Ч.Хашчулуун: Эдийн засгаа бүрэн дампууруулах, Оюу толгой төслийн санхүүжилтийг үргэлжлүүлэх гэсэн хоёр л гарц байна
Эдийн засагч Ч.Хаш­чулуун­тай ярилцлаа.

-Монголын эдийн засаг мега төсөлгүйгээр өсч, тэлэх боломжтой юу?

-Боломжгүй. Монголын эдийн засгийн сүүлийн тавин жилийн хөгжил мега төслүүдтэй салшгүй холбоотой. 1940, 1950-иад онд эдийн засаг эрчимтэй хөгжиж эхэлсэн. Аж үйлдвэрийн комбинат, Улаанбаатар төмөр зам, Эрдэнэт, гурав, дөрөвдүгээр цахилгаан станц, нисэх гэж ирээд яривал мега гэж хэлэхээр олон төсөл тэр үед эхэлсэн. Энэ төслүүд  Монголын эдийн засгийн хөгжлийг түргэтгэсэн. Харин зах зээлийн эдийн засагт орсноос хойш 2005 он хүртэл шилжилтийн 15 жилд ямар ч том төсөл хэрэгжээгүй. Тэр үед Монголын эдийн засаг хүнд байдалд орсон. Төгрөггүй, орлогогүй болж, Азийн хямралд гүнзгий нэрвэгдсэн. Дараахан  нь хоёр удаа  зуд болж эдийн засгийг  бүр элгээр нь хэвтүүлж байлаа. Сүүлд 2009 оноос л эдийн засгийн өсөлт түргэсэх шатандаа орсон. Энэ үед Оюу толгой төслийг эхлүүлсэн учраас байдал эерэг зүг рүүгээ эргэсэн юм. Богино хугацаанд гурваас дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг бий болгож чадсан. Ингэж чадсан учраас хот суурин газрын бүтээн байгуулалтууд өрнөсөн. Дэд бүтэц тавигдсан. Аймгуудыг нийслэлтэй  холбосон замуудаа барьж эхэлсэн. Энэ бүхний үндсийг Оюу толгойн хөрөнгө оруулалт тавьж өгсөн гэсэн үг. Чингис бондын хөрөнгөөр аймгуудыг нийслэлтэй холбочихлоо, Улаанбаатарт өчнөөн бүтээн байгуулалт өрнөлөө гэж байна. Гэтэл бид Засгийн газарт бонд гаргаж доллар босгох  боломж, нөхцөлийг бий болгосон зүйл нь Оюу толгой төсөл гэдгийг анзаардаггүй.

-Оюу толгой байгаагүй бол “Чингис” бондоор мөнгө босгохгүй байж гэж ойлгож болох нь ээ?

-Тэгж ойлгож болно. Оюу толгой гэж дэлхийн хэмжээний том төсөл хэрэгжиж байгаа учраас бид олон улсын зах зээлд бонд гаргаж мөнгө босгосон. Оюу толгой төсөл хэрэгжихээс өмнө манай эдийн засаг өнөөдрийнх шиг 12 тэрбум ам.долларынх байгаагүй. Маш жижигхэн, гурав, дөрвөн тэрбум ам.долларын л эдийн засаг байсан. Бүр цаашлуулаад 2003 оны эхээр гэж яривал ердөө  1.2 тэрбум долларын эдийн засаг байлаа. Сүүлийн арван жилд арав дахин өссөний гол шалтгаан нь Оюу толгой төсөл. Оюу толгой төсөл амжилттай хэрэгжиж эхэлсний дараагаас нүүрсний салбар эрчтэй хөгжсөн. Дараа, дараагийн мега төслийн суурь бүрдсэн. ТЭЦ-5, төмөр замын бүтээн байгуулалт гэж  ярьдаг болсон маань Оюу толгойтой холбоотой. Мега төслүүд байгаагүй бол Монгол гэдэг улс  мал аж ахуй, аялал жуулчлалаасаа багахан мөнгө олдог жижигхэн орон хэвээр орших байсан. Дэлхийн зах зээлд санал болгох өөр зүйл бидэнд байхгүй.

-Улстөрчид сүүлийн үед мега төслийг тэгэх ёстой, ингэх учиртай гэж ирээд дор бүрнээ янз бүрээр тайлбарлах боллоо. Энэ ер нь эдийн засаг талаасаа хэр зөв хандлага вэ?

-Маш буруу хандлага. Мега төсөл бол аж ахуйн бүтээн байгуулалт. Аж ахуйн бүтээн байгуулалт бүхэн ашгийн төлөө байдаг. Ашгийн төлөө хийж байгаа үйл ажиллагаанд улстөрчид орох шаардлагагүй л дээ. Ашгаас нь хүртэх гэж, ойр тойрны хүмүүс, нэр холбоотой компаниудаа төслийн үр өгөөжинд багтаах гэж  янз бүрийн нөхцөл тавьж, тулгалт хийгээд байвал том төслийн бүтээн байгуулалт үргэлжлэх боломжгүй. Дотоодын компаниудад ийм тулгалт хийхээр “Ямар эх орноосоо гаралтай биш. Улстөрчидтэйгөө эвлэрээд ажиллая” гээд тэвчиж ажилладаг. Гадныхан бол хүлээн зөвшөөрөхгүй. Монгол ганцаараа нүүрс, зэстэй биш, тулгалт хийгээд байдаггүй улсад очиж ажиллая гээд л мөнгөө аваад гарчихдаг. Сүүлийн хоёр жилийн хугацаанд байдал хэцүү болсоор байна. Гадаад хөрөнгө оруулалт тэг рүү тэмүүлчихлээ. Дотоод хөрөнгө оруулалт багасч байна. Үндэсний компаниуд өмнө нь нэг үеэ бодвол байшин барилга,  цахилгаан станц бариад явж байсан. Одоо бол бүтээн байгуулалтын нэг ч  төсөл алга. Тэгэхээр  дотоодынхон ч хязгаартаа тулчихсан гэсэн үг. ТЭЦ-5-ыг гэхэд хориод жил ярьж байна. Өнөөг хүртэл шийдэгдээгүй байна.

-Оюу толгой бол өнөөдөр Монголд хэрэгжиж байгаа цорын ганц мега төсөл. Энэ төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын хоёр дахь шатны санхүүжилт зогсоогүй бол эдийн засаг ямар байх байсныг эдийн засагчийнхаа хувьд төсөөлөх боломжтой юу?

-Оюу толгойн далд уурхайн хоёрдугаар шатны хөрөнгө оруулалтын хэмжээ зургаа орчим тэрбум ам.доллар гэж яригддаг. Одоо ажиллаж байгаа баяжуулах үйлдвэрийг зөвхөн ил уурхайд зориулж бариагүй. Оюутолгойн далд уурхайн хүдрийг баяжуулахад зориулж барьсан том хүчин чадалтай. Оюу толгой  дөрөв таван хэсгээс бүрддэг. Гэтэл бид дөнгөж ил задгай уурхайг нь л ашиглаж эхэлж байна. Дийлэнх нөөц нь газрынхаа гүнд бий. Тэр их баялгийг гаргаж мөнгө болгохын тулд гүний уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэхээс аргагүй. Гүний уурхайн бүтээн байгуулалтыг  2012-2013 онд үргэлжлүүлсэн  бол гэрээний хүрээнд зургаан тэрбум ам.доллар орж ирэх байсан. Бүтээн байгуулалтын хугацаа таван жил гэж бодоход жилд тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт найдвартай орж ирэх байлаа. Эдийн засагт “үржүүлэгч” гэсэн ойлголт бий. Хөрөнгө оруулалт хэлбэрээр орж ирсэн мөнгө эдийн засагт эргэлдэхдээ үрждэг гэсэн үг. Манайд уул уурхайн үржүүлэгч хоёртой тэнцүү байдаг. Оюу толгойгоос авч байгаа нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт эдийн засагт эргэлдэхдээ хоёр тэрбум ам.доллар болж хувирна гэсэн үг. Учир нь Оюу толгой тэр мөнгөөрөө юм захиална, худалдаж авна, ажил хийнэ. Мөнгийг нь авсан компани өөрсдөө юм хийж,  борлуулна.  Үржүүлэгч гээд байгаа нь ийм учиртай.

-Оюу толгойн далд уурхайн хоёр дахь шатны санхүүжилт хийгдэхгүй нэг жил болбол эдийн засагт ямар эрсдэл учрах бол?

-Эдийн засаг бүрэн дампуурна. Албан ёсоор зарлаагүй л болохоос бүрэн дампуурлын ирмэг дээр ирчихээд байгаа. Саяхан ОУВС манайд тусгай судалгааны бүлэг явуулсан юм билээ. Тэд судалгаа хийгээд ОУВС-ийн дөрөвдүгээр зүйл гэсэн тайланг гаргасныг харлаа. Засгийн  өрийн хэмжээ 2015 онд 81 хувьд хүрнэ гэсэн тооцоо гаргасан байсан. Байдал энэ хэвээр үргэлжилбэл эдийн засгийн өсөлт 2015 оныхоос хоёр дахин удааширна гэсэн дүгнэлт гаргасан байна лээ. ОУВС-гийн судлаачдын “Монгол Улс төлбөрийн чадварын хувьд нэн эрсдэлтэй болж байна, өрөө төлөхөд ямар ч гарц алга” гэсэн дүгнэлтүүдийг энд зориуд онцолмоор байна.

-Таны ярианаас том мөнгө авчрах том төслөө урагшлуулах л бондын өрөө төлөх бодитой гарц гэж ойлголоо?

-Өөр гарц байхгүй. Бидэнд Оюу толгойн хоёрдугаар шатны санхүүжилтийг эхлүүлж жилд тэрбум ам.долларын хөрөнгийн урсгалыг  наашлуулах боломж бий. 2020 он хүртэл буюу гүний уурхай ашиглалтад орох хугацаа хүртэл жил бүр хоёр их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт аваад байх боломжтой.  Уул уурхайн хөрөнгө оруулалтын үржүүлэгч нь хоёр байдаг учраас жилд дөрвөн их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт бий болно гэсэн үг. Мэдээж энэ мөнгө 100 хувь Монголд үлдэхгүй. Хөрөнгө оруулалтын багагүй хэсэг нь тоног төхөөрөмж, машин техник болно. Монголд үйлдвэрлэдэггүй учраас гаднаас авахаас аргагүй.  Тал орчим хувь нь Монголын эдийн засагт үлдэнэ. Гэхдээ импорт ч үржүүлэгч нөлөөтэйг мартаж болохгүй. Тэр их тоног төхөөрөмж, техникийг авчрахад Монголын тээврийн компаниуд ажилтай болдог. Тээврийн компаниудын  борлуулалт нэмэгдэх нь бидэнд л ашигтай. Одоо бол тээврийн компаниудын борлуулалт уначихсан. Тэгэхээр монголчуудын сонголт их энгийн. Яг энэ байдлаараа яваад 2015 оны сүүл, 2016 оны эхээр эдийн засгаа унагах нэг сонголт байна. Эдийн засаг бүрэн уналтанд орсон тэр үед бид бондын өрөө төлж чадахгүй. Зүй нь 2016 онд мөнгөө хуримтлуулаад 2017 онд “Чингис” бондын өрөө төлөх ёстой. Гэтэл 2016 онд төсвийн алдагдал тав орчим хувьтай байна гэсэн төсөөлөл гарсан байна лээ. Ирэх жил ямар ч хуримтлал үүсгэж чадахгүй гэдгийг энэ тооноос харчихаж болно. Нөгөө сонголт нь Оюу толгойг явуулж, хөрөнгө оруулалт татах. Бид их өндөр татвар авдаг. 20-30 хувийг бол заавал авч байгаа. Таван толгойг ч хөдөлгөх хэрэгтэй. Тэгж байж бид бондын өрөө төлөх боломжтой болно.

 -“Оюу толгой”-н Монголд оруулж буй нэг ам.доллар тутамд төчнөөн центийн хөрөнгө оруулалт дагаж орж ирдэг гэсэн судалгаа тооцоо байдаг юм болов уу?

-Ер нь бол бий. Оюу толгойн нэг ам.долларын хөрөнгө оруулалтын 10-15 хувьтай тэнцэхүйц мөнгө гадны хөрөнгө оруулалт болж  дагаж орж ирдэг гэсэн тооцоо байдаг. Оюу толгойтой ямар ч хамаагүй хөрөнгө оруулалт гэсэн үг. Тэд Оюу толгой шиг том төсөл хэрэгжиж байгаа учраас иргэд нь ажилтай орлоготой, худалдан авах чадвартай байна гээд шинэ төслүүд хэрэгжүүлдэг юм. Зах зээл нь эрүүл гэж үздэг хэрэг л дээ.  Хөрөнгө оруулагчдын хувьд орлоготой, худалдан авах чадвартай иргэдэд зориулж барилга барьж, дэлгүүр, ресторан нээж, төрөл бүрийн жижиг үйлдвэр босгож ажиллуулдаг. Харин иргэд нь ажил, орлогогүй, төр засаг нь ойлгомжгүй загнаад байвал өндөр эрсдэлтэй гэж үздэг. Хэн ч мөнгөө хог дээр хаяхыг хүсэхгүй. Харамсалтай нь Монголын өнөөдөр хөрөнгө оруулахад эрсдэлтэй нөхцөлд байна.

-Оюу толгойн хоёр дахь шатны санхүүжилт зогссон нь хөрөнгө оруулагчдад хүлээлт үүсгэчихлээ гэж ярьдаг. Эдийн засаг талаасаа хэр бодитой дүгнэлт вэ?

-Бодитой дүгнэлт. Ер нь бүх том хөрөнгө оруулагч тодорхой хэмжээний ашиг олох гэж хөрөнгө оруулалт хийдэг. Ашгаа олох нөхцөл нь эдийн засгийн хэвийн өсөлт. Тийм учраас том төслүүдээ яаж шийдэж байна гэдгийг заавал хардаг. Одоогоор манай улсад хэрэгжиж байгаа ганц том төсөл бол Оюу толгой. Эрдэнэтийн хувьд аль далаад онд хөрөнгө оруулалт хийсэн учраас зардлаа нөхсөн гэж үздэг. Харин Оюутолгой зардлаа нөхөх шатандаа явж байгаа. Ийм онцлогтой төслийнхөө  асуудлыг шийдэж чадахгүй бол төлбөрийн чадвар муутай гэсэн дүгнэлт ойрын жилүүдэд гарч ирнэ. Тэр утгаараа Оюу толгойн дараагийн шатны хөрөнгө оруулалтуудыг хэрхэн шийдэх нь хөрөнгө оруулагчдын хувьд анхаарахаас аргагүй зүйл. Асуудлыг нь шийдэж чадахгүй энэ мэтээр гацаагаад байвал хөрөнгө оруулагчид мөнгөө итгэж оруулахгүй. Хэчнээн олон улсын хурал хийж, уриад нэмэргүй. Нэг том төслөө олигтой авч явж чадахгүй байж олон шинэ төсөл явуулна гэж ярих нь утгагүй гэсэн дүгнэлт хийгээд л буцна.

-Эдийн засагч хүний хувьд Оюу толгой зэрэг мега төслийн хэрэгжилтэн дээр  ийм зүйлийг л анхаараасай гэсэн бодол бий байх...?

-Оюу толгой бол Монголын анхны мега төсөл. Энэ төслийг хэрэгжүүлж эхэлсэн 2009 онд дэлхий хямралтай байсан. Тэр үед манай эдийн засаг маш жижигхэн байсан учраас их хэмжээний мөнгө гаргаж санхүүжүүлэх боломж байгаагүй. “Рио” тэр үед бүх хөрөнгө оруулалтыг хийсэн учраас Монголын Засгийн газар энэ компанид эзэмшиж буй хувийнхаа хэмжээгээр өртэй. “Рио” мөнгөө гаргаад үйлдвэр бариад өгчихлөө. Манайд бараг их наяд төгрөгийн татвар өгсөн. Энэ төсөлд дор хаяж 400-500 монгол компани ханган нийлүүлэгчээр ажиллаж байгаа. 5000-6000 монгол хүн ажилтай байна. Төсөл цаашдаа томорч өргөжвөл энэ хэмжээ улам нэмэгдэнэ. Оюу толгойгоос хүртэх өгөөжөө нэмэгдүүлэх эсэх нь биднээс л шалтгаалж байна. Шийдэхгүй маргаад яваад байж болно л доо. Ил уурхайн нөөц дуусаад ирвэл яах вэ гэдэг том асуудал бий. Хэдэн арван жил биш зуу, хоёр зуун жил орлого оруулах төсөл болгоё гэвэл шийдвэрээ гаргаад явах ёстой. Дахин хэлэхэд “Рио” бидний өмнөөс өчнөөн мөнгө төлсөн. Өөрийнхөө нэр хүндээр их хэмжээний хөрөнгө татаж чадсан. Бид ч гэсэн хувь эзэмшигчийнхээ хувьд хариуцлагатай хандах  ёстой. Эдийн засгийн хувьд ийм ач холбогдолтой төсөл дээр улстөрч бүр хувийн ашиг сонирхлоор хандвал хэцүү л дээ. Оюу толгой төсөл бол дэлхийн зах зээл. Дэлхийн эдийн засагт Монгол  улс хамтран ажиллаж чадах эсэхийн том шалгуур. “Рио” бол ашгийн төлөө компани.  Яг л  олон улсын дүрмээр ажиллаж байгаа. Биднийг харж үзэх ёстой ах дүү биш. “Рио” учраас Монголд өөрөөр хандах ёстой гэсэн ойлголт байхгүй. Дэлхийн дүрмээр л тоглоно. Хөрөнгө оруулалтын гэрээг хуулийн дагуу хийсэн. Тэр гэрээ бидэнд таалагдах эсэх нь тусдаа, өөр асуудал. Байгуулсан гэрээний дагуу талууд үүргээ хүлээж, үйлдвэрээ бариад явах учиртай.

 

Ц.Баасансүрэн

эх сурвалж: Өдрийн сонин



 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Энхээ 2015-05-04 17:49:29
    ТТ гэрээ гээд л бх юм.Эрдэнэтийн гэрээний загвараар хийж болдоггүй юмуу:
  • zochin  2015-05-04 11:44:42
    malnuudiig turiin undurlugt tavihaar iim l yum bolj bgaam.
  • иргэн 2015-05-04 05:32:33
    улс дампуурлаа зарлахад тэр улсын бүх өрийг өөр улс авч болдог, жишээ нь Хятад. Өрийг нь төлсөн улс тэр ОТ, ТТ-г чинь өр барагдуулах нэрээр шууд булаагаад авна ...