Өглөг буяны ажил имижийг сайжруулах шилдэг арга
Монголчуудын  дунд ардчиллыг нэвтрүүлэгч, тэрбумтан, дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг гэдгээрээ алдартай Жорж Соросын тухай Испанийн "Rebelion" сонинд ийм нэртэй нэгэн сонирхолтой нийтлэл гаргасныг товчлон хүргэж байна.
 
Өглөг буяны ажил имижийг сайжруулах шилдэг арга
 
Юуны өмнө Жорж Соросын нэртэй холбоотой “өглөг буяны капитализм” нэртэй өвөрмөц категорийг орчин үеийн нийгмийн зүгээс баялгийг дахин хуваарилах төрийн механизмыг орлож байгаа шинэ механизм гэж хүлээн авах болсон. Ингэснээр “өглөг буяны капитализм” буюу “филантрокапитализм”-ын төлөөлөгчдийн явуулж байгаа үйл ажиллагаа нь үр дагавар ямар байгаагаас үл хамаараад илүү нааштай, эерэг болж харагддаг.
 
Орчин үед Билл Гейтс, Уоррен Баффет эсвэл Жорж Сорос гэх мэт бизнесийн акулуудыг хэвлэл мэдээллийн томоохон хэрэгслүүд филантропч буюу хүмүүнлэгийн өглөг буяны үйлсэд гар таталгүй мөнгө өгдөг агуу хүмүүс гэсэн өнцгөөр харуулдаг. Ийм өвөрмөц байр суурь, өнцгийг судлахад хангалттай их мэдээлэл бий. Зөвхөн энэ гурван хүний тухайд авч үзэхэд л гурвуулаа орчин үеийн системийн хямралын үед дэлхийн хэмжээнд эрх тэгш бус байдлыг маш ихээр бий болгож байгаа хүмүүс. Гэхдээ эдний дотор Жорж Сорос гэдэг хүн яалт ч үгүй онцгой байр эзэлнэ. Ингэх нэг шалтгаан бий. Сорос нь 20-р зууны хамгийн нөлөөтэй философич, нийгэм судлаачдын нэг Карл Попперийн шавь. Сорос багштайгаа адил өндөрлөгт хүрч чадаагүй ч шинжлэх ухаанаар оролддог.
 
Унгарын еврей гаралтай Америкийн иргэн Жорж Соросыг санхүүчээс эхлээд гүн ухаантан, магнатаас эхлээд зохиолч хүртэл янз бүрийн авьяас чадвар, мэргэжил боловсролтой гэцгээдэг. “Forbes” сэтгүүлд нийтэлснээр бол Сорос нь 24,2 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгөөр дэлхийн хамгийн баян хүмүүсийг жагсаалтад 10 дугаарт орж байгаа. Үүнтэй зэрэгцээд энэхүү жагсаалтад орж байгаа 80 хүний хөрөнгийн хэмжээ нь дэлхийн арай ядуу 3,5 тэрбум хүний буюу дэлхийн хүн амын тэн хагасын нийт хөрөнгийн хэмжээтэй тэнцүү. Сорос нь санхүүгийн гурван их сүйрлийг ашиглан хөрөнгөжсөн хүн /үүнийгээ ч тэр “Капитализмын глобал хямрал” номондоо хүлээн зөвшөөрсөн/. Эдгээр нь 1992 оны оны фунтын ханшны огцом уналт, 1997 оны Азийн үнэт цаасны зах зээлийн огцом уналт, 1998 оны Орос төлбөрийн чадваргүй болсон дампуурал гэсэн гурван том сүйрэл юм. Эднийг бүгдийг нь Сорос өөрөө өдөөн эхлүүлсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд энэ нь хувийн ч тэр төрийн ч санхүүгийн аналитикуудын дүгнэлттэй таардаг.
 
Нөгөө талаас  тайлбар толь нээж үзвэл филантропч гэдгийг “бусдын төлөө гэсэн үйл хэрэг болон бусдад хайр хүндлэлтэй гэдгээрээ ялгардаг хүнийг хэлнэ” гээд тайлбарлачихсан. Хэрэв энэ тайлбарыг дээр дурдагдсан гурван том сүйрэлтэй зэрэгцүүлээд харьцуулж үзвэл хоорондоо илэрхий зөрчилдөж байгаа гэдгийг нь олж харахын тулд гүн гүнзгий анализ хийх шаардлагагүй. Гэтэл дэлхийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд үүнийг илэрхий үл тоосоор. Үл тоох шалтгаан нь гэвэл тэд дэлхийн хамгийн баян хүмүүсийн ёс бус гэж болохоор үйл ажиллагааг хуульчлан зөвтгөж, асар их баялаг нь юуны өмнө хүмүүнлэг, өглөг буяны өргөн цар хүрээ бүхий үйл ажиллагаатай холбогддог байх тийм танин мэдэхүйн болон  логик орчныг уншигчдад бүрдүүлэх гэсэн тодорхой зорилготой. Өөрөөр хэлбэл эдгээр хүн эрх тэгш бус байдлыг улам үржүүлдэг бус харин урт хугацааны эрх тэгш байдлыг бий болгодог гэдэгт хүмүүсийг итгүүлэх гэдэг. Гэвч хэрэв Соросын өдөөн бий болгосон гурван хямралд дүн шинжилгээ хийвэл энэ байр суурь нь шууд нурна.

Соросын гурван хямрал
 
1992 оны фунтын ханшны уналт. Хүмүүс сонсоо ч үгүй байхад Жорж Сорос санхүүгийн валютын дамлан худалдааг ашиглаад “хар лхагва гараг” гэж нэрлэгдсэн ганцхан өдрийн дотор тэрбум ам.доллартай болж чадсан юм. Тэр үед Английн эдийн засаг тун хүнд байдалд байлаа. Сорос энэ байдлыг өөртөө ашигтайгаар эргүүлэхээр шийдэж өөрийн сандаа дайралт хийх тушаал өгсөн. Үр дүнд нь Английн татвар төлөгчид 3,3 тэрбум фунт алдаж, улмаар нийгмийн хөтөлбөрүүдийн санхүүжилтийг танах, нийгмийн салбарт хувьчлал хийх түлхэц болсон тул нийгэмд үзүүлсэн глобал сөрөг үр дагаврыг тооцоход ч бэрх юм. Англид хийсэн үйлдэлдээ Сорос “Хэрэв би зах зээлтэй бус харин бодит хүмүүстэй тулгарах шаардлагатай байсан бол хоёр хувилбарын аль нэгийг сонгохтой холбоотой ёс суртахууны асуудлыг тойрч гарч чадахгүй байлаа. Харин гараа хэзээ ч завааруулахгүй байх боломжтой санхүүгийн зах зээл рүү намайг явуулсан бурхан тэнгэрт би талархаж явдаг” гэж тайлбарласан байдаг.
 
1997 оны Азийн хямрал
 
Энэ хямралын үед Сорос таван жилийн өмнө Англид хийсэнтэй төстэй зүйлийг Малайзад хийсэн байдаг. Малайзын тухайн үеийн Ерөнхий сайд Махатхир Мохаммад улс орных нь санхүүгийн салбарыг дайрсан хямрал, түүнээс улбаалан Зүүн Өмнөд Азийн олон орны эдийн засаг нурсны бүх хариуцлагыг Сорос хүлээнэ гэж мэдэгдэж байлаа. Малайзын хямрал нь Тайланд, Өмнөд Солонгос, Индонези, Филиппин улсуудыг дайрсан юм. Марисела Рейес Лопес нь “Азийн санхүү ба эдийн засгийн хямралын нийгмийн үр дагавар” номондоо хямрал нь нийгмийн хамгийн эмзэг давхаргуудад хамгийн хүндээр туссан гэж бичиж. Тухайлбал, хямралын улмаас огцом өссөн ажилгүйдлийн хувьд дүн шинжилгээ хийхэд зөвхөн 1998 онд гэхэд л ажилгүйчүүдийн тоо 10 саяар нэмэгдсэн гэдгийг Олон улсын хөдөлмөрийн байгууллага тогтоосон. Үүнтэй зэрэгцээд ядуурлын түвшин 20 жилийн өмнөх хэмжээнд хүртэл унасан гэдгийг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн судалгаагаар тогтоосон. Ийм нөхцөлд Сорос 1997 онд нэгэн ярилцлагадаа Малайзын Ерөнхий сайдын зэмлэлийн хариуд “Хэрэв еврей үндэстэй мөнгөөр дулдуйдагч бас большевик, дэлхийг эзэгнэхээр хуйвалдаан зохиогч сионист гэсэн ягшсан хэв загварт бүрэн багтдаг хүн гэж байдаг бол тэр нь би” гэж хэлж байв.

1998 оны Оросын дампуурал
 
Дээр дурдагдсан хоёр үйл явдлын дараагаар Жорж Сорос нь дэлхийн санхүүгийн салбарын хамгийн нэр хүндтэй, нөлөөтэй хүмүүсийн нэг болж хувирсан. Тэрбээр 1998 онд Оросын санхүүгийн зах зээл сүйрлийн шатанд ороод байна, рублийн ханшийг 15-25 хувиар унагах шаардлагатай гэж мэдэгдсэн юм. Энэ мэдэгдлийн яг дараанаас рублийн ханш 31 хувиар унахад Олон улсын валютын сангийн тэргүүний орлогч Стэнли Фишер нь рублийн ханшийг унагалаа гэж Соросыг буруутгаж байв. Улмаар Соросын удирдлагаар санхүүгийн зах зээлд явуулсан дамласан гүйлгээний үр дүнд биржүүд 20 хувиар унахад Орос 22,6 тэрбум ам.долларын зээл хүссэн. Гэтэл үнийн өсөлтөөс гадна инфляци 300 хувьд хүрч, олон банкууд дампуурснаар Оросын олон сая жирийн иргэдийн амьдралын түвшин огцом унасан юм. Харин Сорос өөрөө энэхүү дефолтын дараагаар чиний буруу эсвэл зөв байх нь хамаагүй, зөв бол хэдийг олсон, буруу бол хэдийг алдсан бэ гэдэг л чухал гэсэн дүгнэлт хийсэн байдаг.
 
Өглөг буяны капитализм буюу филантрокапитализм
 
Соросын намтрыг судалж, дараа нь энэ тухай бичсэн сонин, эдийн засгийн сэтгүүлүүд нь мэдээлэл авах эрхээс хавьгүй чухал зүйл байдаг гэдгийг төсөөлж ч чадахгүй явна. Испанийн томоохон мэдээллийн хэрэгслүүд бүгд Сорос мэтийн хүмүүсийг эерэгээр харуулах гэсэн адилхан байр суурьтай. Сэтгүүл зүйгээр явахын тулд шаардлагатай шүүмжлэлтэй хандах чадвар огт байхгүй, бүр тэгтэй тэнцүү байна. Иймд энэ бүхэнд ямар нэг тайлбар байх ёстой.
 
 
Тайлбар нь гэвэл филантрокапитализмыг орчин үеийн нийгмийн зүгээс баялгийг дахин хуваарилах төрийн механизмыг орлож байгаа зүйл, түүний дотор англисаксон орнуудад явагдаж байгаа нийгмийн тодорхой хэсгийг илэрхий дэмжих бодлогын үндсэн дээр явагдаж байгаа дахин хувиарлалт гэж хүлээн авдаг болсон явдал юм. “Филантрокапитализм” гэсэн хэллэгийг “Экономист” сэтгүүлийн ерөнхий редактор Мэтью Бишоп “Филантрокапитализм буюу баячууд хэрхэн дэлхийг аварч болох вэ” номондоо анх ашигласан байдаг. “Филантрокапитализм” гэдгийн мөн чанар нь нийгмийн төслүүдээс олох ашгийг дээд цэгт нь хүргэх зорилгоор тэдгээр төслүүдэд дэлхийн хамгийн баян хүмүүс хөрөнгө оруулалт хийхэд оршиж байдаг. Энэ үйл ажиллагаанд Соросоос гадна Билл ба Мелинда Гейтс, Марк Цукерберг, Жорж Лукас, Меллоди Хобсон, Дэвид Голдберг, Шерил Сэндберг, Пол Сингер, Жефф Сколл, Пол Аллен, Ричард ба Жоан Брэнсон, Стив Бинг, Жон Колдуэлл зэрэг нэртэй тэрбумтнууд нэгдээд байгаа. Ингэхдээ нийгмийн эдгээр төслүүдэд оруулж байгаа мөнгөний гарал үүсэл нь логикийн хувьд ч тэр, ёс суртахууны хувьд ч тэр огт асуудал болдоггүй. Харин ч бүр ийм үйл ажиллагаа нь хувийн болон компанийн имижийг маш ихээр өргөж өгдөг.
 
Сорос Испанид хөрөнгө оруулалт хийж байна
 
Нийтлэлээ дуусгахын өмнө уншигч танд Жорж Соросыг 2014 оноос эхлэн Испанид дамлах боломжтой хөрөнгө оруулалт хийх талаар идэвхтэй сонирхож эхэлсэн гэдгийг дуулгая. Тэрээр эхний ээлжинд санхүүгийн салбарт хөрөнгө оруулалт хийн хоёр жил хүрэхгүй хугацаанд “Santander” банкинд 500 сая евро, саяхан хувьчлагдсан “Aena” компанид 400 сая евро, “Endesa” компанид 200 сая, “Bankia”-д 175 сая еврогийн хөрөнгө оруулалт хийгээд байгаа. Гэхдээ хамгийн ихээр түгшүүр сэжиг төрүүлж байгаа зүйл нь үл хөдлөх хөрөнгийн зах зээлд эрчимтэй нэвтэрч байгаа явдал юм. Испани нь 1930-аад оны эхэн үеийн иргэний дайнаас хойш хэзээ ч орж байгаагүй эдийн засаг, нийгэм, соёлын тийм гүн хямралд ороод байгаа. Ингэж хямралд орох болсон шалтгаан нь юуны өмнө 2008 онд  хагарсан Испанийн үл хөдлөх хөрөнгийн зах зээл дээрх хөөс юм. Үл хөдлөх хөрөнгийн үнэ доод цэгтээ хүрсэн одоо үед дамлах боломжтой хөрөнгө оруулалтууд хийгдээд эхэллээ. Тухайлбал, Сорос нь барилгын “FCC систер Копловиц” компанийн 3 хувийг эзэмшээд авсан, дээр нь багаар бодож 700 сая еврогийн хөрөнгө оруулалт хийчихсэн байна. Мөн үүнтэйгээ зэрэгцээд үл хөдлөх хөрөнгийн “Azora” сан байгуулсан.
 
Бидний ороод байгаа энэхүү системийн хямралд бүтцийн өөрчлөлт байхгүйгээс үүдэн дэлхий даяар санхүүгийн хямрал үүсгэж, дамлан худалдах асар том наймаа хийдэг хүний хөрөнгийг улс руугаа оруулах нь зөв гарц гэж санагдаж байж болох. Гэтэл ийм тохиолдолд элдэв дамлалтын үр дүнд яг адил загвараар дараагийн хямрал үүсэх эрсдэлтэй гэсэн гаргалгаа гарч ирнэ. Сорос мэтийн хүмүүсийг хямралын гол буруутан биш харин хямралаас зөөлнөөр гарахад шаардлагатай хүмүүс гэж үзээд байна. Хэрэв энэ логик давамгайлаад ирвэл дараагийн хямрал нь энэ удаагийнхтай төстэй, гэхдээ хөдөлмөрчин олны материаллаг байдал илүү хүнд хэцүү нөхцөлд эхэлнэ гэдгийг бодолцож байхад илүүдэхгүй.
 
 
Эх сурвалж: "Rebelion".
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.