Ж.Батаа: Валютын зах тогтвортой байна
Монголбанкны Валют, эдийн засгийн газрын Санхүүгийн зах зээлийн хэлтсийн захирал Ж.Батаатай ханшийн асуудлаар ярилцлаа.

-3 дугаар сарын сүүлээр 2000 төгрөгт хүрч байсан төгрөгийн ам.доллартай харьцах ханш сүүлийн нэг сард бараг 50 төгрөгөөр чангараад байна. Ханш ийнхүү чангарах болсон нь ямар шалтгаантай вэ? Монголбанк валютын захад хэдий хэмжээний интервенц хийгээд байна вэ?

-Үүнийг бид нэгдүгээрт Монголбанкнаас авч хэрэгжүүлсэн бодлогын арга хэмжээний үр дүнд бий болсон макро эдийн засгийн үзүүлэлтүүдийн өөрчлөлт, хоёрдугаарт зах зээлд бий болсон нааштай хүлээлтийн үр дүн гэж харж байна.

2015 он гарснаас хойш эдийн засгийн суурь үзүүлэлтүүдэд хэд хэдэн эерэг өөрчлөлт гарлаа. Тухайлбал хэрэглээний үнийн индексээр илэрхийлсэн жилийн инфляци 2015 оны 3-р сарын эцэст 9.3 хувьд хүрч 2014 оны эцсээс 1.7 хувиар буурсан бол урсгал тэнцэл 19.6 сая ам.долларын ашигтай гарч, өнгөрсөн оны мөн үеэс алдагдал 106%-иар буурсан байна.  

Интервенцийн тухайд, өмнөх 3 жилийн статистикаас харахад Монголбанк дуудлага худалдаагаар сард дунджаар 110.0 сая ам.долларыг валютын захад нийлүүлж байсан байна. Харин энэ 4-р сард Монголбанк валютын захад 8.6 сая ам.доллар нийлүүлсэн бөгөөд дуудлага худалдаанд банкууд Монголбанкинд ам.доллар худалдах саналаар оролцох байдал давамгайлсан юм.

-Өөрөөр хэлбэл, валютын зах дахь эрэлт нийлүүлэлтийн хэмжээ Монголбанкны интервенцийн оролцоогүйгээр тэнцвэржиж ирж байна. Тодруулбал, Монголбанкны ямар арга хэмжээний үр дүнд ханш ийнхүү чангарах болсныг тайлбарлахгүй юу?

-Бид 2014 оны 7-р сар, 2015 оны 1 дүгээр сард төгрөгийн өгөөжийг нэмэгдүүлэх, богино хугацаанд урсгал тэнцлийн алдагдлыг бууруулах, инфляцийг нам, тогтвортой түвшинд байлгах зоргилгоор бодлогын хүүгээ 10.5 хувиас 12.0 хувь, 12.0 хувиас 13.0 хувьд хүргэж тус тус нэмэгдүүлсэн.
Түүнчлэн дэд хөтөлбөрүүдийн арга хэрэгслийг зах зээлийн нөхцөлд үе шаттайгаар шилжүүлэн, УИХ-ын 2015 оны 41 дүгээр тогтоолын дагуу 2015 оны 6 дугаар сард багтаан Засгийн газарт шилжүүлэх ажлыг Сангийн яам, бусад холбогдох газруудтай хамтран зохион байгуулж байна. Энэхүү арга хэмжээ нь мөнгөний зах дахь төгрөгийн илүүдэл нөөцийг бууруулж, төгрөгийн өгөөжийг нэмэгдүүлснээр валютын ханш тогтворжих нөхцөлийг бүрдүүлж байна.

-Цаашид ханшийн динамик хэрхэн өөрчлөгдөх бол?

-Төгрөгийн ам.доллартай харьцах ханш цаашид тогтвортой байх нөхцөл бүрдсэн.

-Ярилцсанд баярлалаа.
Л.Цог
 
Бусдад түгээх
  • gplus