Шүүхээ шинэчлээгүй нийгэмд гэрэл гийдэггүй, дэлхий харьцдаггүй
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан эхлүүлсэн шүүхийн шинэтгэл цаг мөч өнгөрөх тутам үнэ цэнэ нь тодорч, иргэд дэмжсээр байна. Энә хэрээр шинэтгэлийн эсрэг тархи, зүрх нь базлагсдыг түргэн авхуулав бололтой. Хаврын чуулгантай давхцуулан шүүхийн шинэтгэлийг харааж, нурааж, хараар будах гэсэн оролдлогууд бултас бултас хийнэ. Шинэ ч юм биш л дээ, уг нь. Шүүхийн шинэтгэл хатуужна. Тоймгүй олон царайны хувирал, масктай нүүр тулсны ч бас үр дүн. Хамгийн харамсалтай нь шинэтгэлийн ололт бүрийг улс төрөөр нухчуулж боомилуулах гэсэн нь хуйндаа хутгатай оролдлогууд нь Ерөнхийлөгчийн хэлсэнчлэн бидний сэтгэлгээний доройтол, эр орон.эрх чөлөөгөө хорлож буй хэрэг.
 
“Монголчууд ардчилалтай учраас дотроо хагаралдаад байгаа юм биш. Хагалах нь хэн нэгэнд ашигтай гэж андуурч, бие биенээ хорлож, өөрөө бас хордож байгаа нь эмгэнэл. Дээр нь чөтгөрийн тойрогт хэт удаан амьдарсных. Тойргоос гарах арга олсныгоо тэндээс гараад амьдрах өөр арга олоогүй бусад нь татаж унагадаг. Шулуун замаар ч бид явж чадахаа байсан. Ардах нь урдахаа дэгээдэж унагадаг. Бүгд ороолцолдож унасан, дороо хий эргэсэн хүмүүс. Дотроо тамираа бартал үзэлцээд байх, тийм илүүдээ гарсан нөөц, чадал бидэнд байгаа юм уу. Бид Монголын сайныг үзэх гэвэл бие биеийнхээ мууг харах гэж хоорондоо ил далд дайсагналцах хэрэггүй юм.Ийм байдлаа өөрчлөхгүй бол бид өөдлөхгүй” хэмээн төрийн тэргүүн оноод хэлчхэж. Үнэхээр шүүхийн шинэтгэлийг үгүйсгэх нь хэсэг хүмүүст ашигтай учраас л бачуураад байгаа хэрэг.
 
Харамсалтай нь зүсээ хувилгаж, зүгээ буруулж шүүхийн шинэтгэлийг хорлогсод эх орноо давхар хорлож байгаад нь гол хөнөөл оршиж байгаа юм. Дэлхийн бүх улс хараат бус шүүхийг бий болгож байж хөгжиж дэвшжээ. Шүүхээ шинэчлээгүй нийгэмд гэрэл гийдэггүй, хууль засагладаггүй. Ийм улсад нөхөр байдаггүй, дэлхий харьцдаггүй, гаднын хөрөнгө оруулалт орж ирдэггүй, хууль засагладаггүй.   Шударга ёсны үнэлэмж,эрх зүйн соёл тогтдоггүй. Харин тэнд эрх мэдэлтнүүд.танил тал, садан төрлийн хэлхээ бүлэглэж засагладаг. Хараат бус шүүх төрөө манадаг, үндэстнээ хамгаалдаг. Шударга шүүхийн амин сүнс нь шүүгчийн хараат бус байдал. Үүний гол хөшүүрэг олон ч шүүгчийн эдийн засгийн баталгаа гэхэд хилсдэхгүй. Энэ баталгааг нь бусдын гар харахааргүйгээр төр хангаж өгөхгүй бол хөрөнгө чинээтэй эрх мэдэлтнүүд сиймхий алдахгүй гэдгийг мэдэхийн дээдээр мэддэг хүмүүс өнөөдөр шүүхийн шинэтгэлд хорсож байна. Тиймээс л Монголд нэг ч шүүгч алагдаагүй байхад шүүгчийн аюулгүй байдлыг хангах Тахар хэрэггүй, өмгөөлөгчид байхад эвлэрүүлэн зуучлалыг устгавал таарна, шүүгчид шуналтай, цалинг нь нэмэх хэрэггүй, Шүүхийн захиргааг тараая гэх нь холгүй байна. Шударга ёс үнэтэй.Түүний төлбөрт өчүүхэн хэсэг болох шүүгчийн цалингийн асуудлыг эмч, багштай барьцуулж улигт популизм хийж,улс төржүүлсээр байгаа нь гэм биш зан. Гэхдээ энэ мэт эмгэнэлт жүжигт өнөөдөр монголын ард түмэн, хэвлэл мэдээлэл хууртахаа больжээ. Тэд ийм явуургүй шоуг ханатал үзсэн.
 
Монголын нийгэм иймэрхүү хөгийн улс төрөөс илүү шударга ёс,хараат бус шүүхийг зүрх даран, чих тавин хүсэн хүлээж, шударга ёс тогтож,хууль засагладаг болгоё хэмээн татвар төлөгчид хэдэн шүүгчдээс татвараа харамлаагүй байхад хажуугаас хашхирагсад хэний,юуны төлөө ингэнэ вэ.
 
Нураахаас, хорлохоос өөр зүйл байна уу? Шүүхийн цоож цуурга нээгдэж, иргэд шударга шүүхээр эрхээ хамгаалуулахаар итгэл тээн очдог жимд шүүхийн шинэтгэл гэгээ оруулж байгаагийн
эсрэг хүч хангалттай нүүгэлтэж байгааг олон нийт ялгахтайгаа үед бид амьдарч байгаа нь аз юм даа.Шүүх нь шударга,шүүгч нь хуулиа дээдэлж ажиллаж чадаж байна уу гэдэг бол олон нийтийн хяналт.Өнөөдөр хаалттай байсан шүүх нээлттэй болсон нь шүүхийн шинэтгэлийн хамгийн том амжилт.  Хүссэн иргэн шүүхийн шийдвэртэй танилцаж, шүүх хуралдаанд онлайнаар оролцож, аль шүүхэд хандаж хэдэн төгрөг улсын тэмдэгтийн хураамжид төлөхөө хүртэл малын бэлчээрээсээ ч гар утаснаасаа олоод үзчих боломж хэдийн нээгдсэн. Үүнээс илүүг, тухайлбал шүүгчийн дэргэд алхам бүрийг нь хянадаг цагдаа, дагуул томилох боломжгүй л дээ. Шүүхийг ийнхүү нээлттэй болгож, олон нийтийн хяналтад өгөх нь шүүгчийн хариуцлагыг чангатгах гол нөхцөл мөн. Шүүх шиг шүүхтэй байх гэсэн олон түмний итгэл шальдар булдар улс төртэй жишимгүй хүчтэй билээ.
 
Өглөөний сонин
Б.Үнэнбат
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Amar 2015-04-09 15:04:37
    Mongoloos oor gerchiig eruuden shuudeg gasar ertontsod ugui.shivshigtei ym.bolimoor ym
    172.56.22.121
    Мэдэгдсэн Хариулах