Казиногийн тухай хуулийг байнгын хороо дэмжлээ
Казиногийн тухай хуулийг дэмжинэ дэмжихгүй гэж хоёр хуваагдаад байсан. Тэгвэл энэ асуудлыг Хууль зүйн байнгын хорооны    хуралдаанаар хэлэлцэж гишүүдийн 78.6 хувь нь дэмжиж УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхээр боллоо.
 
Өнгөрсөн хоёрдугаар сард Засгийн газраас Казиногийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхийг зөвшөөрч байсан юм. Казиногийн тухай хуулийн төсөл нь найман бүлэг 25 зүйлтэй юм байна. Хууль санаачлагчид Казиног Монголд байгуулснаар ажлын байрыг шинээр бий болгох, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, эдийн засгийн хямралаас гарах, аялал жуулчлалыг нэмэгдүүлэхэд нөлөөлнө гэж үзэж байгаа юм. Тиймээс олон улсын стандартад нийцсэн хоёр томоохон казиног
байгуулахаар төлөвлөөд байгаа аж. Тус хуулийн төслийг өнгөрсөн намрын чуулганы үеэр УИХ-д өргөн барьж намын бүлгүүд хэлэлцээд дэмжсэн юм.
 
Уг Хуулийн төсөлд Засгийн газар казиногийн үйл ажиллагаа явуулах хоёр байршлыг тогтоох, тогтоосон байршилд аж ахуйн нэгжид тусгай зөвшөөрлийг 10 жилийн хугацаатай олгох, үйл ажиллагааг зохицуулах, хянах төрийн захиргааны төв байгууллага байгуулах, казино байгуулагч нь гадаадын иргэн, харьяатгүй байх зэргээр тус тус тусгажээ. Казино байгуулсан тохиолдолд зөвхөн гадаадын иргэдэд үйлчлэх юм байна. Гишүүд казино байгуулахад 1998 оны алдаагаа давтах вий гэж сэрэмжлүүлж, мөн монгол иргэдээ ч тодорхой мөнгөн дүнгийн хүрээнд оруулж байх хэрэгтэй гэж байлаа.
 
Ингээд гишүүд казино байгуулах асуудалд ямар байр суурьтай байгааг сонирхсон юм.
 
Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролын хэлснээр өмнө нь өргөн баригдсан хуулиуд дээр зөвхөн Чөлөөт бүсүүд дээр байгуулахаар тусгасан байсан. Гэхдээ энэ удаад казино байгуулах байршлыг Засгийн газар өөрөө тогтооно. Заавал чөлөөт бүс гэж тавих нь зөв биш гэж үзсэн аж.
Түүнчлэн “Олон казино байгуулах нь дэмий гэж үзэж байна. Үндэсний аюулгүй байдал, эмх замбараагүй байдал бий болох магадлалтай гэж үзсэн учраас эхний ээлжид дэлхийн жишигт нийцсэн казиног загвар болгож байгуулахаар болсон. Гэхдээ УИХ хэлэлцүүлгийн явцад тоогоо нэмэгдүүлэх асуудал яригдаж болно. Одоогийн байдлаар казино байгуулах ямар ч хүсэлт ирээгүй. Яагаад гэхээр өнөөдөр Монгол Улсад казиногийн хууль байхгүй байна. Олон улсын жишгээрээ казино тоглох гэж байгаа хүний насыг 21-ээр хязгаарладаг юм байна. Тиймээс энэ жишгийг дагасан” хэмээв.
 
УИХ-ын Гишүүн О.Баасанхүү “Казиногийн хууль батлуулах гэж байгаа эрхмүүд хэн гэдэг хүн казино байгуулах гэж байгааг шууд хэлчих хэрэгтэй. Тэгэхгүй бол нийгэм хардалт үүснэ. АН, МАН хоёр нууцаар ярьж хэлэлцээд байгуулах гэж байгаа юм уу. Энэ хуулийг батлахын тулд холбогдох хуулиудад өөрчлөлт оруулах хэрэгтэй” гэлээ.
 
УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр өмнө нь манайх УИХ-ын гурван ч гишүүнээ шоронд хийгээд, нэг нь нас барсан гунигтай туршлага бий. Тиймээс өмнөх туршлагуудаа сайн харах хэрэгтэй. Монгол хүнийг хязгаарлана гэдгээсээ илүү мөнгөн дүнгээр хязгаарлаад, тодорхой мөнгөн дүнгээр тоглодог хязгаарлалт байвал бас зүгээр гэсэн саналыг хэллээ.
 
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Казиногийн хууль гаргах, казино байгуулах нь Монгол Улсын хувьд үнэхээр чухал. Улс орнууд томоохон спортын тэмцээний санхүүжилтийг казиногоос авч байна. Томоохон худалдаа арилжааны төвүүдийг дэргэд нь байгуулж байна. Казиног дагаад олон нийтийн аюулгүй байдалтай холбоотой асуудал ороод ирдэг учраас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хууль сахиулах үүднээс бэлтгэлтэй байх ёстой.
 
Хэрвээ та нар казино байгуулах гэж байгаа бол аюулгүй байдлын ийм стандартыг хангах ёстой, бүрэн камержуулалтыг хийх ёстой. Монгол Улсын хууль сахиулах байгууллагуудтай хамтарч ажиллах ёстой гэдэг ийм зохицуулалтыг энэ хуулинд оруулж өгөх ёстой. Мөн олон улсын түвшинд төрийн хууль сахиулах байгууллагаас гадна хувийн хэвшилд хууль сахиулах чиг үүргүүдийг давхар оноодог болж эхэлж байна. Тийм учраас казино өөрөө хамгаалалтын албатай байж таараа. Гэхдээ казинод ажиллаж байгаа хамгаалагчид нь тэр казиногийн хувийн зохион байгуулалт байж болохгүй. Бүх хамгаалагчдыг төр өөрөө лицензжүүлдэг Австрали улсын туршлагыг авах ёстой. Төрөөс лиценз авчихсан нөхөр хууль сахиулах, хуулиа дагаж ажиллах үүрэг хүлээгээд эхэлнэ. Компани хууль бус зүйл шаардахад “уучлаарай таны шаардлагыг биелүүлэх юм бол би лицензээ алдана. Би ажилгүй болно. Энэ бол миний ажил. Би хууль ёсны шаардлагуудыг биелүүлнэ” гэдэг шинэ стандарт руу орно.  Хамгаалалтын албатай холбоотой хуулийг Казиногийн хуультай хамт Засгийн газраас өргөн барьж, хамт хэлэлцүүлэх ёстой. Ингэж байж зохион байгуулалттай гэмт хэргээс урьдчилсан сэргийлнэ” гэлээ.

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн “35 тэрбум төгрөг гэдэг их мөнгө. Энэ хэмжээний мөнгийг өгөх хөрөнгө оруулагч байх уу. Хэдий хугацаанд  хөрөнгө opyулалтаа нөхөх вэ. Тооцоо судалгааг ямар байдлаар хийв" гэв.
 
Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Сангийн яамны  холбогдох албан тушаалтнуудын тайлбараар бол дунд зэргийн  казино байгуулсан орнуудын гаргасан тооцооноос үндэслэж, тусгай зөвшөөрөл олгох мөнгөн  дүнг гаргасан байна. Олон улсын жишгээс харахад казино байгуулах тусгай зөвшөөрлийг 10 жилээр олгоход 20-75 тэрбум ам.доллар төлж авдаг аж. Ирээдүйд олох  орлогоосоо хөрөнгө оруулалтаа нөхнө гэж тооцсон байна. Хэрвээ тусгай зөвшөөрлийн үнэ өндөр гэж үзвэл УИХ-ын төввшинд  хэлэлцүүлгийн үеэр багасгах  боломжтой гэлээ.
 
Мөн энэ үеэр хөндөгдсөн асуудал нь монголчууд уг казинод орж үйлчлүүлэх боломжтой  байхаар зохицуулалт хийхгүй бол гадаадад очиж тоглоно. Энэ эргээд Монголын мөнгө гадагшаа урсдаг урсгал тасрахгүй. Сингапур  зэрэг оронд тоглох мөнгөний хэмжээг нь зааж, хязгаарласан байдаг. Түүн шиг хязгаар тогтоож өгөх ёстой гэж байсан юм.
 
Монголд казино байгуулагдсанаар жуулчдын тоо өснө, гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэж үзэж байна. Жилдээ татвараар дамжиж 74-138 тэрбум төгрөг төсөвт төвлөрнө гэж тооцжээ.
 
Өглөөний сонин
Р.Төгсмөө
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-04-09 06:27:00
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.148
    Мэдэгдсэн Хариулах