Швейцарийн банк шиг ажиллах "Онлайн эрх чөлөө"
Өнөөдөр дэлхий нийтэд хамгийн хүртээмжтэй, хамгийн хурдан цар хүрээгээ тэлж байгаа ойлголт бол “Онлайн эрх чөлөө” билээ. Чухамдаа цахим эрх чөлөө гэгч нь гуравхан сая Монголчуудыг дэлхийтэй хөл нийлүүлэн алхуулж, магадгүй зарим үзүүлэлтээрээ түрүүлж гүйх боломж, бололцоог бидэнд олгоод байгаа.
 
Өнөөдөр 4000 гаруй цахим сайт албан ёсны зөвшөөрөл авсан мэдээ байгаа нь гурван сая Монголчууд “Онлайн эрх чөлөө”-г давуулан эдэлж байгаагийн хамгийн тодорхой үзүүлэлт мөн. Хэдийгээр Монгол Улс “Онлайн эрх чөлөө” эвслийг тэргүүлэх хэмжээнд хүртэл цахим технологи бидний өдөр тутмын зайлшгүй хэрэглээ болсон ч өнөөдөр энэ талын харилцааг зохицуулах хууль эрх зүйн орчин бүрдээгүй л байгаа.
 
Гагцхүү өмнөх Засгийн газрын үед цахим сайтуудын сэтгэгдлийг хянаж, зарим нэг хязгаарлалт хийж, ганц хоёр хүнд хамаатай асуудал дэгдэж байсан ч олон нийтийн шахалт, эсэргүүцлээр тэгсхийгээд намжиж байсан.
 
Харин нийгмийн тодорхой хэсэгт илт буруу үлгэр дууриал үзүүлж, зарим нэгэн гэмт хэргийн үүсэл, сэдэл болж байгаатай холбогдуулан порно сайтуудыг хааж, хязгаарлаад байгаа нь Монголчуудын “Онлайн эрх чөлөө”-нд халдсан төрийн ганцхан дарангуйлал гэж ойлгож болно. Бусдаар бол хүний эрх, зохиогчийн эрх, нэр төрд халдан доромжилсон зэрэг асуудал өнөөдөртөө Монгол Улсын хэмжээнд “Онлайн эрх чөлөө”-гөөр зохицуулагдсаар байгаа. Товчхондоо Монголчууд “Онлайн эрх чөлөө”-тэй улс.
 
Төрийн ордны Их танхимд өчигдөр эхэлж, өнөөдөр өндөрлөх “Онлайн эрх чөлөө” эвслийн V бага хурлыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Эвслийн гишүүн орнуудын төлөөлөгчдийн тэргүүн нар үг хэлсэн. Монгол Улсын тэргүүлж буй “Онлайн эрх чөлөө” олон улсын эвслийн Сайд нарын V бага хурлыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Буухиагаар мэдээллийг хүргэх систем эрт дээр үеэс манайд уламжлагдан ирсэн өртөөний системтэй. Ийм агуу тогтолцоог өдий болгосон оронд цахим эрх чөлөөний тухай ярьж байгаа нь цагаа олсон хэрэг. Фэйсбүүк, твиттер, гүүглд өөрийн баазаа бий болгох боломжтой. Бид Швейцарын банк шиг л ажиллана. Мэдээлэл технологийн салбарт ажилладаг хүмүүстэй та бүхэн хамтран ажиллаарай. 20 жилийн дараа манай улс мэдээллийн технологи тал дээр тэргүүлэгч болно гэдэгт итгэж байна. Манай залуучуудын мэдлэг боловсрол үүнийг хийх боломжтой. Онлайн эрх чөлөөний эвслийн байрыг Улаанбаатарт байршуулах боломж бий" гэж хэлсэн нь өчигдрийн хамгийн гол дуулиантай мэдээлэл болсон.
 
“Онлайн эрх чөлөө” эвслийн V бага хуралд хүрэлцэн ирсэн гадаадын зочид, төлөөлөгчдөд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үг шууд тусч, аргагүй л байгаа оносон нь тэдний царай төрх, алга нижигнүүлэн ташиж байгаагаас тодорхой харагдсан. Тэд “Энэ Монголчууд аргагүй эрх чөлөөтэй хүмүүс юм. Цахим эрх чөлөөг Швейцарын банктай харьцуулж байгаа Ерөнхийлөгч нь ч хошин шогийн өндөр мэдрэмжтэй нэгэн юм байна" гэцгээсэн нь тодорхой. Магадгүй тэд “Онлайн эрх чөлөөний эвслийн байрыг өөр хаана ч биш, Монголд, тэр тусмаа Улаанбаатарт байрлуулах нь хамгийн зөв сонголт мөн” гэж ярилцсан байж ч болзошгүй. Харин бид Ерөнхийлөгчийнхөө хэлснээр “Онлайн эрх чөлөөний манаанд Швейцарын банк шиг л 24 цагаар нүд цавчилгүй зогсож, хамгаалах, ажиллах хэрэгтэй” болж байна. Өчигдөр үдээс өмнөх хуралдаанаар Эвслийн үйл ажиллагааны тайланг танилцуулж, Улс орнуудын интернет бодлогын асуудлаар хуралдаан болсон бөгөөд үдээс хойших хуралдаанаар нь “Ази тив дэх интернет эрх чөлөөний чиг хандлага” сэдэвт бүгд хуралдаан, “Интернетийн засаглал ба хүний эрх, ардчиллын үнэт зүйл, нээлттэй, ил тод байдлыг хөгжүүлэх нь”, “Онлайн эрх чөлөөний төлөө тэмцэгчдийг хамгаалах нь”, ”Олон улсын болон иргэний нийгмийн байгууллагуудын сурталчилгаа, мэдээллийн арга хэмжээнүүд”, “Мэдээлэл, харилцаа холбооны ирээдүйг хөгжлийн     зорилтуудад тусгах нь” , “Чөлөөт хийгээд найдвартай    интернет", “Онлайн эрх чөлөө”-ний асуудлаар бодлогын шилдэг туршлага, “Онлайн эрх чөлөө” эвслийн III дугаар ажлын хэсгийн хуралдаан, “Онлайн эрх чөлөө” эвслийн I дүгээр ажлын хэсгийн хуралдаан, “Онлайн ертөнц ба сэтгүүлчийн хариуцлага”, “Хууль дээдлэх ёс ба хүний эрхийг хамгаалах нь”, “Онлайн эрх чөлөөний асуудлаар олон улсын хэм, хэмжээ” сэдэвт салбар хуралдаан, семинарууд үргэлжилсэн.
 
Дэлхийн хүн амын 30 орчим хувь буюу хоёр тэрбум 95 сая гаруй хүн Онлайн орчинд бүртгэгдэж, сард дэлхий дахин 35 тэрбум цагийг Онлайн орчинд өнгөрүүлж, өдөрт 250 сая ТВИТ, 800 сая “UPDATE” фейсбүүкт хийгдэж байгаа аж. 2012 онд Онлайн эрх чөлөө нь хүний үндсэн эрхийн нэг хэмээн НҮБ-аас зарлаж байж. Гэвч Онлайн эрх чөлөө гэж юу болох талаар хууль зүйн нэр томьёо байхгүй. Онлайн эрх чөлөө гэж Онлайн /цахим/ орчинд хувь хүн эрх, эрх чөлөөгөө хэрхэн эдлэх тухай ойлголт бөгөөд 2010 оны долоодугаар сард Финлянд улсын иргэн бүр өргөн зурвасын холболтын нэг мб хандах эрхтэй хэмээн тунхаглажээ.

Тэгвэл 2015 онд 100 мб болгож нэмэгдүүлсэн байна. Цахим орчин бол хязгааргүй орон зай юм. Хил, соёл, үндэстнээр үл хязгаарлагдсан глобал орчин нь хязгааргүй бизнес, зах зээл болон тэр хэрээрээ хүмүүсийн хязгааргүй харилцааг бий болгож байгаа. Дэлхийн 60 гаруй орны төр, засгийн газар, хувийн хэвшил, түүний дотор “Goo­gle”, “Mozilla”, “Twitter” зэрэг мэдээлэл холбооны салбарын тэргүүлэгч компаниуд,  ЮНЕСКО ЮНИСФ болон Азийн сан, Амнести интернэйшл, “Human Rights Watch”, “Дижитал Партнерс глобаль” зэрэг иргэний нийгмийн болон судалгааны байгууллагын төлөөлөл гадаад, дотоодын 300 гаруй төлөөлөгч оролцож байгаа “Онлайн эрх чөлөө” Олон улсын эвслийн сайд нарын V бага хурлын индэр дээрээс Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Онлайн эрх чөлөө”-г Швейцарын банк шиг найдвартай сахин хамгаалахаа илэрхийллээ.
 
 Гэтэл тун удахгүй УИХ-аар хэлэлцүүлэхээр болоод байгаа Гэмт хэргийн болон Зөрчлийн тухай хуулийн тодорхой бүлэгт хэвлэлийн эрх чөлөөг боомилсон, редакцын дотоод хэрэгт хошуу дүрсэн олон заалт явж байгаа. Зах зээлийн системд эргэлт буцалтгүй шийдэж “капитализм” байгуулж буй Монголын өнөөдрийн нийгэмд хэвлэл мэдээллийн салбар өөрөө өөрийгөө санхүүжүүлэхийн тулд реклам, зар сурталчилгаа явуулах, тодорхой санхүүжилт босгох зайлшгүй шаардлагатай. Гэтэл дээрх хуулиудад энэ эрхэнд халдсан, хэвлэлийн редакцын эрх чөлөөнд халдсан нэлээн хэдэн заалт явж байгаа.
 
“Онлайн эрх чөлөө” бол хэвлэл мэдээллийн эрх чөлөөний салшгүй нэгэн хэсэг. Гэтэл Ерөнхийлөгч нь “Бид Швейцарын банк шиг найдвартай, эрх чөлөөтэй” гэж тунхаглаад байхад доогуур нь сэтгүүлчдийн үзгийг хураах, микрофоныг хаах хууль батлахаар гүйлдээд байж болохгүй билээ.
 
Өглөөний сонин
Д.Энхтүвшин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • сайханбилэг 2015-05-05 14:33:50
    Шаал даа ёоооо
    122.201.22.27
    Мэдэгдсэн Хариулах
  • Элбэгээ  2015-05-05 02:54:01
    Элбэгээ чи битгий шааалдааа
    202.131.225.147
    Мэдэгдсэн Хариулах