Ерөнхийлөгч батлан хамгаалах салбарын цаг үеийн асуудлаар ярилцлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Цахиагийн Элбэгдорж Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, дэслэгч генерал  Ц.Бямбажав,  Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар нарыг өнөөдөр хүлээн авч уулзаж цаг үеийн байдлаар ярилцлаа.Уулзалтад ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин байлцлаа. Уулзалтыг асуулт, хариултын зарчмаар явуулсан юм.

Ц.Элбэгдорж: -Өнөөдөр Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Ц.Бямбажав, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга З.Болдбаатар гуравтай уулзъя гэсэн юм. ҮАБЗ дээр ярьж байгаад Батлан хамгаалахын багц хуулиа өргөн барих гэж байгаа. Цэргийн бодлогын үндсээ өргөн барьчихсан. Цэргийн бодлогын үндэс гараад ирэхээр бусад хуулиудаа явуулах боломжтой гэж бодож байна.

Ц.Цолмон сайд цаг авъя гэсэн хүсэлт тавьсан байсан. Яамныхаа ажлууд, цагийн байдлын талаар товч мэдээлэл өгнө үү.

Ц.Цолмон: -Одоо манай яамны шугамаар цэрэг халах, татах ажиллагаа болж байна. Цэрэг халах ажил 5 дугаар сарын 3-наас эхэлнэ. Цэрэг татлагын бэлтгэл ажлыг  сумдаар манай цэргийн штабынхан нэлээд эртнээс эхэлсэн.  Цэрэг татлага 5-18-ны хооронд болно.  Мөн ялалтын 70 жилийн ойтой холбоотой ажлууд хийгдэж байгаа. ОХУ-ын холбогдох хүмүүс, Элчин сайдын яамны хүмүүстэй хамтран ажиллаж байна. Тавдугаар сарын 9-нд Улаан талбайд болох парадын ажиллагаанд оролцох бүрэлдэхүүн тодорхой болсон. Улаанбаатарт 7-нд оросуудтайгаа хамтран баярын хурал хийх,  музейнүүдэд үзэсгэлэн гаргах, 9-ний парадыг төв талбай дээрээ том дэлгэцээр үзүүлэх, К.Жуковын болон Зайсан толгой дээрх хөшөөнд хүндэтгэл үзүүлэх зэрэг ажлыг төлөвлөөд бэлтгэл нь зохих ёсоор хангагдаж байна. Саяхан ОХУ-ын Москва хотноо Олон улсын аюулгүй байдлын асуудлаарх дөрөвдүгээр хуралдаан  зохион байгуулагдсан. ОХУ-ын Ерөнхийлөгч Путин, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн нар илгээлт ирүүлсэн байна лээ. 10 гаруй орны батлан хамгаалахын сайд, бусад орноос нь дэд сайд, Жанжин штабын дарга нар нь оролцсон 40-өөд орны 400 гаруй төлөөлөгчтэй  хурал болсон. Үүнд  манай Засгийн газар ярьсны үндсэн дээр Батлан хамгаалахын сайдыг оролцуулсан. Энэ талаар танд тусад нь танилцуулна. Мөн Батлан хамгаалахын сайдын хувьд Турк улсад айлчилж, Батлан хамгаалахын сайдтай нь уулзан хоёр орны батлан хамгаалах чиглэлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаар ярилцсан. Түүнчлэн ЗХЖШ-ын Ерөнхий цэргийн командлагч БНХАУ-д айлчилж, тэр үеэр Батлан хамгаалахын сайд нь хүлээн авч батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны асуудлаар ярилцсан. Хятадын Батлан хамгаалахын сайд манайд айлчилъя гэсэн товтой байгаа. ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Шогуг сая Монголд айлчлахыг урьсан. Энэ ондоо багтаад айлчлах бодолтойгоо илэрхийлсэн. Ийм л товч мэдээлэл байна.

Ц.Элбэгдорж: -Энхийг сахиулах үйл ажиллагааны явц ямар байгаа вэ?

Ц.Бямбажав: -Өмнөд Суданы байдал дээрдэхгүй байна. НҮБ-аас ажлын хэсэг гараад ажиллаж үнэлэлт дүгнэлт өгсөн. Ер нь НҮБ-ын зүгээс дуулиан гарах ажиллагаа гэж үзэж байгаа. Манай цэргийн багийн хариуцсан бүсэд зөрчил мөргөлдөөн үргэлжилсээр байна. Гэхдээ манай цэрэг харьцангуй өөрийн аюулгүй байдлыг хамгаалах, НҮБ-ын стандарт, хийж гүйцэтгэх ажлуудаа гүйцэтгэж байгаа. Хоёр долоо хоногийн өмнө манай цэргийн бүрэлдэхүүн байгаа газарт нийтдээ 7000 дүрвэгсдийн дунд гал гарсан. Тэгээд тэр 7000 хүний амь насыг аварсан тул НҮБ манай цэргийн ажиллагааг сайшаасан албан бичиг ирүүлсэн. Хойд Суданд цэргийн эмнэлгийн баг бүрэлдэхүүн үүрэг гүйцэтгэж байгаа.  Гэхдээ Хойд Суданд манай цэргийн багийн эм тариа, тоног төхөөрөмжийг оруулахыг хориглосон. Энэ талаар сая би хуралд оролцохдоо НҮБ-ын Ерөнхий  нарийн бичгийн даргын нэгдүгээр орлогч, ажиллагааны газар хариуцсан даргад нь илтгэсэн. Тодорхой арга хэмжээ авч өгнө гэсэн. Шаардлагатай бол бид цэргийн багаа татах хүртэл арга хэмжээ авна гэдгээ хэлсэн. Ерөнхийдөө ажил сонирхолтой байгаа. Афганистаны байдал улам хүндэрч байгаа. Ялангуяа Исламын улс, Талибын хөдөлгөөн хоёрын хамтын ажиллагаа эрчимжсэн гэж НАТО дүгнэж байгаа. Тиймээс НАТО-гоос 2016 оны дунд хүртэл хугацаанд цэргийн багаараа хамтарч ажиллаач гэсэн Германы болон АНУ-ын санал ирсэн. Манайхаас Ажиллагааны удирдлагын газрын дарга биечлэн хуралд оролцоод ирсэн. Энэ асуудлаар удахгүй бид сайдын зөвлөлийн хуралдаанд танилцуулга хийнэ. Герман, АНУ-ын нөхдүүдтэй уулзсан тухай саналаа та бүхэнд танилцуулах бодолтой байгаа.

Дотоод үйл ажиллагаа хэвийн явж байна. Сая сайд ч хэллээ. Цэрэг татлагын ажил үндсэндээ эхэлж байна. Шинэ дайчдаа авсны дараа оюутан цэргийн сургалтын арга хэмжээ хэрэгжинэ. Ерөнхийлөгчийн нэрэмжит марш тактикийн тэмцээн хоёр жил тутам болдог. Ээлж нь өнөө жил болж байгаа. Марш тактикийн тэмцээний бэлтгэлд цэргийн ангиуд гарч байна. Өнөө жил эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулаад Ховд, Өмнөговь, Дорнодын ангиудаас цэрэг оролцуулахыг түр зогсоосон. Үүний дараа үргэлжлээд хар сүлд цэнгүүлэх ажиллагаа болдгийг та мэдэж байгаа.

Ц.Элбэгдорж: -Оюутан цэргийн сургалт сайн байгаа юу?

Ц.Бямбажав: -Нэгдүгээр шатны ажиллагаа буюу Батлан хамгаалах их сургууль дагнаад их дээд сургуулиудаар анхан шатны онолын бэлтгэл хийж байгаа.

Ц.Цолмон: -Өнөө жил тоо нь өсөөд 1000 болсон байгаа.

Ц.Элбэгдорж: -Сайн байна. 

Ц.Бямбажав: -Дараа нь анхан шатны цэргийн бэлтгэл хийнэ.

Ц.Элбэгдорж: -Ноднин хамрагдсан цэргүүд хилийн цэрэгт үйл ажиллагаагаа үргэлжлүүлээд явна биз дээ?

Ц.Бямбажав: -Тэгнэ. Хилийн цэрэгт би албан ёсоор илтгэсэн. Цагаан дарга ч үүрэг даалгавар Лхачинжавт өгсөн байна лээ.

Ц.Элбэгдорж: -Ноднингийн оюутнууд бэлтгэл сургалтаа дуусгаад цэргийн алба хаасан гэсэн бичиг нь хүн бүрээр гарна байгаа?

Ц.Бямбажав: -Гарна.

З.Болдбаатар: -Говьсүмбэр аймагт бас бие даагаад хүсэлт тавьсны үндсэн дээр оюутан цэрэг хөтөлбөрийг аймгийн Засаг даргын Тамгын газар цэргийн штабтайгаа хэрэгжүүлж байгаа.

Ц.Бямбажав: -Оюутан цэргийн үйл ажиллагаатай холбогдуулаад Оюутны холбооныхон ирж уулзсан. Үр дүнгээ ярьсан. Би хөтөлбөрт хамрагдсан оюутнуудын сурлагын байдалд анхаарч судалгаа хийж өгөөрэй гэж хэлсэн. Их өндөр дүн гарч байна гэнэ лээ. Хүн сонсдог болсон байна. Сурлагын амжилт сайжирсан байна. Биеэ авч явах нь их өөр болсон байна. Их ач холбогдолтой юм байна гэж Оюутны холбооны нөхдүүд хэлж байна лээ. Дэмжиж байна лээ.

Ц.Элбэгдорж: -Цэргийн бие бүрэлдэхүүн, ялангуяа дээд офицер албан тушаалтнуудын бие бялдрын бэлтгэлийг бид бас ярьж байгаа. Гүзээтэй дээд албан тушаалтан ер нь байж болохгүй шүү. Үүнд онцгой анхаар гэсэн. Энэ чиглэлийн ажил хэр байна?

Ц.Бямбажав: -Биеийн жингийн харьцаатай холбоотой асуудал зэвсэгт хүчний хэмжээнд маш идэвхтэй байгаа. Ялангуяа өнгөрсөн долоо хоногт нийслэлтэй хамтарч хийсэн “цэргийн жавхаа” уралдаан тэмцээний хүрээнд нийслэлийн болон манай удирдлагууд цэргийн ангиудад очиж шалгаж үзэж байгаа. Шалгалтын нэг том үзүүлэлт нь энэ биеийн жингийн харьцаа. Үндсэндээ цэргийн ангиудын тохижилт бусад ажил сайжирсан боловч биеийн жингийн харьцаа дээр их унаж байна. Өөрөөр хэлбэл түрүүчийн жилээс тийм хүмүүсийн тоо цөөрсөн боловч байсаар байна. Зэвсэгт хүчний хэмжээнд анхаарлаа хандуулж, үр дүнгээ өгч байгаа.

Ц.Элбэгдорж: -Цолыг цэгцэлнэ гэсэн. Цэгцлэх ч юу байх вэ ер нь замбараагүй байгаа. Тийм ээ? Цэрэгжсэн байгууллагуудын албан тушаалтнуудын цолтой холбогдуулаад хууль тогтоомжид нийцүүлээд  зарлиг гаргах, Засгийн газрааршаардлагатай шийдвэр байвал гаргуулах, бас шаардлагатай бол хууль гаргуулах энэ ажлын бэлтгэл сайн явж байна уу? Цэрэгжсэн байгууллагуудтай хамтарч ажиллаж байна уу?

З.Болдбаатар: -Ажлын хэсэг гаргаад хамтарч ажиллаж байна. Хилийн цэрэг гээд хамтарч ажиллаад нэг төсөл гаргаад Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүлсэн байгаа. Түүн дээрээ таны яриад буй дутагдлуудыг, ялангуяа цолны асуудлыг хугацаанд нь бариулах, албан тушаалын цолонд таарсан сургалтад хамрагдаж байж цол нэмэх гэх мэтээр шаардлагуудыг нэлээд өндөр болгосон.

Ц.Элбэгдорж: -Сургалт, хугацаа жил, туршлага гээд олон зүйл бий шүү дээ.

З.Болдбаатар: -Тийм. Бодлогын баримт бичиг, хуулиуд өргөн баригдахаар зэрэг оруулъя гэсэн бодолтой байгаа.

Ц.Элбэгдорж: -Төрийн албаны зарим замбараагүй явдаг зүйл ялангуяа цэргийн цол дээр гарч ерөөсөө болохгүй шүү дээ. Энхийг сахиулагч бие бүрэлдэхүүний хувцасны асуудал юу болсон бэ?

Ц.Бямбажав: -Таны 2012 онд өгсөн үүргийн дагуу Батлан хамгаалах яаманд төвлөрч байгаа Зэвсэгт хүчний хөгжлийн сангаас ялаа шумуул хазахаас хамгаалах стандартын шаардлага хангасан материалаар хийж, одоо Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэж байгаа цэргийн багийн бие бүрэлдэхүүнийг хангасан байгаа. Одоо явах бие бүрэлдэхүүнд Батлан хамгаалах яам хийлгэж нийлүүлэх ёстой. Одоогоор хараахан бидний гар дээр ирээгүй байна. Хоёрт та Өмнөд Суданд 2013 онд ажиллах хугацаандаа тэнд байгаа зэвсэглэл, техник, ялангуяа хөргүүргүй олон техник байсныг шинэчлэх үүрэг өгсөн. Тэр үүргийн дагуу Зэвсэгт хүчний хөгжлийн санд өнгөрсөн жил 7.8 тэрбум төгрөгийн төсөл суусан. Харамсалтай нэг ширхгийгч солиогүй байгаа. Харин Цолмон сайд томилогдож ирснийхээ дараа дизелийн асуудлыг шийдэж өгсөн. Үндсэндээ нэг дизель авахад бололцоо хангагдана.

Ц.Элбэгдорж: -Техникийн нөхөн хангалт гэдэг асар чухал асуудал. Дээр нь тэр чанартай материалаар хувцсыг нь хийдэг, ээлжилж солих боломжтой байх ёстой.

Ц.Цолмон: -2014 оны нийлүүлэх зүйл тал талаасаа их шүүмжлэлтэй байгаа. Жанжин штаб шүүмжилж байгаа. Саяхан бас манай аудитын байгууллага хянаж үзээд  энэ талын асуудлыг хангалтгүй гэж үзсэн байна лээ. Тиймээс үүн дээр цаашид засаж залруулж ажиллах хэрэгцээ байгаа.

Ц.Элбэгдорж: -Хянаж буй улсын хяналтын дагуу ямар үр дүн гарав, зөрчил дутагдал байсан бол яаж арилгав гээд ҮАБЗ-ын ажлын албанд мэдээлдэг шугамаараа мэдээлбэл зүгээр байх шүү. Бас  нэг сонирхох асуудал байна. Цэргийн албан хаагчдын нийгмийн асуудал, ялангуяа орон сууцжуулахтай холбогдсон асуудал офицер, байнгын бие бүрэлдэхүүн дээр бий. Энэ чиглэлээр ямар ажил хийж байна?

Ц.Цолмон: -Өнгөрсөн онуудад албан тушаалын орон сууц барихаар 100 айлынх, 63 айлынх гээд эхлүүлсэн. Тэр нь төсөв мөнгө, менежмент муу байсан, мөн бусад шалтгаанаас болоод дуусаагүй байгаа. Түүнийг бид дуусгах ёстой гэж үзээд холбогдох хүмүүст нь даалгавар өгөөд байж байгаа. Манай цэргийнхний өөр нэг зовлон бол ажиллаж байхдаа албан тушаалын орон сууц дамжаад яваад болоод байдаг. Яг халагдах болохоороо орон сууцгүй болчихдог. Түүнийг засахын тулд би цэргийн албан хаагчид 25-30 жил болоод гарахдаа хувийн орон сууцтай болоод гардаг системтэй болъё гэж бодож байгаа. Хуучин барилгын салбарт ажиллаж байснаа ч бодоод, өнөөгийн манай хөгжил ч түүнийг шаардаж байна гэж үзэж байгаа.

Банкныхантай зөвлөж үзэхэд шинэ хүн цэргийн албанд орлоо гэхэд эхнээсээ цолныхоо мөнгөнөөс арай бага шиг мөнгийг сар бүр хуритлуулаад байвал 20-иод жил явахад хувийн орон сууцтай болчих юм билээ. Шинэ хүмүүс тэр журмаар явна. Жаахан ахмадууд нь орлогоосоо хуримтлуулсан юм байвал хугацаа товчилж болно.

Бусад улс орнуудын туршлагыг судалсан. Хамгийн сүүлд манай яамны төлөөлөл Төрийн нарийн бичгийн даргатай явж Польшийн туршлага судалсан. Ингээд албан тушаалын орон сууцанд хуурталгүй эхнээсээ л хувийн орон сууцтай болгох төсөл боловсруулсан. Банкууд үүнийг дэмжиж байгаа. Цэргийн албан хаагчийн цалин бол санхүүгийн баталгаатай эх үүсвэр юм байна. Банкуудад түшиглээд, тэд бидэнд тусламж дэмжлэг үзүүлээд явж болно. Манай цэргийн албан хаагчдын бараг 90 хувь нь ХААН банкаар дамжуулж цалингаа авдаг юм байна. Орлого нь ХААН банкинд ордог учраас ХААН банкин дээр хуримтлал бий болгоод, хуримтлагдахын хэрээр орон сууц барихад нь нэмэр болдог байя. Мөн удаан хугацааны ипотект хамрагдахад нэмэр болдог байя гэж байгаа. Бидний банкнаас хүсч байгаа зүйл бол одоогийн өгч байгаа 8 хувиас арай бага хүүтэй удаан хугацааны зээлд манай цэргийн албан хаагчдыг хамруулж өгөөч гэсэн хүсэлт тавьж байгаа. Энэ мэтчилэнгээр хувийн орон сууцтай болгох хөдөлгөөн, имй төсөл явж байгаа.

Ц.Элбэгдорж: -Тэр орон сууцыг яам барихгүй биз дээ?

Ц.Цолмон: -Бид энэ жил 4 орон сууц барья гэж байгаа. Түүнийг эхлээд 30 хувийг нь барьж чадах барилгын компаниудад өгөөд, тэр нь 30 хувиа барьчихаар ХААН банк үлдсэнийг нь санхүүжүүлээд, бариад дуусангуут тодорхой хуримтлалтай байгаа цэргийн албан хаагчдыг ипотекийн зээлд хамруулаад ХААН банктай уяад өгнө.

Ц.Элбэгдорж: -Хэдэн айлын орон сууц барих вэ?

Ц.Цолмон: -Энэ жилийнх бол 460 хавьцаа байна лээ.

Ц.Элбэгдорж: -Одоо бид нар нэг юмыг ойлгомоор байгаа юм. Яам бол барилга барьдаг газар биш шүү дээ.

Ц.Цолмон: -Яам бол барихгүй. Бид зохион байгуулж өгнө.

Ц.Элбэгдорж: -Өмнөх 300, 63 айлын орон сууцыг бүрэн хүлээж аваагүй байгаа шүү дээ.

Ц.Цолмон: -Тийм.

Ц.Элбэгдорж: -Энэ жил орон сууцаар хангах боломжтой Зэвсэгт хүчний хөгжлийн санд байгаа мөнгөний хэмжээ хэд байгаа вэ? Тийм мөнгө байна уу?

Ц.Цолмон: -Найман тэрбум төгрөг байна. Зөвлөлөөрөө яриад 8,9 тэрбум төгрөг зориулъя гэж төсөвлөөд байгаа.

Ц.Элбэгдорж: -2009 онд Засгийн газар дээр шийдвэр гарч байсан шүү дээ. Төрийн албан хаагчдыг орон сууцаар яаж хангах вэ гээд. Энэ дотроо цэргийн албан хаагчдын байнгын бие бүрэлдэхүүнийг орон сууцаар хангахтай холбогдсон журам, дүрэм гараад явж байсан. Шинэчлэх шаардлагатай бол Засгийн газар дээр дахиж ярьж болох юм. Санал бол одоо Улаанбаатарын хэмжээнд 3000-4000 орон сууц худалдагдаагүй байж байна гэж байгаа. Энэ бол орон сууцны нөөц.

Ц.Цолмон: -Манайхны хувьд жаахан үнэтэй л байгаа.

Ц.Элбэгдорж: -Танайхан барихаар нэгдүгээрт, ашиглалтад орохгүй байна. Хоёрдугаарт, маш их хэл аманд орж байна. Өмнөхөө бодох хэрэгтэй шүү дээ. Нэг сайд ирээд нэг орон сууцны суурь ухаад л, цутгаад л, баахан мөнгө хийж хаяад л явдаг. Дараагийнх нь түүнийг “Өө, энэ өмнөх сайд ингэсэн юм” гээд хариуцдаггүй. Ийм уламжлалгүй, зохион байгуулалтгүй байдаг. Түүгээр дамжуулж орон сууцны ийм мөнгө угаалаа, тийшээ ийм мөнгө шилжсэн гэх зэрэг гэмт хэрэг, авлигын шинжтэй асуудлууд гардаг.

Хэрэв найман тэрбум төгрөг байгаа бол төрийн албан хаагчид, цэргийн албан хаагчдын авах хэмжээтэй тодорхой квадрат метр байгаа биз дээ. Хэд гэдэг билээ?

З.Болдбаатар: -70 метр квадрат.

Ц.Элбэгдорж: -70 квадрат метр уу? Түүнийг сайн үзэх хэрэгтэй. Тэр тодорхой квадрат метрийн 30 хувийнх нь мөнгийг тэр найман тэрбум төгрөгөөсөө байнгын бие бүрэлдэхүүн, офицер, албан хаагчид, цэргийн албан хаагчдадаа гаргаад өгчих юм бол тэр хүмүүс ойрхон байгаа газартаа өөрсдөө байраа сонгоод авчихна. Түүгээр эргээд орон сууцны зах зээл идэвхжинэ. Найман тэрбум төгрөгорон сууцны зах зээл рүү орох нь байна шүү дээ. Дээрээс нь банкуудтай яриад, тохируулахаар бол Засгийн газартай ярьж байгаад хүү энэ тэр дээрээ ярьж болох л байх. Найман хувийн орон сууцны зээл дээр саяын маягаар явахгүй бол Цолмон сайд минь, энд байр барих гээд, үнэтэй байна, үнэгүй байна гэсэн янз бүрийн шалтгаар, зах зээлийн үнээс хямд юм уу, түүнээс чанартай, өрсөлдөөд барьж байгаа байдлаас өөрөөр байр барих гэсэн ид шидийн юм гарахгүй шүү дээ.  Тийм учраас чанарыг нь харж байгаад хүмүүс өөрсдөө сонгох юм бол зөв болно. Авч байгаа хүмүүс л сонголтоо хийнэ. Тэрнээс биш БХЯ энд тэндээс нэг газар олоод, баахан мөнгө төгрөг болоод, тэгээд орон сууц гэж нэг суурь цутгаад байж таарахгүй. Улс төрийн шалтгаанаар сайд нар ирж буцаж л байдаг. Дараа нь хэн ч хариуцдаггүй, ийм нэг юм болох вий гэсэн нэг санаа байгаа шүү.

Ц.Цолмон: -Түүнийг бид анхаарч байгаа. Түрүүчийн дурдсан 300 айл, 63 айлын сууц бол албан тушаалын орон сууц байгаа юм. Хувийнх биш. Хуваариар орох, ангиудын мэдлийн сууц.

Ц.Элбэгдорж: -Гэхдээ л түүнийг хариуцаж бариулж байна гээд бөөн хэл ам дагуулаад байгаа шүү дээ. Тэр хэдэн жил болж байна?

Ц.Цолмон: -Хэзээ дуусна гэж байгаа билээ?

З.Болдбаатар: -Тэр компанийн нөхөдтэй уулзаад шахаад байгаа л даа. Тэд бол 8 дугаар сарын 1-нд дуусгана гээд, би бол 7 дугаар сарын 1-нд өг гээд шахаад байгаа.

Ц.Элбэгдорж: -Улаанбаатар хот газар хөдлөлтийн бүсд байдаг. Үүнийг мэдэж байгаа тийм ээ? Ер нь бас ийм аюул өндөртэй. Тэгэхээр чанарын шаардлага асар өндөр байх ёстой шүү. Байгууллагууд янз бүрийн аргаар мөнгө гаргаад, энд тэнд орн сууц барьж байна гэдэг. Аюулгүйн зөвлөлөөс бид нар газар хөдлөлтийнчанарын шаардлагын талаар  жилдээ 4-5 удаа хуралдаж байгаа. Ц.Энхтүвшин дарга сайн мэдэж байгаа. Чиглэл өгөөд, бүх шинэ, хуучин орон сууцыг ямар түвшинд байна гэдгээр гэрчилгээжүүлж байгаа.

Хүн сууцаа өөрөө сонговол аль болох чанартай, өөрт нь ойрхон боломжтой орон сууц сонгох байх. Төр бол нэг зүйлийг маш тодорхой хэлнэ. Ийм хэмжээтэй орон сууцанд чамд ийм хэмжээтэй дэмжлэг үзүүлнэ. Энэ дэмжлэгийг авахын тулд тавигдах шалгуур нь маш шударга. Дахиад л төрийн нарийн бичгийн дарга, сайд, хэн байдаг юм. Тэр генералыг хэн таньдаг. Тэрний ар, өврийн гэдэггүй. Яг Монголын зэвсэгт хүчинд ажилласан хугацаа нь ийм байна. Ингэж ажилласан байна гэдэгшалгуураа нарийн гаргаад л хүн бүхэнд нээлттэй явах юм бол зөв болно. Орон сууцны хувьд нэг ийм.

Тэр халаа сэлгээ гээд Аюулгүйн зөвлөлийн ажлын албан дээр гомдол ирээд байна гэж Ц.Энхтүвшин дарга надад танилцуулж байсан. Офицер орон тоон дээр байх ёстой газарт халаа сэлгээ хийгээд байна гэж. Цэргийн газар өөрөө онцлог. Ц.Цолмон сайдыг анх томилогдоход л би сануулж байсан. Үүнийг онцгой анхаараарай. Халаа сэлгээ янз бүрийн зүйл байхгүй ээ гэж.

БХЯ-ны түвшинд хэдэн хүн халагдаад байна. Хэдэн хүн орсон, хаана хаана тавигдсан гэдэг дээр тодорхой тоо бий юу?

Ц.Цолмон: -Хөдөлгөөнд орсон явдал ер нь цөөхөн байгаа. Манай яамны төв аппаратад хоёр дарга хөдөлгөөнд орсон. Нэг нь гадаадад олон улсын байгууллагад ажиллахаар явсан. Нэг нь ОХУ-д атташегаар явсан. Нэгнийх нь оронд цэргийн албаны хүн авсан. Захиргааны газрын даргаар бусад яамдуудад ажиллаж байсан энгийн хүн авсан. Оёдлын үйлдвэрийн удирдлагыг сольсон. Тэнд эдийн засгийн мэргэжилтэй энгийн хүн авсан.

Ц.Элбэгдорж: -Оёдлын үйлдвэр чинь цэргийн анги, дайчилгааны үүрэгтэй газар шүү дээ. Аюулгүйн зөвлөл Засгийн газартай ярьж байгаад ер нь Оёдлын үйлдвэрээ яах вэ гээд нэлээд асуудал болсон шүү дээ. Өмнө нь нэг сайдын үед үл ойлголцол гараад, цэргийн анги, цэргийн тугтай, Зэвсэгт хүчний анги, байгууллага гэдэг ойлголтоор явж байгаа биз дээ. Тэгэхээр тэнд тавигдах хүн бол цэргийнхээ шаардлагыг хангасан хүн байна. Сая Ц.Цолмон сайдын хэлдэг дээр энэ чиглэлээр гомдол санал ирсэн гэж яригдаад байна лээ. Үүнийг тодруулъя.

Ц.Цолмон: -Тэр бол энгийн хүн тавьсан байгаа. Зүгээр түр орлон гүйцэтгэгчээр тавьсан. Урьд нь яригдсан зүйлээр надад мэдээлэл байхгүй байгаа.

Ц.Элбэгдорж: -Түүнийг үзсэн нь дээр ээ. Цэргийн анги, байгууллага, дайчилгааны үүрэгтэй газар шүү дээ. Тийм учраас тэнд цэргийн мэргэжлийн, тэр онцлогоо мэддэг хүн байх ёстой. Тэр талаа сайн харах хэрэгтэй. Өөр өөрчлөлт Цэргийн дуу бүжгийн ансамбль дээр гарсан гэсэн үү?

Ц.Цолмон: -Тийм. Ансамблийн даргаар арав гаруй жил болсон хурандаа Гансүх гээд  хүн байсан, Соёлын гавьяат зүтгэлтэн.  Тэр хүнийг өөрчилсөн. Манай салбарынхны яриад байдаг нэг зүйл бол дөрвөн жил тутам албан хаагч нар солигдож байх ёстой гэдэг. Зарим орнууд, жишээлбэл,БНСУ бол хоёр жил тутамд тушаал дэвшүүлээд, тушаал дэвшиж чадахгүй бол хөндлөн чиглэлд хөдөлгөөнд оруулаад явдаг. Манайд мөрдөгдөж байгаа журмаар бол тэр нь дөрвөн жил юм билээ. Офицерийн алба хаах журмаар тэгж явдаг. Энэ журам манай салбарт зарим газар нэлээд их зөрчигдөөд, зарим газар арван жил ч ажилладаг, 7-8 жил ч ажилладаг. Энэ нь залуучуудыгсурсан сургууль, эзэмшсэн мэргэжил, ур чадвараараа ахиж дэвшихэд нь саад болдог . Чуулгын хувьд тэр дотроо нэлээд онцгой тохиолдол болсон. Арав гаруй жил ажилласан, бас дотроос нь янз бүрийн зөрчил яригдсан учир тэр хүнийг сольсон байгаа юм.

Ц.Элбэгдорж: -Чуулга төрийн тусгай алба гэдэг хэлбэрээр явж байгаа биз?

З.Болдбаатар: -Тийм, бас цэргийн анги.

Ц.Элбэгдорж: -Одоо бид Төрийн албаныхаа хуульд өөрчлөлт оруулаад энэ чиглэлд шаардлагатай хийх шинэчлэлийг дорвитойхон хийсэн нь дээр гэж бодож байгаа. Энэ дээр та бүхэн санал нэг байгаа байх. Төрийн алба, төрийн тусгай алба, цэрэгжсэн байгууллага гээд ойлголтууд байдаг. Эдгээр дээр онцгой анхаарч ажиллах хэрэгтэй байгаа юм. Тэр халаа сэлгээ хийсэн зүйл дээр цэргийн байгууллагын тухайд бол их онцлог шүү. Тодорхой хугацаатай, цэрэгжсэн байгууллагынх нь хувьд  гаргасан  шийдвэр, үүрэгжүүлсэн, дайчилгаа, томилгоотой холбоотой, цол зэрэгтэй холбогдсон асуудлууд байдаг.Тэдгээрийг их нарийн баримталж ажиллах хэрэгтэй. Эдгээрийг төгсгөлд нь нэмж хэлье.

Цолмон сайд УИХ-д өргөн баригдсан бодлого, бусад зүйлийг батлуулж хэрэгжүүлэх тал дээр онцгой анхаараад, дараа дараагийнхаа хуулийн төслийг өргөн барих дээр хамтраад бэлэн болгоё. Нэг гараар явуулъя гэж бид тохирсон байгаа. Цэрэгжсэн байгууллагын тал дээр маш олон хуулийн төсөл, хуулийн өөрчлөлтийг бид хийх хэрэгтэй гэж харагдаад байгаа. Ний нуугүй хэлэхэд цаг хугацаа алдаад байгаа тал бий. Батлан хамгаалах яам, зэвсэгт хүчний чиглэлээр Засгийн газартай ярилцах, ойлголцох, шийдвэрлэх шаардлагатай тийм зүйлүүд байвал Ерөнхий сайдын хүрээнд ярьж болох юм.

Түрүүний орон сууцны асуудлыг ч гэсэнЗасгийн газар дээр журам дүрмийнх нь дагуу ийм боломж байгаа гэдгээ ойлголцоод хяналттайгаар шийдвэл аль аль талдаа их зөв болох байх гэж бодож байгаа шүү. Яам ямар нэг маягаар аж ахуйн үйл ажиллагаа, ялангуяа барилга барих гэх мэт үйл ажиллагаанд ерөөсөө хутгалдах шаардлага байхгүй гэдгийг давтаж хэлье

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2015-05-04 01:41:06
    орон сууцгүй хүн хэдэн зуун мянгаараа байна. гэтэл сууц авах хүн олдохгүй байгаа нь монголчуудын амьдрал үнэхээр доордсны шинж. орон сууц гэдэг бол амьдралын эн...
    49.0.155.180
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2015-05-01 08:47:20
    +Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.146
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2015-05-01 08:41:37
    +Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.146
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-05-01 06:51:17
    МАН-ын үед цэргийн цол/ генерал, хурандаа/-ыг зохих журмын дагуу өгөөд болж бсан, яагаад АН-ын үед өгөхөө болив. АН-ын тэнэгүүд дүгнэлт хий
    203.91.119.36
    Мэдэгдсэн Хариулах