Б.Лхагвасүрэн: Цаг нь ирвэл амьдрал гэдэг тийм ч хоргодоод байх зүйл биш
Аравдугаар ангид байх­­даа “Уянгын тойрог” номыг уншчихаад хvнээс ямар уянга гарч болдгийг гайхан биширч билээ. Урьд нь ном уншдаг байсан ч тэр жижигхэн яруу найргийн тvvвэр намайг жинхэнэ “номын цагаан солиотон” болгосон билээ. Автобусаар таван буудал явж сургуульдаа хvрдэг байлаа. Автобусанд ороод гайгvй шиг завсар зай олдвол өнөөх л “Уянгын тойрог-оо харж явдаг байлаа.
 
Номонд, vгийн шидэнд тийм их хvч чадал байдгийг мэдрvvлж өгсөн ачтан минь өдгөөгийн Ардын уран зохиолч, төрийн соёрхолт, Соёлын гавьяат зvтгэлтэн Бавуугийн Лхагвасvрэн гуай юм. Ангиараа гайхан алмайрч уншдаг байлаа, тэр л номыг. Одоо УИХ-д сууж байгаа эрхэм гишvvн Ц.Дашдорж, яруу найрагч, багш Д.Бадамханд нар маань булаацалдан уншдаг байлаа. Төрсөн ахтайгаа хамт Цагаан сараар буурал найрагчтай золгож, Баасан эгчийн хийсэн хачин амттай буузыг идэж л явлаа. Он жилvvд нисэн өнгөрсөн ч гэгээн сайхан дурсамжууд минь халуунаараа байна санж. Аав шиг минь дvнхийсэн ноён оргил Б.Лхагвасvрэн гуай Монголын оюун санааны ноён хөх оргилуудын нэгэн билээ. Буурал их гэзэг vсээ илбэсэн энэ цагийн суутантай амар мэндийн цэнхэр хадаг барин учралдан хөөрөлдсөн нь ийм бөлгөө.
 
-Урин хаврын найртай улирал дор таны сэтгэлд юу бодогддог вэ?
 
-Хаврын улирал надад аз жаргал мэдрvvлдэггvй юм. Хамгийн уймраа улирал. Сайхан зун болох нь мэдэгдэхгvй.Хэзээ тvрvvчийн ногоо цухуйхыг мэдэхгvй хамгийн ааштай улирал. Сэтгэл хамгийн их урагддаг улирал шvv дээ. Намар бол сэтгэл налайдаг улирал. Одоо өнөөдөр хариад зурагт vзэхээр булхайтай хэдэн гишvvн харагдана, суваг солихоор энд, тэнд хэдэн хvний жагсаал харагдана. Эднийг харж байснаас тvрvvчийн цэцэг дэлбээлэхийг харсан нь жаргал. Маргааш яах бол гэсэн л улирал байдаг юм даа.
 
-Намар цаг аргагvй л дурсамж цуглуулдаг. Таны хувьд өнгөрсөн намар ямар дурсамж vлдээсэн бол?
 
 -Ер нь намар би их зав муутай байдаг. Жvжиг энэ тэр оролдоно. Бас телевизийн нэвтрvvлэг байна. Тэгээд vлдсэн цагт нь vр хvvхдvvдтэйгээ налайгаад л өнгөрөөдөг. Хэдэн сайхан хvvхэд өсгөж тэд минь хvний дайтай л амьдарч явааг мэдэрч суух нь жаргал юм. Дээх нь жаахан өвдсөн. Өвдөж ядрахын цагт хvн улам ихийг боддог юм байна.Хэдийгээр би өвдөж зовсон ч намрын улирал гэдэг цаагуураа дэвсгэр нь зөөлөн юм даа.Хотын хvн буцаж яваа шувуудыг харах биш дээ.
 
Дурсамж, дуртагтал л их болох юм . Өчигдөр инээгээд уулзаж байсан сайхан нөхөр минь өнөөдөр байхгvй болсон гашуун мэдээг сонсож л суулаа. Малгай хийсээд ойчих салхигvй тэр цагаар “Байж байгаад байхгvй болсон хvмvvсээ л их бодох юм” даа. Улс Монгол орондоо гэхээсээ илvv vр хvvхэд, ач зээ нартаа vгvйлэгдэх орон зайг нь боддог доо би. Аливаа юм vнэтэй газраа л vнэтэй байдаг.Vр хvvхдvvдийн минь сэтгэлд орших миний орон зайг юугаар ч хэмжишгvй. Би эх орондоо vгvйлэгдэж явах юм сан гэж зvтгэсээр ирлээ. Хэзээ нэгэн цагт ертөнцийн хуулийг дагана. Тэр цагт Бавуугийн хvv байсан юм гэдгийг шvлэг зохиол минь л харуулах байх даа. Эх орон гэдэг “vгvйлэхийн, эс vгvйлэгдэхийн “ хуультай байдаг. Эх орон гэдэг агуу том юм аа. Миний тухай сайнаар ч, муугаар ч дурсах эрх нь ард тvмэнд минь бий.Олон жил жижигхэн дарга хийсэн. Гэхдээ энэ бол ард тvмний минь буян юм. Газрын татах хvч намайг чангааж л байх шиг байна, хvн улам л жаахан болж байж дэлхийдээ уусдаг юм шиг байна. Гэхдээ ах нь өдөр болгон амьд байх юм сан гэж, өглөө болгоны алтан нарыг харахсан гэж зvтгэж явна.Амьдралд хорогдож л явна. Харин яг цаг ирвэл амьдрал гэдэг тийм ч хорогдоод байх зvйл биш.Vхлийг хамгийн амар амгалан тосох ёстой гэж боддог.
 
 - Одоо удахгvй оюутан залуусын сургууль төгсөх их ажил ундарна. Хvссэн ч эс хvссэн ч ууж иддэг цаг нь л даа?
 
-Сургууль төгссөн, амьдралын зах зухаас шvvрсэн гэсэн баяр баясгалан юм даа.Яах аргагvй дотроос нь огшоож өгдөг том баяр.Баяраа яаж эдлэх вэ гэдэг нь насанд хvрсэн хувь хvний асуудал юм даа. Бид залуу байж vзсэн. Уусан, идсэн.Одоо харж байхад харамсах нь бага юм. Гэхдээ Монголын залуу насыг ямар нэгэн баяр тэмдэглээд “элийрч, балайрч” явахаа болиосой гэж боддог. Хайран сайхан vр хvvхэд минь. Баярлах зовох хоёртоо л ноён нуруугаа алдахгvй явбал хорвоод хvн болсоны чинь утга учир шvv дээ. Хvн гэдэг амьтан нэг нь баярлахад дагаад баясч байдаг. Хашгирахад уул талын цуурай шиг адилхан л цуурайтаж байдаг. Бие биенийгээ дагаад дарвиж, хөөрцөглөж байна гэдэг хувь хvн өөрийгөө олоогvй байна л гэсэн vг. Өөрийгөө олно гэдэг энэ ертөнцөд хамгийн хэцvv.Зөв л баярла. Инээд баяр бахдалдаа хахаж цадсан өдрvvд урд минь байгаасай л гэж боддог юм даа.
 
-Урсаад өнгөрсөн он жилvvдийн өндөрлөгөөс эргээд дурсахад алдсан өдрvvд нь олон байж vv, оносон нь их vv?
 
-Алдаагvй хvн гэж байхгvй. Би ч алдаж л явсан. Цаг хугацааг бол харамсмаар их алдсан. Харин амьдралаа бол алдаагvй. Би 1962 онд анхныхаа шvлгийг хэвлvvлсэн хvн. Тэр vед гайхмаар авъяастай хvvхэд гарч ирлээ гээд шуугиж л байсан юм. Тvvнээс хойш 20 жил номоо гаргаж чадаагvй. Vзэл суртлын хувьд болохгvй л гэдэг байсан. Аргаа бараад “ Наран тэнгэр Ленин” гэдэг ном бичиж байлаа. Хуурч Жанцанчой гуай хуурдаж тэр шvлэг минь тэргvvн байранд орж байлаа. Би тэр vед хэнээс ч айж хулчийж явсангvй. Найз нөхдөө худалдаж идсэнгvй.
 
Гэхдээ тэр цаг vеэ би “ алдас” гэж боддог юм. Хайран сайхан цаг vе минь байсан юм аа. Тэнэг залуу насандаа бичсэн шvлгvvд минь их бадрангуй, гэгээн гэрэлтэй байж.Одоо гэхдээ муу юм хийгээд байгаа юм алга. Харин “Амьддаа vхэх шиг муухай юм алга” гэж боддог. Амьд ахуйдаа муу уран бvтээл хийгээд эхэлвэл тэр хvн “ зуурдаар өнгөрчээ” л гэсэн vг. Тэнэгхэн, иртэй цагтаа бичсэн шvлгvvд минь одоо vзэхэд сайхан байдаг юм аа. Тэр л vедээ ахиухан шvлэг бичихгvй яав даа гэж одоо боддог л юм.
 
 -“Уянгын тойрог” номыг тань булаацалдан уншдаг байлаа. Яагаад тэгтлээ их сэтгэлд хvрсэн юм бол?
 
 -Миний ухаарсан, хатуужсан сэтгэл хамт бичилцсэн юм аа. Тэр vед миний бичсэн болгоныг хэвлvvлдэггvй, хянаж цагддаг байлаа шvv дээ. “Уянгын тойрог” бол жинхэнэ миний халуун цус булгилж байхад бичсэн шvлгvvд. Тэр vед хавчигдаж, гадуурхагдаж явсан юм бол байгаа. 20 жил номоо хэвлvvлж чадахгvй явж байлаа. Эхнэр минь миний төлөө найдвартай зогсож байсан тулдаа энэ бvхнийг давсан юм. Би хvнд хэрэгтэй ганц vг хэлж чадахгvй болтлоо бичнэ. Энэ миний vvрэг. Өнөөдөр надад өгсөн алдар гавьяа гэдэг миний насан туршдаа “ичиж явах хvндэтгэл” юм даа. Чадаж байгаа цагт нь урам юм. Шагналдаа тэнцэхгvй амьдарвал уйтгар юм.
 
 -“Бодол vсэн­дээ дарагд­­сан найрагч” гээд Болор цом дээр уншигдаж байсан даа?
 
 -Би хэзээнээсээ л vсээ ургуулсан хvн. Энэ чинь миний эрх чөлөө юм даа. Монголчуудын “Тархиан ширгэтэл vс ургаж, чөмгөөн ширгэтэл хумс ургана” гэж vг бий. Бурхан болооч болсон хvнийх ургадаг л юм байна билээ. Тэгэхээр энэ бол миний эрх чөлөө юм. Vсээ бол чамайг төрөөгvй байхаас ургуулсан юм аа.Тэр социализмын хатуу бэрх цагт би vр хvvхэд хань ижлээ өлсгөж зовоогоогvй, өөрөө ч бас өлөн гундуу явж vзсэнгvй. Унших номтой, дандаа дээд зэргийн vзэг барьсаар өнөөдрийг хvрлээ шvv. Харин надтай хамт нэг цаг дор явсан зарим хvмvvсийг одоо би өрөвддөг юм. Ерөөсөө аль нэг тал руу туйлширдаг хvмvvс гэдэг эмгэнэлтэй, бас хортой байдаг. Эргэцvvлэн бодохгvйгээр хvн дагаж дарвих шиг ёс бус , гажиг юм гэж байхгvй.
 
 -Хvvхдvvд тань хаана юу хийцгээж байна?
 
 -Би найман хvvхэд­тэй. Бvгдээрээ л уран бvтээл хийгээд явж байгаа даа. Хvнээс яаж байгаад ахиухан юм авчих вэ гэсэн, хэдэн төгрөгний наад цаадахыг харсан хvн надаас гараагvй юм байна. Их муугаар ярьвал жаахан арчаа муутай, гэгээн сайхан сэтгэлтэй хvмvvс юм даа миний хvvхдvvд. Манайхаар орж гарч байсан хvмvvс тийм л болохоор “ за өнөөдөр болж л байвал болоо доо” гэсэн хvмvvс байх юм байна шvv. Би өнөөдөр хvvхдvvд минь хоол авч ирж өгөөд жаргаж байна гэж байхгvй. Би өөрийнхөө залуу насыг уучилж байгаа шиг хvvхдvvдээ уучилдаг. Эрvvл байцгаах юм даа миний хvvхдvvд. Бас хэл ам тарьж хэрvvл шуугиан тарьж байгаагvй юм. Ач гуч минь хорь дөхлөө. Эд нар минь миний нvдэнд алаглаад харагдаж байх шиг жаргал хаана байна вэ.
 
 -Баасан эгч та хоёр өнөөдөр жаргаж байна уу?
 
 -Бурхан vзэг. Ач, зээ нараа тойруулаад жаргаж суунаа ах эгч хоёр нь. Улам л урт амьдармаар санагдах юм даа.
 
-Таныг тамхиа татаад, бод­логоширч суугаа төр­­хөөр тань л төсөөлөх юм. Таны хувьд тамхи чухам юу вэ?
 
 -Тамхи юм бодоход их нэмэртэй юм. Сэтгэлийн завсарлага юм даа. Ганц янжуур асаагаад ,бодоод суухад хvний нэг насны амьдрал багттаг юм шvv дээ. Хvний амьдрал богинохон юм. Тамхи бол миний хувьд их ойрын хэрэглээ. Архи, тамхины эсрэг нийтээрээ тэмцэж байгаа энэ vед миний vг болохгvй, муу vг байх л даа. Гэхдээ би тамхинаасаа гарч чадахгvй байх аа. Миний өвөг эцэг “Эр хvн хэрэглэж байгаа юм аа хэрэглэж байгаад л дуусдаг юм” гэж хэлж байсан юм. Би тамхинаасаа урвахгvй ээ. Гэхдээ энэ минь “Хvvхдvvд минь та нар над шиг тамхи татаад бай” гэсэн vг биш.
 
-П.Бадарч гуай нэгэнтээ “Манай Лхагвасvрэн хамгийн vнэтэй тамхи татдаг” гэсэн байсан.Танд тамхийг vнэлэх өөрийн vнэлэмж байдаг уу?
 
-Байна. Хямдхан тамхи ядаж л өмхий байдаг. Гэр орон, хувцасанд хvртэл шингэчихсэн байдаг. Би хар залуугаасаа тамхи татсан. Харин хэзээ ч хямдхан, муу тамхи татаж байгаагvй . Би ямар архи уух биш. Гоёж гоодоод гvйх биш. Гэр амьтай хvн. Айлд очоод, наргиж цэнгээд явж ерөөсөө сураагvй хvн. Хамгийн эхлээд “Луна” гэдэг Болгарын тамхи татсан. Тэгээд ”ВТ” татсаар байгаад сvvлдээ “Мarlboro” гээд татсан. Өнөөдөр “Kamel”-тай зууралдаж сууна. Нэг насны минь дагуул болж дээ энэ тамхи.
 
 -Таныхаар шагнал гэдэг юу вэ?
 
 -Чадаж байгаа vед минь урам юм, нөгөө талаар “айдас ичвэр” юм даа.
 
-“Миний муусайн найз нар” гэдэг нэвтрvvлэг байдаг.Танд тэр нэвтрvvлэгт орох таалагддаг уу , гэртээ vзээд сууж байх сайхан уу?
 
-За даа гэртээ vзэхийг нь сонгоно доо. Тэр нэвтрvvлэгт орсон хvмvvсийг гэв гэнэтхэн аваачдаг юм билээ. Тэнд жинхэнэ хар багийн миний найз орхигдоно шvv дээ. Би нэг удаа тэр нэвтрvvлэгт орсон. Харин хар нялхын ганц хоёр найз минь гомдсон байна лээ.
 
 -Та ер нь хэзээ нэгэн цагт найз нөхдийнхөө өмнө гэм, зэмтэй явж байв уу.Найз нөхөд гэдэг таны хувьд юу вэ?
 
 -Би нөхдийнхөө өмнө хэзээ ч буруутай явж vзээгvй. Найз нөхдийнхөө өмнө хэзээ ч нvvр бардам байж чадна. Цөөхөн ч гэсэн чансаатай найзтай хvн. Хар багын хэдхэн найз бий дээ надад. Би өөрөө их сонин хvн. Зожиг, нэг их нийтэч биш. Өглөө юм иддэгvй, өдөр бас сvйдтэй юм идэхгvй. Орой хариад л муу хөгшнийхөө гарын хоолыг иддэг хvн. Хvний ганц хvv болоод нэг жаахан жожиг өсчээ.
 
 -Хvнд хайрлуулах, хvнийг хайрлах гэдэг таныхаар ямар ойлголт вэ?
 
 -Би худлаа маяг сураагvй хvн. Хэзээ ч хvнээр хайрлуулах гэж гоё ганган явж vзсэнгvй. Хар аяндаа байгаагаар минь намайг ойлгож, хvлэж авбал тэр жинхэнэ сэтгэл. Намайг ил далд хаана ч ярилаа гэсэн адилхан байвал тэр хамгийн чухал ойлголт. Хэн хаана ч байсан баггvй л байх хэрэгтэй. Тэгвэл та хvн. Хэн хvнд тоогдохын тулд биш, байгаагаар минь хvлээж аваасай гэж явбал буян тэр. Яг уран бvтээл хийж суухдаа өөрөөсөө бусдыг тоож vзээгvй.Би vнэхээр том юм аа гэж л бодож бичдэг.
 
 -А.Пушкин “Хvний гараар бvтээшгvй хөшөө дурсгалаа босголоо би” гэж амьд сэрvvндээ бичсэн байдаг. Та тэгж хэлэх vv?
 
 -Vгvй. Би болоогvй байгаа. Хөшөөг vлдсэн хvмvvс нь босгодог л доо.Тэр бол сайхан омог бардам шvлэг. Яруу найрагч хvн омог бардам хэлэх ёстой юм. Гэхдээ уруул давахгvй vг, хэлж болохгvй цаг гэж байна.
 
 -Сэтгэлийн амар амгалан гэж юу вэ?
 
 -Би өөртэй чинь яриад сууж байгаа минь л амар амгалан юм.Ойрдоо ингэж сайхан яриа өрнvvлж сууснаа санахгvй юм. Чиний ах миний шавь “Паанан” Энхболдыг бодохоор миний залуу нас санагддаг юм. Омголон, хамгийн гол нь хэтийдсэн авъяастай. Одоо Аюурзана,Галсансvх,Мягмаржав энэ хэд л байна даа. Хайрламаар авьяастай хvмvvс. Ах чинь чамайг дагуулаад Цагаан сараар манайд ирж золгож байлаа. Чи хариугvй жаахан юм байсан. Өнөөдөр би ахыг чинь vгvйлж л суудаг. Тэр Америкаасаа ирсэн л гэсэн. Тэгж байгаад гvйгээд ирэх байлгvй дээ. Би залуу зохиолчдын ном болгоныг заавал уншдаг. Огт танихгvй хvнтэй бол хэзээ ч ингэж ярьдаггvй. Өнөөдөр өөртэй чинь ярихад сэтгэл их амар байнаа. Лхагвасvрэн гэдэг хvн чинь ийм л хvн.
 
Өглөөний сонин
Д.Энхтүвшин
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine