Газрын тосны үнэ унаж байгаа ч хэдхэн жилийн дараа хэзээ ч байгаагүй өндөр болно
Сүүлийн үед явуулсан олон тооны судалгаагаар газрын тосны үнэ дэлхийн хэмжээнд огцом унахыг дагасан эрсдэл өссөн байна. Германы “Ногоон” эвслийн захиалгаар Гамбургийн судалгааны “Energycomment” компанийн бэлдсэн илтгэлд одоо бий болоод байгаа газрын тосны нэн бага үнэ газрын тосны урт хугацаат төслүүдэд хийгдэх хөрөнгө оруулалт эрс буурах үр дүнд хүргэнэ гэсэн дүгнэлт хийжээ.
 
Урт хугацааны төслүүд нь Арктикын эрэг орчмын газрын тос, Бразилын далайн ёроолын нефть, Канадын газрын тостой элсний олборлолт болон синтетик болон биологийн түлшний үйлдвэрлэл орж байна. Нэр гарсан орд газруудад ойрын арваад жилдээ олборлолт хийгдэх төлөв харагдахгүй болсон. Үүнийг дагаад үнийн эрсдэл ихээхэн нэмэгдэхийг шинжээчид анхааруулжээ.
 
2014 оны зунаас хойш газрын тосны үнэ бараг 50 хувь унаж одоо нэг баррель буюу 159 литр нь ойролцоогоор 60 ам.доллар орчим болсон. Ингэхдээ үнийн огцом уналтын шалтгаан нь анх удаагаа эдийн засгийн хямрал бус харин дэлхийн зах зээл дээр эзлэх хувийн төлөөх тэмцлээс үүдсэн гэж шинжээчид үзэж байна. Жишээлбэл “XXI зууны газрын тос” илтгэлийг бичсэн “Energycomment” компанийн тэргүүн Штеффен Букольд ийм бодолтой байна. Урьд нь ийм байдал огт ажиглагдаж байсангүй.
 
Нэг талаас АНУ дахь газрын тос олборлолт ихээхэн нэмэгдсэн. Нөгөө талаас ОПЕК нь зах зээл дээр газрын тосны илүүдэл үүсэхээс сэргийлэх зорилгоор урьд авдаг байсан уламжлалт арга хэмжээгээ аваагүй. Учир нь ОПЕК-ийн хамгийн том, нөлөөтэй гишүүн болон Саудын Араб нь өрсөлдөгчдөө дампууруулж, өөрийн газрын тосыг борлуулах шинэ зах зээл олж авахын тулд саяхнаас газрын тосны хямд үнийг ашиглаж эхэлсэн. Өөрөөр хэлбэл урьд нь үнэ буурахад ОПЕК гишүүн орнууд нэгдсэн шийдвэр гарган олборлолтоо бууруулан үнийн уналтыг тогтоож, буцаан өсгөдөг байсан бол одооноос үнэ буурсан үед Саудын Араб нь борлуулалтаа бууруулахгүй байгаа төдийгүй хамгийн хямд зардлаар олборлодог, чанартай газрын тосныхоо олборлолтыг улам нэмэгдүүлсэн. Ийм нөхцөлд илүү өндөр зардалтайгаар, чанар багатай газрын тос олборлодог өрсөлдөгчид нь дампуурч зах зээлийг нь эзлэн авах боломж гарч ирнэ.
 
Ийм нөхцөлд хэрэглэгчид мэдэгдэхүйц хөрөнгө мөнгө хэмнэх боломжтой болдог. Харин хөрөнгө оруулагч үүнээс болж давхар алдагдал хүлээх асуудалтай тулгарна.
 
  • Нэгдүгээрт, газрын тосны үнэ одоогийн түвшинд байсан хэвээр нөхцөлд энэ жил олох орлогынх нь хэмжээ их наяд ам.доллараар буурна. Ингэж буурахыг дагаад шинэ орд газар олборлолт хийхэд шаардлагатай хөрөнгө оруулалт хасагдана.
  • Хоёрдугаарт, одоо газрын тосны зах зээл дээр айдас болгоомжлол ноёлж байна. Зах зээл дээрх нөхцөл байдлыг хэдэн арван жилийн турш зохицуулан тодорхойлж ирсэн механизмд хөрөнгө оруулагчид цаашид найдаж чадахгүй болсон. Энэ хуучин механизм нь газрын тосны үнэ удаан хугацааны турш унадаггүй харин зөвхөн өсдөг гэсэн зарчимтай байсан.
 
Энэ хоёр хүчин зүйл хосолсноор сүүлийн 30 жил болж байгаагүй асар том өөрчлөлт газрын тосны зах зээлд явагдаж, хөрөнгө оруулагчид сандрал, хямралын байдалд орсон. Ийм нөхцөлд концерн, банкуудын удирдлага нь томоохон орд газар олборлолт хийхэд хөрөнгө гаргахыг зөвшөөрөх магадлал бараг тэгтэй тэнцүү гэж Штеффен Букольд үзэж байна.
 
“Energycomment”-ээс гаргасан эдгээр үнэлэлт, дүгнэлт нь бусад шинжээчдийн гаргасан дүгнэлттэй ч тохирч байгаа юм. Тухайлбал, Америкийн “Goldman Sachs” банк нь дэлхийн газрын тосны зах зээлд хөрөнгө оруулалтын хямрал үүсэж болзошгүй байгаа тухай өнгөрсөн оны сүүлээр анхааруулж байв. Том орд газруудад олборлолт хийх томоохон төслүүд үнийн огцом уналт үргэлжилсэн тохиолдолд “зомби төсөл” болж хувирах эрсдэлтэй тулгараад байна. Гэтэл баррель газрын тосны үнэ 70 ам.доллар хүртэл буурахад л одоогийн дэлхийн газрын тосны хэрэглээний 25 хувийг хангаж байдаг олон тооны орд газрын олборлолт ашиггүй болох аюултай тулгардаг.
 
Энэхүү хөрөнгө оруулалтын хямралын үр нөлөө одооноос ажиглагдаад эхэлсэн. АНУ-д занарын газрын тос олборлох зориулалтаар байгуулсан өрөмдлөгийн суурийн тоо хоёр дахин буураад байгааг Эрчим хүчний статистикийн агентлаг гаргаад байгаа. Зуны эхэн сар гэхэд энэ тоо бүр ч буурна.  Хэрэв хөрөнгө оруулалтын хямрал цаашид удаан үргэлжилбэл үр дагавар нь тун ноцтой болно. Дараагийн арван жилийн сүүл гэхэд дэлхийн хэмжээнд газрын тосны эрэлт одоо байгаа хоногийн 90 саяас 103 сая баррельд хүрч өсөх төлөвтэй байгаа. Гэтэл шинэ орд газар олборлолт хийх хөрөнгө оруулалт унавал 2025 он гэхэд газрын тосны хомсдол хоногийн 7,5 сая баррельд хүрнэ гэж “Goldman Sachs” анхааруулаад байгаа.
 
Хомсдолын хэмжээ үүнээс хавьгүй бага байлаа ч гэсэн газрын тосны үнэ урьд байгаагүй өндөрт гарч, жинхэнэ тэнгэрт халина.
 
Ийм учраас Германы “Ногоон” намынхан газрын тосноос хамааралтай эрин үеийг аль болох богино хугацаанд дуусгахад онцгой анхаарахыг шаардаж байгаа юм. Газрын тосны үнэ богино хугацаанд огцом унаж байгаа хэдий ч тун удахгүй ахин өсөж, улам нэмэгдэнэ гэдгийг судлаачид нотолсон ийм нөхцөлд Германы Засгийн газар нөхөн сэргээгддэг, илүү үр ашигтай эрчим хүчний эх үүсвэрийг хөгжүүлэх арга хэмжээг одооноос авч эхлэх шаардлагатай болоод байгааг Германы Ногоон намын тэргүүн Оливер Кришнр онцолсон байна. Ингэхгүй бол арав хүрэхгүй жилийн дараа гэхэд газрын тосны үнэ тэнгэрт тулсан өндөр болоход иргэдийнхээ халаасыг хоослохоос өөр аргагүй болно гэж анхааруулж байна.

Эх сурвалж: "Der Spiegel".
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-04-21 04:11:18
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.228
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-04-21 03:31:35
    http://theinvitepay.com/?ref=2744 ene haygaar burtguuleed orlogoo nemegduuleerei amjilt
    202.170.84.18
    Мэдэгдсэн Хариулах