
Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 16 дугаар байрны оршин суугчид эмх замбараагүй олгогддог газрын зөвшөөрлийн улмаас хохирогч болон зочид буудалд амьдарч байна. Тодруулбал Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 2014.09.22-ны өдөр Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт зөрчил арилгуулах тухай улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлж байжээ.
Энэ нь барилга хоорондын зай, хэмжээ зөрчиж барилга барьж байгаа тухай “Найрамдал” СӨХ-ноос ирүүлсэн хүсэлтийн мөрөөр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын даргын баталсан удирдамжийн дагуу хийсэн төлөвлөгөөт бус хяналт шалгалтын мөрөөр авсан арга хэмжээ юм байна.
Нийслэлийн Засаг даргын 2014.02.24-ний өдрийн А/115 тоот захирамжаар 3000 м2 газрыг таван жилийн хугацаагаар “Би Жи Би Жи” компанид грааж, үйлчилгээний зориулалтаар олгосон байна. Гэтэл Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар 2014.03.19-ний өдөр БГД/337 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавраар үйлчилгээ бүхий 18 давхар орон сууцны барилга болгож газрын зориулалтыг өөрчлөн баталжээ.
Энэ нь Хот байгуулалтын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3 дахь /олгосон газарт зориулалтын бус барилга, байгууламж барих, хүн амын амьдрах орчны чанарт сөрөг нөлөө бүхий үйл ажиллагаа явуулах/ заалтыг зөрчсөн гэсэн үг юм.
Иймээс архитектур төлөвлөлтийн даалгавраа цуцалж, газрын зориулалтын дагуу төлөвлөлт хийхийг Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас, барилгын эскиз зураг төслийг хянан баталгаажуулсан “Петронас Тауэр” компанийг зөрчлөө арилгах тухай улсын байцаагчийн албан шаардлагыг 2014.09.22, 2015.03.23-ны өдөр тус тус хүргүүлж байжээ.
Гэвч холбогдох албаныхан арга хэмжээ авахгүй явсаар байдлыг хүндрүүлж оршин суугчдын ая тухыг алдагдууллаа. Ер нь нийслэл хотод энэ мэт хууль бус, эмх замбараагүй барилга барьж иргэдийг хохироодог явдал сүүлийн жилүүдэд байнга гарах болсон. Гэвч энэ бүхнийг хянаж, зохицуулах ёстой газрууд нь өөрсдөө зөвшөөрөл олгож, байдлыг хүндрүүлдэг нь асуудал болоод байгаа юм.
Өнөөдөр 16-дугаар байрны оршин суугчид тэмцсэнийхээ хүчинд аливаа учирч болох эрсдэлээс өөрсдийгөө хамгаалж чадлаа. Гэвч энэ мэт асуудал дахин давтагдахгүй гэх баталгаа алга. Хамгийн ичгүүртэй нь 200 гаруй иргэнийг өмссөн хувцастай нь орон гэрээс нь хөөж гаргасан албаныхан буюу БХБЯ, Нийслэлийн Өмчийн харилцааны газрынхан тус компанид зөвшөөрөл өгөөгүй хэмээн өөрсдийгөө хамгаалсан тайлбар хийгээд сууж байна. Харин өнөөх "Би Жи Би Жи" компани нь олон айл, өрхийг айдас түгшүүрт автуулж, ая тухыг нь алдагдуулчихаад буудалд байрлаж буй хөлсийг нь ч өгч чадахгүй хэмээн хээв нэг хэлээд сууж байна.
Өнгөрсөн лхагва гарагийн орой оршин суугчдыг нүүлгэн шилжүүлсэн бөгөөд 178 иргэнийг долоон зочид буудалд хуваан байрлуулсан байна. Ингэхдээ нааш, цааш зөөх гээд нийтдээ 10 сая төгрөгийн зардал эхний ээлжинд гарчээ. Харин энэ мөнгийг Нийслэлийн нөөц сангаас гаргасан гэдгийг БГД-ийн Засаг дарга Д.Оросоо хэлсэн. Энэ мэт даварсан барилгынхан болоод тэдэнд зөвшөөрөл олгодог албаныхны хууль бус үйлдэл хэрээс хэтэрч өнөөдөр олон айлыг өмссөн хувцастайгаа зочид дамжин амьдрах байдалд хүргэлээ.
Б.Сансар
olloo.mn