Эмэгтэйчүүд чуулж байна

Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яамнаас санаачлан зохион байгуулж буй “Эмэгтэйчүүдийн хөгжил, оролцоо” сэдэвт үндэсний хоёрдугаар чуулган өнөөдөр Төрийн ордонд болж байна. 
Чуулганыг нээж, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ “2004 онд УИХ-аас баталсан Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлж эхэлснээс хойшхи 10 гаруй жилийн хугацаанд улс орны нийгэм, эдийн засгийн байдал болоод хүн ам зүйн байдал, насны бүтцэд нэлээд өөрчлөлт гарсан. Энэхүү өөрчлөлттэй холбоотойгоор хүн амын хөгжлийн бодлогыг шинэчлэн боловсруулж байгаа ба хүн амд дийлэнх хувийг эзэлж буй залуучуудаа хэрхэн ажилтай, орлоготой хуримтлалтай болгох, ялгангуяа эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэх боломж бололцоог хэрхэн бүрдүүлэх. Нөхөн үржихүйн болон эх нялхасын эрүүл мэндийн үйлчилгээг хэрхэн сайжруулах, насжилт хурдацтайгаар нэмэгдэж тэр дундаа тэтгэврийн насанд эмэгтэй хүн ам дийлэнх байгааг харгалзан нийгмийн халамж, хамгааллын үйлчилгээг хэрхэн өргөжүүлэх зэрэг олон асуудлыг эдийн засаг, нийгмийн хөгжлийн асуудалтай холбон цогц байдлаар шийдэхийг зорьж байна” хэмээн онцолжээ.

Өнөөдөр Монгол Улсын гурван өрх тутмын нэг нь ядуу амьдарч байгаа ба ажилгүйдэл, архидалт нэмэгдэхийн хэрээр эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл ихсэх хандлагатай байгаа юм байна. Тиймээс хууль эрх зүйн хүрээнд энэ бүхэнтэй шийдвэртэй тэмцэх эрх зүйн орчинг бий болгож, гэр бүлийн боловсролыг багаас нь зөв олгох нь ирээдүйд хүчирхийлэлгүй гэр бүл бий болох үндэс болохыг тэрээр нэмж хэлэв.

Монгол Улсын нийт хүн амын 51.7 хувь хөдөлмөрийн насныхан бөгөөд 50.4 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Мөн дээд боловсрол эзэмшигчдийн 64 хувь, магистр, докторын зэрэг эзэмшигчдийн 66 хувь, боловсролын салбарын нийт ажиллагсдын 71.3 хувь, төрийн захиргааны байгууллагад ажиллагсдын 40 гаруй хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Тэд нийгмийн амьдралын бүх л салбарт идэвхитэй үүрэг гүйцэтгэдэг ч тулгарах бэрхшээл олонтой. Энэ бүхнийг хэрхэн шийдвэрлэх арга замыг тодорхойлоход өнөөдрийн үндэсний чуулганы зорилго оршиж байгаа ажээ. 

Энэхүү үндэсний чуулганд УИХ-ын дарга З.Энхболд илгээлт илгээсэн бол УИХ дахь эмэгтэй гишүүдийг төлөөлөн С.Одонтуяа, Л.Эрдэнэчимэг нараас гадна хот, хөдөөгийн төлөөлөл болсон 700 гаруй эмэгтэйчүүд оролцож байна.

Г.Уянга
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • сандаг 2015-04-18 13:02:35
    ухаан богинотонгууд хэрэлдэж байгаа юм биз дээ ха ха ха
    122.201.31.244
    Мэдэгдсэн Хариулах