Тоон системийн талаарх иргэдийн мэдлэг, мэдээлэл дутмаг байна
Дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлагыг даган манай улс ч хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологиудыг эх орондоо нэвтрүүлж байгаагийн нэг жишээ нь телевизийн тоон систем юм. Дэлхийн улс орон бүр өөрийн улс орны нөхцөл байдалд тохируулан янз бүрийн стандартуудыг ашиглаж байгаа бөгөөд одоогийн байдлаар дэлхий дээр 4 төрлийн газрын тоон телевизийн стандартыг түгээмэл ашиглаж байгаа билээ.

Тодруулбал, ATSC (Advanced Television Systems Committee), ISDB-T (Integrated Services Digital Broadcasting Terrestrial), DVB-T (Digital Video Broadcast Terrestrial) – DVB-T2 (Digital Video Broadcast Terrestrial2), DTMB (Digital Terrestrial Multimedia Broadcast) гэсэн 4 төрлийн тоон телевизийн стандартыг ашиглаж байгаа юм.

Харин манай улс эдгээрээс DVB-T2 системийг сонгож, Засгийн газрын тоон системд шилжүүлэх үндэсний хөтөлбөрийг эхлүүлэн ажиллаж байгаа юм.

-Тоон системд шилжих нь ямар ач холбогдолтой вэ?

-Улс орны хувьд давтамжийн ашиглалтын зурвас нэмэгдэнэ, нэвтрүүлэгийн бүрхэлтийн хүрээ нэмэгдэнэ, сувгийн гажилт муруйлтыг эсэргүүцэх систем сайтай, нөлөөлөлд бага өртдөг, нэмэлт өгөгдөл дамжуулах боломжтой, программын сонголт харьцангуй их, шахалт хийх гайхалтай боломжтой, хөдөлгөөнт хэрэглэгч телевиз хүлээн авах боломжтой, үзэгчид хүсвэл программаа буцааж үзэх боломжтой, телевизийн төлбөрийн шинэ аргачлал нэвтрэх боломжтой, нэг давтамжийн сүлжээ нэвтрүүлэх боломжтой.

-Тэгвэл тоон системд шилжих нь иргэд, хэрэглэгчдэд ямар ач холбогдолтой вэ?

Программын сонголт сайтай, чанарын өндөр түвшний нэвтрүүлэг үзэх боломжтой, программын электрон зааварчилгаатай, нэмэлт мэдээ мэдээллүүдийг хүлээн авах боломжтой /гамшгийн үеийн мэдээлэл, урьдчилсан сэргийлэх, ачаалал/, үзэгчид хүсвэл программаа буцааж үзэх гээд олон боломжийг хэрэглэгчдэд давхар олгож байгаа юм.

-Бид тоон системд шилжихэд бэлэн үү?

Аналоги, тоон гэсэн системүүд зэрэгцэн цацагдаж байгаа учраас хувиргагч төхөөрөмжийг худалдан авах иргэд харьцангуй цөөн байна. Мэдээж аналоги системээр телевизээ үзэж болж байгаа учраас илүү зардал гаргахыг хүсэхгүй байгаа бололтой. Үүнээс болоод тоон системд бүрэн шилжих хугацаа хойшлогдсоор байгаа юм. Нийт хэрэглэгчдийн 80 хувь нь тоон системд шилжсэн тохиолдолд аналоги системийг унтраана гэсэн заалт бий. Аймгуудыг сар сард нь хувааж тоон системд шилжих үүргийг өгсөн. Мөн 21 аймагт тоон системийн станцийн суурьлуулалт бүрэн хийгдэж дууссан гэдэг мэдээллийг албаны хүн өгч байна.

Өөрөөр хэлбэл тоон системд шилжүүлэх ажил бүрэн хангагдсан. Харин иргэдийн идэвх сул байгаагаас болоод товлосон хугацаанууд хойшлогдож байна гэж тайлбарлалаа.

Тэгвэл цөөн хэдэн хүнээс тоон системд шилжихэд бэлэн үү гэсэн асуултад хариулт авлаа. Харин хариулт өгсөн хүмүүсийн ихэнх нь “тоон системийн талаар ямар ч ойлголтгүй байгаа”-гаа хэлэв. Цөөн хэсэг нь “Телевизээ HD-гээр үзэх, зарим сувгийг ухрааж үзэх зэрэг давуу талууд бий болно гэсэн ойлголттой байгаа”-гээ хэлсэн юм.  Мөн зарим иргэд хуучин зурагтыг шинээр солих гэсэн хэн нэгний бизнес явагдаад байна гэж хардаж байгаагаа ч хэллээ. Ямартай ч иргэд тоон системд шилжихэд мэдлэг мэдээллээс гадна идэвх санаачлага сул байгаа нь ажиглагдав.

“Телевизийн өргөн нэвтрүүлгийн аналоги системийн нэвтрүүлэгчийг зогсоох хугацаат хуваарь” Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын даргын 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 66 тоот тушаалаар батлагдсан. Энэхүү батлагдсан хуваарийн дагуу телевизийн өргөн нэвтрүүлгийн аналоги системийн нэвтрүүлэгчүүд нь орон даяар 2015 оны 07 дугаар сарын 15-наас 10 дугаар сарын 05-ны хооронд зогсох юм.

Телевизийн өргөн нэвтрүүлгийн аналоги нэвтрүүлэгчүүд зогссоноор эфирээс шууд телевизийн өргөн нэвтрүүлэг хүлээн авч үздэг хэрэглэгчид цаашид зөвхөн тоон телевиз үзэх боломжтой болох ба тоон телевизийн хэрэглэгчийн төхөөрөмж шаардлагатай болох юм. 

Өнөөдрийн байдлаар телевизийн өргөн нэвтрүүлгийг аналоги системээр хүлээн авч үзэж байгаа 170 гаруй мянган өрх бий. Өөрөөр хэлбэл зөвхөн сэрээн антеннаар телевиз үздэг 170 мянган өрх бий гэж ойлгож болно. Тэгвэл ирэх аравдугаар сар гэхэд эдгээр 170 мянган өрхийг тоон системд бүрэн шилжүүлэх ёстой болоод байгаа. Үүний тулд хувиргагч төхөөрөмжийг олгох учиртай юм. Гэвч өнөөдрийн байдлаар эдгээр айл өрхийн 4500 орчим нь л хувиргагч төхөөрөмжөө аваад байгаа аж.  Ер нь орон нутагт худалдан авалт сул байна гэж албаныхан тайлбарлав. 

Аналоги төхөөрөмжийг унтрааснаар иргэдийн хувиргагч төхөөрөмж худалдан авах нь нэмэгдэнэ. Гэхдээ нийт хэрэглэгчдийн 80 хувь нь тоон системд шилжсэн нөхцөлд аналоги системийг унтраах заалттай. Гэвч бүрэн шилжихийн тулд аналогийг унтраах арга хэмжээ авахаас аргагүй болж магадгүй юм. Энэ үед хувиргагч төхөөрөмж худалдан авах иргэдийн хэт төвлөрөл, ачаалал нэмэгдэж болзошгүй. Тиймээс хувиргагч төхөөрөмжийн нөөцийг нэмэгдүүлэх үүргийг байгууллагуудад өгөөд байгаа аж. 
 
Ами
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-05-01 00:41:04
    +Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!