“Монгол шуудан” ТӨХК-ийнхан орон даяар ажил хаяна
“Монгол шуудан” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Батсайханыг үндэслэл, шалтгаангүйгээр хууль бусаар ажлаас нь халах Төрийн өмчийн тогтоол гарсан талаар компанийн 1000 гаруй ажиллагсдын төлөөлөл мэдэгдлээ.
Тэд, гүйцэтгэх захирал Ц.Батсайхан өнгөрсөн хоёр жилийн хугацаанд гүйцэтгэх захирал хийхдээ орлого, ашгийг сүүлийн 20 жилд байгаагүйгээр огцом өсгөж, зөв менежмент барьж, жирийн ажилчдынхаа цалинг гурван удаа шат дараатай нэмсэн байтал ажлаас нь  халах болсныг хамт олон нь эсэргүүцэж байна. 

“Монгол шуудан”-гийн харъяа Маркийн газрын дарга Д.Ганбат “Шуудангийн ажиллагсад энэхүү шийдвэрийг эсэргүүцэн, суулт зарлаж, цаашлаад ажил хаяхад бэлэн нөхцөл байдал үүссэн учраас Ажилчдын түр хороо байгуулсан. Өнгөрсөн жил манай байгууллага улсад 2 тэрбум төгрөгийн татвар төлсөн. Улсын татаасаар ажилладаг байсныг болиулж 800 сая төгрөгийн ашигтай ажилласан” гэдгийг онцлон хэлэв.

УИХ-ын дарга З.Энхболд төрийн албан хаагчдыг улстөржиж халахын эсрэг хатуу тэмцэнэ гэж байсан ч ийнхүү улстөржсөн томилгоо хийж Ц.Батсайханы оронд ОБЕГ-т ажиллаж байсан Т.Дуламсүрэн гэгчийг тавихаар боллоо. Ийнхүү сайн ажиллаж байсан салбарыг самууруулж, мэргэжлийн бус хүнийг тавихаар улайрч байгаад дургүйцсэн шуудангийн 500 ажилчны гарын үсэг бүхий хууль бус томилгоог эсэргүүцсэн өргөх бичгийг УИХ-ын дарга, Ерөнхий сайдад хүргүүлэхээр болсон байна. Тэд энэ бусармаг үйлдлээ эргэн харахгүй бол орон даяар ажил хаялт зарлана гэдгээ ч мэдэгдсэн юм.
Г.Уянга
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine