“Нэхмэлийн шар”-уудыг дахин төлөвлөх, барилгажуулах ажил дөрвөн сардаа багтан эхэлнэ
“Нэхмэлийн шар” гэгдэх хуучны орон сууцанд “хүн амьдарч болохгүй” гэсэн Мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлт гараад удаж байна. Гэвч хуучин шар байрнуудыг нурааж оронд шинээр барилга барих ажлыг хэзээ эхлүүлэх нь тодорхойгүй байсаар байна. Харин тухайн байрны оршин суугчдын хувьд “Муу байраа буулгуулж, шинэ байранд орчих юмсан” хүсэлтэйгээр өнөөдрийг хүртэл амьдарч байна.  


 
Нийслэлийн Засаг дарга “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай  орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах журам”-ыг баталсан. Журмын дагуу “Нэхмэлийн шар” байрнуудыг буулгаж дахин барилгажуулахаар 23 байрыг нэг багц болгон тендер зарлаж, улмаар тус тендерт  “Өндөрбуянт холдинг” компани хуулийн дагуу оролцож ялалт байгуулсан байдаг. Гэвч тэр олон барилгын ажлыг нэг компаниар гүйцэтгүүлэх нь удаашралтай байх талтай гэдэг шалтгаанаар тендерийг цуцалсан байдаг байна.

Ингээд 7 багц болгон хувааж дахин тендер зарлахаар болжээ. Гэтэл өмнө нь тендерт шалгарсан “Өндөрбуянт холдинг” компани аль эрт иргэд оршин суугчдын түр амьдрах байрыг бэлтгэж, одоо байгаа талбай дээр нь 8-10 метр квадрат талбай нэмж өгөх мэтээр тохиролцоог хийсэн байж. Үүнээс болоод “Нэхмэлийн шар”-ынхан Хан-Уул дүүргийн удирдлагуудтай зөрчилдөж эхэлсэн юм. Өмнө нь иймэрхүү үйл явц болж байлаа. Үүнийг ч уншигчид сайн мэдэж байгаа биз.  



Тэгвэл одоо Хан-Уул дүүрэгт, “Нэхмэлийн шар” байрнуудад юу болж байна вэ? Барилгын улирал эхэлсэн учраас “хүн амьдарч болохгүй” гэсэн дүгнэлттэй орон сууцуудыг буулгах ажил эхлэх үү, эсвэл “Нэхмэлийн шар”-ыг дахин төлөвлөх ажил өнөөдрийг хүртэл тендер шалгаруулалтын шатандаа яваа юу гэдгийг тодруулахаар Хан-Уул дүүргийг зорив.

 Хамгийн сүүлд буюу 2015 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Хан-Уул дүүрэгт Үнэлгээний хороо 3 дахь удаагаа хуралдаж 2, 5 дугаар багцын сонгон шалгаруулалтанд ААН, байгууллагуудаас ирүүлсэн материалыг үнэлэх ажил хийгдсэн тухай мэдээлэл байна. Ингээд ХУД-ийн ЗДТГ эдийн засаг төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Мэндсайханаас “Нэхмэлийн шар”-ыг дахин төлөвлөх ажил хэрхэн явагдаж байгааг тодруулсан юм.

-Хан-Уул дүүрэг дэх “Нэхмэлийн шар” гэгдэх хуучин орон сууцуудыг дахин төлөвлөх ажил хэр явагдаж байна вэ? Үнэлгээний хороо 1 дүгээр сарын 22 өдөр гурав дахь удааг хуралдаж, ААН-үүдийн материалыг үнэлсэн гэсэн. Энэ хурлаас ямар шийдвэр гарав? Барилгын ажил хэзээ эхлэх вэ?

-“Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай  орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах журам”-ын 6, 7дугаар заалтын дагуу төсөл хэрэгжүүлэгчийг шалгаруулах Үнэлгээний хороог Нийслэлийн Засаг даргын 2014 оны 08 дүгээр сар 15-ны өдрийн А/709 тоот захирамжаар баталсан.

Үнэлгээний хороо 2014.11.21 ны хуралдаанаар 1-р багцад “Фужи Холдинг ББСБ” ХХК,  3-р багцад “Нутгийн буян групп” ХХК, 4-р багцад “Рендербау” ХХК-ууд сонгогдсон. 

2015 оны 1 дүгээр сар 22 ны хуралдаанаар 2-р багцад “Шинэчлэлийн төлөө түншлэл” ХХК, 5-р багцад “Эфэс констракшн” ХХК-ууд сонгогдсон. Ингэснээр сонгогдсон компаниуд оршин суугч иргэдтэй гурвалсан гэрээ байгуулах эрхтэй болсон. “Рендербау” ХХК  32 сууц өмчлөгчтэй, “Фужи Холдинг ББСБ” ХХК 164 сууц өмчлөгчидтэй гэрээ байгуулж “Нутгийн буян групп” ХХК газар шорооны ажлаа эхэлсэн мэдээлэлтэй байна. 

“Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай  орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах журам”-ын 11.1 т төсөл хэрэгжүүлэгч нь өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас төсөл хэрэгжүүлэх эрх авсан өдрөөс хойш 45 хоногийн дотор үйл ажиллагаагаа эхлүүлээгүй бол Нийслэлийн засаг дарга эрх олгосон захирамжыг хүчингүй болгож, төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцална гэж заасан байдаг. Нийслэлийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 16-ны 01/790 тоот албан бичгээр ирүүлсэн төлөвлөгөөний дагуу барилга угсралтын ажлыг 2015 оны 4-р сард эхлүүлэхийг үүрэг болгосон.

-2015 он гарсаар иргэдтэй уулзалт хийсэн үү. Та бүгдийн ажлыг хэрхэн дүгнэж, хүлээн авч байна?

-Журмын 5.1 д орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааг нийслэлийн Засаг дарга удирдлага зохион байгуулалтаар хангана гэж  заасан байдаг. Дахин төлөвлөлттэй холбоотой  санал гомдлоо иргэд дүүргийн Засаг даргад эхэлж гаргадаг. Удирдлагын төвшинд дүүргийн Засаг даргын оролцоо байхгүй. Энэ бүх өргөдөл гомдлыг цаг тухай бүрт Нийслэлд уламжилж, гарсан шийдвэрийг иргэдэд хүргэдэг.

Иргэдээс ирсэн гомдол саналын дагуу Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, Дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг нар иргэдтэй 3 удаа уулзалт хурал хийсэн бөгөөд хамгийн сүүлд 2015 оны 3 дугаар сарын 23-нд “Шинэчлэлийн төлөө түншлэл” ХХК-тай холбоотой асуудлаар хийсэн.




Он гарсаар 2015 оны 01 дүгээр сарын 11-нд Нэхмэлийн 1,2,5,6,7,10,11,16-р байрны иргэдэд "ФУЖИ ХОЛДИНГ ББСБ" ХХК дахин төлөвлөлтийн төслөө танилцуулах уулзалт хурал болсон. Тус  дүүргийн 3-р хорооны ИНХ-ын дарга Б.Алтанцэцэгийн санаачилгаар “Рендербау” ХХК-ны төлөвлөлтийн төсөлтэй танилцах уулзалт “Итгэе сэтгэе, шинэчлэе шийдэе” ТББ, 4,3,8,9-р байрны дарга нар, Дүүргийн ЭЗТХ хамтран хийж улмаар нийт иргэдтэй дүүргийн Соёлын ордонд төслийн танилцуулга уулзалт хийсэн.

-“Нэхмэлийн шар” байрнуудаас өөр дахин төлөвлөлтөд оруулах байрнууд олон байдаг. Тэдгээрийг дахин төлөвлөх асуудал яригдаж байгаа юу?

-Хан-Уул дүүрэг өнгөрөгч 2-р сард ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны судалгааг гаргасан бөгөөд байшин хороолол болон гэр хороололд нийт 149 байр байдаг бөгөөд үүнд 1208 өрх амьдарч байна. Өнгөрөгч 7-р сард МХЕГ-аас нийслэлийн нутаг дэвсгэрт ашиглаж байгаа нийтийн зориулалттай орон сууцны 325 барилгуудын ашиглалтын төлөв байдалд хяналт шалгалт хийж 150-ийг нь буулгах шаардлагатай гэж үзэн нийслэлийн МХЕГ-ын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн цаашид ашиглалтыг зогсоох улсын ахлах байцаагчийн шийдвэр гаргасан байдаг.

Хан-Уул дүүргийн хэмжээнд энэхүү жагсаалтанд нийт 27 байр орсон байдаг бөгөөд 20 байранд нь Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-үүл барилгажуулах шийдвэр гарч дахин төлөвлөлтийн ажил нь эхлээд байгаа бөгөөд үлдсэн 10-р хорооны 34,35-р байр, 12-р хорооны 39-р байр, БҮК-ийн 53,54-р байр, 11-р хорооны СКЭ-ийн 20-р байруудад барилгажуулах шийдвэр гаргуулах хүсэлтээ Нийслэлийн Засаг даргад уламжлаад байна.

Ямартай ч “Нэхмэлийн шар”-ын барилгуудыг дахин төлөвлөх, барилгажуулах ажил энэ дөрвөн сардаа багтаад эхэлнэ гэдгийг албаны хүн хэлж байна. Үүнээс гадна зарим компаниуд газар шорооны ажлаа эхлүүлсэн гэв. Иргэдийн хувьд барилгын ажил гүйцэтгэх компаниудтай өнгөрөгч хугацаанд олон удаа хуралдаж, шийдэл хүрээд байгаа аж.
 
Ами
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ЗОЧИН 2015-04-04 01:17:36
    БӨӨН НОВШЫН АРХИЧИД АМЬДАРДАГ БАЙРНУУД
    43.242.243.246
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-04-03 07:11:20
    Orchlon constraction companiin tusul heregjuuleh erhiig ni “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажу...
    202.21.112.202
    Мэдэгдсэн Хариулах
    • халиун  2015-04-28 09:54:02
      өнөөдөр 4,28 өдөр барилгын ажил эхлээгүй л байна хэзээ эхлэх вэ
      112.72.13.60
      Мэдэгдсэн Хариулах