Буруугаа хүлээж "ИТГЭЛЦЭЛ" дагуулах чуулган
“Монголын эдийн засгийн чуулган-2015” өчигдөр Төрийн ордонд эхэллээ. Хоёр өдөр vргэлжлэх энэ удаагийн чуулганыг “Итгэлцэл” сэдвийн дор зохион байгуулж байгаа юм. Чуулганаар аливаа асуудлыг эцэслэн шийдвэрлэхгvй ч салбар бvрийн төлөөлөл оролцож, санал бодлоо солилцон, шийдэлд хvрэх гарцыг олдгоороо бусад чуулга уулзалтаас онцлог болдог билээ.
 
 Эдийн засгийн чуулганыг өмнөх жилvvдэд буюу 2010 онд “Бид хамтдаа чадна”, 2011, 2012 онд “Хөгжилд хамтдаа”, 2013 онд “Монгол брэнд”, 2014 онд “Монголдоо бvтээцгээе” уриан дор тэмдэглэж байсан билээ. Харин энэ жил эдийн засгийн хvндрэлийн vед төр нь иргэддээ, иргэд нь төрдөө, төр нь хувийн хэвшлийнхэндээ харилцан итгэж байж хамтдаа урагшилна гэдэг агуулгаар “Итгэлцэл” уриан дор зохион байгуулж байгаа аж. “Монголын эдийн засгийн чуулган-2015”-ыг Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг vг хэлсэн vгэндээ “Өнөөдөр Монгол Улсад тулгараад байгаа нийгэм, эдийн засгийн хvндрэл бэрхшээлvvдийг хэрхэн давах талаар бид халуун яриа хэлэлцvvлэг өрнvvлж, бvгдээрээ гарц шийдлийг эрэлхийлж бодит шийдэл олсноор энэ форумыг vр дvнтэй зохион байгуулна гэдэгт итгэлтэй байна.” хэмээгээд “Эдийн засгийн чуулганы энэ жилийн гол уриаг тохиолдлоор сонгоогvй юм. Итгэлцэл бий болгох гэсэн энэ vг өнөөдөр хэзээ хэзээнээс илvv бий болоод байна. Зөвхөн нэг талаас бий болсон итгэл хэзээ ч vр дvнд хvрдэггvй гэдгийг өнөөдөр бид мэдэж байгаа. Нэг талын итгэл хоёр талын итгэлцэл болж байж сая хамтын ажиллагааны хэлбэр тогтож харилцан ашигтай хамтын ажиллагаа болдог.
 
Итгэлцэл гэдэг эдийн засгийн бизнесийн төдийгvй бидний өдөр тутмын амьдралын бvхий л салбарт улстөр, хууль эрхзvйн орчин, нийгэм эдийн засаг, гэр бvлд ч хэчнээн чухал гэдгийг бид мэднэ. Том том ордуудын сураг, эхний хоёр том ордыг ашиглах боломж, тvvхий эдийн vнийн огцом өсөлт, зах зээлийн чөлөөт тогтолцоо гэсэн бvхэн 2010-2011 оны хөрөнгө оруулалтын их урсгалыг бидэн рvv соронз мэт татсан. Монгол төгрөгийн чангарал, хөрөнгө оруулагчийн сонирхол, орлогын огцом өсөлт нь өөр өөрсдөө ингээд хөгжөөд байх нартай өдрvvд тасралтгvй vргэлжлэх итгэлийг бидэнд төрvvлж эхэлсэн. Бидний хөрөнгө оруулагчийн Монголд дөнгөж дөвхнөж байсан их итгэлийг итгэлцэл болгох замд гол саад болж ирсэн.
 
Өнгөрсөн бvхэнд хvн болгон цэцэн, махны шөл болгон хурц гэж монголчууд ярьдаг. Гэхдээ бид цаашдаа дахин алдахгvйн тулд алдаанаасаа суралцах хэрэгтэй. Стратегийн салбараа улс болгон өөрсдөө өөрсдөө тодорхойлдог ч манай энэ хуулийн сурталчилгаа, зохицуулалт нь 180 хэм эсрэг vр дvн авчирсан гэдэгт хэн ч маргахгvй байхаа. Оюутолгой дээр ил уурхайн хөрөнгө оруулалтаа, далд уурхайн бvтээн байгуулалтаа шууд залгуулж чадаагvйн дийлэнх буруу нь бидэнтэй бас хамаатай.” гэж онцолсон. Тvvний хэлсэн vгнээс харахад аливаа асуудлын гол талуудын vл ойлголцлоос хамааралтай төдийгvй монголчуудаас ихээхэн шалтгаалж буй гэдгийг чухалчилж байсан.
 
Ерөнхий сайдын дараа нийтлэлч Баабар эдийн засгийн өмнөх ба өнөөгийн байдлын талаар “Монгол улсын ДНБ 2004 оноос 2012 оны хооронд яг 10 дахин буюу мянган хувь өсчээ. Ийм богино хугацаанд эдийн засаг нь ингэж огцом сэргэх явдал ерөөс хvний тvvхэнд ховор тохиолдол. Энэ нь монголчууд гэнэт ажилсаг болсон хэрэг биш, ердөө л тvvхий эдийн vнэ дэлхий даяар гэнэт өссөнтэй холбоотой. Чухам vvнийг дагаад олон жил гуйж гувшаад олдохгvй байсан гадаадын хөрөнгө оруулалт огцом нэмэгдсэн юм. Гэнэт буй болсон энэ их баялаг, энэ их бололцоог бид сайхан найр хийгээд шавхсан. Баяжих ч амархан юм, цаашдаа ингээд л нэг их хийж бvтээсэн юмгvй байхад л хөрөнгө урсаад, гадаадынхан юмаа барьж ирээд байх аятай боджээ. Бодоод зогссонгvй, бодож олсон юмандаа өөрөө vнэмшиж гадаадынхныг дарамтлаад, хөөгөөд байвал улам улам их юм тэвэрч ирэх юм байна гэж vзэх болов. Бvтээсэн баялагийнхаа унац, ашигт бус харин дайны олзонд дассан нvvдэлчин vндэстний сэтгэлгээ л дээ.
 
“Тунгалаг Тамир” кинонд Улаан хувьсгалч Дорж гэгч хятад пvvсийн барааг тонож “Ялсан цэргийн сvр хvч гэж энэ. Угтаа бидний юм хуваагаад авцгаа” хэмээн дvрэмдэж гардаг даа. Vvлэн чөлөөний нар шиг олдох боломжор бий болсон тэр их баялгийг капиталист Монголын төрийг барьж байсан улаан хувьсгалч Дорж нар яг л ингэж “ялсан цэргийн сvр хvч” болгон цацсан даа” хэмээн өгvvлсэн нь чуулганд оролцогчдын загатнасан газар маажив гэдэг шиг л асуудлыг хурцатгаж, алга нижигнvvлэн ташиж, бас ч vгvй олон хvний анхаарлыг татаж байсан юм.
 
Сангийн сайд Ж.Эрдэнэбат: Цаашдаа ч төсвийн тодотгол хийхийг vгvйсгэхгvй
 
Энэ өдрийн нэгдсэн хуралдаан “Монгол Улсын макро эдийн засгийн өнөөгийн байдал” сэдвээр зохион байгуулагдсан бөгөөд Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал, Ерөнхийлөгчийн эдийн засгийн зөвлөх Л.Дашдорж, судлаач эдийн засагч н.Раднаасvрэн нар оролцсон. Хуралдааны эхэнд Сангийн сайд Ж.Эрдэнэбат улс орны эдийн засгийн байдал, төсвийн талаар танилцуулга хийж, Монгол Улсын төсөв хэт өөдрөг төсөөлөл байсан төдийгvй шийдлийн Засгийн газар бодит байдалд нийцvvлэх vvднээс төсвийн зардлаа бууруулсныг дурдлаа.
 
 Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг бий болгогч уул уурхайн салбарын орлого буурсныг хэн хvнгvй мэдэж байгаа гэсэн юм. Цаашдаа ч төсвийн тодотгол хийхийг vгvйсгэхгvй гэдгийг хэлээд нийт төсвийн орлогын 60 хувь нь цалин, тэтгэвэрт зарцуулагдаж, их хэмжээний өрийн vйлчилгээний зардалд 12 хувийг зарцуулж, төсвөөс эдийн засагт оруулж буй хөрөнгө улам бvр багассаар байгаа тухай хэлж байв.
 
Харин Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалын хувьд хуримтлалыг ихээхэн онцолж байв. Монгол Улс өнгөрсөн хугацаанд хуримтлалд огт анхаарахгvй явж ирсэн. Тогтворжуулалтын санд 400 тэрбум төгрөг хадгалсныг эс тооцвол халаас нимгэн байгааг мөн хэлж байлаа. Гэвч өнгөрснөөс сургамж авч урагш явахаас бус дан хараар будаад амжилтад хvрэхгvй гэдгийг тэрбээр тодотголоо. Тиймээс 2015 онд макро эдийн засгийн хувьд төсвийн зохист тэнцвэрийг хангахад мөнгөний бодлогоо чиглvvлэх, өрийн удирдлагыг сайжруулах, Засгийн газрын гадаад өрийн vйлчилгээний цогц төлөвлөгөөтэй болох, гадаад валютын орох урсгалыг нэмэгдvvлж, төсвийн тэнцлийн алдагдалгvй болох, эдийн засгийн бvтцийн шинэчлэлийг дэмжих зэрэг зорилтыг дэвшvvлсэн байна.
 
Алдаа нь хvндээ бус тогтолцоондоо байна
 
Эдийн засгийн чуулганы хvрээнд өчигдөр хэд хэдэн салбар хуралдаан болсны нэг нь “Институцын засаглал ба хамтын ажиллагаа” сэдвээр болов. Хэлэлцvvлэгт оролцогсод төрийн тогтворгvй бодлого нь бизнес эрхлэгчдийг хөрөнгөөр нь шатааж итгэл эвдэж байгаа талаар ихэд бухимдангуй хэлж байсан. Учир нь ингэж бизнес эрхлэгч, баялаг бvтээгчдийн хөрөнгө салхинд хийссээр байхад төр ямар нэгэн хариуцлага хvлээлгvй vлддэг гэдэгт оролцогчид санал нэгдэж байлаа. Тухайлбал, Иргэний агаарын тээврийн салбарт амжилттай ажиллаж байсан “Изинис эйрвэйз” компани дампуурлаа зарласан нь төртэй холбоотой аж. 2012 он хvртэл МИАТ компани гадаад руу нислэг vйлддэг, жижиг компаниуд дотооддоо нислэг vйлддэг байсан.
 
Гэтэл шинэ сайд томилогдож, зөвшөөрлийг нь цуцалснаар vйл ажиллагаагаа vргэлжлvvлэх боломжгvй болжээ. Vvний улмаас тус компани 80 тэрбум төгрөгийн хохирол амссан тухай захирал Болор нь хэлж байв. Мөн төрийн буруугаас болж энэ мэтээр хэчнээн аж ахуйн нэгж хохирсныг хэлэх боломжгvйг ч хэлэлцvvлэгт оролцогчид хэлж байгаа юм. Vнэн хэрэгтээ Засгийн газар солигдох бvрт яамдын ажил хариуцсан албан тушаалтнууд солигддог нь хувийн хэвшлийнхэнд маш их дарамт учруулдаг, ажлаа мэддэг хvн байдаггvй, эцэстээ сайдад хандахад хvргэдэг.
 
Өмнө ажил хариуцаж байсан албан тушаалтан хаачсан бэ гэхээр намын даалгавраар явсан, оронд нь сайдын эхнэрийн дvv, сайдын хамаатан садан ирсэн гэдэг тайлбар л дагалддаг аж. Дээр нь татварын байгууллага байсхийгээд шалгалт хийдэг. Шалгалтын мөн чанарыг ойлгуулна гэхээсээ энэ компани заавал нэг төдий хэмжээний татвар нуусан байгаа, тvvнийг нь илрvvлнэ гэсэн хандлагаар ханддаг. Энэ мэтээр төр нь иргэнийхээ, аж ахуйн нэгжийнхээ итгэлийг эвдэж, зарим vед багтрах ч багадмаар хvнд суртал, дарамт шахалт тулгадаг тогтолцоо хэвээр байгааг сануулж байв. Энэхvv хэлэлцvvлэгт оролцсон УИХ-ын гишvvн М.Батчимэгийн vзэж буйгаар бизнес эрхлэгчдийн тоочиж буй “зовлон” бол ердөө л тогтолцооноос хамааралтай гэнэ. Жишээлбэл Герман улс 1992 оноос хойш гурван Ерөнхий сайд томилсон бол манай улсын хувьд 10 гаруй Ерөнхий сайд, тvvний Засгийн газрын нvvрийг vзжээ. Тиймээс УИХ нь Засгийн газраа байгуулдаг тогтолцоог өөрчилж, зөвхөн Ерөнхий сайдыг томилоод, Ерөнхий сайд нь Засгийн газраа бvрдvvлдэг тогтолцоо руу шилжих нь бодлого тогтвортой vргэлжлэх суурь болох аж. Нөгөө талдаа төрийн албаны маш сайн хууль баталж, улстөрийн намаас хамааралтай хийгдэж байгаа томилгоог зогсоож, зөвхөн ур чадварт тvшиглэдэг болох. Vvний тулд намууд гэрээ байгуулаад, энэхvv Төрийн албаны тухай хууль нь сонгуулиас сонгууль хооронд өөрчлөгдөх ёсгvй гэдгийг баталгаажуулах нь чухал аж. Ингэж чадвал 10-15 жилийн дараа vр дvн гарна. Дээр нь Vндсэн хуулийн өөрчлөлт чухал болохыг онцоллоо. Харин эдийн засагч Д.Жаргалсайхан засаглалын институцын талаар “Монголд болохгvй зvйл олон бий. Энэ чуулга уулзалт, хэлэлцvvлгийн vеэр засаглал болохгvй байна гэдгийг онцлон ярьлаа. Тэр дотроо төр, засгийг бvрдvvлж буй УИХ болон гvйцэтгэх, шvvх засаглал ч дотроо болохгvй байна гэж байна. УИХ гvйцэтгэх засаглалын эрхийг бvрэн авчихаад, Ерөнхий сайд, бусад сайд нарыг томилдог болчсон. Vvнийг больмоор байна гэж байна шvv дээ. Чуулга уул­зал­тад орол­цогчид энэ талаар хэлж, хэлэл­цэж байгаа нь сэтгэлгээний тvвшинд нэг алхам урагшаа болох зорилгоо нэгтгэх vйл ажиллагаа болж байна гэж харж байгаа юм. Уг нь төр, засгийн эрхийг авдаг ганц л институц бий. Тэр нь улстөрийн намууд. Эдгээр намууд өөрсдөө ил тод байх учиртай. Одоо бол Засгийн газрын тvвшинд харьцангуй ил тод болж байна. Тэгэхээр цаашид улстөрийн намууд ийм байдалд шилжих ёстой. Ийм ил тод байдал л Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийг урагшлуулах юм. Vvнийг шийдэх арга замуудыг логик дараалалтай болгож байгаа нь энэ форумын ач холбогдол юм.” гэж байв.
 
 Энэхvv хэлэлцvvлэгт оролцсон Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогттой цөөн хором ярилцсан юм.
 
Алдаагаа ухамсарлаж байна гэдэг нь бусдад итгэл төрvvлэх эхлэл
 
 -Эдийн засгийн чуулга уулзалтыг сvvлийн жилvvдэд тасралтгvй зохион байгуулж ирсэн. Энэ ер нь хэр vр дvнтэй арга хэмжээ болж чадаж байгаа вэ?
 
 -Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт гэж болдог шvv дээ. Тvvнтэй адил олон нийтийн байгууллагуудын зvгээс анх санаачлан энэхvv форумыг эхлvvлсэн. Зургаа дахь жилдээ зохион байгуулагдаж буй эдийн засгийн форум тухайн жилийн хамгийн чухал асуудлуудыг хөндөж, ярилцаад, шийдвэр гаргагч нарт зөвлөмж өгөх, нийт шийдвэр гаргах vйл явц, бизнесийн vйл ажиллагаанд оролцож буй талуудыг нэгтгэх талбар байх ёстой гэж vздэг. Тэр ч утгаараа энэ vvргээ маш сайн гvйцэтгэж ирсэн. Санаачлагчдын хувьд энэ жилийн “Эдийн засгийн форум”-ыг ямар асуудалд төвлөрvvлэх вэ гэдэг дээр нэлээд ярилцсан. Өнөөгийн нөхцөлд гадаад орчинд Монголын нэр хvнд таагvй байгаа.
 
Хөрөнгө оруулагчдад vvссэн, аж ахуйн холбогдолтой маргаан зэргээс болоод “Hotel Mongolia” гэдэг имиж бvрдсэн. Өөрөөр хэлбэл Монгол Улсад хөрөнгө оруул гээд уриад байдаг. Гэтэл ямар нэгэн асуудал vvсэхээр гарч чадахаа байчихна гэдэг нь олон улсад маш том хэмжээний сөрөг сурталчилгаа болсон. Тиймээс vvнийг одоо таслан зогсоох ёстой гэдэгт санал нэгдсэн. Тvvнчлэн Оюутолгойн хөрөнгө оруулалтад хэд, хэдэн хvчин зvйлээс болоод ойлголцохоо болиод, далд уурхайн хөрөнгө оруулалт vндсэндээ зогсчихсон. Vvнээс болоод сvvлийн хоёр жилд Монгол Улсын Засгийн газраас болж далд уурхайн бvтээн байгуулалт, санхvvжилт зогссон гэдэг мэдээлэл давамгайлсан шvv дээ.
 
Эдгээрийг манай талаас зөвөөр ойлгуулж, ярих шаардлага зайлшгvй бий болсон. Мөн манай улсад хөрөнгө оруулахаар зорьж байгаа хvмvvс Оюутолгойг харахаас гадна бидний шийдвэрvvдийг харж байдаг. Гэтэл сvvлийн vед гаргасан шийдвэрvvд нь хэд хэдэн УИХ, Засгийн газрыг дамжиж гарснаас болоод маш их хэмжээний хvлээлт бий болгочихсон. Vvнийг засч, залруулж, цаашид тогтвортой бодлого баримталж, ийм алдаа гаргаснаа засах болно гэдгээ хэлэх ёстой.
 
Дотоодын хөрөнгө оруулагчиддаа бид эдийн засаг талаасаа буруу дохио өгөөд байгаа юм. Өөрөөр хэлбэл vнэ тогтворжуулах хөтөлбөр эсвэл хийж байсан бизнесийг нэг Засгийн газрын нэг сайд дэмжиж байхад, дараагийнх нь очоод өөрчилж байгаа зэрэг нь хэн хэндээ итгэл алдрах байдлыг бий болгож байна. Тиймээс энэ удаагийн чуулганыг “Итгэлцэл” сэдвийн хvрээнд хийх нь зvйтэй гэж тохирсон. Нөгөөтэйгvvр хэлэлцvvлгvvдээс итгэл бий болгохоос гадна бас урам хайрласан зөвлөмж, vр дvн гараасай гэж хvсч байгаа.
 
-Итгэлцэл яриад, бу­руугаа хvлээгээд, алдаагаа ухам­сарлахаар бизнес эрх­лэгчдэд ч бас итгэлийн гэрэл асч байгаа бололтой дvр зураг хэлэлцvvлгvvдээс ажиглагдаж байна?
 
 -Алдаа гаргасан хvмvvс нь тvvнийгээ ухамсарлаж байна гэдэг нь бусдад итгэл төрvvлэх нь зайлшгvй. Vнэхээр байгаа байдлаа ил тодоор хэлэлцэх нь зайлшгvй шаард­лагатай. Мэдээж гарах дvн ч ил тод байдлаар биеллээ олох учиртай.
 
Аливаа асуудал ил тод болж байгаа нь Шилэн дансны хуулиар нэг вэб сайтаас бvрэн харагдах бололцоотой, Монгол Улсын төрөөс шалгалт хийдэг бvх аж ахуйн нэгж, агентлагууд ямар удирдамжаар, хэзээ, хэд хоног шалгалт хийж байна вэ гэдэг нь ч ил тод болсон. Тэгэхээр бизнесийн салбарт шалгалтын дарамт бий болохгvй. Мөн тендерийн vйл ажиллагаа ил тод болчихлоо. Ингээд ирэхээр Монгол Улсын төсөв, явуулж буй бодлого, vйл ажиллагаа маш ил тод болох бололцоо нөхцөл бvрдэж байна.
 
-Хамгийн гол нь богино хугацаанд төрийн эрх барих байгуул­лагууд солиг­дож байгаа нь бизнесийн салбарт хvндрэлтэй байдаг шvv дээ. Энэ талаар хэлэлцvvлгийн vеэр ч багагvй шvvмжилж байсан?
 
 -Тийм ээ. Бодлогын зал­гамж чанар, тvvний тогтвортой байдлын асуудал байдаг. Сая хэлэлцvvлгийн vеэр урт хугацааны хөгжлийн бодлогын асуудлаа хэлэлцэж батлаад, тvvндээ тодорхой хэмжээний шалгуур тавих ёстой гэдгийг ч хэлж байна лээ. Жишээлбэл одоо Сонгуулийн тухай хуульд улстөрийн намуудын сонгуулийн мөрийн хөтөлбөрөө олон нийтэд зарлахаас өмнө аудитын газар шалгуулж байгаа. Өөрөөр хэлбэл мөрийн хөтөлбөр маань эдийн засгийн чадавхид нийцэх эсэхийг хянуулна гэсэн vг. Мэдээж энэ хуульд нэмэлт өөрчлөлт хийх шаардлага vvссэн.
 
Яагаад гэвэл Монгол Улсын урт хугацааны бодлоготой тухайн намын мөрийн хөтөлбөр нийцэж байгаа эсэхийг харах ёстой. Ингэж чадвал тухайн нам, Засгийн газар өөрчлөгдсөн ч бодлогын тогтвортой, залгамж халаа vргэлжлээд явна гэсэн vг. Тэгэхгvй бол 1990 оноос хойш Засгийн газар нь ойр, ойрхон солигддог. Шинээр гарч ирсэн нь өмнөх Засгийн газрынхаа ажлыг vгvйсгэдэг байдал нь бодлогын итгэл алдуурсан хамгийн том шалтгаан болж ирсэн. Засаглалын асуудлаар хуралдах vеэр бизнесийнхэн Vндсэн хуулийн өөрчлөлт, засаглалын хэлбэрээ тодорхой болго, төрийн албаны мерит систем рvv шилжих, гаргасан сайн хуулиудаа vр дvнтэй хэрэгжvvлэх зэрэг асуудлуудад маш сайн зөвлөгөөнvvдийг өгч байна. Оролцогч гадны иргэд хvртэл Монголын эдийн засагт гарсан дэвшилттэй зvйлvvдийг ярихаас гадна санаа авахаар сайн зvйлvvдийг ч хэлж байна. Та нар Монголоо нэг цогц гэж хараад системийнх нь хувьд брендинг хийх хэрэгтэй байна гэдэг дvн шинжилгээ хийгээд, яг алдаа гаргаад байгаа газраа асуудлаа цэгцлээд явбал илvv амжилтад хvрнэ гэдгийг хэлж байна.
 
 -Өнгөрсөн жил энэ чуулганы vеэр эдийн засгийг нэлээд өөдрөгөөр ярьж байсан. Гэтэл vнэн хэрэгтээ эдийн засаг хvнд байна гэдэгтэй санал нийлцгээсэн. Ер нь бид өөдрөг зvйл яриад байгаагаас эрсдлийг бараг тоодоггvй. Хэрвээ энэ байдал давтагдвал өнөөдрийн өөдрөг байдал ирэх жилийн өдийд бvvр байхгvй болчихсон байх юм биш vv?
 
 -Монгол Улсын макро эдийн засгийн өнөөгийн байдал хэлэлцvvлгийн vеэр өөдрөг зvйл огт яригдахгvй байгааг та бvхэн сонссон. Угаасаа бодит байдал хvнд байгаа. Макро эдийн засгийн хэлэлцvvлгийн vед инфляциас бусад бvх vзvvлэлт доошоо гарсан байгаа. Тиймээс аливаа прогноз, өсөлтийг маш багаар тооцож байгаа. Ер нь макро талаасаа өөдрөг зvйл ярилцана гэж бодохгvй байна. Эдийн засгийн төв байгууллагууд болох Сангийн яам, Монголбанк, Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын vнэлгээ нэгдсэн байр суурин дээр байгаа.
 
Яг бодит байдлаа л хэлдэг. Хэдий бодит байдал муу байгаа ч зөв оношилж чадвал гарах арга зам нь хурдан байх болно. Бид нэг жилийн дотор бvх зvйлийг засч, залруулна гэж байхгvй шvv дээ. Бид маш богино хугацаанд амжилтад хvрсэн. Алдаанаасаа суралцахгvй, дахин давтаад яваад байна. Тэгэхээр суурийг нь л засах шаардлагатай байна гэдэг нь тодорхой харагдаж байгаа юм. Маш тогтвортой, сайн ажилладаг системийг бий болгох хэрэгтэй. Манай улсын 1990-2015 он хvртлэх амжилтыг бусад орнууд хамгийн өндөр амжилттай гэж vнэлдэг.
 
Гэхдээ бид сэтгэл дундуур байгаа. Яагаад гэвэл бид бодлогын хувьд дэвшил гаргахгvй бол явахгvй. Дэлхий нийтэд дундаж орлогтой улсын хавх гэдэг хэллэг байдаг. Өөрөөр хэлбэл яг тэр дундаж орлогон дээрээ очоод цаашаа хөгжихгvй гэсэн vг. Манай улсын хувьд сайхан ирээдvй байгаа учраас засаглалын сайн шийдэлд хvрч чадвал бидэнд амжилтад хvрэх боломж бий.

Өглөөний сонин
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • и 2015-04-05 01:41:03
    Юм хийе бүтээе гэхээр эсэргүүцдэг байлай сүгсэлзүүрүүд байхын. Монгол дэлхийтэй хөл нийлүүлэн ,хамтарч хөгжилд хүрнэ.Компютерын ард нуугдсан монголын дайсанууд ...
    180.235.187.184
    Мэдэгдсэн Хариулах
  • damdin 2015-04-03 16:04:36
    usan teneg mulguu etgeed ta nart itgeh bailgui.
    203.91.117.4
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2015-04-03 07:26:57
    Яасан хуралдаж буруугаа хүлээж ханадаггүй тоглоомтой юм аа. Жил бүр хийдэг үр дүн нь бүр доошилж гардаг. Мөнгө зарж сурталчилгаа хийдэг болоо юу даа. Ярьдагаар ...
    183.81.169.24
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958...mn 2015-04-03 00:43:38
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.77
    Мэдэгдсэн Хариулах