Оюутолгойн "Эвлэрлийн гэрээ"-г УИХ хэлэлцэж эхлэв үү
“УИХ-ын  гишүүн С.Ганбаатар дуугараасай” гэж сэтгүүлч Л.Болормаа хэдхэн хоногийн өмнө бичсэн билээ. Гишүүн дуугарлаа. Тэрээр  “энэ удаагийн мэдэгдэл Оюутолгойн гэрээний асуудлаар өнгөрсөн 11 жилийн хугацаанд миний хийж, хэлж ярьж байсан бүх мэдэгдэл, мэдээллүүдээс хамгийн чухал нь” гээд Засгийн газрын Рио Тинтотой байгуулахаар зэхэж буй Эвлэрлийн гэрээг “Үг дуугүй бууж өгөх гэрээ” хэмээн нэрлэв.
 
С.Баярцогт нарын 2009 онд Оюутолгойн хөрөнгө оруулагчидтай байгуулсан гэрээг олон нийт тийм ч их сайшаадаггүй. Монгол Улсын нутаг дэвсгэрт, зарим хүмүүсийн нэрлэдгээр “хашаан дотроо” байгаа баялгийг гадныханд зүгээр өгөөд зогсохгүй шороо хутгах хүрзээ зээлж авахаар болгосон тааруу гэрээ гэж дүгнэцгээх нь бий. Тийм ч учраас С.Ганбаатар нарын тэмцэгчид олон жил ийн эсэргүүцэж яваа. Энэ сарын эхээр дээ, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт хэвлэлд дэлгэрэнгүй ярилцлага өгсөн нь өнөө бэх нь хатаагүй шинэхнээрээ байна. Бүр ноднин Рио Тинтогоос Засгийн газарт ирүүлсэн 53 зүйл бүхий харилцан ойлголцлын санамж бичиг, мөнхүү 54 зүйлтэй Оюутолгойн төсөлд тусгайлан татвар тооцох аргачлал гэгч саналуудын тухай тэр анх удаа ам нээсэн. Эдгээр санал 2009 оны гэрээний нөхцлийг улам муутгаж, Монгол Улсын боломж бололцоог боомилох болзолтой, хүлээн зөвшөөрч боломгүй зүйлс гэж үзэж буйгаа ч илэрхийлсэн. Харин Ерөнхий сайд Ч.Сайханбилэг уг саналуудыг хүлээн авч, эвлэрлийн гэрээ байгуулахыг “Эрдэнэс Монгол’’-д даалгаад байгаа юм.

“Ерөнхий сайдыг амь гартал нь шахаж байгаа улстөрчид цаана нь байна” гэж С.Ганбаатар хэллээ.
 
 Хэрвээ Рио Тинтотой “Эвлэрлийн гэрээ” байгуулагдвал манай улс 70 жил буюу гэрээний бүх хугацаанд Оюутолгойгоос ямар ч ашиг, хувь хүртэхгүй байдал бий болохыг тэр онцолсон юм. Ийм байдал бүр 2012 оны сүүлээр үүссэн юм. Тухайн үеийн байдлаар төсөлд нийт 6 тэрбум 467 сая ам.доллар орчихсон байсан дээр нэмж Рио Тинто дэлхийн томоохон банкнуудаас 6.0 тэрбум ам. доллар босгох саналыг Засгийн газарт тавьсан. Мэдээж Оюутолгойн нэрээр шүү дээ. Тэд энэ зээлээс нэгэнт оруулчихаад байгаа 6 тэрбум 467 сая ам. долларынхоо өөрсдөд ноогдох 4.0 тэрбумыг шууд буцааж аваад, үлдэх 2.0 тэрбумыг төсөлд оруулахаар тооцсон байлаа. Хөрөнгө оруулалтын гэрээний салшгүй хэсэг болох ТЭЗҮ-д тусгаснаар Оюутолгойн анхны хөрөнгө оруулалт 5.2 тэрбум ам.доллар байх ёстой. Баяжмал экспортлож эхэлснээсээ хойш орлогоороо зардлаа санхүүжүүлэх замаар 9,4 тэрбум ам.долларын нэмэлт хөрөнгө оруулалт хийх үүргийг Рио Тинто хүлээсэн. Ингэж төслийн нийт өртөг 14.6 тэрбум ам.доллар болж буй. Энэ хөрөнгө оруулалт 2019 он гэхэд нөхөгдөж дуусаад ноогдол ашиг хуваарилж эхлэх тооцоотой байв. Гэтэл зардал хэтэрч, хөрөнгө оруулалт нэмэгдсэнээр энэ хугацаа үлэмж ухарч, өнөөдрийн байдлаар 2045 оноос наашгүй гэсэн прогноз ярилцаж сууна.
 
Уул нь төслийн аль нэг зардал өөрчлөгдөх тохиолдол бүрт Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулаад явах ёстой байсан боловч Рио Тинто тэгээгүй байдаг. Зардлын өөрчлөлт бол ТЭЗҮ-ийн өөрчлөлт гэсэн үг. ТЭЗҮ нь Хувь нийлүүлэгчдийн болон хөрөнгө оруулалтын гэрээний салшгүй бүрэлдэхүүн хэсэг. Эдгээр гэрээ хэлцлийн үг, үсэг, тоо, тэмдэг бүр нь хөдөлшгүй, тогтвортой байх зарчмыг талууд анхнаасаа хэлэлцэж тохиролцсон. Тийм учраас эдгээр баримт бичгүүдийг багцлаад“Тогтвортой байдлын гэрээ” гэж томъёолж, ярьж, ойлгож ирсэн.
 
Гэрээ байгуулагдсан цаг нөхцөл, хуулийн болон татварын орчны хэм хэмжээнд нь царцааж тогтоогоод, түүнийгээ ягштал баримтлах энэ зарчим бол дэлхий нийтийн соёл. Зөвхөн Монгол Улсын Засгийн газар, Рио Тинто хоёрын бодоод олчихсон зүйл биш. Харамсалтай нь хөрөнгө оруулагч тал гэрээнд заасан төсөв, зардлаасаа эхлээд зөрчөөд эхэлсэн төдийгүй тогтвортой байдлыг нь алдагдуулж, өөрчлөн хувиргах санал санаачилгыг өөрсдөө анх гаргаж тавьсан байдаг. Сайд С.Баярцогтын хэвлэлд ярьснаар бол Оюутолгой компаний ТУЗ дэх Монголын талын гишүүд асуудалд нэгдмэл байр суурьтай байж чадаагүй, хөрөнгө оруулагч талаас авсан татварын урьдчилгаагаа нөхөж тооцох асуудалд хойрго хандсан, төсөвт оруулах Оюутолгойн татварын хэмжээг өсгөж төлөвлөсөн зэрэг цөөнгүй алдаа гаргасан байж мэдэх юм. Гэвч энэ нь гэрээг өөрчлөх хэмжээний асуудал биш юм. УИХ-ын зарим гишүүд болон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөгчид гэрээг өөрчлөн сайжруулах шаардлага тавьж байсан ч Засгийн газар хэлсэн ярьсандаа байж, хэр баргийн хатгаасыг тэсэж туулсныг бид бүгдээрээ мэднэ.
 
Гэвч энэ бүхэн өнөөдөр нэгэнт түүх болж, дотроо эв түнжингүй байсныг минь гэсгээнэ үү гэлтэй Рио Тинто бидэнд “дагуулж хөмрөх” мэх хийж байна. Зөвхөн энэ компанид зориулсан тусгай татварын аргачлал хэрэглэж, шавхагдаж барагдах байгалийн нөөцүүдийг ашиглуулсныхаа төлбөрийг    хөнгөлж, Оюутолгойнхоо нэрээр зээл авч өгөхийг тэд шаардаж байна. Дэлхийн олон оронд үйл ажиллагаа явуулж буй бизнесийнхээ сүлжээ, даяарт танигдсан нэр хүндээ ашиглан Монгол Улсыг буруутгах сөрөг пиар явуулж, буланд шахах тактик хэрэглэж байна.
 
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өчигдөр энэ асуудлыг хаалттай хэлэлцжээ. Албан бус мэдээнд хэлэлцсэн асуудлыг “Оюутолгой ХХК-ийн анхны хөрөнгө оруулалтын зардлын хэтрэлтийг шалгасан ажлын хэсгийн шалгалтын дүн” гэж томъёолж байгаа ч ачир дээрээ Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт “Эвлэрлийн гэрээ’’-г өргөн бариад хэлэлцүүлж эхэлжээ гэх хар сэр бас явж байна.
Өглөөний сонин
Д.Энхболдбаатар
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ИРГЭН 2015-04-23 09:16:43
    Юун эвлэрэл яриад байнаа хуудуутай гэрээ хийсэн болж ТЭЗҮ, олдворын гарц нөөцөө хүртэл баталгаажуулалгүй ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛААД ХӨРӨНГӨ ОРУУЛТАА ХЭТРҮҮЛСЭН,
    101.175.88.5
    Мэдэгдсэн Хариулах