Зөвшөөрөлгүй барилгын компаниудыг зогсоох цаг болсон!
Хаврын улирал эхлэхтэй зэрэгцэн барилгын компаниудын асуудал сөхөгддөг. Жилийн жилд зөвшөөрөлгүй барилгын компаниуд хаа сайгүй  чанартай чанаргүй  орон сууцыг барьж эхэлдэг.  Тэд  хөгшдийн нарлаж суух алга дарам газар, нялхсын тоглоомын талбай, явган хүний зам, авто машины зогсоол граж хамаагүй хаа таарсан газраа ямар ч бодлого төлөвлөлтгүйгээр орон сууц барьж орхидог.  Ингэж барилгын салбар бодлого төлөвлөлтгүйгээр эмх замбараагүй байдалтай болоод удаж буй. Харин олон  хавар нэгэндээ гэдэг шиг энэ хавар үүнийх нь горыг Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны иргэд амсаж байна. Тэд анх  авто машины гражын зориулалтаар олгогдож улмаар шат шатны дарга нарын гарын үсгийг зуруулж, тамга даруулахдаа томорсон худалдаа үйлчилгээний төвтэй 18 давхар орон сууц болон хувирсан “Би Жи Би Жи” компани болон Нийслэлийн холбогдох албан ташаалтанууд, салбарын яамны эрх мэдэлтнүүдийн хууль бус үйлдлийн хохирогч болсон юм.

Тус барын хажууд барилга  барих зөвшөөрөл өгсний дагуу орон сууцны суурийг ухахдаа хажуугийн байр буюу 16 дугаар байрны суурьны даланг сэтэлснээр тэнд хөрсний нуралт үүссэн. Үүний улмаас оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж, зочид буудлуудад тараан байрлуулаад байгаа. Тэгвэл асуудал үүсэж мэдэгдсэн л энэ болохоос одоо баригдаж байгаа энэ олон барилгуудад хэзээ л бол хэзээ энэ мэт асуудал тулгарахад  бэлэн байгаа хэмээн иргэд айдастай амьдрах боллоо. Гэвч холбогдох эрх мэдэлтэн албан тушаалтнууд хууль бус зөвшөөрлө олгосоор л байна. Өнгөрсөн  жилээс эхлэн яригдсан  зөвшөөрөлгүй барилгын компанийн эрхийг цуцална гэх асуудал одоо ч яригдсаар шийдвэрлэгдэж чадаагүй байгаа. Түүнчлэн барилгын  осол аваар ихээр гарах болсон нь ч бас л эмх замбаараагаа алдсан компаниудын үйл ажиллагаатай холбоотой. Тэдэнд мөнгө л олж байвал тэнд ажиллаж буй иргэдийн аюулгүй байдал хамаагүй бөгөөд ойр хавийн оршин суугчдын эрх ашиг хамаагүй. 

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд барилга дээр ажиллаж байсан 90 гаруй хүн амь насаа алдсан байна. Иймээс мэргэжлийн хяналтын газраас барилгын сезон эхэлж байгаа энэ үед элдэв эрсдэл үүсгэхгүйгээр, өөрөөр хэлбэл, дахин хүний амь нас эрүүл мэндийг хохироохгүйн тул удаа дараа зөрчил гаргаж байгаа дараах барилгуудын тусгай зөвшөөрлийг цуцлах нь зүйтэй гэж мэргэжлийн хяналтын байцаагчид шийдсэн байна.

Үүнд:
•    "НИЙСЛЭЛ ӨРГӨӨ" ХХК: Угсралтын ажлын явцад шаардлага хангахгүй шат, тандан, хамгаалах хэрэгсэлгүйгээс гурван хүний амь нас эрсэдсэн, нэг хүн хүнд бэртсэн.
•    "БО БЭ КОНСТРАКШН" ХХК: Дүүжинт өргүүрийн дээвэр дэх гаоны бэхэлгээний боолт мултарч, тросс суларчны улмаас өндрөөс унаж гурван хүний амь нас эрсэдсэн.
•    "ЧАНДМАНЬ ЦАМХАГ" ХХК: Магадлал хийгдээгүй ажлын зураг төслөөр барилгын ажил эхлүүлэх, үргэлжүүлэх зөвшөөрөлгүй угсралтын ажил гүйцэтгэсэн.
•    "ИХ НАЯД ХӨГЖИЛ" ХХК: Магадлал хийгдээгүй ажлын зураг төслөөр барилгын ажил эхлүүлэх, үргэлжүүлэх зөшөөрөлгүй, магадлалгүй зураг төслөөр, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллаагүй.
•    "ЭРЭЛТ ИМПЕКС" ХХК: Угсралтын ажлын явцад захиалагч, гүйцэтгэгчийн эрх үүрэг хангалтгүй биелүүлсэн, хэв хашмалын гадна тулаасыг хийгээгүй.
•    "ТАЙГАМ АЛТАЙ" ХХК: Ажлын байрны аюулгүй байдлын нөхцөл бүрдээгүй, лифтний хонгилын хаалт, хамгаалалтыг бүрэн хийгээгүй, хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган ажиллаагүй.
•    "ЕСҮЙ ОРДОН" ХХК: Барилгын тухай хууль болон бусад дүрэм журмыг ханган ажиллаагүй.
•    Мөн “Тен тен” ХХК, “Суурь” ХХК, “Говь гурван сайхан” ХХК, “Назу констракшн" зэрэг барилгуудын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг гаргасан юм.

Ийнхүү тухайн барилгын компанийг тусгай зөвшөөрлийг цуцалж, түдгэлзүүлэхээс гадна тендерт шалгарч, төсвөөс мөнгөө бүрэн авсан ч ажлаа гүйцэд хийгээгүй аж ахуйн нэгжүүдийг “Хар жагсаалт”-д бүртгэж, дахиж тендерт оролцуулахгүй байх гэнэ. Мөн тухайн барилгын компанийн эздийг хуулийн байгууллагад шалгуулахаар зэхэж байгаа гэнэ.Ямартай ч хяналтын байгууллагаас явуулсан саналыг Барилга хот байгуулалтын яаманд хянаж үзээд, дээрх 11 компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах эсвэл түдгэлзүүлэх эсэх асуудлыг эцэслэн шийдэх юм.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.