Тоглоомонд багаасаа донтох нь хар тамхинд орох мэт аюултай
 

Энэ хөөрхөн хүүгийн нэрийг Батмөнх буюу найз нөхөд нь Баагий гэнэ. Тэрээр 16 настай, нийслэлийн …-р дунд сургуулийн сурагч. /Хувийн мэдээллийг нууцлах үүднээс нэр хаягийг өөрчлөв/  Баагий энэ сарын эхээр хотын төвийн нэгэн РС тоглоомын газраас үүрээр нэгдсэн 2-р эмнэлэгт ухаангүй хүргэгдэн ирж яаралтай мэс ажилбар хийлгэн амь нас нь дээсэн дөрөөн дээр дэнжигнэж “сэхээнд” гурав хонон одоо тус эмнэлэгт арав гаруй хоног эмчлүүлж байна.  Учир шалтгаан нь тун энгийн. Бидний ярьж заншснаар “РС” тоглож, халуун ногоотой бэлэн гоймон идэж, кола байнга ууснаас хүүгийн ходоод нь түлэгдэн цоорч дотуур цус алдсан байжээ. Азаар энэ удаа алтан гарт эмч нарын ачаар амьд мэнд үлдлээ, цаг алдсан бол ямар эмгэнэлтэй зүйл болох байсан нь ойлгомжтой.

Хүүтэй хэдэн хором ярилцав. Тэрээр сүүлийн таван жил нойр хоолоо хасан тогложээ. Хоёр жилийн өмнө ходоод нь шархалсан байсныг мэдсэн ч эцэг эхийн анхаарал сул, дээр нь жаал хүү  тоглоомонд нэгэнт донтчихсон учир бага зэргийн өвчин шаналал түүний “РС” рүү очих замыг хаасангүй. Баагий гар утсаараа ийш тийшээ мессеж илгээн найз нартайгаа  нийлж аваад хоногт хэдэн цагаар зарим үед бүр өдөржин шөнөжин тоглодог, ийм газрууд хаанаас ч олддог  байжээ. Өнөөдөр энэ мэтчилэн мянга мянган хүүхэд эцэг, эхийнхээ мөнгөөр өөртөө өвчин, дон, сэтгэцийн эмгэг худалдаж авч байна. Гэтэл ийм болсон хүүхдүүдийг эмчилж эдгэрүүлэхийн төлөө эмч сувилагч асрагч нар нойр хоолоо хасан хичнээн их хөдөлмөр зүтгэл, цаг хугацаа зориулж байгааг харахаас харамсмаар. 

Улс оронд маань нүүрлээд байгаа гэмт хэрэг, хүчирхийлэл, архидалт, хар тамхины асуудалтай зэрэгцэн интернетийн хурдацтай хөгжлийн хар сүүдэр болох компьютер тоглоомонд донтож буй хүүхэд залуусын тоо асар хурдтай өсч буйд санаа зовнин энэхүү сэдвийг хөндөж байна.

Гэр бүлийн хүчирхийллээс залхсан хүүхдүүд гэр орноосоо дайжин, хааяагүй байгаа РС тоглоомын газруудад хонон өнжин тоглож цагаа нөхцөөн өөрсдийгөө тоглоомонд донтож байгаагаа мэддэггүй нь хүүхдийн буруу яав ч биш. Мөн эцэг, эхчүүд ихэнхдээ хүүхдүүдээ хаана, хэнтэй юу хийж явааг нь анхаарч анзаардаггүй, сургууль багш нарт нь даатгаж орхидог. Харин хүүхдээ хичээл таслах,  худал хэлэн хонон өнжин алга болох, гэрээсээ мөнгө эд зүйлс хулгайлах үед л сая биш болсныг мэдэнгүүт татаж авах гэтэл нэгэнт оройтож хүүхдийнх нь хүмүүжил буруу ишилсэн сүх мэт болсон байдаг. Иймээс хааяа алдаг оног хийдэг эцэг эхийн хурлаас гадна сургууль-багш, эцэг эхийн холбоог бэхжүүлэх олон талт үйл ажиллагааг зохион байгуулах шаардлага цаг үеэ даган урган гарч байгаа юм.

Тоглоомонд донтсон хүүхдүүд мөнгө олохын тулд гэрээсээ юм хулгайлж зарах, үе тэнгийнхнийгээ сүрдүүлж дээрэмдэх зэрэг гэмт хэрэг үйлдэж эхэлдэг.  Одоогоос долоон жилийн өмнө буюу 2007 онд тухайн үеийн Хууль зүйн сайд РС тоглоомын газруудыг хаах шийдвэр гаргаж бөөн шуугиан болж байв. Гэвч хаагдах нь бүү хэл тоо нь улам нэмэгдэн өнөөдөр Улаанбаатар хотод мэргэжлийн байгууллагын албан ёсны зөвшөөрөлтэй,        “Интернет кафе” хэмээх сүржин нэртэй хүүхдүүд бохир бузар хараал хэрүүлд бие биенээсээ суралцдаг дамжаа орон сууц, гэр хорооллын булан тохой бүрт байна.

Эмч мэргэжилтнүү­дийн ярианаас үзэхэд хүүхдүүдийн компьютерт донтож буй шинж нь хичээл таслах, сурлагын амжилт нь буурах явдлаар эхэлдэг бол яваандаа даамжирч худлаа ярих, хулгай хийх, ааш зан нь эвдрэх, ууртай догшин болох, хэл яриа нь эвдрэх, айх ичихээ болих, хэт ядаргааны улмаас нүүр, ам нь татах, зүүдэндээ дэмийрэх, хий юм харах зэрэг байдлаар илэрдэг гэнэ.  Хэдэн жилийн өмнө компьютер тоглоомд донтохыг сэтгэцийн өвчин гэж үздэггүй байсан бол одоо дэлхий нийтэд үүнийг онц аюултай орчин цагийн өвчинд тооцож, ийм өвчинд нэрвэгдэгсдийг эмчлэх төвүүдийг  улсаас асар их хөрөнгө мөнгө заран байгуулж, нийтэд зориулсан гарын авлага товхимлыг үй олноор хэвлэн тараах болжээ. /http://www.wikihow.com/Fight-Computer-Game-Addiction рүү орж үзээрэй/. Өнөөдөр дэлхий даяар компьютерыг өдөр тутмын хэрэглээ болгосон 500 сая хүн байдгаас 10 орчим хувь нь  үе үе интернетэд орж тоглодог гэсэн судалгаа байдаг.  2011 онд Улаанбаатар хотын РС тоглоомын газруудад хийсэн түүвэр судалгаагаар тэнд байнга үйлчлүүлдэг тоглоомонд донтсон 600 шахам хүн байгаа нь бүртгэгдсэн байдаг. Өнөөдөр энэ тоо доор хаяж хоёр дахин өссөн гэдэгт би эргэлздэггүй.

Монголчууд бид эртнээс үр хүүхдээ насанд хүртэл нь гаднын элдэв нөлөөнөөс хол, хараа хяналтандаа байлгаж болох, болохгүйн заагийг таниулдаг байсан уламжлалтай ард түмэн. Хүүхдийг хүрээлж байгаа найз нөхөд нь хэн бэ гэдгийг мэдэх боломжгүй, эцэг эхийн хараа хяналтгүй болгоход хүргэдэг гол хэрэгсэл өнөөдөр гар утас болоод байна. Манайхан шиг хүүхдээ хэлд ороход нь шахуу гар утас авч өгч эрхлүүлдэг, тансагладаг ард түмэн хаа  ч байдаггүй гэхэд бараг хилсдэхгүй болов уу.  Ихэнх Америкчууд 13 нас хүртэл нь хүүхдэдээ гар утас хэрэглүүлдэггүй, харин аюулгүй байдлыг нь хангах үүднээс бага сургуулийн хүүхдүүдэд гар утас авч өгдөг боловч картаар цэнэглэн тодорхой мөнгөн дүнгийн дотор зөвхөн эцэг эхтэйгээ мессежээр харьцахыг зөвшөөрдөг нь тэднийг элдэв найз нөхдийн нөлөө, уруу таталтаас зайлуулдаг гэж үздэг.    

Гэтэл хүүхэд бүү хэл насанд хүрэгчдэд зарах, борлуулах олон нийтийн газар тоглохыг ихэнх орнуудад хориглосон Counter-Strike, Doom, Duke, Nukem 3D, Dead Rising зэрэг дайн дажин, аллага таллага, дээрэм, тонуул, хүчирхийллийг өөгшүүлсэн тоглоомуудаар насны хязгааргүйгээр хонон өнжин тоглож болдог, ийм олон нийтийн үйлчилгээг хүлээн зөвшөөрдөг, энэ талаар хуульгүй орон ганцхан Монгол болоод байна. 

Манай хойд хөрш ОХУ-ын Дум “Хүүхдийн өсөлт, хөгжилтөнд хор хохирол учруулах мэдээллээс хамгаалах”  хуулийг  2010 онд батлан хэрэгжүүлж эхэлсэн нь интернетээр дамжин өнөөгийн дэлхий ертөнцөд газар авч буй аллага, хүчирхийлэл болох бүтэхгүй мэдээллийн сөрөг үр дагавраас иргэд залуу үеэ сэргийлэхэд чухал алхам болсон юм.

Австрали улс 2012 онд компьютер тоглоомд донтсон 20 мянга гаруй хүүхэд залуус байгааг судлан тогтоосноор “Интернет кафе” нэрийн дор үйл ажиллагаагаа явуулдаг PC тоглоомын 6500 гаруй газрыг шууд хааж, тоглоомын сүлжээний бүх эрх мэдлийг Засгийн газар хариуцахаар болсон байдаг. Ингэж залуусын сэтгэл зүйд хамгийн их хөнөөл тарьж буй “Кибер дайн”-ыг тив улсдаа бүрмөсөн зогсоожээ. Хэдэн жилийн өмнө АНУ-ын Виржини мужид 32 хүн буудаж алсан Солонгосын оюутан залуу компьютер тоглоомын донтон байсныг ойр дотных нь хүмүүс гэрчилсэн байдаг.

Үр хүүхэд, ач гучаа эрүүл орчинд өсөх боломжийг нь хангахын тулд дэлхийн нийтлэг жишгээр эхний ээлжинд өсвөр үеийнхнийг интернетийн бохир орчноос хамгаалах талаар хуультай болох шаардлагатай байна. Ийм хуультай болохыг санаачлан дэмжигсэд Facebook-ээр нэгдэн хэлэлцүүлэг явуулж холбогдох бичиг баримтыг яаралтай боловсруулан их хуралд оруулахын тулд ард нийтийн дэмжлэг авах шаардагдах гарах аваас ”Зууны мэдээ”, www.sonin.mn сайт тусална гэдэгт итгэлтэй байна.

Ш.ПYРЭВСYРЭН
ЗУУНЫ МЭДЭЭ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.