Бээжингийн гудамжны автозам урсгал тус бүртээ гурван эгнээтэй болно
Урин дулааны энэ өдрүүдэд нийслэлд ид бүтээн байгуулалт тэр дундаа хаа сайгүй барилга, зам засварын ажил ид өрнөж байна. Энэ хүрээнд хамгийн томоохон онцлох засварын ажил гэвэл Бээжингийн гудамж хэмээх БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар он дамжин хэрэгжүүлж байгаа ШУТИС-ийн уулзвараас зүүн тийш Сансарын тунель хүртэлх 0.9 км зам, уртаашаа 74 метр гүүрийн ажил юм. Энэхүү автозамын өргөтгөл, шинэчлэлтийг “Бээжин констракшн инженеринг грудд” гүйцэтгэж байна. Одоогийн байдлаар БНХАУ-ын Элчин сайдын яамны урдуурхи замын зөвхөн хойд талын урсгалыг хаагаад инженерийн байгууламжийн ажил буюу зам доорхи шугам сүлжээний шинэчлэлт, хүчитгэлийн ажлыг хийж байна.
 
Одоогоор ажлын явц 50 хувьтай байна. Харин цаад талд нь Сансарын тунел руу гардаг хуучин гүүрийг нураагаад шинээр нуман хэлбэртэй гүүр барих аж. Харин хуучин зам, гүүр нь хоёр урсгалдаа тус бүр хоёр эгнээтэй байсан бол арваннэгдүгээр сарын 30-нд хоёр урсгалдаа гурав гурван эгнээтэй шинэ зам, гүүр нээгдэх юм байна. Харин монгол талаас замыг өргөн болгохтой холбогдуулан инженерийн шугам сүлжээг гадагшлуулах ажлыг “Дүүрэн трейд” компани гүйцэтгэж байгаа. Хоёр он дамжин хийгдэж байгаа энэ ажлыг чанартай замын эдэлгээ даах ажил болно гэдгийг тус компанийн инженерүүд онцолж байлаа.
 
Энэхүү замын ажилд цэвэр бохир ус, цахилгаан холбоо, дулаан, хонгил гээд 10-20 хүний бүрэлдэхүүнтэй бригад ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар замыг нь “Бээжин констракшн инженеринг групп” индүүдээд, хуучин асфальтан замыг нь хуулаад шинээр асфальтан зам хийж байна. Энэ замуудад засвар хийснээр хойд талын зам дөрвөн эгнээ, урд талынх нь гурван эгнээ болох аж. Энэ зам гүүр хоёр арваннэгдүгээр сарын 30-нд зэрэг ашиглалтад орох хуваарьтай. Ажилчид өглөө 09:00 цагаас оройн 18:00 цаг хүртэл ажилладаг. Замаа монголд байхгүй шинэ технологиор өрөмдөж стандартын дагуу хийгдэнэ гэдгийг энэ үеэр хэлсэн. Хоёр талдаа тунельтэй. Түүн дотроо шинээр инженерийн шугам сүлжээ, дулаан, цэвэр ус цахилгаан явж байгаа учраас монголдоо шинэлэг тоноглол болж байгаа аж. Эднийх өнгөрсөн арваннэгдүгээр сард Буянт –Ухаа хороололд бас ийм хонгил хийсэн туршлагатай компан юм билээ. Харин энэ ажил хоёр дахь нь болж байгаа гэсэн. Тэд Бээжингийн гудамжны цэвэр усны шугам 500 метр, бохирын шугам 500 метр, цахилгаан холбоо 600 метр шугамыг гадагшлуулж дотогшлуулж байна. Нийтдээ 100 метр урт хонгил цутгагдаад хийгдэж байгаа. Одоогоор ажлын явц 50 хувьтай. Америкийн элчин сайдын яамнаас урагшаа явж байгаа зам урагшаагаа гүүрэн доогуур гараад Багшийн дээд рүү явна. МУИС-ын хоёрдугаар байрнаас Сансарын тунель хүртэлх зам өргөн болно. Хойд зам дуусах юм бол урд талын замаа хаагаад ажилдаа орно хэмээсэн.
 
Үүний дараа Нийслэлийн авто замын газрын олон нийттэй харилцах албаны ажилтан Д.Оюунгэрэлээс одоогоор нийслэлд хаана аль чиглэлд зам засварын ажил хийгдэж байгаа талаар тодрууллаа.
 
Энх тайвны өргөн чөлөөг холбосноор Бага тойруугийн ачаалал буурна
 
-Нийслэлд одоогийн байдлаар хаана хаана зам хаагаад байна вэ?
 
-Нийслэлийн авто замын газрын захиалгаар 2014 онд нийтдээ 74.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар ажил хийгдэж байгаа. Эдгээр ажлын хүрээнд 40 төсөл арга хэмжээг хэрэгжүүлж байгаагаас 25 нь он дамжин хэрэгжиж байна. Харин 15 нь 2014 онд төсөв нь батлагдаад шинээр хэрэгжиж байгаа. Үүнээс онцолж хэлбэл томоохон замууд дээр замын хөдөлгөөн хязгаарласан. Тухайлбал Баянзүрхийн товчооноос Богд уулын араар гараад Яармагийн гүүр хүрэх 17,6 км замыг засч байна. Энэ зам Чингэс хаан нисэх буудлаас хотын төвөөр дайрахгүй шууд хотынхоо зүүн захад хүрэх ч юмуу хотынхоо зүүн захаас шууд Яармагийн чиглэл рүү явах боломжтой. Тиймээс ямар ч ачаалал өгөхгүй зам болох юм. Энэ нь Зайсан толгойн зүүн захаасаа Их тэнгэрийн амны зүүн тал хүртэл 2,2 км буюу Зайсан толгойн зүүн тийш яваад Маршалын гүүр өнгөрөх хүртэлх зам дээр суурь хучилтын ажил хийхээр замын хөдөлгөөнийг хаасан. Тэгээд зургадугаар сарын 10-ны өглөө гэхэд энэ замыг хучаад зөвхөн дан суурь хучилтыг нээнэ. Одоогоор хуучин асфальтан хучилтаа хуулаад дахин боловсруулаад дэвсэж байгаа. Түүний хойд талд Дүнжингарав худалдааны төвийн зүүн талаас Улиастай хүртэлх зургаан км замыг шинээр барьж байна. Энэ мөн л хотын зүүн хэсгээс хотын төв хэсэг хүртэл  Нарны замын урдуураа хотын төвд ачаалал өгөхгүйгээр ахин хөндлөн байрлалтай зам баригдах юм. Энэ бол төмөр замын урдуур хэвтээ тэнхлэгийн гол үргэлжлэл зам болж холбож өгөх ач холбогдолтой.
 
-Бас Арслантай гүүрнээс хойшоо шинэ зам тавигдана гэсэн байх аа?
 
-Арслантай гүүрийн баруун талаас Сэлбэ голын баруун эргээр Бээжингийн гудамж хүрэх 0.7км авто замыг шинээр зам барьж байгаа. "Оч Наран" компанийн гүйцэтгэж буй энэ ажил замын нийт уртад далан, суурийн ажлыг гүйцэтгээд замын хашлага суурилуулж байгаа. Энэ зам аравдугаар сарын 30-нд ашиглалтад орно. Харин шинээр баригдаж байгаа Бээжингийн гудамжинд Сэлбэ гол дээр шинээр баригдах гүүрийн доогуур Денверийн гудамжтай холбох ёстой юм. Тодруулбал, Арслантай гүүрнээс хойш яваад АНУ-ын Элчин сайдын яамны зүүн талаар гарч 100 айл руу шууд нэвтэрнэ. Ингэж Энхтайваны өргөн чөлөөг шууд холбосноор Бага тойруугийн ачаалал буурах ач холбогдолтой.

Мөн “Орчлон” сургууль руу эргэж ордог уулзвараас XI хорооллын уулзвар хүртэлх 200 метр замын хойд талын урсгалыг хаасан. Ер нь Бээжингийн гудамж уртаашаа 900 метртэй гудамж. Ингэхдээ хойд урд урсгалыг ээлжлэн хааж ажлыг үргэлжлүүлсээр ирэх арваннэгдүгээр сарын 30-нд замаа нээх юм байна. Энэ мэтээр зам засварын ажил их явагдаж байна.
 
Нийслэл таймс
Д.Нэргүй
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • novsh yumaa 2014-06-06 06:03:44
    ugux ner mundsan bish uxsan xatsanii beejingiin gudamj vee. manaix shig soliotoi dulduich daldaga oron xaa bna. seouliin gudamj bla bla novsh gejj
  • жавзан 2014-06-02 07:06:06
    Хятадууд эрхбиш насны юм хийж өгөх биз дэ. монголчууд бол зуны 3 сартай л зам тавина хэхээ
  • Hahah 2014-06-02 05:02:38
    Beejingiin gudamj gechjee.hogjim bujgeer n bailga,soliotoi um