Сонгоод уйлах уу, сонгоод хөгжих үү?
2016 оны сонгууль бол Монгол улс ирэх 20 жилд урагшаа хөгжих үү, хойшоо ухрах уу гэдэг СОНГОЛТ хийнэ. Магадгүй Сири, Украйн шиг болох уу, Норвеги, Сингапур шиг хөгжих үү гэдгийг шийдэх цаг хугацаа. 25 насны босго алхсан ч томоожиж амжаагүй яваа Монголын ардчилсан нам улс орныг хэрхэн удирдсан бэ гэдэг дүнгээ тавиулна. Улстөрийн цаг хугацаагаар авч үзвэл үе солигдох эгзэгтэй процесс эрчимтэй явагдах нь дамжиггүй. Нийгэм ч үүнийг хүлээж байна. Гэтэл эрх баригч намын дарга хэвлэлд өгсөн ярилцлагадаа шинэ хүнийг дэмжихгүй, одоогийн УИХ-ын гишүүд дахиад өрсөлдөнө, УИХ-ын гишүүн хүн л жагсаалтанд нэр нь орно гэв. 20 жилийн өмнө “Намайг сонго, би чадна” хэмээн гуйж байсан нөхдүүд дахиад “10 жил төр баримаар байна” хэмээн тулган шаардах мэт аяглах нь цагийн зүүг хүчээр ухрааж буй үйлдэл гэлтэй.

Энэ удаагийн УИХ бүрэн эрхийнхээ хугацаанд Үндсэн хуулийн өөрчлөлтөөр дамжуулан улстөрийн системийн том өөрчлөлтийг хийх үү, ардчилалаа олуулаа аврах уу, авторитар дэглэмтэй ганц хүнийх болгох уу... Ямар ч байсан хаврын чуулган жилийн дараа болох УИХ-ын сонгуулийн тухай хуулийг хэлэлцэн шийдвэрлэх байх. Миний нийтлэл сонгуулийн тогтолцооны тухай үргэлжлэх болно.

“Сонгуулийн ямар систем ашиглахыг ард түмний саналаар шийдэх нь зөв”

Монгол улс 1992 оноос хойш сонгуулийн систем бүрийг туршиж алдаж оносоор явна. Сонгуулийн маргаашаас л сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн хэрүүл тэмцэл, жагсаал цуглаан эхэлдэг. Хэрүүл даамжирсаар цагдаа, шүүхдээ тулан, талцаад хэвлэлээр зодолддог нь гэм биш зан болжээ. Энэ хэрүүл жил тойрон, хоёр гурван жилээр ч магадгүй үргэлжлэнэ. Хэрүүлийн үндэс юунд байна вэ гээд үзэхээр улстөрийн систем, СОНГУУЛИЙН ТОГТОЛЦООНЫ, сонгуулийн хуулийн, сонгуулийн үед сонгуулийн хороо болох хэсгийн хороодын зохион байгуулалт, үйл ажиллагааны дутагдалтай байдал, алдаанаас үүдэлтэй байдаг. Ард түмний сонголт эцсийнх байх дүрэмтэй ч амьдрал дээр шүүх шийдчихдэг болж байгаа нь харамсалтай. Сонгуулийн тогтолцоогоо зөв шийдэхгүй бол сонгоод уйлдаг байдал хэвээр байна. Сонгосон ард түмэн нь буруутдаг ардчилал гэж байж болохгүй.

Нэг талаас улстөрийн сонгууль бол төрийг бүрдүүлдэг хэрэгсэл. Энэ хэрэгсэлийг байнга өөрчлөөд, солиод байх нь төрийн тогтворгүй байдал, цаашлаад улс орны тогтвортой хөгжилд саадтай байдаг. Манай улс сонгууль бүрийн өмнө хуулиа өөрчилдөг тогтсон заншилтай. Энэ нь сонгуулийн үед гарсан хуулийн алдааг засах, өөрчлөх гэхээс илүү намууд дахин сонгогдох боломжоо хадгалах үйлдэл байсаар ирсэн нь нууц биш. Улстөр судлаач хүний хувьд саналаа хэлэхэд сонгуулийн системийг аль нэг нам эвсэл, улстөрчид ашигтай хувилбараар биш нийт ард түмэн, монгол улсад ашигтай байх хувилбарыг сонгох нь чухал юм. Зургаан удаагийн УИХ-ын сонгуулийг өөр, өөр хувилбараар туршсан ард түмэнд сонгуулийн ямар систем нь сайн, ямар нь мууг ялгах хугацаа болсон, туршлага суусан гэж үзэж байна. Тиймээс сонгуулийн ямар систем ашиглан сонгуулиа явуулахыг ард түмнээсээ асуух нь хамгийн зөв гарц болов уу. Ард түмэн өөрсдөө шийдсэн учраас сонгуулийн дараа маргаан бага гарах үндэслэл бий. 2008 оны сонгуулийн өмнө МАН-ын экс дарга С.Баяр пропорционал системийг санал болгосон ч Ардчилсан нам ард түмэн ойлгохгүй гээд хүлээж аваагүй. 2012 оны сонгуулийн өмнө Ардын нам УИХ-д олонх байхдаа 28/48 гэдэг хувилбарыг шийдсэн. Тэгвэл 2016 оны сонгуулийн өмнө МАН-ын дарга М.Энхболд “Сонгуулийн системийг ард түмний саналаар шийдвэрлэх нь зүйтэй” гэсэн оновчтой санал гаргалаа. Монгол Ардын нам харьцангуй төлөвшсөн, улстөрийн тогтвортой институц болохын хувьд илүү санаачлагатай ажилладаг нь үүнээс харагдаж байна.

“Мажоритар хоёр намын, пропорциональ олон намын тогтолцоог бүрдүүлэх хандлагатай”

Одоогийн байдлаар дэлхийн 199 орны 46 хувь нь мажоритар системээр, 36 хувь нь пропорциональ системээр 15 хувь нь холимог системээр, үлдсэн 3 хувь нь энэ хэдийн аль нэгийг ашиглаж байна. Сонгуулийн систем бүр өөрийн давуу болон сул талуудтай. Мажоритар систем нэр дэвшигч сонгогч хоёр нүүр тулан уулзах, ард түмний шүүлтүүрээр орох боломжийг олгодог давуу талтай ч санал гээгддэг сул талтай. Өөрөөр хэлбэл санал бүр төлөөлөгдөхгүй байж болно гэсэн үг. Мөн улс төрийн амьдралыг төвлөрүүлж хоёр намын тогтолцоог бүрдүүлэх хандлагатай байдаг. Пропорциональ систем санал бүр төлөөлөгдөх боломжтой ч улс төрийн олон жижиг намууд шинээр үүсэх нөхцөлийг бүрдүүлдэг. “Жагсаалт” буюу намын нэрээр (ард түмнээс нуугдан) олон удаа гишүүн болох бололцоог олгодог сул талтай. Судлаачид дээрх системийг илүү ардчилсан гэдэг ч намуудыг бутралд, нийгмийн амьдралыг задралд хүргэх эрсдэлтэй гэж үздэг. Эртний Грект “Демос” буюу боловсролгүй нөхдүүд жагсаалтаар бингодон гарч ирээд улс орныг самрах аюултай байдаг тухай сануулан бичсэн нь бий. Төрд олон жижиг намууд гарах нөхцөлийг бүрдүүлэх нь ардчилал боловч тэр хэрээр төрийн ажил урагшлахгүй ухардаг нь алдаа нь юм. Томоохон төсөл хөтөлбөрүүд зогсож, хөрөнгө оруулалт буурч, гадаад итгэлцэл сулардаг талтай.  Монгол тулгатны 100 эрхэм нэвтрүүлгээр Монгол улсын 3 дахь ерөнхийлөгч Н.Энхбаяр гуай нэг үнэн зүйл хэлсэн. “Орос улсад төлөх их өрийг би шийдээгүй, Монголын ард түмэн шийдсэн. Учир нь 2000 онд Монголын ард түмэн (МАХН) одоогийн МАН-д итгэж 72 суудал өгснөөрөө л их өрийн асуудлыг шийдсэн юм. Улстөрийн тогтвортой байдал, тэр ард түмний итгэл үнэмшлийн хүчийг үнэлсэн хэрэг” гэж хэлсэн. Энэ бол бодох ёстой асуудал мөн.

“Сонгуулийн хуулийн анхаарах ёстой асуудал”

Сонгуулийн ирц нь сонгогчдын улс төрийн идэвхийг харуулах нэг үзүүлэлт болдог. Сонгогчдын идэвх оролцоо жилээс жилд буурсаар байна. 1992 оны УИХ-ын сонгуулиас 2012 оны УИХ-ын сонгууль хүртэлх 20 жилд сонгогчдын идэвх 30 хувиар унажээ. 2008 оны УИХ-ын сонгуульд 76 хувьтай байсан иргэдийн идэвх оролцоо 2012 онд 65 хувь болтлоо буурснаас үзэхэд 2016 оны УИХ-ын сонгуулийн ирц хүрэхгүй байх магадлал өндөр байна. Иймээс сонгуулийн суурь зарчмуудыг эргэн харах, санал өгөхөөс татгалзах буюу иргэний үүргээс зайлсхийх Абсентеизм гэх үзэгдлийн эсрэг үр дүнтэй арга хэрэглэх шаардлага бий болжээ. Манай хойд хөрш болон Австралид саналаа өгөөгүй иргэдийг торгох шийтгэл оногдуулдаг байна. Манай улсын Сонгуулийн ерөнхий хороо өөрийн чиг үүрэгтээ байнгын ажиллагаатай төрийн байгууллага мөн гэж тодорхойлсон ч сонгуулийн үед л ажилладаг байгууллага болсон. Сонгуулийн бусад цагт иргэдийн улс төрийн боловсролыг нэмэгдүүлэх чиглэлээр санаачлагатай ажиллах ёстой.

2012 оны УИХ-ын сонгуулиас өмнөх бүх сонгуульд сонгогчдын өгсөн саналыг намын төлөөллүүд байлцаад гараар тоолдог байв. Санал тоолох үед гэрэл унтарсан, нэг намын төлөөлөл байгаагүй, саналын хайрцаг авч зугтсан гээд алдаа дутагдал гарч байсныг засах зорилгоор хурдтай, цаг хугацаа хэмнэсэн, өндөр технологи ашигласан олон сайн талуудтай гэх АНУ-аас гаралтай санал тооллогын автомат машиныг хэрэглэх болоод 3 сонгууль үдлээ. Энэ машины талаар эерэг сайнаасаа илүү хар муу мэдээллүүд нь дэлхий дахинд танил болсон. Тухайлбал Ж.Бушийн үед автомат машины булхай дуулиан шуугиан тарьж, Б.Обамагийн сонгуулийн үед ч хүчтэй шүүмжлэлүүдийг дагуулж байв. Нэг талаар өндөр өртөгтэй бизнес болж байгааг харж болно. 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн зардал 4 тэрбум байсан бол 2013 оны сонгуулийг 17 тэрбумаар явуулав. СЕХ гол зардал автомат машины засвар гэж тайлбарлав. АНУ-д ийм төрлийн автомат машин үйлдвэрлэдэг томоохон 10 гаруй компани байдаг. Зарим судлаачид засгийн бүх эрх мэдэл ард түмний гарт байна гэж үндсэн хуулинд заасан ч автомат машины  гарт байгаа талаар мэдээлэв. Яг өнөөдрийн байдлаар сонгогчдын саналыг буруу уншсан, нэрийн жагсаалтаас илүү хүний санал уншсан, сонгууль эхлэх цагаас өмнө, хааснаас хойш санал уншсан байсан гэх мэдээллүүд байгаа ч хараахан батлагдаагүй. Ард түмний дунд бол эргэлзээ байсаар байна. Тиймээс гомдол гарсан тохиолдолд бүх тойрогт дахин гараар тоолох бололцоог хуулинд нарийн тусгах шаардлага байна.

Дан мажоритар дэмжигдээгүй тохиолдолд намын жагсаалтаар сонгогдсон хүн дараалан жагсахгүй байх”

Нэг хүн нэг л удаа жагсаалтаар гишүүн болох боломжтой байх. Хоёр дараалан жагсана гэж байж болохгүй. Үүнийг хуульчлах гэхээс илүү улс төрийн намууд дүрэмдээ оруулах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл 2012 онд жагсаалтаар сонгогдож УИХ-ын гишүүн, Нийслэлийн төлөөлөгч болсон бол 2016 оны сонгуульд жагсаалтад нэрээ оруулахгүй байна гэсэн санаа. Тойрогт өрсөлдөх эрх нь нээлттэй. “Жагсаалтаар сонгогдсон хүн дараалан жагсахгүй байх” гэдэг зарчмыг хамгийн түрүүнд гаргаж тавьсан улс төрийн нам өөрийн рейтингээ өсгөх боломж байна. Үүнийг ард түмэн уухайлан дэмжинэ гэдэгт итгэлтэй байна.

Үргэлжлэл бий.

Улстөр судлаач Ж.Мөнхжаргал.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • jagaa 2015-04-16 03:55:14
    2016 оны сонгуульд хамгийн гол нь зөв сонголт хийснээр бидний амьдрал шийдэгдэнэ
    183.177.101.130
    Мэдэгдсэн Хариулах
  • МАНГАС 2015-04-15 13:59:07
    ууж идээд цадаж ханадаг мангас гэж үгүйгээс хойш мангасыг дарах ганц зам бий. мангас багаар бодход 76 толгойтой.
    203.194.114.125
    Мэдэгдсэн Хариулах
  • чингис 2015-04-15 13:32:09
    Одоо болноо идээд, уугаад одоо болсон байлгүи дэ үр хүүхэд ,авгай,аав ээж,ах дүү,амраг садангаа олон жил улсийн мөнгөөр тансаглуулад , насаара идээд бархгүи мө...
    103.26.193.149
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-04-15 08:45:42
    Эх орон ч хүн хэрэгтэй шунал ихтэй, мөнгөөр эх орноо худалдаг хүмүүс эх орон хөгжүүлэхгүй нь үнэн, ард түмний нэр бариад байгаа тул ядуу ард түмэн яах ёстойг бэ...
    183.177.97.25
    Мэдэгдсэн Хариулах
  • jhgkj 2015-04-15 07:21:35
    unen um yarij hoorhii
    103.10.23.91
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2015-04-15 06:53:49
    2012 оны сонгуулийн өмнө Ардын нам УИХ-д олонх байхдаа 28/48 гэдэг хувилбарыг шийдсэн.Тэр үед хуулиа батлахдаа асуугаагүй байж одоо өөрчлөхдөө асууна гээд...
    103.9.88.170
    Мэдэгдсэн Хариулах
  • Kkkk 2015-04-15 06:03:36
    DEBSHILTED HOLIMOG TOGTOLTSOOGOO MEDEEJ ABCH ULDEH HEREGTEI, ENE ZALUU UHRAAJ HOISH CHANGAAH SANAA BH. SHIGE. BID ALDAAGAA ZASAAD URAGSHAA YABTSG...
    182.160.39.169
    Мэдэгдсэн Хариулах
  • Zss 2015-04-15 05:57:52
    Hudlaa shaatsan gar
    103.26.194.29
    Мэдэгдсэн Хариулах
  • аймар  2015-04-15 05:50:36
    харгис царайтай гар байна даа
    202.70.41.190
    Мэдэгдсэн Хариулах