Ц.Амгаланбаатар: Хүний уйгагүй хөдөлмөрийг дагаад амжилт өөрөө ирдэг
“Их баян бүрд” ХХКомпаний захирал Ц.Амгаланбаатар: Хүний уйгагүй хөдөлмөрийг дагаад амжилт өөрөө ирдэг

-Ярилцлагаа  хоёулаа та хэрхэн бизнесээ эхлүүлсэн түүхээр эхэлье гэж бодож байна.
 
-Миний хувьд бизнес гэхээс илүүтэй ажил амьдралын гараагаа хэрхэн, хаанаас эхэлснээ ярих,  түүнийгээ мартахгүй байхыг хичээж явдаг. Надад уурын зууханд галч, уулын шугуйд самар түүж, урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж явсан амьдралын түүх байснаас биш  хар костюм, цагаан цамц өмсөж, ганган зангиа зүүгээд уран сайхан илтгэл тавиад явж байсан түүх байхгүй. Би 1993-1997 онд анх уурын зууханд ажиллаж эхлэх тэр үеэс  л өөрийгөө олж харж,  амьдралынхаа эхлэлийг тавьж байсан даа.
 
1997 онд дээд сургууль төгссөн 16 хүнтэй өрсөлдөж, “МАХ Импекс” компанид ажилд орж энэ хугацаандаа Дорнодын техникумд эчнээгээр суралцаж бараа судлаач мэргэжилтэй болсон. Энэ мэргэжлийг эзэмшсэнээр “Мах Импекс”-ийн харьяа “Мал түүхий эд бэлтгэлийн газар”-т борлуулалтын ажилтан хийх болсон. Тэндээс л би түүхий эдийн бизнест орж арьс шир, мал мах авч өнөөгийн бизнесийнхээ гарааг эхэлж байлаа.
 
-Амжилттай бизнес эрхлэгчдийн түүхээс харахад бүгд халаас хоосон эхэлж, өөрийн гараар бүгдийг босгосон байдаг . Таны хувьд ямар байсан бэ?
 
Тийм шүү. 1999 онд миний ажиллаж байсан “Мах Импекс” ХХК  татан буугдав аа. Залуухан мундаг амьтан 2000-2001 онд наймаа хийнэ, УАЗ-469 машинтай болно гээд л хүний өөрийн нийлсэн  нэлээд хэдэн төгрөгтэй наймаанд явлаа. Тэгээд  Эрээнд очоод “шатаад” ирж чадахгүй баларч, тэндээ 4 сар амьдарсан юм. Машин ч үгүй, мөнгө ч үгүй болчхоод хүний нутагт амьдарч байхдаа өдөрт ганцхан хуушуурын төлөө буудалд ирсэн наймаачин Монголчуудынхаа барааг боож, баглах зэрэг янз бүрийн ажил хийж хэдэн юань олдог байлаа. Харин нутагтаа буцаж ирээд самар түүж сая гаран төгрөгтэй болоод анх Хэнтий аймгийн төвийн “Хурх” захад лангуу аваад мах жижиглэнгээр зарж эхэлсэн юм. Ингээд эхнэрээ лангуундаа зогсоогоод  өөрөө Улаанбаатар хот руу  мах зөөж үзлээ. Хүн ер нь уйгагүй хөдөлмөрлөөд ирэхэд амжилт өөрөө  ирдэг юм байна лээ. Амьдрал аяндаа л  дэвжиж, дээшилж  ирсэн.
 
-Танд бизнес эрхлэхэд ямар саад бэрхшээл тохиолдож байсан бэ? Бэрхшээлд ямар өнцгөөс хэрхэн ханддаг вэ?
 
-Мэдээж амьдрал дардан бус юм чинь алдаж, онох  шантрах зүйлс  бишгүй л тохиолдоно.  Эр хүн туг ч барина, тугал ч хариулна гэдэг дээ.Бизнесээ өргөжүүлэхийн тулд БНСУ-д амьдарч, ажиллаж  хүртэл үзсэн. Амьдралд тохиолдох аливаа бэрхшээлийг тойрч бус үүрээд гарахыг зорьдог. Би зорьсон зүйлдээ уйгагүй шаргуу хөдөлмөрлөдөг, эхэлснээ дуусгаж байж салдаг зантай хүн.  
 
-Орон нутагт бизнес эрхлэхийн давуу болон сул талыг та юу гэж харж байна вэ?
 
-Орон нутагт  бизнесийн орчноо мэдрэхэд хялбар байдаг. Миний амьдарч оршин сууж байгаа баг маань 3800 орчим хүн амтай, бараг л нэг сумын статустай  гэхэд хилсдэхгүй. Тэгэхээр нягтрал ихтэй, хэрэглэгчид үйлчилгээг шууд хүргэж болдог давуу талтай. Аль ч орон нутагт үйлчилгээ төв рүүгээ чиглэх, бөөгнөрөх хандлагатай байдаг. Тиймээс би эхнээсээ  захдуу  байрлалыг сонгож үйлчилгээгээ эхлүүлсэн. Гэтэл энэ орчим газар одоо үйлдвэржилтийн район болохоор төлөвлөгдсөн байх жишээтэй. Хэрвээ үүнийг мэдэрч чадахгүй бол нөгөө сул тал болно гэсэн үг  шүү дээ. Тэгэхээр аливаа бизнес эрхлэхдээ бизнесийн орчин, өөрийн давуу талыг сайтар мэдсэн байх шаардлагатай юм.
 
-Танай компанийн хувьд санхүү, хөрөнгө оруулалтын асуудлаа хэрхэн шийдэж энэ амжилтад хүрсэн бэ? Банк санхүүгийн байгууллагын үүрэг ямар байсан бэ?
 
-Бид 2006 он хүртэл банк санхүүгийн байгууллагаас огт зээл  авалгүй ажиллаж ирсэн. Гэтэл бизнесээ өргөжүүлэхийн тулд хөрөнгө мөнгө зайлшгүй шаардлагатай болж  эхэллээ. Ингээд 2006 оны 12-р  сард хамгийн анх ХААН Банкнаас бизнесийн зээл авч байлаа. Би энэ өдрийг маш сайн санадаг юм. Дутагдалтай байсан санхүүжилтээ авч одоогийн “Тулга” дэлгүүрээ нээж,дараа нь  дэлгүүрээ өргөтгөж зочид буудалтай болгохын зэрэгцээ 2008 онд  “Их баян  бүрд” компаниа  байгуулсан. Энэ хооронд халуун ус, ахуйн үйлчилгээний цогцолбор нээж ажиллуулах санаа төрөөд“Ахуйн үйлчилгээний цогцолбор” байгуулсан түүхтэй. Миний бизнесийн өсөн дэвжих үйл явц бүр ХААН Банктай салшгүй холбоотой байдаг. Ингээд бодохоор ХААН Банканд би үргэлж талархаж, хамтарч ажиллахдаа сэтгэл хангалуун байдаг, одоо ч хамтран ажиллаж байна.
 
-Аливаа бизнесийн хөдөлгөгч хүч нь тухайн байгууллага байдаг. “Их баян бүрд” ХХК хэдэн ажилтантай вэ? Ажилтнуудынхаа нийгмийн асуудалд хэрхэн анхаардаг бол?
 
-Би 2008 онд “Их баян бүрд” ХХК-ийг байгуулснаасаа хойш  өнөөг хүртэл нэг ч ажилтнаа “халж” үзээгүй юм байна. Одоогоор манай компани 21 ажилтантай өнөр өтгөн бүл болоод байна. Манай компанид  ажиллаж байсан хүмүүс заавал эргэж ирдэг. Ар гэрийн ямар нэгэн шалтгаанаар л гэхээс өөр асуудлаар хэзээ ч хэн ч ажлаас гарч байгаагүй. Үдийн цайны цагаар би ажилтнуудтайгаа  ажил дээрээ хооллочихдог юм. Ажилтнуудаасаа хоолны мөнгө авдаггүй. Ажилтнуудаа орон гэртэй болоход нь дэмжлэг үзүүлэх, бүл нэмсэн ажилтнууддаа туслах,  гэр бүлийн шинэ гишүүнээ өлгийдөн авах баярт мөчийг хамтдаа хуваалцахаас гадна зундаа байгалийн үзэсгэлэнт газраар хамт олноороо аялах гээд ажилтнуудынхаа нийгмийн асуудалд анхаарч ажилласаар ирсэн.  
 
-Таны бизнесийн үйл ажиллагааны хэтийн зорилго юу вэ? Цаашид ямар ямар ажлуудыг хийхээр зорьж байна вэ?
 
-Бизнесийн  үйл ажиллагаа тогтворжихын хирээр бизнесээ улам л өргөжүүлэхийг хичээдэг юм байна. Одоо би санаандаа бус харин бодит байдал дээр хэд хэдэн төсөл  боловсруулчихсан,  дараа дараагийн  ажлынхаа эхлэлийг аль хэдийн тавьчихсан явж байна. Хамгийн ойрын зорилго бол стандартад нийцсэн орчин үеийн ахуйн үйлчилгээний төвөөр иргэдэд үйлчлэх зорилгоо бүрэн хэрэгжүүлэхийн тулд Чингис хотдоо дахин нэг ахуйн үйлчилгээний төв байгуулах ажлаа хийхээр төлөвлөж байна.
 
-Та байгууллагынхаа ирээдүйг 10 жилийн дараа ямар байдлаар  төсөөлж байна вэ?
 
-Манай улс болж өгвөл залуусаа гадны өндөр хөгжилтэй орнуудад сургаж, арга туршлагатай болгох хэрэгтэй гэж боддог. Хөгжил гэдэг маш жижиг зүйлээс эхэлдэг. Миний хувьд соёлжилтыг түгээх эрхэм зорилгын төлөө зүтгэхээр сэтгэл шулуудсан. Намайг анх энэ бизнесийг эхлүүлэхэд зарим нэг хүмүүс, муухайгаар хэлэхэд хүний хиртэй зууралдах гэлээ гэж тийм ч таатай бус хүлээж авч байсан юм. Гэсэн ч би алдаагүй гэдэг нь миний бизнесийн өнөөгийн  хүрсэн амжилтаас харагдаж байгаа байхаа. Хүн бизнес хийж өөрийн аж амьдралаа дээшлүүлэхээс гадна нийгмийн сайн сайхан бодитой хувь нэмэр оруулж байх ёстой. Тиймээс ч 10 жилийн дараах байгууллагынхаа өнгө төрхийг Хэнтий аймгийн  хөгжил дэвшил, хүн ардынхаа соёлжилттой шууд холбон гэрэлтэй сайхнаар төсөөлж явдаг даа.
 
-Бизнесийн гараагаа юунаас эхлэхээ мэдэхгүй байгаа, дөнгөж  бизнесийн салбарт хөл тавьж байгаа хүмүүст хандан та юуг захиж, зөвлөх вэ?
 
-Хамгийн гол нь бизнесээ дөнгөж эхэлж байгаа бол олон зүйл рүү бус хамгийн сайн чадах нэг л зүйлдээ шантралгүй, эргэлт буцалтгүйгээр хүч хөдөлмөрөө зориулах хэрэгтэй гэдгийг хэлмээр байна.  Энэ нь амжилтад хүрэхийн үндэс болно. Харин үйл ажиллагаагаа тогтворжоод ирэх үед   шинэ салбарт хүч сорих, бизнесээ өргөжүүлэхэд оройтохгүй гэдгийг хэлмээр байна.
Бусдад түгээх
  • gplus