Дорнод аймагт асаж буй томоохон түймрийг унтраахаар хилчид хүч нэмэгдүүлэн ажиллаж байна
Энэ сарын 13-ны өдрөөс эхэлсэн зүүн гурван аймагт дэгдсэн хээрийн түймрийн учруулсан  гарз, хохирлын хэмжээ гамшгийн байдалд хүрсэн. Нэг айлын хотноос ассан гал бүхэл бүтэн нэг сумын нутгийг бүхэлд нь  сүйтгэсэн. Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд гарсан түймрийг одоогийн байдлаар унтраагаад байгаа ч салхины хүч ширүүсвэл дахин асахгүй гэх баталгаа алга байна. Тэгвэл  гэр орон, мал хуйгаа түймэрт алдсан малчин ардад туслах аян ид өрнөж байна. Албан газрууд, хамт олон найз нөхдөөрөө цуглан түймэрт өртөгсдөд тусламжийн цуваа илгээсээр байна.Засгийн газрын шийдвэрээр түймэрт өртөж орон гэргүй болсон 44 айлд гэр олгохоор болсон юм.

Энэ жилийн хувьд  хуурайшилт ихтэй байгаагаас ой хээрийн түймэр их гарч байгааг албаныхан хэллээ. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 89 түймэр гараад байгаагаас дөрвөн түймрийг цурманд оруулж чадаагүй байна.

Одоогоор Сүхбаатар аймагт гарсан түймрийг бүрэн унтрааж, цурамд оруулаад байгаа. Харин Дорнодын Дашбалбар, Баян-Уул, Хэнтий аймгийн баруун хойд хэсгээр маш том хэмжээний гал асч салхины хурдаар өөрчлөгдөж, байдал хүнд байгаа аж. Тус газруудад хил хамгаалах отрядын хоёр анги, Зэвсэгт хүчний 194 алба хаагч, орон нутгаас 330 гаруй хүн ажиллаж байгаа талаар мэдээллээ. Мөн ОХУ-аас манай улсад 10 гаруй гал орж ирсэн байна. Одоогийн байдлаар ой хээрийн түймэрт хэдий хэмжээний газар нутаг өртсөнийг тогтоохоор ажиллаж байгааг албаныхан дуулгасан. Он гарснаас хойш цасан шуурга, ой хээрийн түймэрт улсын төсвөөс 1.2 тэрбум зарцуулсан байна.

Тэгвэл Дорнод аймагт асаж буй томоохон түймэрт хилчид хүч нэмэгдүүлэн ажиллаж байгаа аж. Тодруулбал тус аймаг дахь Хилийн 0132 дугаар отрядын Авдархараат, Цагааннуур, Харнуур, Зоргоны заставаас дөрвөн автомашинтай 47 хүн түймэр унтраахаар хүч нэмэгдүүлэн ажиллаж байна. Түймрийн тархац хойд талаараа унтраагүй бөгөөд зарим дугаар тэмдгийн чиглэлээр гарсан түймрийг Хятадын тал унтраасан аж.
 
Харин Дорнод аймгийн Баян-Уулын Хилийн 0275 дугаар анги, Ульханы заставын хэсгээр гарч буй түймрийг унтраахаар отрядаас гарсан нэг автомашинтай таван хүн, аймгийн Онцгой байдлын газраас мөн алба хаагчид нийт 37 автомашин 380 хүн ажиллаж буй аж. Харин Хил хамгаалах байгууллагаас хилийн хоёр отряд, зургаан заставын 15 автомашинтай 149 хилчин түймэр унтраахад оролцож байна.  
Б.Сансартуяа
olloo.mn
  
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.