Долоо хоногийн тойм
Шүүгчдийн цалинг нэмэхэд зориулж 15 тэрбум төгрөг нэмж баталсан гэв

Шүүхийн ерөнхий зөвлөл Үндсэн хуульд заасны дагуу шүүгчийн хараат бус байдал, шүүхийн бие даасан байдлыг хангах чиг үүрэгтэй байгууллага. Шүүгчийн хараат бус байдал буюу шүүгчийн эдийн засгийн хараат бус байдлыг хангах хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улсын төсвийн тухай хуульд нийцүүлээд, өөрөөр хэлбэл батлагдсан төсөвтөө багтаагаад шүүгчдийнхээ цалингийн асуудлыг сүүлийн хоёр жил шийдсэн.
Үүнд УИХ-аас дэмжлэг үзүүлж, 2015 онд шүүгчдийн болон шүүхийн захиргааны ажилтнуудын цалинг нэмэгдүүлэхэд зориулж 15 тэрбум төгрөг хүртэл нэмж баталж байсан. Өнөөдөр Монголын нийгэмд шүүгчдийн цалингийн талаар багагүй хэлэлцүүлэг өрнөж байна.

Зарим шүүгч 4-8 сая төгрөгийн цалинтай гэсэн ташаа мэдээлэл цацагдаж байгаа учраас бодит мэдээллийг өгөх шаардлагатай болсон тухай Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан тайлбарласан юм.

 Тэрбээр "Шүүгчдийн цалин 2,7 саяас 3,3 сая төгрөгийн хооронд байгаа. Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч 3,3 сая төгрөг, анхан шатны шүүхийн шүүгч 2,7 сая төгрөгийн үндсэн цалин авч байна. Үүнээсээ татвар, нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөд үндсэндээ анхан шатны шүүхийн шүүгч бол 2,3 сая төгрөгийн цалин авч байгаа нь бодитой тоо баримт юм” гэв.

1, 5, 9-р анги төгсөгчдийг хонхны баяр тэмдэглэхийг албан ёсоор хориглов

Ерөнхий боловсролын 1, 5, 9-р анги төгсөгчдийг хонхны баяр тэмдэглэхийг албан ёсоор Нийслэлийн боловсролын газраас хориглосон байна. Мөн их дээд, сургуулийнхан “Эрдмийн баяр” болгон тэмдэглэж төгсөгчид тайлант өдөрлөгийг зохион байгуулах, шагнах урамшуулах үйл ажиллагаа явуулах юм байна. Түүнчлэн дүүргүүдэд эрдмийн баярыг тогтсон хугацаанд тэмдэглэх удирдамжийг хүргүүлжээ.
Нийслэл хотын хэмжээнд 2014-2015 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын 213 сургуулийн нийт 26102 сурагч, 94 их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн нийт 22000 орчим оюутан төгсөнө гэсэн судалгааг гаргажээ.
 
Идлэг шонхор худалдаална
 
Тусгай зориулалтаар 2015 онд агнах агнуурын амьтны тоог тогтоох тухай Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 377 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт орууллаа. Уг өөрчлөлтөд  350 толгой тул загас барьж буцаан тавиулахаар, 150 толгой цагаан зээр,  300 хүртэл  агнуурын шувуу агнуулахаар, гадаад оронд амьдаар гаргах идлэг шонхор шувуу 100 толгой байхаар тусгажээ.
 
Засгийн газрын 2013 оны 15 дугаар тогтоолоор идлэг шонхрыг ашиг олох зорилгоор гадаад оронд гаргахыг 5 жилийн хугацаагаар хориглосон. Гэвч өнгөрсөн онд 40 идлэг шонхрыг соёлын зориулалтаар гаргасан байна. Холбогдох хууль, тогтоомжоор уг шувуу түгээмэл ашиглах нөөцтэй “элбэг” амьтны ангилалд хамаардаг юм. Иймд 100 толгой идлэг шонхрыг гадаад улс орнуудад худалдаалахад тухайн зүйл амьтны популяцид сөрөг нөлөө үзүүлэхгүй гэж тооцож байна.

Монгол Улсын Засгийн газар арбитрын эсрэг давж заалдана

2015 оны 3 сарын 2-ны өдөр гарсан олон улсын арбитрын шийдвэртэй холбоотойгоор Монгол Улсын Засгийн газар, Хан Ресурс компанийн хооронд 2015 оны 4 сарын 21, 22-ны өдрүүдэд харилцан тохиролцох хэлэлцээр хийлээ. Хэдийгээр Монгол улсын Засгийн газар энэхүү асуудлыг эвийн аргаар, харилцан ашигтай байдлаар шийдвэрлэхийг эрмэлзэж байсан боловч Хан Ресурс компанийн зүгээс энэхүү хэлэлцээрийг нэг талын санаачлагаар 2015 оны 4 сарын 22-нд цуцалсан болно. Энэ үйлдэл нь Хан Ресурс болон тус компанийн хувьцаа эзэмшигчдэд ашиггүй үр дүнг бий болголоо. Арбитрын шийдвэрийг албан ёсоор хүргүүлээгүй байгаа боловч нэгэнт ийм нөхцөл байдал үүссэн тул Монгол Улсын Засгийн газар өөрийн эрх ашгаа хамгаалах үүднээс арбитрын шийдвэрийг хүчингүй болгуулах, шаардлагатай бусад арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх болно.  

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг Тавантолгойн гэрээний төсөлд санал, дүгнэлт гаргах Ажлын хэсгийг ахална

Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Таван толгойн нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Таван толгойн ордыг хөгжүүлэхтэй холбоотой хөрөнгө оруулалтын гэрээ болон хавсралт гэрээнүүдийг Монгол Улсын Их Хурлаар хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх талаар дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг өнөөдөр /2015.04.29/ байгуулсан байна.
 
Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, ажлын хэсгийн гишүүдээр А.Бакей, Су.Батболд, О.Баасанхүү, Д.Ганхуяг, С.Ганбаатар, Б.Наранхүү, Д.Сумъяабазар, М.Сономпил, Б.Чойжилсүрэн нарын гишүүд тус тус багтжээ.
 
Тус ажлын хэсэг нь 14 зүйл заалт бүхий удирдамжийг барьж ажиллах бөгөөд “Гэрээ нь тухайн асуудлаар гарсан хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Улсын Их Хурлын болон холбогдох Байнгын хороодын тогтоолтой нийцэж байгаа эсэх”, “Гэрээ нь Үндэсний Аюулгүй байдлын Үзэл баримтлал, Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн Зөвлөмж болон Засгийн газрын холбогдох шийдвэр болон төрийн эрх бүхий байгууллагын бусад шийдвэртэй нийцэж байгаа эсэх”, “Гэрээ нь Монгол Улсын баримталж буй гуравдагч хөршийн бодлоготой нийцэж байгаа эсэх”, “Эрдэнэс Таван толгой” ХК-д 1072 ширхэг хувьцаа эзэмшиж байгаа иргэд болон үндэсний аж ахуйн нэгжүүдийн эрх ашгийг хангах байгаа эсэх” зэрэг 14 зүйл заалт бүхий Тавантолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын асуудлыг Улсын Их Хурлаар хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх талаар дүгнэлт гаргах ажлын хэсгийн баримтлах удирдамжийг Монгол Улсын Их Хурлын даргын 2015 оны 04 дүгээр сарын 29-ны 101 тоот захирамжийн хавсралтаар баталсан байна.
 

Иргэдэд цахимаар газар өмчлүүлэх 3-р ээлжийн бүртгэл эхэллээ

 
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 10/39 дүгээр тогтоолоор батлагдсан байршлуудад иргэдэд газар шинээр өмчлүүлэх үйл ажиллагааг цахим хэлбэрээр шат дараатайгаар зохион байгуулж байгаа. 2014 онд зохион байгуулагдсан эхний ээлж, 2015 оны 1 дүгээр сараас эхлэн зохион байгуулагдсан 2 дугаар ээлжийн цахим газар өмчлөлийн ажлаар нийт 24766 нийслэлийн иргэн газар өмчилж авсан байна.
 
Харин газар өмчлөлийн цахим системийн 3 дугаар ээлж 05 дугаар сарын 01-ний өдрийн 12:20 цагаас  эхэллээ. З дугаар ээлжээр дараахь 11 байршилд иргэдийг бүртгэнэ.
  1. Сонгинохайрхан, Шижирийн хөндий                    
  2. Сонгинохайрхан, Шижир уул                                   
  3. Баянзүрх, Улиастайн бага ам                                  
  4. Баянзүрх, Богдын давааны ам                                
  5. Хан-Уул, Улаан овоот                                                 
  6. Хан-Уул, Улаан овоот                                                 
  7. Налайх, Нисэх хотхон                                                
  8. Багануур, Булагтай                                         
  9. Багахангай, Хангайн хөндийн 2-р хэсэг    
  10. Багануур, Тариан булаг 2-р хэсэг                            
  11. Багахангай, Хангайн хөндийн 1-р хэсэг                
 
З дугаар ээлжийн газар өмчлөлийн бүртгэл нийслэлийн Засаг даргын Тамгын газрынwww.ulaanbaatar.mn болон Өмчийн харилцааны газрын www.umch.ub.gov.mn сайтуудаар явагдах бөгөөд 14 хоногийн хугацаанд бүртгүүлээрэй.  Харин дэлгэрэнгүй мэдээллийг 1800-1285, 11 319215 дугаарын утсаар авах боломжтой.
 
Ами
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.