Уул бол зөвхөн өөртөө найдахыг шаарддаг
Уулын спортын олон улсын хэмжээний мастер Б.Цэвээндаш ирэх сарын 6-нд Эверестэд авирахаар болсон. Тэрбээр энэ удаа гавьяат тамирчин, ахмад уулчин Т.Гүррагчаагийн хамт авирах ажээ. Б.Цэвээндаш өмнө нь 2012 онд Эверест рүү урд талаас нь 8848 метрийн өндөр, Жомолунгмад амжилттай авирсан туршлагатай. Тиймээс энэ удаа хойд талаас нь авирч Эверестийн оргилд хоёр дахь удаагаа эх орныхоо төрийн далбааг ахин мандуулахаар төлөвлөөд байна.
 
 -Та өмнө нь 2012 онд Эверест рүү урдаас нь авирч байсан. Энэ удаа яагаад дахин авирахыг хүссэн юм бэ. Тэр тусмаа хойноос нь?
 
-Эверестэд авирна гэдэг мэдээж маш эрсдэлтэй алхам. Авирахын тулд тухайн хүн их хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгө, цаг заваа зарцуулдаг.Урьд нь Балба талаас авиралт хийж байсан. Энэ удаа надад уулын спортын ОУХМ, гавьяат тамирчин, Т.Гүррагчаа ах маань надад хамт явах саналаа оны өмнө тавьсан юм. Би л чимээгүй байсаар байгаад саяхан л явах тухайгаа шийдсэн. Т.Гүррагчаа ах маань одоо 73 настай хүн шүү дээ.
 
 -Хэдий танд санал тавьсан, турш­лагатай уул­чин хэдий ч ахмад хүний хувьд Т.Гүррагчаа гуай өндрийн өөрчлөлтөд ороод, авиралтаа зогсоовол та ганцаараа үргэлжлүүлэх үү?
 
 -Энэ бол мэдээж. Уул бол зөвхөн өөрөө өөртөө л найдахыг шаарддаг. Түүн шиг гавьяат Гүррагчаа ч надад найдах хэрэггүй. Тэгээд ч тэр өндөр ууланд бусдыг чирч гарна гэж байхгүй шүү дээ. Тийм учраас уулчин хүнд гай болохгүй, зөвхөн өөртөө гэсэн бичигдээгүй хууль байдаг. Үүгээрээ уулын спорт хатуу.
 
 -Өмнө нь мөрөөдлөө биелүүлэхээр Эверес­тэд гарсан гэдэг. Харин энэ удаа?
 
-Эверестийн бодит амьд­ралыг харуулсан баримтат кино, нэвтрүүлэг хийх, фото зургийн үзэсгэлэн гаргахаар төлөвлөөд байгаа. Урьд нь 2012 онд явах үедээ хоёр сарын хугацаанд өдрийн тэмдэглэл хөтөлж байсан. Одоо ч гэсэн тэмдэглэлээ хөтөлнө. Эдгээрийгээ нийлүүлээд Эверестэд авирсан хүмүүс, ахмад уулчид, монголчуудынхаа сэтгэгдлийг оруулаад ном хийх сонирхолтой байгаа.
 
-Урд, хойноос нь авирахад ял­­гаа хэр вэ?
 
-Урдаас нь авирахад цас, мөсөн ангал олонтой, цасан нуранги ихтэй учраас осол ихтэй. Ер нь аливаа уулын хойд тал маш хүчтэй салхитай, хад асга, хадан хана ихтэйгээрээ ялгаатай байдаг.
 
 -Ингэж хоёр талаас нь авирсан тохиолдол хэр олон байдаг юм бол?
-Энэ талаар судалж байгаагүй болохоор сайн мэдэхгүй юм. Гэхдээ би энэ удаа авираад ирвэл МУГТ Г.Өсөхбаярын амжилтад хүрэх юм болов уу гэж бодож байгаа шүү.
 
 -Ууланд авирахад маш их зардал ордог гэдэг. Юунд зарцуулагддаг юм бол?
 
-Дээд зэрэглэлийн үйлчилгээ аваад явъя гэвэл 57 мянган ам.доллар төлдөг. Гэхдээ миний авч байгаа үйлчилгээний зардал бол хамгийн хямд буюу 36 мянган ам.доллар. Эверестэд авирах хураамж нь 24 мянган ам.доллар байдаг. Мэдээж түүн дээр унаа, онгоцны зардал, шерпа, өндрийн тогооч, намын тогооч нартаа өгөх гарын мөнгө нэмэгдэнэ.
 
Мөн тусгагдаагүй зарим зардлаас гадна уулын хувцас хэрэглэл худалдаж авна. Уулын хувцас дандаа 1000-аас дээш долларын үнэтэй байдаг. 2012 онд би ихэнх зардлаа өөрийн хүч хөдөлмөрөөр олсон мөнгөөрөө дааж явсан. Байгууллагын сүр сүлд тугандаа байдаг. Тиймээс аж ахуйн нэгжүүдийг дэлхийн ноён оргилд тугаа мандуулахын тулд надтай хамтарч ажиллаач ээ гэж хүсч байна. Миний хувьд авиралт, хийх кино, үзэсгэлэн, номоороо бусадтай хамтран ажиллахад бэлэн байгаа.
 
-Хамгийн хямд нь 36 мянган ам.доллар гэж байна. Ямар үйлчилгээ багтах вэ?
 
-Авиралт хийхэд маш олон хүний хөдөлмөр шингэж, маш олон тээврийн хэрэгсэл, унаа шаардагддаг. Биднийг хүлээж авах Эверестийн бааз бий. Тэнд маш их хэмжээний олон тонн ачаа байдаг. Мэдээж дээшээ онгоц, машин явахгүй. Зөвхөн сарлагт ачаагаа тээвэрлэдэг. Үндсэндээ 100-аад сарлаг авч явдаг юм билээ. Мөн бидний хоол, ундыг хийдэг мэргэжлийн бэлтгэгдсэн тогооч нар бий. Өндөрт дасан зохицох чадвартай хүмүүс бидэнд үйлчилдэг учраас өндрийн тогооч гэдэг юм. Ер нь Эверестэд авирна гэдэг олон хүнээс шалтгаалдаг гэдгийг онцолмоор байна.
 
-Авиралт, дайралт хийсэн уулчид яг Эверестийн оргилд гарсан нь харьцангуй цөөхөн байдаг. Таныг явж байх үед хэчнээн уулчин оргил дээр гарч байсан бэ?
 
 -2012 оны тавдугаар сарын 19-ний тэр өдөр Балбын аялал жуулчлалын мэдээгээр 640 уулчин авирсан байдаг. Тэдний дөнгөж 140 нь Эверестийн оргилд гарсан. Бусад нь авирч чадалгүй буцсан гэдэг. Хэдийгээр маш харамсалтай боловч нэг талаар зөв шийдвэр л дээ. Миний хувьд сэтгэлзүйгээ их бэлдсэн учраас надад буцна гэсэн бодол огт байгаагүй. Гэхдээ тэр бол маш эрсдэлтэй тэнэг алхам байсан. Их ядарч сульдаад зүтгэсээр байж оргил дээр гарсан ч буцаад буух үедээ энддэг тохиолдол их бий. Тэр өдөр гэхэд л бидэнтэй хамт авирч байсан хүмүүсээс 11 хүн нас барсан. Хөл гараа хөлдөөгөөгүй, нүүрээ хайруулаагүй хүн гэж байхгүй. Миний хамрын үзүүр ч хөлдсөн. Одоо хүйтэнд салхи авахаар улайчихдаг. Бас нүд нь сохорсон хүмүүс байсан.
 
-Мэдээж Эверестэд хоёр дахиа гарах гэж байгаа хүний хувьд Монголынхоо уулсад авиралтуудыг багагүй хийсэн байх?
 
 -Би чинь уулын спортын салбарын хаалгыг тогшилгүйгээр ороод ирчихсэн хүн шүү дээ. Шууд л Эверест рүү авирсан. Тийм ч учраас би өнөөдрийг хүртэл ахмад уулчдаасаа суралцаад, зөвлөгөөг нь дагаад явдаг. Тэднийгээ их хүндэлнэ. Юуг нь нуух вэ, өнөөдрийг хүртэл би гарч үзээгүй уул зөндөө бий. Алтай Таван Богд, Сутай Хайрхан, Асралт Хайрхан, Бурхан Халдун гээд эхнээс нь гарч л байна даа.
 
-Та “Эрүүл Монгол” клубыг байгуулсан байх аа?
 
-Би 2013 онд монгол­чуудыхаа эрүүл мэндийн төлөө “Эрүүл Монгол” хайкинг клуб байгуулсан. Монгол хүний эрүүл мэндэд хөрөнгө оруулахаар зүтгэж явна даа. Хүн ууланд авираад, оргил дээр гарахаараа зорилгоо биелүүлээд, хамгийн агуу байдаг юм байна. Хүн болгон зорилготой мөрөөдөлтэй байдаг. Тэр зорилгоо биелүүлнэ гэдэг хүнд асар их сэтгэлийн тэнхээ, эрч хүч өгдөг юм билээ. Хүн ууланд авирахаар таван мэдрэхүй ажиллаж байдаг. Дээр нь цусан дахь хүчилтөрөгч нэмэгддэг. Өндөр ууланд авирахаар хүний цусан дахь улаан эс нэмэгддэг гэх мэт маш их давуу талтай. Хүний бүх л булчин ажилладаг. Эмэгтэй хүнийг их гоё тураадаг. Ууланд явснаар дархлаа сайжирна, ханиад хүрэхгүй, стресс тайлагдана. Долоо хоногийн нэг өдрийг заавал өөртөө зарцуулдаг байх хэрэгтэй.
 
Өглөөний сонин
Б.Төгөлдөр
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • жжж 2015-04-01 05:25:45
    Эверэстэд гарахдаа олон хүн дээрээс нь бууж, бөөгнөрөл үүссээд буцах дээрээ тулж байхад уяанаасаа гарч өөрөө зам гарган оргил дээр нь гарсан гэж сонсон юм байна...
    27.123.213.245
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2015-04-01 02:59:20
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.184.144
    Мэдэгдсэн Хариулах