“Түмэнцогт”-д түймэр дахин дэгдэж, сумын төвийг битүү хар утаа бүрхжээ
Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд энэ сарын 13-ны өдөр хээрийн түймэр гарч нэлээд их хэмжээний хохирол учруулаад байгаа тухай бид өмнө нь мэдээлсэн. Аймгийн онцгой байдлын хэлтэс, Засаг дарга нар 14-ний шөнө түймрийг цурманд оруулсан тухай мэдээлсэн юм. Тэгвэл уг түймэр өчигдөр үдээс хойш салхины хүч ширүүссэнээс болж дахин гарчээ. Тодруулбал сумын ойролцоох Баянцагаан, Булан гэх хоёр газар түймэр дахин хүчээ авчээ. Түймэр дэгдсэн газруудад айл байхгүй ч өвөлжөө хаваржаа их хэмээн мэдээлж байна.
 
Албаны эх сурвалжийн хэлснээр, түймрийн голомт буюу Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд гарсан түймрийг унтраахаар  нутгийн 216, ОБЕГ-аас 116 хүн, цэргийн гурван анги ажиллаж байгаа юм байна. Хүчтэй салхитай байгаа учир түймэр дийлдэхгүй, юмаар цохиж унтраах боломжгүйд хүрчээ. Сумын төв рүү орж ирсэн галыг унтраасан ч битүү хар утаа бүрхээд байна. 100 метрээс цааш юм харагдахгүй, амьсгалахад хүндрэлтэй байгааг газар дээр нь очсон албаныхан мэдээлж байна.
 
Түймэр юунаас эхтэй талаар албан ёсны мэдээлэл гараагүй байгаа юм. Хэнтий  аймгийн Баян-Овоо сумын нэгдүгээр багаас баруун зүгт 30 км зайтай “Яруу” гэдэг газар 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр гарсан хээрийн түймэр тархан, Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Дорнод аймгийн Хөлөнбуйр сумдыг хамран, 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 16 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын чанх араас автомашины засмал замыг гурван хэсгээр даван сумын төв рүү чиглэн тархжээ.
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.