Ой хээрийн түймэр болон малын гоц халдварт өвчинтэй тэмцэх зардалд 842 сая төгрөгийг шийдвэрлэлээ
Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгуудын нутаг дэвсгэрт гарсан ой хээрийн түймэрт өртөн орон гэргүй болсон 44 өрхөд улсын нөөцөөс иж бүрэн гэр тус нэгийг олгоно. Гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэх шуурхай албаны болон эмнэлгийн тусламжийн УАЗ-22069, УАЗ-31512 маркийн 9 автомашиныг улсын нөөцөөс олгоно. Мөн Түймэрт өртсөн малчид, мал бүхий иргэдэд Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Ховд аймгийн Булган, Төв аймгийн Бүрэн, Булган аймгийн Булган сум дахь улсын нөөцийн цэг, салбаруудад хадгалагдаж байгаа 730 тн өвсийг үнэгүй олгож, энэ оны дөрөвдүгээр улиралд багтаан нөхөн бүрдүүлэхийг Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхэд даалгалаа.

Засгийн газрын энэ хуралдаанаар улсын нөөцөөс олгосон гэр, автомашиныг нөхөн бүрдүүлэхэд шаардагдах болон гэр тээвэрлэн хүргэх шатахууны зардалд нийт 470 сая төгрөгийг шийдвэрлэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий комдандлагчийн шийдвэрээр ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, галын зурвас татах зориулалтаар Зэвсэгт хүчний жанжин штабын мэдэлд байгаа “БМП” маркийн байлдааны зургаан машиныг зэвсэглэмжгүйгээр Онцгой байдлын ерөнхий газарт балансаас балансад шилжүүлэхийг Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонд даалгалаа.

Мөн Ой, хээрийн түймэртэй тэмцэх болон мал, амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх, хохирлыг арилгах, хорогдсон малын сэг, зэмийг устгах, ариутгал, халдваргүйжүүлэлт хийх, өвчилсөн малыг эмчлэх болон бусад зардалд зориулан 842 сая төгрөгийг шийдвэрлэлээ.

Улсын хэмжээнд энэ сарын 20-ны байдлаар Улаанбаатар хот орчим болон 14 аймагт нийт 86 удаагийн ой, хээрийн түймэр гарч, нэг хүн нас барж, 7 хүн гэмтжээ. Түймрийн улмаас байгаль экологи болон эд хөрөнгөд учирсан нийт хэмжээг тогтоохоор Засгийн газрын тогтоолын дагуу аймаг, орон нутгаас ажлын хэсэг томилогдон ажиллаж байна.

Эдгээр түймрийг унтраахад онцгой байдал, хилийн цэрэг, зэвсэгт хүчин, цагдаагийн байгууллага, орон нутгийн иргэд оролцсон нийт 6000 орчим хүн, 650 орчим машин, мотоцикль дайчлагдан ажиллажээ  гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.