Газрын дундад тэнгист 700 дүрвэгч ачсан онгоц живжээ
Газрын дундад тэнгист, Италийн Лампедуза арлаас урагш 200 км, Ливийн эргээс хойш 140 км орчим зайтай газар 700 орчим дүрвэгч ачсан усан онгоц хөмөрч живсэн эмгэнэлтэй хэрэг гарлаа. Иргэний дайн, алан хядах бүлэглэлийн үйл ажиллагаанаас дүрвэсэн хүмүүс Ливи рүү зугтан гарч тэндээсээ бага даацын усан онгоцонд даац хэтрүүлэн олноор сууж хамгийн дөт замаар буюу Италийн Лампедуз арлаар дамжин тайван, баян Европын холбоо руу нэвтрэхийг оролдох нь сүүлийн жилүүдэд хэвийн үзэгдэл болсон. Даац хэтрүүлсний улмаас дүрвэгчдийг суулгасан онгоц хөмөрч живэх нь олон. Гэхдээ нэг дор ийм олон хүн осолдож байсан тохиолдол тун ховор.
 
Энэ осол гарсныг тогтоосон даруйд түүнтэй холбоотойгоор Европын холбооны гишүүн орнуудын Гадаад ба Дотоод хэргийн яамдын тэргүүнүүдийн яаралтай уулзалт явуулах болсон тухай Европын холбооны комисс мэдэгдлээ. Энэхүү мэдэгдэлд “Бодит байдал хатуу ширүүн байдаг тул бидний хариу үйлдэл тодорхой байх ёстой. Хүний амь насны тухай яригдаж байгаа болохоор Европын холбоо нь яаралтай арга хэмжээ авах ёс суртахууны болон хүмүүнлэгийн үүрэгтэй” гэж дурдсан байна. Үүнээс гадна цагаачлалын талаарх Европын шинэ стратегийг бэлдэхийн тулд Европын холбоо болон Олон улсын байгууллагуудтай зөвлөлдөж байгаа бөгөөд шийдвэрийг 5-р сарын дундуур авч магадгүй тухай ч дурдсан байна.
 
Европын холбооны Гадаад хэргийн тэргүүн  Фредерика Могерини нь гишүүн орнуудын гадаад хэргийн сайд нарын уулзалт дээр хууль бус цагаачдыг Европ руу нэвтрэх үндсэн зам явдаг Ливи улстай холбоотой хэд хэдэн санал дэвшүүлэхээр болсноо мэдэгдлээ. Францын Ерөнхийлөгч Олланд нь Газрын дундад тэнгист явуулж байгаа аврах ажиллагааны цар хүрээг тэлэх шаардлага тулгараад байгааг онцолсон байна. Хууль бус цагаачдыг олноор амь насаа алддаг байдлыг засахад шаардлагатай арга хэмжээний дотор хил орчмын усанд эргүүл хийж байгаа байлдааны усан онгоц, эргүүлийн нисэх онгоцны тоог нэмэх тухай яригдаж  эхэллээ.
 
Ромын пап Франциск Европыг чиглэсэн Хойд Африкийн цагаачдын Газрын дундад тэнгист олноор амиа алдахаас урьдчилан сэргийлэх эрс шийдэмгийн арга хэмжээ авахыг уриалав.

  Эх сурвалж: “Deutsche welle”.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.