Х.Баянмөнх илүүрхсэн терроризмтай олимп
Зуны 10 дугаар буюу Мюнхений олимпын наадам 1972 оны наймдугаар сарын 26-наас есдүгээр сарын 11- нд болж байсан түүхтэй. Германы нутагт 36 жилийн дараа дахин олимпын наадам зохион байгуулагдсан нь энэ. Монголчуудын хувьд өмнө нь хоёр ч олимпын наадамд оролцож байсан туршлагатайн хувьд энэхүү олимпын наадамд спортын долоон төрөлд 48 тамирчин буюу бокс, жүдо , сонгомол чөлөөт бөх, байт харваа, хүндийн өргөлт зэрэг спортын төрөлд баг тамирчдаа илгээсэн юм. Ийнхүү оролцсон баг тамирчдаас Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Баянмөнх гуай мөнгөн медаль хүртэж элэг нэгт монголчуудаа баярлуулж байв.
 
ОРОЛЦСОН ТАМИРЧИД
 
Байт харваа
Байт харваан төрөлд Г.Бямбаа 2253 оноогоор 43 дугаар байрт шалгарч, эмэгтэйчүүдээс Н.Дариймаа 2341 оноогоор 14, Д.Дэмбэрэл 2152 оноогоор 36 дугаар байрт тус тус шалгарч байжээ.
 
Боксын төрөлд
Энэхүү олимпын наадамд анх удаа өрсөлдөж буй боксын шигшээ багийн тамирчдаас 48 кг-д В.Батбаяр,51 к-гд Н.Батсүрэн, 54 кг-д Б.Ганбат, 57 кг-д П.Баатар, 60 кг-д Х.Алтанхуяг, 63,5 кг-д С.Гомбо, 67 кг-д Д.Банди, 71 кг-д Н .Цэнд-Аюуш, 81 кг-д Г.Зориг нар оролцсон ч тэд хэсгээсээ шалгарч чадаагүй юм.
 
Жүдочид мөнгөн медаль хүртсэн ч хураалгав
 
Жүдо бөхийн тамирчдаас Б.Буядаа хөнгөн жинд, Д.Баатаржав хагас дунд жинд, Л.Рэнцэндорж үнэмлэхүй, П.Дагвасүрэн хүнд жинд зодоглосон. Энэхүү олимпын наадамд жүдочид маань анх удаагаа хүч сорьж хөнгөн жинд зодоглосон Б.Буядаа мөнгөн медаль хүртсэн ч тэмцээний дараах сэргээшийн үзлэгээр кофейн илэрч, меалиа хураалгаж байсан гашуун түүхтэй юм.
 
Хүндийн өргөлтийнхөн чамлахааргүй амжилт үзүүлсэн
 
Хүндийн өргөлтийн шигшээ багийн тамирчид энэ олимпод мөн л хамгийн анхлан оролцож байсан түүхтэй. З.Далхжав, С.Доржханд, Р.Амгаасэд Н.Сэр-Од оролцсон юм. Эдгээр тамирчдаас З.Далхжав 15 , С.Доржханд нар 17 дугаар байрт шалгарч байлаа.
 
Чөлөөт бөхийн төрөл
 
Олимпын наадам болгонд л ярих намтар арвинтай байдаг  чөлөөтийнхөн маань 1972 оны наймдугаар сарын 12-ны өдөр эх орноосоо мордож Эрхүү- Москва-Мюнхений чиглэлд онгоцоор очиж олимпын тосгонд байрласан байна. Өмнөх жилийн олимпод зургадугаар байрт шалгарах зорилго тавьж байсан тэд энэ удаад мөн ийнхүү зорилт тавсан байдаг. 48 кг-д Б.Жамсран, 52 кг-д Д.Ганбат, 57 кг-д М.Хойлогдорж, 62 кг-д З.Ойдов, 68 кг-д Ц.Нацагдорж, 74 кг-д Д.Сэрээтэр, 82 кг-д Артаг, 90 кг-д Ж.Мөнхбат, -100 кг-д Х.Баянмөнх нар зодогложээ.


 
Тэмцээн эхэллээ
 
Наймдугаар сарын 27-ны өдөр Мюнхений “Рингхалле” цэнгэлдэх хүрээлэнд сонгомол чөлөөт бөхийн барилдаан эхлэв. Энэхүү тэмцээнд нийт 10 жинд 221 хүчтэн зодоглосон юм. 48 кг-д барилдсан Б.Жамсран ХБНГУ-ын Р.Локартай барилдаж хоёр онооны давуутай ялж явсан ч хөлөө хий сул өгч оноо алдан ялагдал хүлээсэн. Түүний дараа Ираны аварга Жавадид 7 минут 20 секунд дутуу байхад цэвэр ялагдан тэмцээнийг өндөрлүүлсэн. Харин 52 кг-д барилдсан Д.Ганбат эхний тойрогт Кубын М.Тайчинг 14:2 онооны давуугаар ялж дараагийн барилдаанд дэлхийн хошой аварга,  Европын мөнгөн медальт Болгарын Б.Баевтай таарч хоёр бөх аль аль нь идэвхгүй барилдсан учир тэмцээний 10 минутын өмнө хоёуланг нь хасчээ. Түүний дараа ОХУ-ын бөх Арсен Алахвердиевт 3:1 онооны зөрүүгээр дийлдэж энэхүү олимпыг орхисон түүхтэй. 57 кг-ын жинд нийт 28 бөх хүч үзсэнээс энэ барилдаанд М.Хойлогдорж Японы алдарт бөх 1970,1971 оны Дэлхийн аварга Хидеки Янагидатай таарч эхэлж хэдэн оноо алдсан ч дайрч давшлан барилдсан гэдэг.
 
Ингэснээр хоёр бөхийн оноо 7:7 болоход Японы тамирчин завсарлага захиалсан аж. Тухайн үед шүүгчээр оролцож байсан С.Магван гуай амьдралынхаа түүхэнд түүнийг анх удаа завсарлага захиалахыг харсан нь энэ байж. Багахан бэртэл авсан Японы тамирчин хөлөө барьж нэлээн амраан эмч нар ч хөлдөөгчөөр шагайг нь хөлдөөн буцаж дэвжээнээ гаргав. Ийнхүү тэрээр манай тамирчнаас нэг оноо авч ялалт байгуулсан байна. Тухайн үед М.Хойлогдорж сайн барилдсан ч арга туршлагаар дутаж байсан гэдэг. Мөн 62 кг-д оролцсон З.Ойдов тойргийн барилдаанд хасагдаж, 68 кг-д Ц.Нацагдорж шагналт  дөрөвдүгээр байр, 82 кг-д барилдсан Т.Артаг Туркийн бөхийг нэг, хоёрдугаар тойрогт ялж, гуравдугаар тойрогт Шведийн бөх К.Эльмгрендид ялагдаж дөрөвдүгээр тойрогт мөн л ялагдсанаар 24 бөхөөс 10 дугаар байр эзэлсэн юм. Харин олимпын мөнгөн медальт Ж.Мөнхбат нэгдүгээр тойрогт Туркийн бөх Ш.Мехметтэй таарч нэг оноогоор хожигдсон байна. Энэ тэмцээнд түүний 1971 онд МАХН-ын Их хурлын үеэр үндэсний бөхийн барилдаанд Х.Галдандагва, Ч.Лундаа нартай барилдаж аарцагтаа бэртэл авсан нь сэдэрч барилдааныг орхихоор болсон байна. Ийнхүү тэрбээр 23 дугаар байрт шалгарчээ.
 
Х.Баянмөнх үнэхээр илүү байлаа
 
-100 кг-ын жинд нийт 12 хүчтэн өрсөлдсөн байна. Манай бөхийн хувьд өмнөх дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд шагналт байрт шалгарч байсан нь дэлхийн мэргэжилтнүүдийн анхаарлын төвд байсан.

Х.Баянмөнх эхний тойрогт ХБНГУ-ын А.Хечерийг 7:0 оноогоор, Чехословакын К.Енгелийг гурван минут 19 секундэд цэвэр, Ираны А.Анварийг дөрвөн минут 30 секундэд цэвэр, Румыны Е.Паниантыг таван минут 02 секундэд цэвэр,  1968 оны олимпын хүрэл меальт Унгарын Юсеф Чотарыг долоон минут 15 секундэд тус тус цэвэр ялж аваргын төлөөгарч ирсэн юм. Тэр үнэхээр илүү байлаа. Ингэснээр алтан медалийн төлөө ЗХУ-ын бөх Иван Ярыгинд дөрвөн минут 16 секундэд цэвэр ялагдан мөнгөн медаль хүртэж байсан билээ.
 
Х.Баянмөнх: Өөрийн эрхгүй л уйлж байлаа
 
“Тухайн үеийн ялалтад сэтгэл хангалуун байсан. Басхүү маш их догдолж  байлаа. Тэрхүү амжилтад хүрэхийн тулд ямар их хөдөлмөр, зориг тэвчээр гаргасныг эргээд бодохоор сайхан байдаг. Өөрийн эрхгүй л нүднээс нулимс гардаг юм” гэж сүүлд нь сэтгэгдлээ хуваалцаж байжээ.
 
Үзүүлэлт буурсан
 
Мюнхенийн олимпын наадамд чөлөөт бөхийн багийнхан 30 удаа барилдаан хийснээс 14 удаа ялж, 16 ялагдаж 46.6 хувийн амжилт үзүүлсэн нь өмнөх олимпын наадмаас 23.4 хувь буурсан байна. Харин ололттой тал нь хэлсэн амжилтаа үзүүлж чадаагүй ч залуу тамирчид ихээхэн туршлага хуримтлуулсан билээ.
 
Олимпын далбаа бөхийв
 
1972 оны есдүгээр сарын 5-нд Палестины алан хядах байгууллагын хэсэг террористууд шөнө дунд олимпын тосгоны төмөр хашааг даван Израйлын тамирчдын байр руу довтолж, буутай оржээ. Израйлын хүндийн өргөлтийн дасгалжуулагч, бөхийн шүүгч хоёр тэднийг дотогш оруулахгүй хэмээн хаалгаа дарж байсан ч тэд гал нээн тэднийг хөнөөсөн байна. Ийнхүү алан хядагчид тамирчдыг барьцаалж оронд нь Израйлын шоронд байгаа 2000 хүнийг суллахыг, мөн онгоц гаргаж өгөхийг ч шаардсан байна. Үгүй гэвээс энд бөмбөг дэлбэлэхийг ч сануулжээ.
 
 Хамгийн хүндхэн зүйл нь олимпын тосгоны үй олон мянган хүн хооллодог  зоогийн газар яг Израйлын тамирчдын байрны хажууханд байсан гэдэг. Ингэснээр маргааш өглөө нь ХБНГУ- ын Ерөнхийлөгч болон бусад албаны хүн хуралдаж шаардлагыг нь биелүүлэхээр болж террористууд болон барьцаалагдсан тамирчдыг авахаар нисэх онгоцны буудалд тусгай зөвшөөрөгдсөн газарт шөнө очсон байна. Алан хядагчид тусгай бэлдсэн онгоцыг шалгахаар очиход бүх гэрэл нэгэн зэрэг унтарч мэргэн буучид гал нээн алан хядагчид ч онгоцыг дэлбэлэн Израйлын 11 тамирчин, долоон алан хядагчийн хамтаар нас баржээ. Энэ өдрийн маргааш Олимпын наадам түр завсарлаж Израйлын тамирчидтай салах ёс гүйцэтгэх ёслол болж олимпын түүхэн дэх хамгийн эмгэнэлтэй өдрүүдийн нэгээр түүхнээ бичигдсэн байдаг.
 
 Өглөөний сонин
Ж.Цэцэгмаа
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • хүн 2015-04-16 12:55:00
    өнгөрсөн түүх хэнд хэрэгтэй юм
    122.201.21.225
    Мэдэгдсэн Хариулах
    • galaa 2015-04-16 16:18:17
      chamaig chatsga gedgee medej avahad
      103.229.123.39
      Мэдэгдсэн Хариулах