Германд цагаачлах эрх авах үе шат
Сүүлийн үед Хойд Африк, Ойрхи Дорнодод болж байгаа үйл явдалтай холбоотойгоор тус бүс нутгаас дүрвэсэн хэдэн мянган хүн өдөр болгон Европыг  зорьж байна. Тэдний дийлэнх нь Германд очиж суурьших зорилготой. Хүний наймаачдад их мөнгө төлж, хилийг хууль бусаар даваад Германд очсон л бол шууд цагаачийн статустай болж, сар болгон тэтгэлэг авч байгаад яваандаа иргэн болох боломжтой гэж төсөөлдөг нь  том алдаа. Бодит байдал дээр дүрвэгч, цагаач гэсэн статустай болохын тулд ямар үе шат давдгийг Германы “Deutsche welle”-д бичсэнийг сонирхуулъя.
 
Юуны өмнө Германд дүрвэгчийн статус авахын тулд улс төрийн орогнол хүссэн өргөдөл өгөх ёстой. Өргөдлийг хилийн алба, цагдаагийн хэлтэс болон бусад эрх бүхий газар өгч болно. Орогнол хүссэн бичиг баримтыг өгсөн хүнийг “хүлээн авах анхдагч төв” нэртэй газар руу явуулна.
 
Яг ямар мужийн ямар төв рүү явуулахыг тогтоосон квотын дагуу шийддэг. Энэ квотыг “Кенигштайны түлхүүр” нэртэй аргаар  тооцдог. Энэ аргаар Германы 16 муж тус бүрийн татварын орлого, хүн амын хэмжээг харгалзан гадны цагаач хүлээн авах боломжтой квотыг гаргадаг. Тухайлбал, одоогийн байдлаар гадаадын нийт дүрвэгсдийн 21 хувийг Умард Рейн-Вестфали руу явуулдаг бол Бранденбург руу ердөө 3 хувийг нь явуулах жишээтэй. Гэхдээ заримдаа дүрвэгч нь аль улсаас ирсэн эсвэл хаана байр суларсан зэргээс хамааран хаашаа явуулахыг шийдэх нь бий.
 
Эхний шат
 
Хүлээн авах анхдагч төв нь цагдаа, эмч, олон хүн хүлээн авах чадалтай хоолны өрөө, унтах өрөө бүхий байртай хашаагаар хүрээлэгдсэн газар байдаг. Орогнол хүссэн хүн болгонд 6,5 м.кв ногддог. Хоол унд өгнө, шаардлагатай бол хувцас, вакцин болон бусад тусламж үзүүлнэ. Орогнол хүсэгч нь өөрийн талаарх мэдээллийг өгч, зургаа авхуулан, хурууны хээгээ өгөх бөгөөд түүгээр нь Холбооны эрүүгийн хэрэг хариуцсан алба тухайн хүнийг өөр улсаас орогнол хүсэж хандаж байсан эсэхийг шалгана.
 
Цагаач тус бүрийн хувийн намтар нь орогнол олгох ажилбарт маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс Германд ирэх болсон шалтгааныг лавлаж асууж ярилцдаг Холбооны хүн амын шилжилт хөдөлгөөн, дүрвэгсдийн хэрэг хариуцсан албаны (BAMF) ажилтнууд төвүүдэд ажилладаг. Ярилцлагын дараагаар өгсөн өргөдлийг нь авч үзэх эсэхийг шийднэ. Хэрэв өргөдөл өгсөн хүнд орогнол олгох эсэхийг Европын холбооны өөр улс шийднэ гэдгийг тодруулбал цагаачлан ирсэн хүнийг нэн даруй тухайн улс руу нь явуулна.
 
Хоёр дахь шат
 
Төв дээр заавал байх ёстой гурван сар өнгөрсний дараагаар цагаачдыг квотын дагуу аль нэг мужийн тойрог руу хуваарилан тараана. Тэнд хувийн ивээн тэтгэгчид эсвэл хүмүүнлэгийн байгууллагуудын гаргаж өгсөн нийтийн байруудад байршуулна. Зарим хотын захиргаанаас тусад нь байр гаргаж өгнө. Нэг гэр бүлийн хүн эсвэл насанд хүрээгүй хүүхдүүдтэй бол тэдэнтэй хамт байршуулах хүсэлтийг нь ёсоор болгодог. Бусад тохиолдолд өөр хэн нэгэнтэй хамт байлгах хүсэлтийг гол төлөв авч үздэггүй.
 
Хэрэв урьд нь орогнол хүссэн хүнийг зөвхөн тодорхой газар нутгийн хүрээнд л шилжин хөдлөхийг зөвшөөрдөг байсан бол 2015 оноос эхлэн тэднийг улс орны хэмжээнд чөлөөтэй явахыг зөвшөөрдөг болсон. Мөн шинэ хуулиар цагаачлан ирэгсдийн ажил эрхлэх боломжийг хялбар болгож өгсөн. Гэсэн хэдий ч ажил олох боломж бага байдаг. Ямар ч тохиолдолд өргөдөл гаргасан хүн сардаа 352 евро авна, дээрээс нь байрны түрээс ба халаалтын мөнгийг нь даадаг. Ингэж тусламж авснаас 15 сарын дараа санхүүгийн өөр тусламж хүссэн өргөдөл гаргах бөгөөд тэр тусламжийг тухайн хотын захиргаа бус харин улс даана.
 
Цагаачдыг цаашид байрлах төвүүдийг аль нэг тойрог эсвэл хотын захиргаа удирдаж захирдаг гэдгээрээ мужуудаас санхүүждэг анхдагч төвүүдээс ялгаатай. Иймд тухайн тойрог эсвэл хотын захиргаанаас цагаачдыг байршуул гэж өөр өөрийн мужаас авдаг санхүүжилт нь бас ялгаатай байна. Тухайлбал, Бавари муж нь тухайн захиргааны цагаачдыг байршуулах зардлыг 100 хувь даадаг бол бусад мужууд нь энэ зардлын 20 хувийг л даадаг.
 
Орогнол олгох шийдвэр гаргах
 
Орогнол олгох өргөдлийг авч үзэх хугацаа гурван сараас хэтэрдэггүй. Гэвч сүүлийн үед дүрвэгсдийн тоо огцом нэмэгдсэн гэх мэт олон шалтгааны улмаас хугацаа нь уртасч, заримдаа жилээс илүү хүлээх тохиолдол гардаг. Гэсэн хэдий ч Сири, Иракаас ирэгсдийн хүсэлтийг тусгайлан авч үздэг тул тэд богино хугацаанд дүрвэгчийн статус авч орогнол авах эрхтэй болдог. Мөн Серби ба Македони улсуудын гарал үүсэл нь аюулгүйн дээр дийлэнх тохиолдолд иргэдэд нь улс төрийн орогнол хүсэл шалтгаан байдаггүй тул хүсэлтийг нь богино хугацаанд авч үздэг.
 
Дүрвэгчийн статус олгосон эсэх тухай шийдвэрийг ямагт шалтгааныг нь тоочсон бичгийн хэлбэрээр мэдэгддэг. Хэрэв шийдвэр эерэг бол цагаач нь Германд гурван жил байх, нийгмийн ердийн халамжинд хамрагдах эрхтэй болно. Энэ гурван жил дууссаны дараагаар дүрвэгчийн статусыг дахин шалгана. Нутагт нь цаазаар авах ял, эсвэл эрүү шүүлт хүлээж байгаа эсвэл иргэний дайн болж байгаа гэх мэт онцгой тохиолдолд гадаадын иргэн нь дурын улсаас хамгаалалт авах эрхтэй байдаг тул ахин нэг жил үлдэх боломжтой болдог бөгөөд энэ хугацааны дараа статусыг нь ахин шалгана. Хэрэв хүсэлтэд нь татгалзсан хариу өгсөн бол өргөдөл гаргагчийг Германаас албадан гаргана.
 
Өнгөрсөн жил ХБНГУ-аас орогнол хүсээд татгалзсан хариу авсан 10 мянга гаруй дүрвэгч байснаас дийлэнхийг нь албадан гаргасан. Татгалзсан хариу авсан дүрвэгч нь захиргааны шүүхэд гомдол гаргаж болно. Зарим тохиолдолд хүсэлтэд нь татгалзсан хариу өгсөн ч гэлээ ХБНГУ-д үлдэж болдог. Тухайлбал, паспортгүй байх, эсвэл эх оронтой нь иргэний дайны улмаас агаарын холбоо байхгүй байх г.м. Герман эхээс хүүхэдтэй хүнийг мөн адил тэр даруйд албадан гаргахгүй. Үүнээс гадна тодорхой нөхцөлд цагаач нь давтан өргөдөл гаргах боломжтой. Гэхдээ ийм өргөдлийг эх орон дахь нөхцөл байдлыг нь дахин тодорхойлох буюу тухайн этгээдийн эрх зүйн байдал өөрчлөгдсөн, эсвэл мөрдөн мөшгөж байгааг гэрчилсэн шинэ нотлох баримт гарч ирсэн гэх мэт онцгой тохиолдолд л авч үздэг.
 
 
Эх сурвалж: “Deutsche welle”
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-05-04 01:40:24
    +Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!