Тавантолгойг тууштай хамгаална
Энэ долоо хоног цаашлаад ч багагүй хугацаанд нийт Монголчууд, улстөрчид Тавантолгойгоор талцан улстөржиж, хэрүүл тэмцэл даамжрах нь тодорхой болж байна. “Тавантолгойд Монголын ард түмэн 1072 хувьцаа эзэмшиж, ирээдүй нь баталгаатай болсон” хэмээн эрх баригчид, улстөрийн намууд сонгууль болгоны өмнө хөхөө шиг донгоддог байсан нь өнөөдөр “Мянгуужингийн үлгэр” болж түүнийг нь Тавантолгойд хөрөнгө оруулагчаар шалгарсан “Шинхуа энержи”, “Сумитомо”, “Энержи ресурс”-ынхан “Тавантолгойд хувьцаа эзэмшдэг ганц ч Монгол байхгүй хэмээн шулуухан дайрч эхлэв. Товчхондоо Тавантолгойн 1072 хувьцаа гэгч нь Монголын улстөрчдийн молигдож дуусдаггүй хоосон амлалт, бүтэшгүй мөрөөдөл байсан нь ийнхүү үнэнд гүйцэгдэж эхлэв бололтой. Гэхдээ гудамжнаас УИХ-д заларсан “Монгол хүний төлөө” тэмцэгчид Тавантолгойг тийм ч амархан Оюутолгойн араас алдахыг хүсэхгүй байгаагаа мэдэгдсээр байна. Тэд Тавантолгойн асуудлаар дараах байр суурин дээр хатуу зогсохоо мэдэгдэв.
 
Ж.Батзандан: ТӨРИЙН ӨНДӨРЛӨГҮҮДИЙГ Ч АВЛИГАДСАН БАЙНА
 
-Монголчууд Тавантолгойд хувьцаа эзэмшиж байгаа юм уу, үгүй юу?
 
-Энд эргэлзэх зүйл байхгүй. Монголын 2.1 сая иргэн, 553 аж ахуйн нэгж Тавантолгойд хувьцаа эзэмшиж байгаа. Энэ сарын 29-нд “Эрдэнэс Тавантогой”-н хувьцаа эзэмшигчдийн хурал болно. Уг хуралд дээрх хувьцаа эзэмшигчдийн төлөөлөл оролцох боломжгүй гэж байна. Тиймээс энэ сарын 30 буюу пүрэв гаригт Чингисийн талбайд жагсаал зохион байгуулж, хувьцааны асуудлаар иргэдийн саналыг сонсох болно.
 
-Ерөнхий сайд Оюутолгой, Тавантолгойг аль болох хурдан эдийн засгийн эргэлтэд оруулж байж өнөөдрийн хүндрэлээс гарна гээд байгаа?
 
-Эдийн засаг хүнд байна гэдэг нь эх орноо гаднынханд үнэгүй худалдана гэсэн үг биш. Ард иргэдээсээ асуухгүйгээр авлигачид дураараа дургиж, дуртай шийдвэрээ гаргана гэсэн үг биш юм. “Чоно борооноор” гэдэг шиг эдийн засгийн хүндрэлтэй байдлыг далимдуулж, Монголын баялгийг гадныхантай хамтарч идэж, уух гэсэн улстөрчдийн шунал хэрээс хэтэрч байна.
 
Ер нь Монголд улс төрийн нам байхгүй болсныг хоёр жил гаруй парламентад суухдаа харлаа. 20 гаруй жил Монголын парламентад суусан олигархи бүлэглэл дээр суурилсан хэсэг бүлэг этгээд Монголын төрөөр тоглосоор ирлээ. Цаашид ч тоглох юм байна. Ийм учраас улс төрийн нам байгаа гэсэн хонгор итгэлээ орхих хэрэгтэй. Авлигын тогтолцоо аалзны тор шиг Монголыг хэржээ. Энэ заваан тогтолцоог өөрчлөх, ардчилал, эрх чөлөө, иргэний нийгмийг бодит утгаар нь хэрэгжүүлэхийн тулд шуналтай хүмүүсийг нөгөө талд нь гаргаж, цэвэршүүлэх хэрэгтэй. Ингэж байж Монголын төр цэвэршинэ гэж би харж байна.
 
Намынхандаа ч энэ талаар тодорхой хэлж байгаа. Олигархи нөхдөөсөө татгалзах хэрэгтэй. “Оюутолгой",     “Тавантолгой”-н асуудал маш хүндрэлтэй шатандаа явж байна. Социализмын үед бидний өвөг дээдэс Оросуудтай хамтран 100 сая ам.доллараар хайгуулыг нь хийж, 6.3 тэрбум тонн орд байгааг нь тогтоосон. Үүний 30 хувь нь хатуу нүүрс, 70 хувь нь кокс нүүрс. Нүүрсний нөөц нь 500-700 метрийн зайд байгаа. Дэлхий дээр хамгийн амархан, хөнгөн нөхцөлөөр олборлох бололцоотой, ийм том орд өөр байхгүй шахуу. Гэтэл ийм том баялгийг нэг тонныг нь 30 ам.доллараар Хятадын компанид өгөх гээд Засгийн газар зүтгэж байна. Гэтэл хөрөнгө оруулагч хамтарсан компани нь дампуурсан, 1.2 тэрбум ам.долларын өртэй компани. Засгийн газар гэмт хэрэг хийхээр бэлдэж байна. Үүнийгээ явуулахын тулд төрийн өндөрлөгүүдийг авлигадаж авчээ. Ийм л луйврын тогтолцоо Монголыг залгих нь.
 
-Бидний нөгөө алдартай 1072 хувьцаа юу болсон юм бол?
 
-Монголчуудын Тавантолгойд эзэмшдэг гэх 1072 хувьцааны асуудал маш бүрхэг болж байна. Монголчуудын өмчийг иргэдээсээ асуухгүй Хятадын компанид өгөх тохиролцоог энэ Засгийн газар хийгээд сууцгааж байна. Шийдлийн Засгийн газар “Иргэдийн 1072 хувьцаа бол саналын эрхгүй хувьцаа’’ гэсэн шийдвэр гаргачихсан байна. Товчхондоо иргэдийнхээ өмчийг гадныханд бэлэглэх гээд тулгалт хийж эхэллээ. Бид үүнийг яагаад ч хүлээн зөвшөөрөхгүй.
 
Эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаатай холбогдуулан нэн яаралтай хэлэлцүүлэх чухал хуулийн төслүүдийг өргөн барьж шаардлагатай арга хэмжээг авна хэмээн шийдлийн Засгийн газар байгуулагдсан. Энэ нь эх орноо гадаадынханд үнэгүй худалдана, ард иргэдээсээ асуулгүйгээр дуртай шийдвэрээ гаргана гэсэн үг биш. Социализмын үед Оросуудын хийсэн судалгаанаас гадна Австралийн болон барууны орнуудын стандартаар хийсэн судалгаагаар 7.3 тэрбум тонн нөөц илэрсний 70 хувь нь коксжих нүүрс хэмээн тогтоосон.
 
-Ер нь Тавантолгойн орд маань эдийн засгийн үнэлгээгээрээ  аль хэр ханштай орд юм бэ дээ?
 
-Зөвхөн Оросуудын тогтоосноор буюу 6.3 тэрбум тонн гэж тооцоолоод нэг тонн нүүрсийг 30 доллараар бодоход 180 тэрбум долларын хөрөнгө Тавантолгойн ордын доор байна. Энэхүү хөрөнгийг тооцоо судалгаагүй зөвхөн гадаадынханд найр тавьсан байдлаар шийдвэрлэхийн эсрэг тууштай тэмцэх болно.
 
-Урьд нь Засгийн газрын тогтоол гарч Тавантолгойд эзэмших хувьцааны тоо хэмжээ гарч байсан санагдах юм?
 
-Засгийн газрын 2012 оны 181 дүгээр тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХХК нь 15 тэрбум ширхэг хувьцаатай байна гэж зарласан байдаг. Түүний 2.1 тэрбум ширхэг хувьцааг 2.1 сая иргэдийн нэр дээр бүртгэсэн. Мөн 550 гаруй аж ахуйн нэгж 8497 мянган хувьцаа эзэмшиж    байгаа бөгөөд нийт хувьцааны 15 хувь нь хувьцаа эзэмшигчдийн нэр дээр байгаа. Дөрөвдүгээр сарын 29-ны өдөр хувьцаа эзэмшигчдийн хурал зарласан байна.
 
Гэтэл 2.1 сая иргэд саналын эрхгүй гэдэг үндэслэлээр хуралд оролцохгүй болж байна. Үндсэн хуулийн 5.25.3 дугаар зүйлд зааснаар хувьцаа эзэмшигчийг эрх хэмжээний хэлцэлд оруулах ёстой. Тиймээс 2.1 сая иргэн бүгд оролцох боломжгүй нөхцөлд төлөөллийн байгууллагыг хуралд оролцуулах ёстой. Бид энэ талаар ард иргэдээс санаа бодлыг нь сонсож, тууштай тэмцэх болно.
 
Ц.Даваасүрэн: МОНГОЛЫН ТӨРИЙГ ПОПУЛИСТУУД БАРЬЖ БАЙНА
 
-Тавантолгойн гэрээнд борлуулалтын орлогыг Монголын банк, санхүүгийн байгууллагаар дамжуулахгүй шууд гадагш нь гаргах заалт байгаа юу?
 
-Оюутолгойн борлуулалтын мөнгө Монголын татварын байгууллагаар дамждаггүйгээс болж бид валютын хомсдолд орж, өнөөдөр эдийн засгийн ямархуу хүндрэлд орчхоод байгааг манай иргэд ойлгож байгаа. Хэрвээ баялгийн орлого Монголоор дамждаггүй л байх юм бол, манай баялгийн 4-5-хан хувь нь бидэнд олддог өнөөдрийн алдаа, завхрал үргэлжилсээр байх юм бол Монгол Улс хэзээ ч валютын ханшны хямралаас ангижрахгүй.
 
Өнөөдрийн хямралын гол нь эх үндэс нь ерөөсөө л валютын ханш 1300-аас 1900 төгрөг болсонд байгаа юм шүү дээ. Бид мөнгөө авч чадахгүй, өнөөдрийнх шиг арчаагүй байх юм бол бид уул уурхайгаасаа юу ч олж авч чадахгүй, баахан өртэй л хоцорно. Тавантолгойн гэрээнд баялгийн орлого заавал Монголын татварын байгууллагаар дамждаг заалт оруулах ёстой. Энэ талаар ч бид нарийвчлан нягтлах ёстой юм. Өөр олон зүйл байна л даа.
 
-Жишээлбэл ямар асуудлууд та бүхний анхаарлыг татаж байна вэ?
 
-Гэрээний төсөл, Засгийн газрын оруулж ирж байгаа тогтоолын төсөл энэ тэрийг харсан. Одоогоор бүр нарийвчилж, нэг бүрчлэн харж амжаагүй байна. Их зузаан материал байгаа л даа. Эхнээсээ л маш их анхаарал татсан, эргэлзээтэй зүйлүүд гарч ирсээр байна.
 
-Сүүлийн үеийн мэдээллээр “Эрдэнэс Тавантолгой” компани алдагдалтай биш, ашигтай ажилласан нь тодорхой болсон. Энэ талаар та бүхний байр суурийг сонирхож байна?
 
-Бидэнд ирсэн мэдээллээр Баруун Цанхийн уурхайг ашиглалтад оруулснаар 2013 онд 2.1 сая тонн нүүрс борлуулж, 156.6 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олж, үндсэн үйл ажиллагаанаас 17.5 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан бол 2014 онд 5.7 сая тонн нүүрс борлуулж, 400.7 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олж, үндсэн үйл ажиллагаанаас 23.2  тэрбум төгрөгийн ашигтай ажилласан байна лээ. “Эрдэнэс Тавантолгой” компани 2015 оны эхний гурван сарын байдлаар 1.4 сая тонн нүүрс олборлож, 1.8 сая тонн нүүрс экпортлоод байтааг тайландаа тустасан байна.
 
Энэ оны эхний улирлын мэдээллээр Монгол Улсын нүүрсний экспортын 56 хувийг “Эрдэнэс Тавантолгой” дангаараа бүрдүүлсэн байна. Өнгөрсөн онд 5.8 сая тонн нүүрс экспортолж Монгол Улсад 200-аад сая ам.долларын борлуулалтын орлого оруулсан бол энэ онд 8-10 сая тонн нүүрс борлуулахаар төлөвлөн ажиллаж байгаа юм билээ. Энэ хэдхэн тоо баримтаас “Эрдэнэс Тавантолгой’’ хэдийгээр “Чалко"-гийн өрийг төлсөөр байгаа ч ашигтай ажиллаж байгаа нь тодорхой байгаа юм.
 
Амжилттай ажиллаж байгаа энэ мэт компаниудаа тусалж дэмжиж, баталгаа гаргаж өгдөг байх ёстой. Түүнээс биш ард түмнийхээ өмч, баялгаар өр дардаг байж таарахгүй.
 
-Оюутолгойн асуудлаар Ерөнхий сайдад хандах гэж байгаа гэсэн. Тэр талаар тайлбарлана уу ?
 
-Оюутолгойн    асуудлаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт асуулга тавина. Маргааш /өнөөдөр/ асуулгаа хүргүүлнэ. Хамгийн гол нь борлуулалтын орлогоо Монголоор дамжуулах асуудал юу болсон бэ гэдгийг асууна. УИХ-ын 57 дугаар тогтоолын биелэлтийг хангах асуудал ямар түвшинд явж байна гэдгийг асууна.
 
Хэрвээ бид эхний хөрөнгө оруулалтын гэрээний алдаануудыг засаж, гэрээгээ сайжруулж чадахгүй бол хоёр дахь шатны хөрөнгө оруулалтын дөрвөн тэрбум ам.долларын өрөнд орох нь зайлшгүй. Өнөөдөр Монгол Улсын гадаад өр төр, хувийн хэвшилтэйгээ нийлээд 19.8 тэрбум ам. доллар болсон. Үүний 30 хувь нь зөвхөн Оюутолгойн балагтай гэрээнээс үүссэн өр байгаа. Бүр тодруулбал Оюутолгой дээр оруулсан гэгддэг зургаан тэрбум ам. доллар юм. Нэг ёсондоо балагтай улстөрчдийн Монголын ард түмний баялгийг гадны тонуулчдад найр тавьж өгсний гай ийм их уршигтай, хор хохиролтой байгаа юм. Гэтэл тэр нөхдүүд өнөөдөр хэнэг ч үгүй сайд дарга хийгээд, зарим нь гадаадад жигтэйхэн тансаг амьдраад хэвтэж байна. Уул уурхайгаа хөгжүүлж ард түмнээ жаргалтай амьдруулна энэ тэр гэж жинхэнэ популизм хийчихээд эцэстээ нөгөө баялгийнх нь мөнгө нь Монголоор дамждаггүй, гадныхныг л баяжуулах хэрэгсэл болчихсон. Ард түмэн ядуурсаар байхад бид дахин өр тавих ямар ч шаардлага байхгүй. Оюутолгойн төсөл харилцан үр ашигтайгаар цааш явах ёстой. Түүнээс биш өнөөдрийнх шиг 100 төгрөгнөөс баялгийн эзэд нь тавхан төгрөг авч үлддэг манайх шиг дүүрчихсэн орон дэлхий дээр өөр ганц ширхэг ч байхгүй.
 
Эхний бантан хутгасан гэрээгээ өөрчилж байж дараагийн шатанд шилжихгүй бол дахин дөрвөн тэрбум ам. долларын өрөнд орж, гадаадын 10 гаруй банкны барьцаанд орчих юм бол жинхэнэ утгаараа Оюутолгойгоос ганц ч төгрөг олж авч чадахгүй байдалд шилжинэ. Бид дээрх асуудлуудыг Ч.Сайханбилэгт хандаж тавина. Нөгөөтээгүүр хөрөнгө оруулагчдад Засгийн газрын явуулсан албан бичиг, тохиролцоо байвал бүгдийг нь авч танилцана. Тэгж байж дараагийн алхмаа хийнэ.
 
Хэрвээ ноцтой үр дүнд хүрэх тохиролцоо, юмнууд хийсэн байвал Уул уурхайн сайдаас нь эхлээд хариуцлага тооцуулна. Магадгүй цаашлаад Засгийн газрын түвшинд ч хариуцлага тооцох асуудал үүсэж болзошгүй. Одоо бид Оюутолгой шиг ийм ноцтой, онцгой хохиролтой гэрээг нүдэн балай өнгөрүүлж яагаад ч болохгүй. Монголчууд хөл дээрээ босох, мөнгөтэй болох хэдхэн орд бий. Тамсагийн орд, Оюутолгой, Тавантолгой тэгээд дээр нь зарим нэг орд байж мэдэх юм.
 
-Ер нь Монголчууд энэ их баялгаасаа дээд тал нь хэдэн хувийн татвар, хураамж авч байгаа вэ?
 
-Үнэхээр шалихгүй шүү дээ. Нийт борлуулалтын орлогоос дээд тал нь 24 хувийг л авч байгаа. Ихэнх нь 4-5- хан хувийг л авч байгаа. Өнөөдөр Монгол Улсын нийт өр болох 19.8 тэрбум ам.доллар чинь 30 гаруй их наяд төгрөг гэсэн үг.
 
Өөрөөр хэлбэл Монгол Улсын нийт төсвөөс 10 дахин их өртэй болчхоод сууцгааж байна. Зөвхөн уул уурхайгаа буруу хөдөлгөснөөсөө болж улсын төсвөөсөө 10 дахин их өртэй үлдэнэ гэсэн чинь үнэхээр байж боломгүй явдал шүү дээ.Тийм ч учраас Ерөнхий сайдыг Оюутолгойн асуудлаар 14 хоногийн дотор УИХ-д мэдээлэл хийхийг шаардаж, сонсох ч болно.
 
Энд нэг зүйл нэмж хэлэхэд АН- ын мөрийн хөтөлбөрт “Уул уурхайн ордуудыг түшиглэн байгуулагдах компаниудад Монголын талын оролцоог 51 хувиас багагүй байх эрх зүйн орчныг бий болгож хэрэгжүүлнэ. Улсын төсвөөр хайгуул хийгдсэн ордууд дээр байгуулагдах компаниудын 51-ээш доошгүй хувийг төр эзэмшдэг байна’’ гэж байгаа бол МАН-ын мөрийн хөтөлбөрт “Стратегийн ордын тоог нэмэгдүүлнэ. Монголын тал 50-иас доошгүй хувийг эзэмшинэ. Улсын хөрөнгөөр хайгуул хийсэн ордыг ашиглахад төрийн оролцоог 51-ээс доошгүй хувиар тогтооно” гээд цагаан дээр хараар биччихсэн байна. Энэ хоёрхон баримтаас хэн нь жинхэнэ популистууд вэ гэдэг нь тодорхой харагдах байх. Ийм л популистууд Монголын төрийг барьж байна.
 
Өглөөний сонин
Д.Энхтүвшин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • batbold 2015-04-28 15:31:24
    songuul oirtoj edgeer erhemeed showdaj bna.
    110.77.197.183
    Мэдэгдсэн Хариулах
  • vg 2015-04-28 12:11:05
    nuguu heden tenegvvd chin ugiin awligjad ideh gd ulairad bgashd lrd mongold mungun orj ired yu boldii mani meted ugiin yu bolsnon medegdegvi shdee hvndreld
    1.25.116.223
    Мэдэгдсэн Хариулах
  • ganbaa 2015-04-28 10:34:39
    heruulee boliod MGL chuudad ashigtaigaar hurdan shiidsen deeree . ta nar 20 heden jil hereldeh hoiguur oros manaihiig oruulahguigeer toiruulaad buh yumaa hiij b...
    202.126.89.199
    Мэдэгдсэн Хариулах
  • Ард 2015-04-28 08:34:08
    Ийм их баялагтай гээд яриад л яриад л байна. Ард түмэнд хүртэх нэг ч юм байхгүй. Өөрсдөө баяжаад л дэлбэртлээ таргалаад л хэрэлдсээр 4 жил өнгөрлөө.
    202.170.69.194
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2015-04-28 07:42:35
    ТТолгойг зүгээр одоо ажиллаж байгаагаар нь явуулчих, хөрөнгө оруулалтын шаардлага байхгүй, ямарч байсан ашигтай ажиллаад явна.
    124.158.111.6
    Мэдэгдсэн Хариулах
    • Myagmarsuren 2015-04-28 07:53:36
      ashigtai ajildag baiguullaga odii boltol 150 say dollariin ortei baijil bh uu. eniig oilgohod ediin zasag ch baih shaardlagagui tarhi ajildag hun ch oilgono
      103.9.91.146
      Мэдэгдсэн Хариулах
  • asdf 2015-04-28 07:05:35
    Даваасүрэн төсвийн байнгын хорооны дарга байхдаа улсыг бондын өрөнд оруулчихаад юу яриад байгаа юм
    202.21.106.113
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-04-28 06:43:56
    Энэ хоёр этгээд Гэрээг бүрэн уншиж ойлгоогүй байж элдвийн юм хуцаад байх юм. Энэ 76-ч дээ мөн ч таарсан таар шуудайнууд шиг байна. МОнголын ЭЗ-т ТТ гэрээ маш чу...
    202.131.228.20
    Мэдэгдсэн Хариулах
  • tur zasagt 2015-04-28 06:43:19
    ediin zasag muu bgaada bus ediin zasagchid muu ajilaj bgaamaa, 3 saya hunee avch yavj chadahgui arcaagui umnuud, 2 togoig hudulguj ch chadahgi teneguud
    112.72.13.136
    Мэдэгдсэн Хариулах
  • үнэн 2015-04-28 04:19:46
    Наад гэрээгээ олигтойхон уншчих.Худлаа шоудаж байхаар.Худлаа үйлгоогүй бж оноо авах гэж ядах юм.
    202.70.46.20
    Мэдэгдсэн Хариулах
  • Dreamer 2015-04-28 03:30:05
    2 tolgoig hudulguj chadahgui bol AN-d itgel aldarlaa.
    27.123.214.2
    Мэдэгдсэн Хариулах
  • Бүтээн байгуулалт 2015-04-28 01:29:02
    Монголчууд юу ч хийж чаддаггүй. Хэрэлдсээр, хоорондоо 13-р зууных шиг байлдсаар байгаад дуусах ард түмэн. Улс төрчид нь шахаа хийх ганц обьектоо Төрд үлдээхээр....
    206.75.247.226
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2015-04-28 01:16:30
    Эдийн засаг муу байгаагаар далимдуулж үндэсний баялагийг ингэж үнэгүйдүүлж болохгүй дээ Эрх баригчид аа? Маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушиг гэгч болж дээ.
    208.107.140.160
    Мэдэгдсэн Хариулах