байнга чичиргээнд явахаар артерийн судас нь агшаад, венийн судасны зогсолт үүсээд гар нь бадайраад чинэрээд ирнэ. Эсвэл гар нь цайраад хөшөөд байдаг. Хөл, бөгсөн бие ч адил. Монголын уур амьсгал эрс тэс. Үүнийг манайхан “чөмөг царцам хүйтэн” гэж ярьдаг даа. Ийм хүйтэнд төмөр унаад давхихаар гар, хөл бадайрч, чинэрнэ. Мөн тархи толгой хага таших, хамар өвдөх, нүдний даралт болон бусад өвчнийг дагуулдаг. Элэг, дэлүү, бөөр зэрэг сул эрхтнүүд мөнхийн доргилттой явдаг. Харин морь бол биологийн паар. Өөрөөсөө халуун амьсгал, хөлс ялгаруулдаг унаа.

-Таны нэрлэсэн өвчлөлүүдээс заримаас нь манайхан өөрсдөө хамгаалж болмоор юм уу даа. Жишээлбэл, хамгаалалтын малгай, шил зүүх зэргээр. Гэхдээ малчдаас шалтгаалахгүйгээр эмгэгтэй болох тохиолдол бас байх шиг?

-Хамгаалалтын малгайгүй явсаар байтал байнга тархи таллаж өвддөг, нүдний хамгаалалтгүй давхисаар байтал нүдний эвэрлэгийн үрэвсэл, даралт ихсэх, янз бүрийн эмгэгүүд үүснэ. Гэвч каск, нүдний шил, өвдөг, бэлхүүсний хамгаалалттай явдаг нь ховор. Үүнээс гадна сүүлийн үед мотоциклийн чичиргээ, доргионоос болж бэлгийн сулралд орох, чичиргээ үргүйдэл үүсэх шалтгаан болж эхэлсэн. Эр бэлгийн эс цөөрөөд байвал эхнэртээ хаягдана, үр үндэсгүй болно шүү дээ, эрчүүд маань. Эмэгтэй хүний хувьд өндгөн эсийн боловсруулалт муудах нь ч бий.

-Мотоциклийг хө­дөөгийн эмэгтэйчүүд эр­чүү­дээсээ дутахааргүй унаж харагддаг. Тэдэнд ч бас муу нөлөөтэй байх нь ээ?

-Мотоцикль унадаг эмэгтэйчүүдийн өндгөн эсийн боловсрсуулалт муудахаар үргүйдэл үүснэ. Байнга доргио, чичиргээнд яваад байвал эмэгтэй хүн секс хийгээгүй мөртлөө дур тавилт явагддаг. Ингээд ирэхээр тэр зуршлаасаа таашаал аваад жинхэнэ эр эмийн ёсоор таашаал авч чадахгүйд хүрэх аюул бий.  Цаашлаад бэлгийн сулралд орно. Мотоциклийн чичиргээ нь тодорхой хугацааны дараа эргээд дур тавиулдаг байх жишээтэй. Эмэгтэй хүн дугуй унахыг сайшаадаггүй. Бүр эмэгтэйчүүдийн дугуйн уралдааныг олимпод оруулна, оруулахгүй гэж яригддаг шүү дээ. Үүнээс гадна доргио, чичиргээнээс болж үр зулбаж, савны өвчтэй болсон эмэгтэйчүүд, янз бүрийн гажиг өвчтэй төрсөн хүүхдүүд бий. Даанч үүнийг судалж, тогтоогоогүй.

-Эрчүүдийн түрүү булчирхайн үрэвсэлт өвчлөл нэмэгдсэн гэлцэх юм. Мотоцикльтой холбоотой юу. Энэ өвчин даарснаас болдог гэдэг байх аа?

-Өвөлд хүйтэн төмөр унаан дээр даараад явчихаар түрүү булчирхайн үрэвсэл үүсэх шалтгаан мөнөөсөө мөн. Дээрээс нь манайхан гудиггүй, хэнэггүй. Өвдлөө ч эмчлүүлэхгүй явсаар байгаад газар авхуулчихаад, магадгүй дээрээс нь нянт халдварыг давхар аваад хавсарсан хосолмол хэлбэртэй түрүү булчирхайн үрэвсэл үүсчихсэн байдаг. Надад үзүүлж буй 10 хүний гурав нь ийм өвчлөлтэй байна. Манайд нөхөн үржихүйн болон хөдөл­мөрийн чадвартай эр­чүүдийн 20-30 хувь нь түрүү булхирхайн архаг үрэвсэлтэй явна.

-Таны хэлж байгаагаар хятад мотоцикль олон өвчний үндэс болдог бололтой. Хил, гаалиар оруулж байгаа мотоциклийн стандартад ч юм уу, эсвэл хэрэглээ талаас нь эмнэлгийн байгууллагын зүгээс хяналт, шаардлага тавих боломжтой юу?
 
-Мэргэжлийн хяналтын газар өөрсдөө хяналтаа тавьдаг алба. Эрүүл мэндийн яамны бөөрний мэс заслын ерөнхий мэргэжилтэн Д.Нямсүрэнгийн хувьд өнөөдөр надаас санал авдаг бол би дуртайяа санал нэмэрлэнэ. Хамгийн гол нь стандартад нийцсэн мотоциклийг оруулж ирээд хөдөөгийнхөө ард түмэнд өгч болох юм. Харин өнөөдрийн байгаагаар нь давхиулаад байвал цөөхөн хэдэн монголчуудын минь хувь заяа харамсалтай байна.

Б.ЗАЯА
ЗУУНЫ МЭДЭЭ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2017-05-07 14:29:03
    сайхан худлаа ярих юмаа ха ха доргиод эрэгтэй хун ургуй болох гэнээ битгий балаараад бай