Ерөнхийлөгчид БНСУ-ын Элчин сайд У Сун Итгэмжлэх жуух бичиг барив

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өнөөдөр БНСУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У Сун Итгэмжлэх жуух бичиг барив.

Итгэмжлэх жуух бичиг барьсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Элчин сайдыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч шинээр томилогдон ирж байгаа Элчин сайдын нэр хүндтэй, хариуцлагатай ажилд амжилт хүслээ. Элчин сайд У Сун БНСУ-ын Ерөнхийлөгч, эрхэмсэг хатагтай Пак Гын Хэ-гийн чин сэтгэлийн мэндчилгээг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлав.

Элчин сайд У Сун Монгол Улсын гадаад нэр хүнд өсч байгаад баяр хүргэж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн дэвшүүлсэн Улаанбаатарын яриа хэлэлцээ санаачилгыг БНСУ дэмжиж, үр дүнд хүрнэ гэдэгт найдаж байдгийг илэрхийлэв. Улаанбаатарын яриа хэлэлцээ санаачилга нь бүс нутгийн энх тайван, аюулгүй байдалд чухал ач холбогдолтой бөгөөд БНСУ-ын Ерөнхийлөгчийн дэвшүүлээд байгаа Зүүн хойд Азийн энх тайвны санаачилгатай уялдуулан хамтарч ажиллавал бүс нутгийн хүрээнд ихээхэн үр дүнтэй болно хэмээн үзэж буйгаа мөн хэлэв.

Монгол Улс 2016 онд АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтыг эх орондоо хийх гэж буйд Элчин сайд баяр хүргээд БНСУ уг арга хэмжээг 2000 онд амжилттай зохион байгуулж байсныг дурдав. Энэ онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиож байгаа юм. Энэ түүхэн чухал ойн жилд Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдсондоо баяртай байгаагийн зэрэгцээ хоёр орны харилцааг улам гүнзгийрүүлэхийн төлөө чармайн ажиллах өндөр хариуцлага ногдож байгааг байнга санаж ажиллах болно гэдгээ ноён У Сун илэрхийллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ үеэр 2015 он бол хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойн түүхэн жил гэдгийг тэмдэглээд Зүүн хойд Азид энх тайван, тогтвортой байдлыг хангах чиглэлээр гаргасан Улаанбаатарын яриа хэлэлцээ санаачилгыг БНСУ дэмжиж байдагт талархал илэрхийлэв.

Мөн хоёр орны харилцаа эдийн засаг, дэд бүтэц,хөрөнгө оруулалтын чиглэлээр гүнзгийрэн хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа талууд уулзалтын үеэр илэрхийлж байв.

Г.Уянга
Olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • үр дүн 2015-04-17 13:35:41
    бнсу _д монголчууд визгүй зорчих хүслийг таслах арга дотоодын хөдөлмөр хөлсийг шударга болгох.Солонгосууд дотоод гадаадын гэж ялгахгүй хөлсийг адилхан цагт нь ...
    112.72.13.75
    Мэдэгдсэн Хариулах