Хятадууд хөрөнгө оруулалтаараа Европт хүч түрж байна
Испанийн хөлбөмбөгийн "Атлетико" клуб, Италийн дугуй үйлдвэрлэгч “Pirelli”, Францын аялал жуулчлалын “Club Med” компанийн хооронд адил төстэй зүйл баймааргүй санагдаж болох. Харин мэддэг хүмүүсийн хувьд энэ гурав нь сүүлийн хэдхэн сарын дотор бүхлээрээ эсвэл хэсэгчлэн Хятадын компаниудын мэдэлд орсон гэдгийг хэлээд өгнө.
 
2015 оны эхний дөрвөн сарын дотор БНХАУ-ын хөрөнгө оруулагчид Британийн аялал жуулчлалын “Thomas Cook” компанид хөрөнгө оруулалт хийж, Германы зурагт үйлдвэрлэгч “Metz” компанийг худалдан авснаар дампуурлаас аварч, хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээнийг нэвтрүүлэх эрхийг худалдах гэх мэт арилжаа явуулдаг Швейцарын “Sport & Media” маркетингийн компанийг худалдан авчээ. Үүний дээр ойрын хугацаанд Хятадын компани Грекийн Пирей боомтыг бүрэн мэдэлдээ авч магадгүй байгаа төдийгүй, Италийн “Vivat” даатгалын компани, Италийн “AC Milan” хөлбөмбөгийн клубыг авч магадгүй болоод байна.
 
Гэтэл энд нэр гарсан хөрөнгө оруулалт, худалдан авалтууд нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарсан хамгийн том наймаанууд. Ард нь тэгтэл сүр дуулиантай биш ч гэлээ дутахааргүй ач холбогдолтой өөр маш олон худалдан авалт, хөрөнгө оруулалт байгаа. Хятадын бизнесийн төлөөлөл бодлогоор Европт, түүн дотроо юуны өмнө Герман, Их Британид хөрөнгө оруулалт хийж хүч түрэн орж ирж байгаа бөгөөд хөрөнгө оруулалтын эрч ба цар хүрээ нь жил ирэх тусам өсөн нэмэгдэж байгааг шинжээчид онцолж байна.
 
Тухайлбал, “Ernst & Young” (E&Y) олон улсын консалтингийн компанийн Герман дахь салбарын тооцоолон гаргаснаас үзвэл БНХАУ-ын хөрөнгө оруулагчид  2009 онд Германд 2 компани худалдан авч байсан бол 2013 он гэхэд 28, 2014 онд 36 компани авчээ. Их Британид мөн адил хугацаанд худалдан авсан компаниудын тоо 13-аас 26 болж нэмэгдсэн. Нийт Европын хэмжээнд ийм хөрөнгө оруулалт, худалдан авалтын тоо 2007 оноос хойш гурав дахин өссөн. Хятадын машин үйлдвэрлэлийн салбарт чанартай дугуй хэрэгтэй. Иймээс Хятадын “ChemChina” компанийн хөрөнгө оруулагчид Италийн “Pirelli”-ийг худалдан авсан нь үүний нэг жишээ.
 
Гэхдээ Хятадын түрлэг нь зөвхөн бэлэн компани худалдан авах замаар яваад байгаа юм биш. Худалдан авалттай зэрэгцээд үйлдвэрлэл ба үйлчилгээний компаниуд байгуулах замаар шууд хөрөнгө оруулалт хийх нь нэмэгдэж байгаа. Германы Засгийн газрын “Germany Trade & Invest” (GTAI) агентлаг ийм хөрөнгө оруулалт хийхэд нь Хятадын компаниудад тусалдаг. Энэ агентлагаас 4-р сарын 27-нд гаргасан илтгэлээс үзвэл гадаадын хөрөнгө оруулагчид Германд 1199 шинэ төсөлд хөрөнгө оруулан шинэ компани үйлдвэр байгуулсан нь 2013 оныхоос даруй 21 хувиар илүү үзүүлэлт юм. Эдний дотор хөрөнгө оруулалтын тоогоор Хятадын компаниуд тэргүүлж америкчуудыг ардаа орхижээ. Тэд 2014 онд Германд 190 шинэ төсөлд хөрөнгө оруулалт хийсэн нь 2013 оныхоос 37 хувиар өссөн үзүүлэлт.
 
“Germany Trade & Invest” (GTAI) агентлагийн БНХАУ-ыг хариуцсан шинжээч И Цао нь “DW” агентлагт ярихдаа “Бид 2009 оноос хойш ийм илтгэл бэлдэж байгаа. Анхны илтгэл гаргахад Хятадын 84 ширхэг шууд хөрөнгө оруулалтын төсөл бүртгэгдэж байсан. 2011 онд 158 болж Германы топ хөрөнгө оруулагчаар  тодорч АНУ-ыг ардаа орхиод байсан. Энэ жил хөрөнгө оруулалтын тоогоор ахин дээд амжилт тогтоолоо” гэжээ.
 
И Цао-ийн ярьж байгаагаар Хятадын хөрөнгө оруулалтын түрлэг саяхан эхэлсэн юм биш, бүр 1970-аад оны сүүлээс эхэлсэн бөгөөд тэр цагаас хойш гурван ч үе шатыг дамжин өнгөрөөд байгаа. 1990-ээд оны эхний хагас хүртэл үргэлжилсэн эхний шатанд гол төлөв экспорт ба импортын гүйлгээ хийдэг төрийн мэдлийн компаниуд Германы зах зээлд орж ирсэн. Залгуулаад хоёр дахь шатанд нь Европ руу Хятадын хамгийн томд тооцогддог корпорациуд орж ирсэн. Эдгээр компаниуд худалдан авалт эсвэл борлуулалт хийгээгүй харин шинэ технологи, менежментийн орчин үеийн аргыг өөрийн болгох зорилгоор хөрөнгө оруулалт хийж эхэлсэн.
 
2008 онд эхэлсэн гурав дахь шатанд Хятадын хувийн том ба дунд хэмжээний маш олон компани Европ, Германд хөрөнгө оруулалт хийн орж ирсэн. Хятадын Засгийн газраас өөрийн компаниудын гадаадад хийх хөрөнгө оруулалтыг зохицуулан хялбар болгосон олон шинэ хууль баталснаар  ийм олон компани Европт орж ирэх боломжтой болсон гэж И Цао үзэж байна.
 
“Ernst & Young” компанийн Хятадын шинжээч И Сунь “Хятадын шинэ Засгийн газар нь компаниудынхаа дэлхийн зах зээл дээрх өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийн тулд олон улсад хөрөнгө оруулалт хийхийг цаашид ч дэмжих бодлого баримталж байна” гэжээ. “Ernst & Young” компанийн судалгаанаас үзвэл өнгөрсөн жил хятадуудын худалдан авсан герман компаниудын дийлэнх нь авто машины үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулдаг. Харин Их Британид авсан компаниудынх нь дийлэнх нь үл хөдлөх хөрөнгийн салбарт ажилладаг бол Францад авсан компаниуд нь зочид буудлын салбарт ажилладаг.
 
Хятадын компаниудын Герман дахь шинэ төсөлд хийсэн хөрөнгө оруулалтын тухайд гэвэл өнгөрсөн жил цахилгаан техник, хагас дамжуулагч ба авто машин үйлдвэрлэл, суурь машин үйлдвэрлэл гэсэн салбар давамгайлж байгааг “GTAI” илтгэлдээ дурджээ. Хятадын хөрөнгө оруулагчдын анхаарлыг ихэд татаж байгаа өөр нэг салбар нь санхүүгийн үйлчилгээ, мэдээл харилцаа холбооны технологи, программ хангамжийн үйлдвэрлэл.



Ингэхдээ Хятадын компаниудын шууд хөрөнгө оруулалтын дийлэнхийг нь Германд шинэ үйлдвэрлэл нээхэд бус харин маркетинг ба үйлчилгээний шинэ нэгж, салбар нээхэд зарцуулсан. Энэ байдал нь Герман дэд бүтэц сайн хөгжсөн, Европын холбооны төвд газар зүйн ашигтай байрлалтай гэдгээс үүдэлтэй гэж шинжээчид үзэж байна. Ингэснээр төлбөрийн чадвар өндөртэй Өрнөд Европын зах зээлд төдийгүй хурдацтай өсч байгаа Дорнод Европын зах зээлд үйл ажиллагаа явуулах ашигтай байрлалтай болно.
 
Герман нь өндөр мэргэшсэн боловсон хүчнээрээ дэлхийд алдартай. Иймд Хятадын хөрөнгө оруулалтын багагүй хэсэг нь шинжлэх ухааны судалгаа, зохион бүтээх чиглэлд хийгдэж байгаа. Үүний нэг жишээ нь теле харилцаа холбооны төхөөрөмж үйлдвэрлэдэг “Huawei” компани. Энэхүү Хятадын хувийн компани нь Германы 18 хотод шинжлэх ухаан судалгааны зургаан төв, салбар нэгжээ нээн үйл ажиллагаа явуулж байна. Ингэснээр Германы нутаг дэвсгэр дээр энэ компанид 1600 хүн ажиллаж байна. Нийтдээ Германы нутаг дээр үйл ажиллагаа явуулах болсон хятад компаниудын тоо 1300 давж, 16 мянган ажлын шинэ байр бий болгосон тухай “GTAI” илтгэлдээ дурджээ.
 
Эх сурвалж: “Deutsche welle”.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2015-05-02 06:42:31
    за даа германд байгаа нэг эрлийзийн нийтлэлээр хятадууд европт энэ тэр гээд хэрэггүй биз. Европ бол мөхөж байгаа нь аварга том диназавр мөн боловч иргэд нь сүүл...
    202.126.89.215
    Мэдэгдсэн Хариулах
  • уншигч 2015-05-01 08:50:15
    гадны буюу шар толгойтнуудыг эргүүтүүлэж байгаад хөрөнгийг татаж өөрт ашигтай эргүүлж чадсан сүрхий хүмүүс удирдагчид нь өөрөө идэхийн төлөө биш улс үндэснээ гэ...
    202.72.243.130
    Мэдэгдсэн Хариулах
  • Мөнгө бол Мөнгө 2015-05-01 05:57:13
    Хятадын, АНУ-ын, Оросын байна уу? Мөнгө бол мөнгө, үүнээс яагаад бид хувь хүртэж, бараагаа борлуулж, хөрөнгө оруулалт татаж чадан, улсаа хөгжүүлж чадахгүй бна?
    206.75.247.226
    Мэдэгдсэн Хариулах
    • irgrn  2015-05-01 07:27:26
      chukhamaa chukham
      112.72.13.60
      Мэдэгдсэн Хариулах