Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцсон дүнг хэлэлцлээ
Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэ сарын 23-25-нд ОХУ-ын Санкт-Петербург хотод болсон Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцсон. Засгийн газрын хуралдаанаар энэхүү айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад харилцааны сайд Л.Болдод даалгалаа.   

Ерөнхий сайд тус чуулга уулзалтын “Өөрчлөлтийн эрин үеийн харилцан итгэлцэл” сэдэвт нэгдсэн хуралдаанд оролцож, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзаж, хоёр орны улс төр, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх боломж, хоёр талын хооронд яригдаж ирсэн асуудлуудыг урагшлуулах талаар өргөн хүрээнд санал солилцож, тодорхой тохиролцоонд хүрсэн нь Монгол Оросын харилцааны цаашдын хөгжилд түлхэц үзүүлнэ гэж үзэж байна.

Ерөнхий сайд Петербургт байх үедээ “Оросын төмөр зам” НХН-ийн Ерөнхийлөгч В.И.Якунин, “Ростех” корпорацийн Ерөнхий захирал С.В.Чемезов, “Росатом” корпорацийн Ерөнхий захирал С.В.Кириенко нарыг тус тус хүлээн авч уулзан Монгол Оросын хамтарсан үйлдвэрүүдийн үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэх, харилцан ашигтай хамтран ажиллах, ураны салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцож, нэгдсэн ойлголтод хүрсэн нь хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо гэж үзлээ.
 
Автозам, барилгын ажлын явцын талаарх мэдээлэлтэй танилцаж үүрэг даалгавар өглөө
Автозамын засвар, арчлалтын явцын талаар Зам, тээврийн сайд А.Гансүх  Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. 2013 онд баригдаж дууссан, ашиглалтад орсон чанарын шаардлага хангасан хатуу хучилттай автозамуудыг улсын комист хүлээлгэн өгөх ажлыг шуурхай зохион байгуулж, дүнг таницуулахыг Зам, тээврийн сайдад даалгалаа.  

Арабын Эдийн засгийн хөгжлийн “Кувейтын сан”-гаас өгсөн зөвшөөрөл, зөвлөмжийн дагуу тухайн төслийн 40 км автозамын барилгын ажлын гүйцэтгэгч “Эйч Кей Би интернейшнл Холдинг” ХХК-тай хэлэлцээ хийж гэрээ байгуулах, автозамын барилгын ажлыг хугацаанд нь дуусгах арга хэмжээ авахыг үүрэг болголоо.
Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км хатуу хучилттай автозамын барилгын ажлыг гэрээт хугацаандаа дуусгаж чадаагүй “Насны зам” ХХК-тай байгуулсан гэрээг дуусгавар болгож, уг ажлыг 2-3 багц болгон хувааж, техник, ажиллах хүчний чадавхи сайтай компанитай шууд гэрээ байгуулан гүйцэтгүүлэхийг салбарын сайдад даалгалаа.  
 
“Эмнэлгийн мэргэжилтний хариуцлагын даатгалын тухай” хуулийн төслийг хэлэлцээд үзэл баримтлалыг батлах нь зүйтэй гэлээ
Эмнэлгийн мэргэжилтний хариуцлагын даатгалын тогтолцоог боловсронгуй болгох, мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаа болон хувь хүний мэргэжлийн үйл ажиллагаанаас болж үйлчлүүлэгчдэд учирч буй эрүүл мэнд, амь насны хохирлыг нөхөн төлүүлэх ажиллагааг боловсронгуй болгох, үүнтэй холбоотой аливаа эрсдэлийг урьдчилан тооцох, тооцоолох аргачлалыг тогтоох хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох шаардлага анагаахын шинжлэх ухаан хурдацтай хөгжиж буй өнөө үед зүй ёсоор тавигдаж байна.

Олон улсын түвшинд эмнэлгийн мэргэжилтний хариуцлагын даатгалын үйл ажиллагаа нь хуульчлагдсан байдаг. Гадаад улсуудын туршлагаас харахад, хариуцлагын даатгал нь эрүүл мэндийн ажилтанд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх явцад учирч болзошгүй санхүүгийн эрсдэлээс хамгаалах зорилгоор худалдан авч байгаа үйлчилгээ бөгөөд нэхэмжлэл гаргасан хохирогч талд нөхөн төлбөр олгодог үйл ажиллагаа юм.  

Эмнэлгийн мэргэжилтний хариуцлагын даатгалын шимтгэлийг хувь хүн өөрөө төлөх, тухайн байгууллагын онцлогоос хамаарч байгууллага төлөх хэлбэрүүдийг хуульчлан тогтоож, эрүүл мэндийн ажилтанд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх явцад учирч болзошгүй санхүүгийн эрсдэлээс хамгаалах, хохирогч талд нөхөн төлбөр олгох эрхзүйн орчныг бүрдүүлэх зорилгоор Эмнэлгийн мэргэжилтний хариуцлагын даатгалын тухай хуулийн үзэл баримтлалыг боловсруулжээ. 
 
Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалын төслийг хэлэлцлээ
Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалын төслийг хэлэлцээд дэмжиж Засгийн газрын гишүүдээс гарсан саналыг тусган Хууль зүйн сайд, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд нар хамтран үзэл баримтлалыг батлах нь зүйтэй гэж тогтлоо.

“Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай” хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтүүд нь тухайн цаг үеийн тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэгдсэн хэдий ч даатгуулагчийн эрхийг хамгаалан тэдэнд хэрэгцээтэй, чанартай үйлчилгээг худалдан авдаг даатгалын байгууллагыг төлөвшүүлэн бэхжүүлэх, эрүүл мэндийн даатгалын харилцаанд оролцогч талуудын чиг үүргийн зааг ялгааг тодорхой болгох гэх мэтээр даатгалын тогтолцоонд тулгамдаад буй бэрхшээлүүдийг шийдвэрлэхэд дорвитой өөрчлөлт хийгдээгүй зэрэг нөхцөл шаардлагыг үндэслэн Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг шинэчлэн найруулж, “Эрүүл мэндийн даатгалын тухай хууль”-ийн төслийг Монгол Улсын үндсэн хууль, бусад хууль болон эрх зүйн шинэтгэлийн бодлоготой нийцүүлэн боловсруулах юм байна.
 
Олон улсын хөдөлмөрийн байгууллагын дараах конвенциудад нэгдэн орох асуудлыг дэмжлээ
Монгол Улс Олон улсын хөдөлмөрийн байгууллагын суурь 8 конвенцид нэгдэн орсон Азийн анхны орнуудын нэг. Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний тухай 88, Хөдөлмөр эрхлэлтийн хувийн байгууллагын тухай 181 дүгээр конвенцид нэгдэн орох тухай асуудлыг хэлэлцэн дэмжиж, УИХ-ын холбогдох байнгын хороотой зөвшилцөхөөр боллоо.

Энэ хоёр конвенцид нэгдэн орсноор олон улсын хамтын ажиллагаа өргөжиж, хөдөлмөр эрхлэлтийн бүтэц, тогтолцоог боловсронгуй болгох, хүний нөөцийг чадавхижуулах чиглэлээр олон улсын байгууллагуудаас үзүүлэх техникийн туслалцаа нэмэгдэнэ.

Хувийн хөдөлмөрийн албадыг эрх зүйн нэгдсэн зохицуулалттай, бүртгэлтэй болгосноор үйлчлүүлэгч, зуучлуулагчдын хөдөлмөр, нийгмийн эрх ашгийг хамгаалах, хууль бус хөдөлмөр эрхлэлтэд өртөхөөс урьдчилан сэргийлэх нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна.
 
Худалдааны тухай хуулийн төсөл боловсруулна
Худалдааны тухай хуулийн төслийн үзэл баримтлалтай танилцаж, Засгийн газрын гишүүдээс гарсан саналыг тусган боловсруулж үзэл баримтлалыг батлуулах, Худалдааны тухай хуулийн төслийг боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтлоо. 
Монгол Улсын дэлхийн худалдааны байгууллагын өмнө хүлээсэн үүрэг амлалтыг хэрэгжүүлэх, худалдааг зохицуулах, хөнгөвчлөх, дэмжих, хөгжүүлэх шаардлагыг харгалзан гадаад, дотоодын худалдаатай холбогдсон харилцааг хуулиар зохицуулах хууль зүйн үндэслэл болон нийгэм, эдийн засгийн шаардлага байна.

Манай улс 2013 оны статистикийн урьдчилсан дүнгээр дэлхийн 135 оронтой худалдаа хийж, худалдааны нийт эргэлт 10,62 тэрбум ам.доллар, үүнээс экспорт 4,27, импорт 6,35 тэрбум ам.долларт хүрсэн. Гэвч худалдааны талаар төрөөс баримтлах нэгдсэн бодлогогүй, эрхзүйн зохицуулалт тодорхойгүй байгаа юм.

Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлыг хангах, хязгаарлагдмал зах зээлээс хэт хамааралтай үндэсний эдийн засгийн эмзэг байдлыг бууруулах, олон улсын хэм хэмжээний хүрээнд худалдаа хийх, худалдааны үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэх, энэ салбарын тогтвортой хөгжлийг хангах, худалдааны төрийн институцийг бэхжүүлэх, нийтлэг харилцааг зохицуулах хуулийг боловсруулна. 
 
Товч мэдээ
-Төрөөс хөдөлмөр эрхлэлтийн талаар баримтлах бодлогын төслийг хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.
-Дэлхийн худалдааны байгууллагын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр: Далайд гарцгүй хөгжиж буй орнуудад үзүүлэх нөлөөлөл” сэдэвт олон улсын өндөр түвшний хурлын тухай Гадаад харилцааны сайд Л.Болд танилцууллаа. Уг хурал 6 дугаар сарын 2-3-нд Улаанбаатарт болно.  
-Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ сарын 20-21-нд БНХАУ-ын Шанхай хотноо болсон Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурлын Дээд хэмжээний IV уулзалтад оролцсон дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахаар боллоо.
-Арабын нэгдсэн Эмират улсын Гадаад хэргийн сайд Шейх Абдулла бин Зайд Аль Нахъяны энэ оны 6 дугаар сарын 3-4-нд манай улсад хийх албан ёсны айлчлалын үеэр баримтлах удирдамжийн төслийг хэлэлцээд Ерөнхий сайдаар батлуулахаар тогтлоо.
-Монгол Улсаас хууль бусаар хил давуулан гаргасан Прокопийн хэрэгт холбогдох үлэг гүрвэлийн олдворууд, Овирапторын өндгийг АНУ-д буцаан олгохтой холбоотойгоор хоёр улсын Засгийн газар хооронд байгуулах “АНУ-ын Цагаачлалын болон Гаалийн хууль сахиулах албаны мэдэлд ирсэн өмч хөрөнгийг харилцан маргаангүй нөхцөлөөр хүлээлгэн өгөх гэрээ”-ний төслийг хэлэлцэн дэмжээд, түүнд гарын үсэг зурах бүрэн эрхийг Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Б.Алтангэрэлд олгох тухай Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтов.    
-Химийн хорт болон аюултай бодисын бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн үндэсний зөвлөлийн дүрмийг баталлаа.
-Монгол Улсын Засгийн газар, Олон улсын Хөдөлмөрийн байгууллага хооронд байгуулсан “Зохистой хөдөлмөрийг дэмжих талаар хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурах эрхийг Хөдөлмөрийн сайд Я.Санжмятавт зөвшөөрлөө.
-Эрүүл мэндийн сайд тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 19-24-нд Швейцарийн Холбооны улсын Женев хотноо Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын 67 дугаар ассамблейд оролцсон дүнгийн талаар Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргаар С.Баяндалайг томилж, Ашигт малтмалын  газрын дарга Г.Алтансүхийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Novshnuudaa 2014-06-02 07:53:08
    Tanhimaaraa zailaachee
  • Зочин 2014-06-01 11:33:49
    Энэ олон сайд дарга гадаадад арай их зугаалж байнаа,, Улс орны эдийн засаг хүндрээд ард түмэн чинь мөнгөгүй өлсөж байхад гадаад зугаалуулдаг тэр их мөнгийг арай өөр юманд зараач. Сайд дарга нар чинь тэр олон зөвлөхүүдтэйгээс бүсээ чангалж болно биз дээ ар