Идлэг шонхор худалдаална

Тусгай зориулалтаар 2015 онд агнах агнуурын амьтны тоог тогтоох тухай Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 377 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт орууллаа. Уг өөрчлөлтөд  350 толгой тул загас барьж буцаан тавиулахаар, 150 толгой цагаан зээр,  300 хүртэл  агнуурын шувуу агнуулахаар, гадаад оронд амьдаар гаргах идлэг шонхор шувуу 100 толгой байхаар тусгажээ.

Засгийн газрын 2013 оны 15 дугаар тогтоолоор идлэг шонхрыг ашиг олох зорилгоор гадаад оронд гаргахыг 5 жилийн хугацаагаар хориглосон. Гэвч өнгөрсөн онд 40 идлэг шонхрыг соёлын зориулалтаар гаргасан байна. Холбогдох хууль, тогтоомжоор уг шувуу түгээмэл ашиглах нөөцтэй “элбэг” амьтны ангилалд хамаардаг юм.

Манай улс 2010 онд Монгол орны махчин шувуудыг хамгаалах зорилгоор Арабын нэгдсэн Эмират Улсын Абу Дабигийн байгаль орчны албатай 5 жилийн хугацаатай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан. Энэхүү санамж бичгийн хүрээнд идлэг шонхор шувууны байгаль дахь өндөглөх боломжийг нэмэгдүүлэх төслийг 2010 оноос Төв, Хэнтий, Сүхбаатар, Говьсүмбэр, Дорноговь аймгийн 20 суманд хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд байгуулсан 5250 хиймэл үүрэнд 2011 онд 200 үржлийн хос үүрэлж 600 ангаахай, 2012 онд 380 үржлийн хос үүрэлж 1298 ангаахай, 2013 онд 500 гаруй үржлийн хос үүрэлж 2000 ангаахай үүрнээс ниссэн байна. Иймд 100 толгой идлэг шонхрыг гадаад улс орнуудад худалдаалахад тухайн зүйл амьтны популяцид сөрөг нөлөө үзүүлэхгүй гэж тооцож байна.

Ами
Olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.