З.Мэндсайхан: Байгалийн гаралтай эм уламжлалт анагаах ухаанд л бий

Хувийн эмнэлгийн холбооны ерөнхийлөгч, “Монг -Эм” эмнэлгийг үүсгэн байгуулагч, доктор, профессор, Монгол Улсын гавьяат эмч З.Мэндсайханыг урьсан юм. 

-Тархи хөдлөх, даралт ихсэх зэрэг өвчнийг зөвхөн монголчуудад байдаг гэж ярьдаг. Анагаах ухаанд ийм онцлог тохиолдлуудыг хүлээн зөвшөөрдөг юм уу?

-Үгүй ээ, би үүн дээр ганцхан жишээ дурдъя. 1990 оноос хойш Польшид манай уламжлалт анагаах ухааны чиглэлийн 300 эмч ажиллаж байгаа. Одоо зарим нь яг Польшийн иргэн шиг болчихсон. Польшийн эрүүл мэндийн систем муу учраас манайхаас хүн очоод байгаа юм биш.

Манайх бол тусгаар улсынхаа хувьд давуу талтай. Өвөр Монгол юм уу Түвдийн эмч тэгээд явж чадахгүй. Гэхдээ тэдэнд мэдлэг, чадвар нь байгаа. Харин европ эмнэлгийн боловсрол дутуу. Манай эмч нар европтой, уламжлалтай. Өөрөөр хэлбэл, хос морьтой гэсэн үг. Польшид хүний толгой доргидог л байхгүй юу. Хуучин манайд эмчилж байсан шиг дээш нь харуулж хэвтүүлээд, дусал залгаад, хүйтэн жин тавьдаг. Манай эмч нар очоод бариад өгөхөөр чинь дорхноо зүгээр болчихно биз дээ. 

-Таныг уламжлалт анагаах ухааныг түгээн дэлгэрүүлэх төслөөр чинь хүмүүс илүү мэднэ. Хөдөөний айлуудад “Монг эм”-ийн эм тантай жижиг эмийн сан байдаг юм билээ. Уламжлалт анагаах ухааны хөгжил нэг үеэ бодвол шат ахисан болов уу?

-Үндэстний соёл, уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх талаар өнгөрсөн 24 жилд томоохон ахиц, өөрчлөлт гарлаа. 1990 онд Монгол Улс зах зээл, ардчилсан нийгмийн тогтолцоонд орсон. Түүнээс өмнө 1937 онд Монгол Улсад байсан бүх сүм хийдийг хоморголон устгаж, эрдэмтэй лам, эмч нарыг хороож, шашны холбогдолтой бүх зүйлийг хориглон, ном судруудыг шатаасан байдаг. Иймэрхүү хандлагатайгаар 1990 онтой золгосон. Гэхдээ нэг зүйлийг онцлон хэлэх ёстой. 1950-иад оноос академич Хайдав гуайн санаачлагаар Ардын эмнэлгийн хүрээлэнг тэр хатуу цагт байгуулж чадсан байдаг. Ингэснээр уламжлалт эмд ордог түүхий эд, эмийн ургамлын судалгааг нилээд хийсэн юм билээ.

Албан ёсоор бол 1990-ээд оноос эхэлж хөгжих үндсэн бололцоо улс төр, нийгмийн талаасаа гарч ирсэн л дээ. Уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай Ерөнхийлөгчийн зарлиг, УИХ-ын тогтоол, бусад тушаал шийдвэр гарч хөгжих эрх зүйн үндэс бүрдсэн. Ингээд 2010 оны Эрүүл мэндийн хуулийн шинэчилсэн найруулгад уламжлалт анагаах ухааныг эрүүл мэндийн анхан шатны тусламжид оруулах, тодруулбал, сум, өрхийн эмнэлгийн тусламжид оруулах тухай заалт орчихсон байгаа. 2004 оноос уламжлалт анагаах ухааныг Монголд хөгжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулсан газар бол Япон улсын “Ниппон сан” гэж хувийн сан байдаг.

Энэ санг анх Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  санаачлан оруулж ирж байлаа. Энэ сан нь Монголд 2004-2014 оны гуравдугаар сар хүртэл чиний яриад байгаа төслийг хэрэгжүүлсэн юм. Алслагдсан найман аймгийн 35 сумын 20 мянган малчин өрхөд толгой өвдсөн ч, халуурсан ч, ханиад хүрсэн ч, гүйлгэсэн ч нэн тэргүүнд ууж болох уламжлалт 12 эм бүхий өрхийн эмийн санг тус сангаас тараасан. Энэхүү төслийг Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум маш сайн хэрэгжүүлсэн юм. Үр дүн нь өвчтөн хүндэрдэггүйгээс гадна алсын дуудлага цөөрсөн зэрэг олон эерэг  статистик бий. 2007 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Улаанбаатарт хуралдахдаа үүнийг “Монгол загвар” хэмээн нэрлэж, Азийн орнуудад хэрэглэх зөвлөмж гаргасан.

Өөрөөр хэлбэл, “Ниппон сан” одоо Тайланд, Вьетнам, Бирм, Камбожид манай улсын загвараар энэ төслийг хэрэгжүүлж байгаа. Монгол Улсад 1990-ээд оноос хойш хэдэн мянган төсөл хэрэгжсэн юм бэ, бүү мэд. Харин айлын гэрт орсон нь энэ төсөл шүү дээ. Тиймээс ард түмэн ам сайтай байдаг биз.  

-Гэрээний хугацаа нь дууссан ч танай компанийн эмийн үйлдвэр эм тангаа үргэлжлүүлэн төсөл хэрэгжиж  байсан сумдад нийлүүлж байгаа юм билээ. Манайд уламжлалт эмийн хэдэн үйлдвэр байна вэ?  

-Манайд Мэргэжлийн хяналтын газраар байнга баталгаажуулж явдаг уламжлалт эмийн зургаан үйлдвэр бий. Түүний гурав нь улсынх, гурав нь хувийн үйлдвэр. Эдгээр үйлдвэрт өнөөдөр 200 гаруй нэр төрлийн олон найрлагатай эмийг хязгаарлагдмал хэмжээтэйгээр хийж байгаа. Олон найрлагат эм хийх нь их өвөрмөц технологитой. Үүнийг хэн нэг нь санаагаараа авч хийдэггүй. Жишээ нь башга гэдэг бол ийм ургамал, энэ нь ийм ийм эмийн найрлагад орох ёстой гэх юм уу тэр ургамал нь  өөрийн түүдэг хугацаатай, цэвэрлэдэг, хадгалдаг, зарим үед хорыг нь арилгах технологитой байдаг.

Манай эмийн үйлдвэр гэхэд Монголд ургадаг 100 гаруй нэр төрлийн эмийн ургамал түүж ашигладаг. Мөн Энэтхэг, Хятадаас бас 100 орчим төрлийн эмийн ургамлыг импортолж байна. Дашрамд өгүүлэхэд, 2010 он гэхэд манай улс гадаадаас хэн бүхний мэддэг аспиринаас авхуулаад антиобиотик бас бус эмүүдийг 50 тэрбум төгрөгөөр импортолжээ. Одоо 100 тэрбум төгрөгөөр оруулж ирж байна. Өөрөөр хэлбэл, эмийн бодлого алдагдаж, замбараагүй их хэрэглээтэй болжээ. Парацетамол гэхэд 17 янзаар  орж ирж байгаа мэдээ бий. Хуурамч эм ч их байна.

-Хуурамч бүтээг­дэхүүнээс сэргийлэхийн тулд дотооддоо эмийн үйлдвэр хөгжүүлэх хэрэгтэй гэж үү?

-Мэдээж. Ер нь дотор нь ямар нэгэн химийн бодис нэмээгүй байгалийн цэвэр бүтээгдэхүүн бол уламжлалт эм. Өөрөөр хэлбэл, ямар нэгэн хольц хийж, химийн аргаар гаргаж аваагүй тухайн жил ургасан эмийн ургамал л найрлага дотор нь байгаа. Тиймээс бид үүнийг л жинхэнэ эм гэж үзэж байгаа юм. Гэтэл өнөөдөр уламжлалт эмийн зургаан үйлдвэр байлаа ч тэр 100 тэрбумын дотор эзлэх хувь нь нэг тэрбум төгрөг ч хүрдэггүй. Үндэсний үйлдвэрлэлийг дэмжинэ гэдэг асуудлыг эрүүл мэндийн салбартай хамаатуулбал хүмүүстээ эрүүл, байгалийн гаралтай, өртөг хямдтай, хор багатай, аюулгүй эм өгөх болж таарч байгаа юм. Гэтэл ийм эм нь уламжлалт анагаах ухаанд л байна.

-Гэхдээ уламжлалт эм үйлдвэрлэх нөөц нь манай улсад хангалттай байж чадах уу?  

-20 жилийн өмнө бид Улаанбаатарыг тойрсон хэдэн уулнаасаа 70 орчим эмийн ургамлыг олж авч чаддаг байлаа. Одоо цөлжилт, уул уурхай газар орныг өөрчилснөөс эмийн ургамлын нөөцгүй болж байна. Тиймээс дор хаяж 300 км газар явж, эрж байж эмийн ургамлаа олж авдаг. Энэ нь уламжлалт эмийн үйлдвэрлэл эрхлэхэд бэрхшээл учруулж байна. Үйлдвэрлэлийг өргөжүүлэх, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд үнэхээр садаа болж байгаа юм. Тиймээс сүүлийн үед зарим эмийн үйлдвэр өөрийнхөө палентацийн талбайг бий болгож эхэллээ. Манайх палентацийн талбайгаа эрхлээд хоёр жил болж байна. Монгол оронд ургадаг  ховордсон ургамал чинь бараг цөмөөрөө эмт ургамал байдаг.

Гэтэл өнөөдөр тэхийн шээгийг хугачиж авчраад юутай хээтэй нь зах дээр зардаг хүмүүс ч байна. Наад зах нь мойлыг ч иймэрхүү байдлаар зарж л байдаг. Гэтэл үүнийг өнөөдөр яаж хайрлах юм бэ гэвэл нутагшсан ургамлуудаа үржүүлж, тарималжуулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, хэрэгцээ хангаж байгаа ургамлыг тарималжуулж бэлтгээд байвал хүмүүс ууланд очоод мод хугалахгүй болно. Бэлддэг газраас нь очоод л авна шүү дээ. Ялгаа байхгүй л монгол хөрсөн дээр ургасан юм чинь. Тиймээс үүн дээр нэлээд бодлого дутагддаг юм. Харин хувийн компаниуд өөрийн хөрөнгөөр хийж эхэлж байна.

-Моносыг тари­мал­жууллаа гэхэд модоо хурдан ургуулахын тулд химийн бордоо ч юмуу хэрэглэх болов уу. Ингээд байгальд ургасан, тарималжуулсан хоёр модны чанар ялгаатай болно. Ингэхээр чинь эмийн бүтэц, найрлагад нөлөөлөх юм биш үү?

-Эмийн ургамлын тариалангийн талбайд анхаарах нэг зүйл нь бордоо ерөөсөө хэрэглэх ёсгүй. Манай нөхцөлд ингэх ч хэрэггүй. Манай хөрс бол 1000 жил тариа тариагүй, атраараа хөрс. Энэтхэг, Хятадынх бол хэдэн мянган жил тариа тарьсан хөрс шүү дээ. Тиймээс тэнд эрдэсжилт болоод ургамлын тэжээл болдог зүйл үнэхээр ховордсон байдаг. Манай хөрсөнд бол ус нь байхад л байгаль өөрөө тэжээчихдэг. Иймээс экологийн цэвэр бүтээгдэхүүн болж байгаа юм. Сая, өөрийн чинь хэлдгээр моносыг тарьчихаад таван жилийн дараа биш хоёр жилийн дараа жимсээ авахын тулд нано технологийн аргыг хэрэглэдэг улс байдаг л даа. Үүнийг дэлхий дахинд үндсэндээ хүлээн зөвшөөрөхөө байсан. Америкийн “гормон”-той тахиа гэдэг шиг л юм болно шүү дээ. Тиймээс иймэрхүү байх вий гэж айх зүйлгүй. Цаашид энэ чиглэлийн сангийн аж ахуй байгуулагдахыг ч үгүйсгэхгүй.

-Өвөл болов уу, үгүй юу л бүгдээрээ ээлжлээд ханиад хүрлээ, халуурлаа гэдэг. Зөндөө эмчилгээ хийлгээд, баахан эм уугаад эдгэдэггүй. Гэтэл энэ нь хуурамч эмтэй холбоотой байж магадгүй юм? 

-Монголд байгаа эмийн 30-40 хувь нь хуурамч гэдэг судалгаа гарсан байдаг юм. Үүн дээр нэмэгдэх нэг зүйл нь 1000 гаруй төрлийн хүнсний нэмэлт бүтээгдэхүүн гээд сүлжээний баахан бизнес бий болжээ. Цаашид үүнийг хууль, эрх зүйн хүрээнд зохицуулах нь зүйтэй. Тэрхүү 1000 гаруй зүйлээс мэргэжлийн хүмүүсийн үзэж байгаагаар 30-40 нь хүнд хэрэгтэй юм байгаа. Бусад нь зүгээр л наймаа. Америкийнх ч гэдэг юм уу, нэг иймэрхүү нэртэй. Үндсэндээ манай урд хилийн цаахна хийсэн зүйлүүд л байдаг. Энэ далимыг ашиглаад хэлэхэд, одоо фермерийн аж ахуй гэж их ярьдаг болжээ. Хүн ам өсч, хотууд төвлөрч байгаа үед иргэдээ ямартай ч цатгах хэрэгтэй нь үнэн.

Гэхдээ 45 сая толгой мал тэр аяараа фермерийнх болчихвол монголчууд бүгдээрээ хиймэл хүн болно. Монголчууд хэзээ хонь муулаад угааж идэж байсан юм бэ. Яахав, гадаад руу экпортлох махандаа олон улсын стандартыг баримтлах нь зөв. Гагцхүү Монголын малыг  их сайн эрүүлжүүлэх хэрэгтэй. Эрүүлжүүлэхэд ч гэсэн уламжлалт анагаах ухаан нь байна шүү дээ. Тухайлбал, боомын эм хүртэл бий. Бид л энэ чиглэл рүү орж чадахгүй, хүнээсээ хэтрэхгүй байгаа болохоос биш.

-Хүнээсээ хэтрэхгүй байгаа гэлээ. Энэ нь хүний нөөцтэй холбоотой юу?

-Хүний нөөц дутагдалтай гэж хэлж болохгүй. Дор хаяж 10 жил хүнтэй ноцолдож байж “Эмч ээ” гэж дуудуулдаг юм шүү дээ. Тиймээс эмч хүн мэдлэг, туршлагатай, хүнд хайртай, сэтгэлээсээ хүнийг өрөвддөг байх л хэрэгтэй. Хамгийн гол нь өвчтөн үзээд “Энэ хүнийг би сайхан болгочих юмсан” гэсэн сэтгэлтэй, хүн эдгэрүүлээд түүндээ өөрөө баясч явдаг хүнийг жинхэнэ эмч гэдэг. Түүнээс биш “Өө, тангараг өргөсөн юм чинь би үүнийг хийх ёстой” гэдэг ч ажил биш л дээ. Өнөөдөр эрүүл мэндийн системийг “Муу байна” гэж хашгираад байна.

Муу байгаа нь үнэн. Түүнийг бид нуухгүй байгаа. Дотроо ч, гаднаа ч их ярьдаг. Үүнийг бид ерөөсөө үгүйсгээгүй. Гэхдээ банк, эрүүл мэндийн систем хоёр их адилхан шүү. Тэнд мөн л хүн ажиллаж байгаа юм болохоор муу хэлүүлээд тэндээ байгаад байх уу, үгүй юу. Гэтэл эмчийн цалин хөлс нь хэд билээ. Ширээний ард суудаг хүмүүсийн цалин хэд билээ. Ер нь хүний амь ямар үнэтэй  юм бэ гэж нэг бодож үзмээр байдаг.

-Цалин хөлсний ту­хайд Монголын бүх салбарынхан голдог. Харин эмч нар хүний амь нас, сэтгэл зүйтэй тулж харьцдаг. Одоо улсын эмнэлгүүдэд дугаарлалт нь дийлдэхгүй байгаа. Захын нэг эмч дээр ороход л “Манай дугаарлалт их байна. Та хурдан үзүүлье гэвэл тийшээ очоорой” гэдэг. Гэтэл хэлж өгсөн эмнэлэгт үдээс хойш нь очоод үзүүлэхээр өөрөө зогсч байх жишээтэй. Энэ мэтийн байдлаас шүүмжлэл гардаг болов уу?

-Үүнд их харьцангуй хандах хэрэгтэй. Өнгөрсөн 24 жилийн хугацаанд улс ардын аж ахуйн бүхий л салбар капитализмд оржээ. Гэтэл энэ дотор яг хуучин янзаараа байгаа салбар нь эрүүл мэндийн тогтолцоо. Би I эмнэлэгт ажиллаж байсан. 2000 онд тус эмнэлэгийн төсөв нэг тэрбум төгрөг ч хүрэхгүй байлаа. Одоо бараг хорь  дахин өсчээ. Бусад эмнэлэг ч мөн адил.

Ор нэмэгдээгүй, орон тоо ч гавьтай ихсээгүй. Мэдээж, үүнд ханшийн уналт гээд нөлөөлсөн зүйл бий. Гэтэл тэндээс гарч байгаа үр дүн нь оруулсан мөнгө шигээ 20 дахин биш гэхэд хоёр дахин сайжраагүйгээс хүмүүс голоод байна. За тэгээд баахан тендерийн маргаан, энэ нь эмчилгээний чанарт муугаар нөлөөлдөг гээд засаглал нь болохгүй байгааг сүүлийн 10 жил ярилаа. Угтаа энэ нь наад тогтолцоогоо өөрчлөөч л гэсэн үг. Үүнийгээ өөрчлөөгүйн гол шалтгаан нь “Нарийн мэргэжлийн эмчийн тусламжийг улс үнэ төлбөргүй байлгана” гэж улстөрчид ярьж гарч ирсээр ийм байдалд оруулчихсан.

Тэгвэл одоо “Өө, тэгье” гээд цөмөөрөө 100 хувь хувийнх болох ёстой юу гэвэл бас үгүй. 60 хувь нь улсынх, 40 хувь нь хувийнх гэхчилэнгээр их зөв хослуулах ёстой. Бид өнөөдөр I, II, III эмнэлэг, эх нялхас, халдварт, хавдрынх шиг том барилгыг яаж босгох вэ. Гэтэл сүүлийн үед хувийн хөрөнгө оруулалтаар “Гурван гал”, “Интермед”, “Грандмед” гэх мэт томоохон эмнэлгүүд босоод эхэллээ.

-Гэхдээ улсын эмнэлэгт ажиллаж байгаа эмч нар тэтгэвэртээ гарсан хойноо, үгүй бол одоо ч хувийн эмнэлэг нээж ажиллуулах эрх уг нь бий л байх. Улсын ажлыг хувийн бизнестэйгээ хоршуулж байгаа нь л хэл ам гаргаад байгаа юм биш үү?  

-Дэлхийн жишигт ингэдэггүй юм байна. Улсын эмнэлэгт ажилладаг хүн хувийн салбарт ажиллаж болно гэж үздэг. Тэдээс тэдэн цагт яг энэ ажлаа л хий. Түүнээс бусад нь чиний цаг гэдэг юм байна. Эмчийн мэдлэг, ур чадвар, хурааж хуримтлуулсан туршлага гэдэг магадгүй алтны нөөцөөс ч илүү тухайн улсын баялаг шүү дээ. 

-Уламжлалт анагаах ухаанаар олон эмнэлэг дамжсан, онош нь  тодорхойгүй, эмчлэхэд төвөгтэй, зарим тохиолдолд орчин үеийн анагаах ухааны арга мухардсан өвчнүүдийг эмчилдэг гэсэн?   

-Бид өнөөдөр уламжлалт анагаах ухааныг нярайн практик, сэхээн амьдруулах, сэтгэл мэдрэлийн өвчтнүүдэд л бага хэрэглэж байна. Уг нь хэрэглэх ном нь бий. Нярай болон ухаангүй байгаа хүний хувьд эм тангаа ууж чаддаггүй учраас үндсэндээ хэрэглээ хязгаарлагддаг. Бусад өвчтөнг, уг судартаа бол хүний толгойны оройгоос хөлийн хуруу хүртэлх бүх өвчнийг анагаана гэж заасан. Хэрэв эмч нь мэдлэг, туршлагатай бол архаг хууч, олон өвчинтэй хүмүүст өгөх үр дүнгээрээ орчин үеийн анагаах ухаанаас ч илүү.

Гэхдээ нэгийг нь нөгөөгөөр нь үгүйсгэж болохгүй. Манай улсын иргэд өвчлөл өндөртэй. Үүгээр ч барахгүй олон өвчтэй. Их памбагар, зузаан карттай хүмүүс явдаг. Нэг хүн үзэхэд л бөөр ч өвддөг, элэг, ходоод ч өвчтэй, аягүй бол зүрх муутай, даралт өндөртэй, хүзүү байнга хөшдөг, тархи толгой ингэдэг, тэгдэг гээд баахан өвчин тоочдог. Гэтэл орчин үеийн анагаах ухаан нэг л өвчнийг эдгээдэг. Тиймээс өнөөдөр зөрчил гарч ирээд байгаа юм. Уламжлалт анагаах ухаанд хурсан, хавсарсан бүх өвчнийг 4-5 эмээр эмчлээд ирсэн. Өндөр хөгжилтэй орнууд үүнийг мэдэрч эхэллээ. Мэдээж, яаралтай тус­ламж, мэс засал, нө­хөн сэргээх, эрхтэн шил­жүүлэн суулгахад технологийн хөгжлөө дагаад өндөр төвшинд гарчихлаа.

Тиймээс энэ хоёрыг их зөв хослуулах хэрэгтэй юм. Орчин үеийн анагаах ухаанд ч тэр, уламжлалтын салбарт ч тэр эмнэл зүйн туршлагатай эмч буюу хуучны хэлээр клинцистүүдийг бэлтгэх ажлыг бодлогоор дэмжих асуудал сүүлчийн 20 гаруй жил хаягдсан. Өмнө нь байсан салбар бүрийн ноён оргилууд хорвоогийн жамаар цөөрсөөр байна. Гэтэл залуу үеийг бэлтгэх сургалт нь бас л бизнесийн тал руугаа орчих гээд байна. Өндөр хөгжилтэй оронд 200 эхэд бие дааж хагалгаа хийсэн хүнд эмэгтэйчүүдийн мэс засал хийх  зөвшөөрөл өгдөг юм билээ.

-Манайд ийм шалгуур, босго үнэндээ байхгүй л болов уу?

-Эмчилгээ, үйлчилгээний чанар тааруугаас манайхан эрүүл мэндийн зах зээлээ гадагш нь асар ихээр алдаж байна. Солонгос, Тайландад бүгдийг нь нүдээрээ харсан юм шиг үзэж оношилдог гэж ярьдаг. Үгүй л дээ, тэр улсад медикал туризм гэдгийг чинь хөгжүүлчихсэн учраас мөнгө олохоо бодоод байгаа юм. Ийм хэмжээнд хүргэж, сайн эмч бэлтгэхийн тулд асар их мөнгө зарцуулдаг. Манайд хэр зэрэг хөрөнгө гаргадаг билээ. Өнөөдөр “Орчлон” сургуульд I ангийн хүүхдийг зургаан сая төгрөгийн төлбөртэй сургаж байхад Монголын их, дээд сургуулиудын төлбөрийг төр хоёр сая төгрөгөөс дээш гаргахгүйгээр барьчихаад байна. Ингэхээр чинь эмч болох гэж байгаа оюутнуудын ур чадвар ахихгүй.

Тиймээс сургалтын төлбөрийн үнийг чөлөөлөх хэрэгтэй. 2000-аад он хүртэл Анагаах ухааны их сургууль Эрүүл мэндийн яамны харьяанд байсан. Сүүлчийн 20 гаруй жил Боловсролын яамны харьяанд очсон. Иймэрхүү байдал нь эрүүл мэндийн салбарын боловсон хүчин, ялангуяа эмч бэлтгэхэд айхтар том зөрчил болж ирлээ. Одоо төгсч байгаа оюутнууд өвчтөн дээр чагнуураа хаана тавихаа мэдэхгүй байна.

-Арай үгүй байлгүй дээ?

-Аргагүй шүү дээ, дан­даа мулъяжан дээр л дадлага хийдэг юм чинь. 1990 оноос өмнө Анагаах ухааны их сургууль Эрүүл мэндийн яаманд харьяалагдаж, III курсийн оютнууд асрагч, IV курсийнхэн сувилагч хийдэг байсан юм. Гэтэл өнөөдөр Хятад, Солонгос, Энэтхэгийн эмч нар 4-5 жилийн дотор маш өндөр төвшинд хүрчихдэг. Жишээлбэл, олгойны хагалгааг тэнд жилд хэдэн мянган удаа, манайд 200 удаа  хийхэд суух дадлага өөр байна. Зүгээр ном уншаад, мулъяжан дээр ажиллаад эмч болохгүй. Алдана, асгана. Тэгж байж эмч болдог. Түүнийг нь эмчийн алдаа гэдэг. Энэ дэлхийн эмч нар бүгдээрээ л энэ замыг туулсан. Бичигдээгүй хууль гэдэг чинь энэ. Гэхдээ тэр алдаа болгоноо санаж, бодож, уншиж, сайжруулж явж байж л эмч болдог. Энэ процесс нь алга болчихоод байгаа юм. 

Г.ГАНЧИМЭГ
ЗУУНЫ МЭДЭЭ

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.