Ц.Шижир: Газар өмчлөлийн цахим сүлжээгээ боловсруулчихсан, туршилтын шатандаа явна
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш 10 гаруй жил өнгөрчээ. Эл хугацаанд нийслэлийн 98 мянган иргэн газар өмчилж авсан байдаг аж. Тэгвэл өнгөрсөн онд НИТХ-аас гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд шинээр өмчлүүлэх 52 байршилд газар олгохоор болсон билээ. Энэ талаар Нийслэлийн өмчийн харилцааны газрын Газар өмчлөл, өмчийн менежментийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.Шижирээс дараах зүйлийг тодруулсан юм.

-Өнгөрсөн оны тавдугаар сарын 30-ны өдрийн НИТХ-ын тогтоолоор нийслэлийн иргэнд гэр бүлийн зориулалтаар өмчлүүлэх газрын байршил хэмжээг тогтоож, 15.2 мянган га газрыг ойролцоогоор 160 мянган иргэнд өмчлүүлэх шийдвэр гаргасан. Энэхүү ажил ямар шатандаа явж байна вэ?

-Бэлтгэл ажил хийгдэж байна. Нийслэлийн хэмжээнд 52 байршил газрыг сонгож нөөц судалгааг нь хийчихсэн. Иргэдэд ямар арга замаар, хэрхэн газар өмчлүүлэх вэ гэдгээ судлаад гаргачихсан. Энэхүү аргынхаа дагуу шаард­лагатай бэлтгэлүүдийг хийж байна. Нөгөө талаар газар өмчлөлийн ажлыг зохион бай­гуулахдаа хэсэгчилсэн төлөв­лөгөөгөө үндэслэн зохиох ёстой. Одоогийн байдлаар бо­ловс­руулагдах шатандаа явж байна. Гэхдээ шинээр өмчлүүлэх газарт хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулж, сур­гууль цэцэрлэг, зам, дэд бүтэц, ногоон байгууламж барих газраа хасаад үлдсэн газрыг нь өмчлүүлнэ гэдгийг иргэд маш сайн ойлгох хэрэгтэй.

-Иргэдэд 52 байршилд газар олгохоор болсон. Газар өмчилж авах хүсэлтэй иргэдийг цахимаар бүртгээд эхэлчихсэн гээд байх юм. Энэ үнэн үү?

-Цахим бүртгэл эхлээгүй байгаа. Бид иргэдэд 52 байр­шилд газар өмчлүүлэхдээ цахим хэлбэрээр зохион байгуулна. Онлайн орчинг ашиглаж, цахим систем боловсруулаад түүгээрээ иргэдээс өргөдөл, хүсэлт хү­лээж авах болно. Ингэснээр ир­гэд тодорхой заасан байршилд хүссэн газраа өмчилж авах өргөдлөө өгөх эрхтэй. Харин тэр хүссэн байршлаас нийт өргөдөл гаргасан иргэдээс са­намсаргүй байдлаар машин өөрөө автомат сонголт хийнэ. Ингэж газар өмчлөх иргэдийн нэрс тодрох юм.

-Иргэд яг хаана, аль дүүрэгт газар өмчлөх эрхтэй юм бэ?

-Нийслэлийн алслагдсан болон төвийн долоон дүүрэгт газар олгохоор төлөвлөж байна. Тодруулбал төвийн бүсийн Хан-Уул, Сонгинохайрхан, Баян­зүрх, Сүхбаатар гэсэн дөрвөн дүүрэг. Алслагдсан гурван дүү­рэгт газар олгоно.

-Харин хугацааны хувьд?

-Бид тухайн байршилд өргөдөл гаргах хугацааг хан­галттай гаргаж өгнө. Хоёр долоо хоногийн хугацаанд өргө­дөл, хүсэлт хүлээн авна. Өөрөөр хэлбэл тухайн байршилд өргөдөл гаргаж өгөх хугацаа эхэлснээс 14 хоногийн турш хүлээн авна гэсэн үг. Журмаараа хууль ёсны тө­лөөлөгчөөрөө дамжуулж өргөдөл, хүсэлтээ бөглүүлэх боломжтой. Энэ хугацаанд иргэд өргөдөлөө хангалттай өгөх байх гэж бодож байна.

-Хэдийгээр газар өмчлөх хүсэлтийг цахим хэлбэрээр авч байгаа нь сайшаалтай ч өнөөх хүнд суртал, танил тал, арын хаалганы асуудал алга болно гэж үү?

-Бидний хамгийн гол зо­рилго бол наадах чинь юм. Цахим хэлбэрээр газар өмчлөх хүсэлт авснаар наад зах нь иргэд биеэрээ очиж, бичиг цаас бүрдүүлэхгүй. Хэд хэдэн удаа очиж, дараалал үүсгэхгүй болно. Нөгөөтэйгүүр танил тал, эрх мэдлээ ашиглах ч гэдэг юм уу ялгавартайгаар хандах ханд­лага байдаг. Эсвэл өргөдлөө өгч чадахгүй хоцрох ч юм уу. Бид үүнийг л арилгахыг зорьж байна. Нэг үгээр хэлбэл газар өмчлөлийн харилцаанд иргэд нийтээрээ дарга, цэрэг гэж ялгалгүй тэгш оролцуулахыг зорьж байна.

-Ингэхэд нэг байршилд хэчнээн ч иргэн газар өмчлөх хүсэлтээ илгээж болох юм байна шүү дээ?

-Тийм ээ. Нэг байршилд 300 хүний газар өмчлөлийн асуудал шийдэгдэх боломжтой гэж үзье л дээ. Тэгвэл тэр газарт 30 мянган хүн өргөдөл, хүсэлтээ илгээж болно. Гагцхүү энэ 30 мянган хүнээс л 300-г нь сонгох юм. Хамгийн гол тэр 30 мянган иргэн дараалал, хүндрэл чирэгдэл үүсгэхгүйгээр газар өмчлөх хүсэлтээ өгнө л гэсэн үг.

Дээр хэлсэнчлэн тэгш эрхээ эдлээд өргөдлөө гаргачихсан хүн хүмүүсээс боломжтой тал­байд дүй­цэх хүний тоогоор газар олголт явагдана л гэсэн үг. Ингэж сонгохдоо өнөөх л тэгш, шударга байдлаа ашиглана. Программ уншуулаад л авто­матаар сонгоно гэж тө­лөвлөөд ийм байдлаар хийх нь зөв юм байна гэж шийдсэн. Бид газар өмчлөлийн цахим сүлжээгээ боловсруулаад туршилтын ша­тандаа явна.

Өглөөний сонин
Б.Төрбат
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ийм л байна даа 2014-06-02 05:05:49
    програам хүнд тал засахгүй шударга боловч үүний ард нуугдаад программаар сонгох нь шударга бус мэдэхгүй хүмүүсийг луйвардах сайн арга учир нь программыг хэн нэгэн бодит хүн зохиосон харин хүнийг хэн зохиосныг мэдэхгүй бас үхүүлээд босгож чадахгүй харин п
  • Иргэн 2014-06-02 01:25:10
    За за яах гээд байгаан мэдэгдэхгүй хогийн улсууд юмаа
  • зочин 2014-06-02 01:15:23
    нөгөө газрын хэмжээ хэд болсон вэ