Ц.Ойдов: Уран бүтээлчид өнгөрсөн, одоо, ирээдүй гэсэн гурван цагийн орчилд зэрэг амьдарч чаддаг
Хэн байснаа марттал, хэнд ч танигдахгүй болтол өөрчлөх хүчтэй алдар нэрийн эрхшээлд оролгүй, он цагийн урсгал, орон зайн хувьсалд мөн чанараа хадгалж үлддэг хүн тун ховор. 17-хон насандаа алдрын оргилд хүрсэн Соёлын гавьяат зүтгэлтэн, төрийн зураач Ц.Ойдов гуайг ч мөн  тэдний л нэг гэж бодож явснаа нуух юун. Гэтэл цаг хугацаа түүний гадаад төрхөнд ул мөрөө үлдээсэн ч хувь хүний мөн чанарт нь сүүдрээ ч тусгаж зүрхлээгүй бололтой. Гэрээрээ урлан, урлангаараа гэр хийн түмэн олныхоо дунд даруухан амьдарч, хийж бүтээхийн хүсэл тэмүүллээр дүүрэн суух түүний бяцхан эмзэглэлээ давсан бардамналтай, туулсан амьдралдаа багадаагүй ч илүүдээгүй ухааралтай ярилцлагыг та бүхэндээ хүргэе.
 
-Сайхан хаваржиж байна уу? Таны алдрын зам тун азтай учрал тохиолоор эхэлсэн гэж сонссон. Хоёулаа энэ тухай дурсамжаар яриагаа эхлэх үү?
 
-Сайхан хаваржиж байна аа. Амжилт бүтээлийн талаарх дурсамжаар яриагаа эхэлнэ гэдэг тун бэлгэшээлтэй хэрэг байна. Би 15 насандаа Монгол Улсын ардын зураач, уран сийлбэрч Э.Чуваамэд гуайн шавь болж байлаа. Хөдөөний нусгай бандийг шавиа болгож, урлагийн их зам руу хөтөлсөнд нь талархаад баршгүй. Уран бүтээлийн эхний он жилүүд минь тун аз, одтой байсан нь үнэн. Би 1968 онд нийслэлд орж ирээд, хоёр жилийн дараа буюу Ардын хувьсгалын 50 жилийн ойн үзэсгэлэнд “Улаан оч” нэртэй том хэмжээний сийлбэрээ дэлгэсэн юм.
 
Тэр үед аавын минь бие тааруухан байсан боловч намайг урьсан болохоор хөл нь газар хүрэхгүй баярлаж, үзэсгэлэнг үзэхээр очсон. Миний сийлбэрийн дэргэд зогсоод “Энэ бол миний хүүгийн хийсэн сийлбэр” гэж хэлэхэд хүмүүс итгэхгүй байж билээ. Үүнээс хоёр жилийн дараа жанжин Д.Сүхбаатарыг хоёр морь хөтөлсөн байдлаар дүрсэлсэн “Улаач" сийлбэрээрээ Урчуудын эвлэлийн шагнал хүртсэн. Тэр үед ардын зураач Г.Одон гуай надтай хамт уг шагналыг авсан юм. Хорь ч хүрээгүй залуу тавин насны босго алхсан мундаг зураачтай зэрэгцээд л уг шагналыг авч байлаа шүү дээ.
 
-Уран бүтээлч хүний эцсийн зорилго нь алдар нэр, шагнал урамшуулал байдаггүй. Тэгэхээр таны амьдралын хамгийн том зорилго юу байв?
 
-Сайн сийлбэрч, уран бүтээлч болохын тулд сургууль соёлд суралцаж, эрдэм номыг хичээнгүйлэн сурах ёстой гэж бага наснаасаа л боддог байлаа. Тиймээс эхлээд дээд сургууль төгсөнө гэсэн зорилго тавьсан. Намайг      Урчуудын эвлэлийн шагнал авсны дараа Ардын зураач Д.Амгалан гуай ирж уулзаад “Би Дүрслэх урлагийн дунд сургуулийн захирал байна. Чи гадаад, дотоодын ямар ч сургуульд элсэн суралцахын тулд манай сургуулийг төгсөх учиртай. Би чиний авьяасыг үнэлээд шууд дөрөвдүгээр дамжаанд авъя. Чи ерөнхий эрдэм болон урлагийн онолын хичээлүүдээ нэг жилийн дотор нөхөж үзээд, шалгалтаа өг. Ямар дүнтэй суралцах хийгээд, дипломоо хэрхэн хамгаалах чинь чамаас л шалтгаална" гэсэн юм.
 
Ингээд 1974 оны намар Дүрслэх урлагийн дунд сургуулийн Төмөрлөг урлалын чимэглэлийн ангийн дөрөвдүгээр дамжаанд орж суралцсан. Нэг жилийн хугацаанд нойр, хоолоо хасан ядрахаа ч мэдэлгүй энэ л ажилдаа чин сэтгэлээсээ шамдсан. Хичээн зүтгэсний үр дүнд хавар нь сургуулиа онц дүнтэй төгсөж байлаа. Тэр үед Д.Амгалан гуай "Итгэлийг минь алдаагүйд талархаж байна. Цаашид үргэлжлүүлэн суралцахад саадгүй боллоо. Миний зүгээс чамд тусалж чадах зүйл энэ л байлаа” гэж билээ.
 
-Дүрслэх урлагийн дунд сургуулийг онц дүнтэй төгссөн бол гадаад, дотоодын ямар ч сургуульд элсэн суралцах бүрэн эрхтэй болдог байсан биз дээ. Яагаад гадаадад сураагүй юм бэ?
 
-Тийм зорилго байсаан. Би Н.Чүлтэм дарга дээр орж, гадаад руу явж суралцах хүсэлтэй байгаагаа хэлсэн. Тэрбээр “Авьяас чадвартай, олон залуус гадаад руу сургуульд яваад эвдрээд ирдэг юм” гээд татгалзсан. Тэгэхэд би цаад учрыг нь сайн ойлгоогүйн зэрэгцээ уран бүтээлчийн хүрээнд шаггүй нэр хүндтэй болчихсон тул омголон ч байж.  “Тэгвэл та өөрийнхөө хүүхдийг эвдэх гэж гадаад руу сургуульд явуулсан юм уу” гэж хэлээд өрөөнийх нь хаалгыг тас саваад гарч билээ. Тэр эрчиндээ Соёлын яамны Боловсон хүчний дарга Нанзад гуай дээр орж, саналаа хэллээ. Тэрбээр хүсэлтийг минь хүлээн авч, Польш улс руу Эртний эдлэл сэргээн засах сургуульд явуулах гурван хүүхдийн нэгээр бүртгэсэн. Гэвч Н.Чүлтэм даргын зөвшөөрөл хэрэгтэй болдог юм байна. Би өмнө нь гаргасан үйлдэлдээ гэмшиж, хулганасаар түүний өрөөнд орсон боловч зөвшөөрөөгүй юм. Хор шар ч их хөдөлсөн дөө.
 
Хожим Болгарын талын хүсэлтээр тус улсад дэд эрдэмтний зэрэг хамгаалахаар суралцах хуваарьтай болсон. Гэвч дор хаяж гурван жил багшилсан хүнийг явуулах ёстой учир бас явж чадаагүй. Оюутан, залуучуудын их наадамд шалгараад гадаад руу үзэсгэлэнд явах гэсэн ч бас л бүтээгүй. Тиймээс би өөрийгөө гадаад явах хувь дутуу хүн юм байна гэж бодох болсон.
 
-Социализмын үеийн хэлмэгдүүлэлт таныг ч тойроогүй бололтой?
 
-Хөрөнгөтний урсгалаар бүтээл туурвидаг, хөдөөгийн Пэрэнлэйн шавь, мөн Чингис хаан гэж их ярьдаг гэсэн гурван шалтгаанаар НАХ яамны хараа хяналтанд орсон. Ганц ч бүтээлийг минь үзэсгэлэнд гаргахгүй, ном зохиол ч хэвлүүлдэггүй байлаа.
 
-Магадгүй энэ үеэс таны амьдралын “дутуухан” он жилүүд эхэлсэн болов уу?
 
-Би гуниж гутраагүй. Шүлгээ бичиж, зургаа зураад хадгалдаг байлаа. Хулгайд ч их алдсан. Гэхдээ сэтгэлээр унаагүй. Хүний оюуны бүтээл хэзээ ямагт үнэ цэнэтэй гэдэгт итгэл төгс байсан. Аз болоход хүсэн хүлээсэн ардчилал гарч, авьяастай хүн бол оюун ухааныхаа хэрээр хийж бүтээж, эх орондоо төдийгүй дэлхийд алдарших гэгээн зам нээгдсэн. Энэ үеэс би олон улсад үзэсгэлэнгээ гаргаж эхэлсэн. Эргээд бодоход Н.Чүлтэм гуайд өөрийн эрхгүй талархдаг. Хэрэв би гадаадад сурсан бол тэр улсынхаа соёлд уусах байлаа. Тиймээс түүний ачаар Монголынхоо эртний урлагаас суралцаж, тэр ундаршгүй уурхайг уудалсан нь надад тэнгэрээс хайрласан агуу их хувь заяа.
 
-Төрийн сүлд, тамгыг бүтээснээ ч бас бурхан тэнгэрээс оноосон хувь тавилан гэж боддог уу?
 
-Тэгэлгүй яах вэ. Төрийн сүлдийг бүтээх уралдаан зарлахад уран бүтээлч хүн бүр л оролцохоор тэмүүлсэн. Би ч эхэндээ “Мөнх тэнгэрийн захиасаар төрийн сүлд бүтээх хувь заяа оноогдсон хүн л хийх ажил биз ээ” гэж бодож байлаа. Тиймээс ч оролцож зүрхлээгүй юм. Удалгүй миний бардам зан л энэ бүтээлийг хийхэд нөлөөлсөн юм. Өөрөөр хэлбэл, яамны хүн радиогоор “Монголд морь зурж чаддаг хүн алга" гэж ярьсан нь миний хор, шарыг хөдөлгөж, бүтээлээ өгөхөд хүргэсэн хэрэг.
 
-Уран бүтээлчийн ар талыг үнэнч сайн хань дааж явдаг. Харин та олон жил ганц бие амьдарч байна?
 
-Охиныхоо ээжтэй их эрт зам замаа хөөсөн л дөө. Социализмын үед үзэл суртлаас болж ажлаасаа халагдсан хүнд ажил олдохгүй. Энэ ч утгаараа Монголын нэг сайхан заяа буянтай бүсгүй гутал ч аваад өгчих чадалгүй миний дэргэд яаж удаан амьдрах вэ дээ. Бид хэрэлдэж, хараал ерөөлдөө тулж салаагүй ээ. Сайхан зөвшилцөөд амьдралаа бодоцгоосон. Хүүхдүүдээ хоёр талаасаа хамжаад сайхан өсгөсөн.
 
-Ажил ч үгүй, эхнэр ч үгүй үлдсэн тэр жилүүдэд та амьдралаа хэрхэн авч явав?
 
-Уран бүтээлч хүн хаана ч газарддаггүй юм билээ. Мөн олонтой явсны гавьяа их бий. Олон сайхан найзынхаа гэр орноор амьдарч явлаа. Найзуудын минь эхнэрүүд гэж ёстой заяа буянтай сайхан хүмүүс байлаа. Дуртай үедээ очиж, хүссэн хоолоо хийлгэж идээд л, хоёр дахь нөхөр шиг нь л аягладаг байлаа шүү дээ.
 
Би тэднийхээ ач тусыг бодож, анхны номоо гаргамагцаа найзууддаа биш эхнэрүүдэд нь ноолууран  ороолтонд боогоод бэлэглэсэн. Зарим нь баярласандаа бүр уйлж байсан юм.
 
-Өөр хүнтэй гэрлэе гэж бодоогүй юм уу?
 
-Уран бүтээлч хүнийг дээд зэргээр ойлгодог хүн л насан туршийнх нь хань болно шүү дээ. Ах нь эхнэрээ салаад явахад гутраагүй. Зургаа зураад л гэртээ үлдсэн. Надтай ханилъя гэсэн бүсгүйчүүд байсан. Нэгд, охиноо бодсон, хоёрт, уран бүтээлд эхнэр хүн саад болдог учраас би хүсээгүй. Ах нь дураараа хүн шүү дээ.
 
-Амьдралын жаахан хэцүүхэн нөхцөл байдал уран бүтээлд тань нөлөөлсөн л байх даа?
 
-Айлаар хэсч явах үед уран бүтээлийн хэмжээ багасдаг. Өөрөөр хэлбэл цүнхэнд багтах хэмжээнд л баригддаг юм билээ. Гэхдээ би хун адил хүзүүгээ унжуулчихаад, гуньж гутарна гэж хэзээ ч үгүй. Бүтээл гэдэг чинь эзнээ хоол шиг умдаалж, урам зоригоор хооллож байдаг юм шүү дээ. Харин би ганцаараа хувь заяа дутсандаа тэгж яваагүй. Уран бүтээлч хүн бүр хурц иртэй жад шиг бэрхшээлүүд дээгүүр харайж гардгийг дэлхийн алдартнуудын намтар түүх гэрчилдэг.
 
-Хэзээ өөрийн гэсэн орон гэртэй болов?
 
-Нийслэлийн 50 жилийн ойн үзэсгэлэнд тавьсан бүтээлээрээ тэргүүн байрын шагнал хүртлээ. Тэргүүн байр эзэлсэн хүмүүст байр өгсөн юм билээ. Би оюутан байсан учраас тухайн үед нь мэдээгүй.
 
Хожуухан сургийг нь сонсоод, өнчин дүү нартайгаа амьдардаг учраа хэлээд өргөдлөө өгсөн. Гэвч оюутан хүнд байр өгдөг журам байсангүй. Сургуулиа төгсөөд аваарай гээд өргөдлийг маань цохож өгсөн юм. Сургуулиа төгсөөд очтол өргөдөл маань байдаггүй. Өргөдлөө бараг зургаан жил хайсан. “Мандухай сэцэн хатан” кино бүтээгдэхийн өмнөхөн өргөдлөө олж, байртай болсон юм даа.
 
-Ажилд орж чадахгүй байх тэр л хэцүү үед чинь Жигжид найруулагч “Мандухай сэцэн хатан” киноны зураачаар ажиллах санал тавьсан гэдэг?
 
-Ажилгүй хүн юу хийх билээ. Шүлгээ бичээд, зургаа зураад л сууна. Нэгэн өдөр зургаа түр завсарлаад ганц лонх юм тавьчхаад сууж байтал нэг их танил хүн хаалга тогшоод орж ирлээ. Тэр нь нэрт найруулагч Жигжид гуай байсан юм. Тэгээд тэр кинонд нь ажиллах хувь тохиосон. “Мандухай сэцэн хатан”-аас хойш нэлээд хэдэн кинонд ажилласан. Хамгийн сүүлд Хятадуудын бүтээсэн “Хубилай хаан” кинонд охинтойгоо хамт ажиллалаа. Даанч үзэл суртлаас болоод дэлгэцнээ гарч амжилгүй хаагдсан.
             
-Хүн мөнх биш ч уран бүтээлчид бүтээлээрээ мөнхөрч чаддаг. Та өөрийгөө мөнхрөх бүтээл туурвиж чадсан гэж боддог уу?
 
-Усны ундарга шиг оргилох хүсэл мөрөөдлөө бяслаг шиг шахаж, бие, сэтгэлээ зангидаж, эрчилж хийсэн учраас бүтээлүүдийнхээ алийг нь ч дутуу дулимаг болоогүй гэж ам бардам хэлнэ. Уран бүтээлч хүн тухайн цаг хугацаандаа бүтээлээ үлдээгээд оддог. Энэ ч утгаараа өнгөрсөн, одоо, ирээдүй гэсэн гурван цагийн орчилд зэрэг амьдарч, мөнх үлдэж чаддаг юм болов уу.
 
-Таны зурагт хар цагаан өнгө зонхилдог. Харин амьдралыг ямар өнгөөр хардаг вэ?
 
-Амьдралыг хардаг өнгөөрөө л уран бүтээлээ туурвидаг. Орчлон дээр муухай өнгө гэж үгүй. Хослуулж чадвал бүх л өнгө сайхан. Орчлон дээр муухай дуу авиа гэж үгүй. Замбараагүй олон дуу авиан дундаас цогц хэмнэлд оруулж байж гайхамшигтай аялгуу төрдөг. Зураач хүн өнгийг мэдрэмжээрээ сонгодог. Би хар цагаан өнгийг зургандаа заавал оруулдаг. Бусад өнгө мэдээж орно л доо. Гэхдээ амьдралын үнэн хэмнэл болсон энэ хоёр өнгө бүтээлд маань голлодог юм.
 
Өглөөний сонин
Ц.Баттуяа
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.