1072 Хувьцаа хэний ч халаасанд алга

Монгол Улсын иргэн бүр “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцааны эзэмшигч болоод удаж буй. Тодруулбал, 2010 онд УИХ-ын 39 дүгээр тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” хувьцааг иргэд болон аж ахуйн нэгжид олгох шийдвэр гаргасан. Тус компанийн хувьцааны 20 хувийг иргэн, 10 хувийг аж ахуйн нэгж эзэмших болсон юм.


БАЙНД Ч ҮГҮЙ, БАНЗАНД Ч ҮГҮЙ

2012 онд иргэн бүрт тараах нэг сая төгрөгийг улсын төсөвт оруулаад баталсан байдаг. Үүнийг Тавантолгойн хувьцаатай дүйцүүлэн дүгнэх тухай ярьж эхэлснээр төөрөгдөл эхэлсэн юм. Учир нь 536 ширхэг хувьцааныхаа учрыг иргэд ойлгож чадаагүй байтал 536х2 гэдэг шийдвэрийг УИХ-ын гишүүд гаргах нь тэр. Монгол Улсын 2.7 сая иргэн “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаа эзэмшигч болсон бөгөөд үүн дээр мөн “Эрдэнэс МГЛ”-ын давуу эрхийн нэг хувьцаа бий. Улмаар монголчуудыг нэг сая төгрөгөөр хэтэвчээ түнтийлгэх үү, эсвэл Тавантолгойгоос ногдол ашиг уу гэдэг салаа замын уулзварт хүргэсэн. Тухайн үед хөгжлийн бэрхшээлтэй болон ахмад настнуудаас бусад нь байнд ч үгүй банзанд ч үгүй хоцорсон юм.

Хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настай иргэд нэг сая төгрөгийг гурав хуваагаад хүртчихсэн. Харин оюутнууд хүссэн ч эс хүссэн ч нэг сая төгрөгийг сургалтын төлбөр хэлбэрээр авсан гэхэд болно. Зарим нэг хэсэг нь эрүүл мэндийн даатгалын төлбөрөө төлүүлсэн гэх. Энэ мэтчилэн хувьцаанаас татгалзаад эх орныхоо хувь хишгээс хүртсэн хэсэг нь өдгөө амаа хамхиад л сууж байхаас. Харин нэг сая төгрөгийг бэлнээр авах эсвэл хувьцаа эзэмших хүсэлтэй хэсэг иргэд хохирсон гэх үү хошгирсон гэх үү. Яагаад гэвэл “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Я.Батсуурь “Хувьцаа эзэмших иргэдийг бүртгэж албажуулах ажил дуусах болоогүй байна. 2012 оны сонгуулиас өмнө иргэдийн санал асуулгаар нэг сая орчим хүн бэлэн мөнгө авах хүсэлтээ илэрхийлсэн байдаг. Тэдний асуудлыг шийдэхэд бэрхшээлтэй байна” гэв. Тэрээр нэгэнт сая төгрөг бэлнээр гаргаж өгөх асуудал бүрхэг болсныг ийнхүү дуулгасан юм. Тиймээс эдгээр иргэдэд хувьцаа эзэмшүүлэх үү гэдэг асуудлыг холбогдох газрууд хамтраад ажиллаж буй гэнэ.

 

1072 ХУВЬЦААНЫ БҮРХЭГ ИРЭЭДҮЙ

Өчигдөр өглөө Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төвийг зорилоо. Тэднийх бууриа сэлгээд бидний хэлж заншсанаар барилгачдын талбайн баруун хойно буучихаж. “Хувьцааныхаа мэдээллийг хаанаас авч болох вэ” хэмээн үүдэнд суугаа хүнээс тодруулав. “Иргэний үнэмлэхээ өгч бай” гэх юм. Хэсэг хугацааны дараа “Та өөрийн нэрийн дансаа нээлгээгүй учир мэдээлэл алга. Дансаа нээлгэчихээд ирээрэй” гэж байна. Ингээд л миний хувьцаа юу болж байгааг мэдэх арга мухардах нь тэр. Өөрөөр хэлбэл, монгол хүн бүр хувьцаа эзэмшигч болсон, дансанд нь байршсан гэх Засгийн газрын мэдээлэл бодит байдалд ийн замхарчээ. Миний ард зогсч байсан хүн бас л хувьцааны мэдээлэл авах гэж буйгаа дуулгаж байх юм. Өдөрт ийм маягаар хүмүүс цувардаг байна. Данс нээлгэсэн бол хувьцаа нь байгаа эсэх нь тэрхүү компьютерийн хайлтаар гарч ирэх аж. Энгийнээр тайлбарлавал, хувь хүн банкинд данстай байж мөнгөө хадгалдаг, гүйлгээ хийдэгтэй адил хэмээн албаны хүн тайлбарлаж сууна. Мөн 2012 оноос хойш шинээр төрсөн хүүхдүүд “Эрдэнэс Тавантолгой” хувьцааг эзэмшихгүй гэдгийг албаны эх сурвалж хэллээ. Тэгэхээр тус компани тухайн үед хэсэг хүмүүсийн эрх ашигт нийцсэн шийдвэр гаргасан байх бөгөөд Монголын ард түмэн бултаараа харъяалагдахгүй нь тодорхой болов.

 

ГАНЦ Ч ХӨЗӨРГҮЙ Ч ХОЖИХ ГЭНЭ

Үнэндээ бид гартаа “модгүй хөзрөөр л тоглож” байж. Халаасалж амжаагүй хувьцааны сургаар борооны дараах мөөг шиг брокер дилерийн компаниуд нээгдсэн. Арилжааны банкууд ч үйлчилгээний цэсэндээ өөрчлөлт хийв.  Гэтэл “Эрдэнэс Тавантолгой”  хувьцаа бидний хэнийх нь ч халаасанд алга. Ногдол ашгийн тухай яриад ч хэрэггүй. Учир нь албажаагүй учраас тараах боломжгүй гэнэ. Түүнчлэн тус компанийн үйл ажиллагаа дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байгаа талаар албаны зарим хүн үгүйсгэдэггүй.

2008 оны сонгуулиар иргэдэд амласан 1.5 сая төгрөг, хувьцаа ийнхүү зэрэглээ болон бөхөж байна. Мөнгө өгсөн, хувьцаа тараасан гэсэн тайлбараар улстөрчид харин арьсаа хамгаалж үлдэх нь.

Д.ОЮУНЧИМЭГ
ЗУУНЫ МЭДЭЭ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • То 2014-05-30 18:59:57
    2008 оны сонгуулийн амлалт биелсэн. Хувьцаа тараасан нь vнэн. Дуусав.
    166.137.208.16
    Мэдэгдсэн Хариулах
  • teneg  2014-05-30 14:36:35
    Naad huvitssaa chini bidend hereggui
    103.26.193.17
    Мэдэгдсэн Хариулах
  • ganga 2014-05-30 12:46:11
    suraagui togloom buu orold chinii tolgoi hurehuu
    202.126.91.170
    Мэдэгдсэн Хариулах
  • брокер 2014-05-30 08:51:27
    юм аа сайн судалж байж бичээч
    49.0.130.25
    Мэдэгдсэн Хариулах