Татварын хэмжээг хөдөлгөхгүй гэсэн таатай мэдээ бизнес эрхлэгчдийн магнайг тэнийлгэв
Сүүлийн үед УИХ-ын чуулганы хуралдаанаас таатай мэдээлэл олж сонсоно гэдэг тун ховор болжээ. Өнгөрөгч долоо хоногийн ажлын сүүлийн өдөр Ерөнхий сайд УИХ-ын чуулганы танхимд хийсэн мэдээллээрээ олон нийтэд ихэд таатай зүйл дуулгаж, бизнес эрхлэгчдийн магнайг тэнийлгэлээ.
 
Эдийн засаг хямралтай, эргэлтийн хөрөнгө удаашралтай болсон энэ үед бизнесийн байгууллагуудад хамгийн таатай мэдээ бол татварын орчин гэхээс өөрөөр юу гэх вэ. Ерөнхий сайд тухайн өдөр хийсэн мэдээлэлдээ “Монгол Улсын татварын орчин дэлхийн 84 дэх таатай улс гэж үнэлэгдэн татварын дундаж хувь хэмжээ 24.4 хувь байгаа нь дэлхийд 28 дахь бага татвартай улс болсон байна. Монгол Улсын эдийн засгийн орчин хурдацтай хөгжиж, олон улсын эдийн засгийн харилцаанд орж, үндэстэн дамнасан корпорациуд бий болж, дэлхийн хэмжээний томоохон төсөл, хөтөлбөрүүд эрчимтэй хэрэгжиж буй энэ үед нийгэм, эдийн засгийн шинэ нөхцөл байдлыг зохицуулах, тэдгээрийн шинж чанартай уялдуулан татварын орчныг цаг алдалгүй боловсронгуй     болгох зорилгоор татварын хууль тогтоомжийг дахин шинэчлэх зайлшгүй шаардлага бий болсон. Татварын орчныг илүү шударга, энгийн, ойлгомжтой, элдэв хийдэлгүй, олон улсын жишигт нийцэхүйц, бизнес эрхлэлт, хөрөнгө оруулалтыг дэмжихүйц боловсронгуй шатанд гаргах нийгмийн захиалга бий болжээ. Засгийн газрын тэргүүний хувьд өнөөгийн татварын хувь хэмжээг цаашид нэмэхгүй, тогтвортой байлгах бодлого баримтална. Эдийн засгийн хүндрэлд орсон зарим улс орон татварын хувь хэмжээг нэмэгдүүлэх замаар хүндрэлээс гарах арга замыг эрэлхийлж байгаа ч энэ нь бизнес эрхлэгчдэд дарамт учруулах тул эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд даван туулах, урт хугацааны тогтвортой хөгжлийг хангах зөв бодлого гэж бид үзэхгүй байна. Манай улсын эдийн засаг хэрэглээнд тулгуурлан хөгжиж байна. Бид гадны өндөр хөгжилтэй орнууд шиг их хэмжээний орлого, хөрөнгө хуримтлуулсан улс биш. Иймд хэрэглээний татварт суурилсан татварын бүтцээ илүү хадгалан, цаашид боловсронгуй болгох үндсэн чиглэлийг барих нь зүйтэй” хэмээсэн.
 
 Үнэхээр ч өнөө, маргааш хэрхэхээ мэдэхгүй үйл ажиллагаагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд Монгол Улсын татварын ихээхэн хэсгийг бүрдүүлдэг. Үүнийг нь ч УИХ-ын чуулганы танхимд хөндөж байлаа. Тодруулбал, Сангийн сайд Ж.Эрдэнэбат “Татварын орлогын 98.4 хувийг 4000 аж ахуйн нэгж төвлөрүүлдэг бол үлдсэн 1.6 хувийг 51 мянган аж ахуйн нэгж бүрдүүлдэг” хэмээсэн юм. Мэдээж эдгээр аж ахуйн нэгжийн цаана ард түмний амьдрал өрнөж, буцалсаар байгаа. Гэтэл ажил олгогчдын хувьд ажилчдынхаа цалин хөлсний зэрэгцээ байн, байн нэмэгддэг элдэв татвар төлнө гэдэг хамгийн гачлантай хэрэг.
 
Тиймээс л Ерөнхий сайд хэлсэн үгэндээ “Татварын шинэчлэл хийх хамгийн гол зорилт нь Татварын хуулийг тэгш, шударга хэрэгждэг болгох явдал. Тогтмол орлоготой хэр нь аж ахуйн нэгжээр бүртгэгдээгүй түргэн хоолны газрын эзэн жилд 300 мянган төгрөгийн татвар төлж байхад өдрийн 25 мянган төгрөгийн орлоготой ажилчин жилд 720 мянган төгрөгийн татвар төлж байгаа нь өнөөгийн татварын тогтолцоог өөрчилж илүү шударга байдлыг хангах шаардлагатайг харуулж байна. Ажилтай, орлоготой иргэдийг нэмэгдүүлэхэд хувь хүний орлогын албан татвар, харин бэл чинээтэй хөрөнгөтэй хүмүүст чиглэсэн хөрөнгийн албан татварын тухай хуулийг боловсруулан танилцуулна” гэсэн биз. Өнөөгийн парламентын гишүүд харин янз бүрийн байр суурьтай байгаа юм билээ.
 
Тухайлбал, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “Үе, үеийн Засгийн газар татварын бодлогоо өөрчилдөг ч төгс болгож чаддаггүй. Нийслэл болон орон нутагт үнийн зөрүү их байна, үүнийг зохицуулах хэрэгтэй” гээд мөн “Орон нутагт ажлын байр байдаггүй, үйлдвэр байгуулбал 50 хувийн татварын хөнгөлөлт эдлүүлдэг болоход анхаараач ээ. Монгол Улсын эдийн засгийн өсөлт 7.8 буюу Азид тэргүүлж байгаа хэр нь хямраад байгааг юу гэж ойлгож байна вэ. Энэ чинь уул уурхайн томоохон гэрээ хийхдээ хэт хөнгөлөлт үзүүлсэнтэй холбоотой юм биш үү. Жишээ нь, Эрдэнэт үйлдвэр зэсийн борлуулалтаасаа 17 хувийн татвар, Оюутолгой компани 5 хувийн татвар төлж байна. Ийм гэнэтийн хөнгөлөлтийг эдлүүлж болохгүй, анхаараач ээ” гэж байлаа.
 
Мөн УИХ- ын гишүүн С.Бямбацогт “Алслагдсан бүс нутагт татварын хөнгөлөлт эдлүүлэх нэр бүхий хуулийн төслийг УИХ-ын 10-н гишүүн өргөн мэдүүлсэн. Уул уурхай, архи, тамхи, үүрэн холбооны бизнесийг оруулахгүйгээр. Энэхүү хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж өгөөч ээ. Хууль батлагдвал орон нутагт үйлдвэрлэл хөгжиж, иргэд ажлын байртай болно. Хоёрдугаарт, НӨАТ-тай холбоотой. НӨАТ-ын босгыг нэмэгдүүлснээр 0-100 сая төгрөгийн орлого олдог аж ахуйн нэгжүүдэд үйл ажиллагаа эрхлэх боломж нь хангагдана. Дээр нь татварын хяналт шалгалт, дарамтаа цэгцэлье” гэсэн юм.
 
Харин УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн хувьд "Хувь гишүүд татварын олон хууль санаачилсан, үүнийг явуулъя. Хоёрдугаарт, татвар төлдөг 500 компанийн өөрсдийн хөрөнгөөр хийсэн ажлын үнэлгээг төр өгөхгүй байна. УИХ-аас төсвийг батлаад өгсөн, Засгийн газар харин 50 хувийг нь хасчихсан. Тэд юугаараа татвар төлөх юм, та нар хөрөнгө оруулалтын мөнгийг өгсөн бол татвар багасахгүй байсан. Гуравдугаарт, гадны хөрөнгө оруулалтын томоохон төслийн мөнгийг Монголоор оруулдаг бол, ингэхгүй бол хэзээ ч валютын хямралаас гарахгүй. Энэ чинь та нар гадны хөрөнгө оруулалт дээр ухаангүй ажиллаад байна гэсэн үг. Хэн ч Тавантолгой, Оюутолгойг зогсооё гээгүй шүү” гэдгээ илэрхийлсэн.
 
Тэгэхээр дээрх хэлсэн үгнүүдээс харвал татварын дарамт гэдэг зүйл үүнээс хойш байхгүй болох нь гэж ойлгомоор болж байгаа юм. Учир нь өнөөгийн байгаа хувь хэмжээгээрээ л татвараа төлж чадаж байвал үүнээс цааш нэмэгдэхгүй нь гэсэн ойлголт төрөөд байгаа юм. Тиймээс л аж ахуйн нэгж эрхлэгчид болон татвар төлөгчид алга ташин хүлээн авахад бэлэн байгаа бололтой. Түүгээр ч зогсохгүй Сангийн сайд Ж.Эрдэнэбатын “Аж ахуйн нэгжүүдийн хувьд банканд нэлээдгүй өр зээлтэй. Эхний ээлжинд хүүгийн дарамтаас нь арилгах зорилгоор санхүүжилт хийнэ. Нийт гүйцэтгэл нь 80 хувь хүрсэн аж ахуйн нэгж дээр вексель бичнэ. Тодорхой ажлууд хийгдэнэ” гэсэн нь ч Монгол Улсад татвар төлөгчдийг төр дэмжих бодлого баримтлах нь гэсэн таатай мэдээлэл болж өгөв бололтой.
 
Өглөөний сонин
Б.Төгөлдөр
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • бизнесмэн 2015-05-04 10:54:35
    Монголын татвар дээр нэмэх нь хураамж торгууль хахууль гээд 60 орчим хувь болно. Ажил хийхээс уур хүрэм
  • Зочин 2015-05-04 06:18:46
    Маргааш Энхболд дарга татвар нэмнэ л гэж хэлэх байх даа