“Бид дурсан, бахархаж байна” үзэсгэлэнг Жуковын музейд дэлгэлээ
Аугаа их Эх орны дайны ялалтын 70 жилийн ойг тохиолдуулан манай улсад ажиллаж, амьдарч байгаа орос иргэд дайнд оролцсон аав, ахан дүүс, ойр дотныхоо хүмүүсийн гэрэл зургийг Г.К.Жуковын музейд дэлгэлээ.

Монгол цэргийн музей, Орос иргэдийн нийгэмлэгээс хамтран зохион байгуулж буй "Бид дурсан, бахархаж байна" үзэсгэлэнд ОХУ-ын иргэн Анна Ивановна Полуянова өөрийн дөрвөн ахынхаа хөрөг зургийг дэлгэсэн байна. Түүний ярьж буйгаар дайн эхлэхээс өмнө тэднийх гэр бүлээрээ Монголд ирж суурьшин амьдарч байжээ.

Гэвч дайн эхэлж ЗХУ-ын удирдлагууд дэлхийн орнуудад ажиллаж амьдарч байсан эрчүүдээ цэрэгт татсан учраас түүний дөрвөн ах нь дайнд морджээ. Ялалтын дараа том ах нь дайны талбарт хөлгүй болсоныг эс тооцвол ах дүү дөрвүүлээ эсэн мэнд ирсэн байна. Бага ах нь цэргийн сургуульд суралцаж цэргийн хүн болсон, насны эрхээр ах нар нь бурхан болсон тухай Анна Ивановна Полуянова дурсан ярьж байсан. Аугаа их Эх орны дайнд Монгол Улсад ажиллаж амьдарч байсан ЗХУ-ын 5000 гаруй эрчүүд оролцсон байдаг юм байна.



Тэднээс ганцхан хүн нь өдгөө амьд сэрүүн байгааг манай улсад суугаа ОХУ-ын Элчин сайдын зөвлөх Оганов Артём Валерывич онцолж байсан юм. Тэрээр өөр нэг сонирхолтой зүйлийг хэлсэн нь манай улсаас цэрэгт татагдсан 5000 гаруй орос иргэдийг монголчууд хэмээн нэрлэдэг байсан гэнэ.
Яагаад ингэж нэрлэв гэхээр дайнд мордож ялалт байгуулчихаад эх нутагтаа биш Монголд ирсэн Орос иргэд олон байсан учраас тэр ажээ. Энэхүү үзэсгэлэнд ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа Д.Ганзориг, Монгол цэргийн музейн захирал, хурандаа Г.Золзаяа, ЗХЖШ-ын хэлтсийн дарга Ц.Батсайхан, манай улсад суугаа ОХУ-ын ЭСЯ-ныхан болоод орос иргэдийн төлөөлөл оролцсон юм.
 
Ами
Olloo.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.